Thursday, December 11, 2014

Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит цалин олгох журам

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч
их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит
цалин олгох журам


Нэг. Нийтлэг үндэслэл

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит цалинг тус сургуулийн хэл шинжлэл, утга зохиолын салбарын мэргэжлээр суралцдаг, гурав, дөрөвдүгээр дамжаанд сурлага, хүмүүжил, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн хувьд авьяас чадвараараа бусдаас гоц ялгарч суралцаж байгаа гурав хүртэлх оюутанд жил бүрийн 11 дүгээр сарын 17 буюу Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрөөр олгоно.

Д.Нацагдоржийн нэрэмжит цалин олгох зорилго нь их зохиолчийн уран бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах, үнэ цэнийг дээдлэх үзлийг төлөвшүүлэх, хэл, уран зохиолын мэргэжлээр суралцаж буй оюутан залуучуудын сурах идэвхийг дэмжих, судалгааны ажилд дур сонирхолтой болгоход оршино.

Хоёр. Нэрэмжит цалингийн хөрөнгө, түүнийг зарцуулах

Д.Нацагдоржийн нэрэмжит цалингийн сан нь “Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

Цалингийн хэмжээ нэг жилд 450 000 төгрөг байна.

Гурав. Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит цалинд
оюутан шалгаруулах болзол, шагнал олгох

Уг цалинг хүртээлгэх саналаа тус сургуулийн эрдмийн зөвлөл, мэргэжлийн тэнхим, анги удирдсан багшаас Д.Нацагдоржийн нэрэмжит цалин эрхлэх сан, “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн удирдах зөвлөлд ирүүлнэ.

Цалин хүртээлгэх бүтээлийн тодорхойлолт, материалыг шагнал олгох жилийн 10 дугаар сарын эхний долоо хоногт багтааж өгнө.

Цалинд нэр дэвшсэн оюутан нь утга зохиолын судлалаар эрдэм шинжилгээний илтгэл бичиж, сургуулийн эрдэм шинжилгээний хурал болон  бусад их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон юм уу шагналт байрт шалгарсан, мөн Д.Нацагдорж судлалыг сонирхон судалж мэдсэний үндсэн дээр түүний зохиол бүтээлд анализ хийж, шинэ сэдэл санаа бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн  яруу найргийн наадамд амжилттай оролцдог, шүлэг яруу найргийн бүтээлтэй оюутан байж болно.

Нэрэмжит цалинд нэр дэвшсэн оюутнуудын материалыг “Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”, “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн хамтарсан баг шалгаруулж, тус сургуулийн удирдах зөвлөлийн хуралд оруулна.

Цалин олгох тухай шийдвэр нь “Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг хурааж, гуравны хоёр нь зөвшөөрсөн нөхцөлд  хүчин төгөлдөр болно.

Цалин хүртэгсдэд батламж бичиг, мөнгөн шагнал олгоно.


“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн удирдах зөвлөл
Сургалтын алба
Хэлбичгийн ухааны тэнхим


No comments:

Post a Comment