Monday, November 3, 2014

Бүтээлч даалгавраар үнэлэх журам




"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫГ
 БҮТЭЭЛЧ ДААЛГАВРААР ҮНЭЛЭХ ЖУРАМ
                                                                                                        
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Бүтээлч даалгавар нь оюутан сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал, дидактикийн                         .     хичээлүүдийн онол, хэрэглээг тусгасан оюутныг үнэлэх ажлын нэг хэлбэр байна.
1.2  Тус сургуулийн 3-р курсийн оюутнууд дадлагын хугацаанд бүтээлч даалгаврыг хийж гүйцэтгэх ба дадлага удирдсан багш журамд заасны дагуу үнэлнэ.
1.3  Оюутны бүтээлч даалгавар нь мэргэжлийн төгсөлтийн шалгалтын үнэлгээний 20% нь байна.


Хоёр. Оюутны бүтээлч даалгавар

2.1  Оюутны бүтээлч даалгавар нь түүний суралцах хугацаандаа сэтгэл судлал, сурган   хүмүүжүүлэх зүй, дидактикийн хичээлүүдээр эзэмшсэн мэдлэг чадварыг багшлах дадлагын хугацаанд  бүтээлчээр хэрэглэж үр дүнг тооцсон  судалгааны шинжтэй бие даасан ажил байна.
2.2  Бүтээлч даалгавар дараах бүтэцтэй байна. Үүнд:
·         Нүүр,
·         Удиртгал хэсэг,
·         Онолын хэсэг,
·         Судалгааны хэсэг,
·         Дүгнэлт,
·         Ном зүй,
·         Хавсралт
2.3  Бүтээлч ажил нь хүүхдийн төлөвшил, анги хамт олон, хүүхдийн сэтгэл зүйн онцлог , хөгжлийн судалгаа болон хичээлийн хөтөлбөр байна.
2.4  Бүтээлч ажил нь дадлагын хугацаанд хийсэн ажлаа сайжруулсан, ахисан түвшинд хийсэн бүтээл байна.

Гурав. Оюутны бүтээлч даалгаврын үнэлгээ
3.1 Бүтээлч даалгаврыг дадлага удирдсан багш тодорхой шалгуурын дагуу үнэлнэ.
3.2  Үнэлэх шалгуур үзүүлэлтүүд:
    Бүтээлч даалгаврын төлөвлөгөө бүтцийг гаргасан байдал                                                                           Зорилго, зорилтыг тодорхойлсон байдал                                                                                                       Судалгааны аргаа сонгосон, туршилтыг хийсэн байдал                                                                                        Судалгааны боловсруулалт хийсэн байдал                                                                                                      Дүгнэлт гаргасан байдал                                                                                                                                                          Бичлэгийн соёл (эш, зүүлт, бичлэгийн стандарт гм) эрхэмлэсэн эсэхийг      
     харгалзана.
3.3  Оюутны бүтээлч даалгаврыг 10-20 хүртэл оноогоор үнэлнэ.
    • Хэрэв уг ажлыг шалгуурын дагуу гүйцэтгэсэн бол агуулга, цар хүрээнээс хамаарч 16-20 хүртэлх оноогоор үнэлж “хангалттай сайн түвшин” гэж үзнэ.
    • Хэрвээ зарим нэг шалгуур дутуу, агуулга, арга зүй, үр дүн боловсруулалт, дүгнэлтийн  зэрэг тийм ч сайн биш бол 11-15 хүртэлх оноогоор үнэлж “хангалттай түвшин” гэж үзнэ.
    • 10-аас доош үнэлгээтэй бол бүтээлч даалгаврыг тооцохгүй ба цаашид дахин сайжруулж дадлагын багшаар үнэлүүлнэ.
3.4 Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн бүтээлч даалгавар нь төгсөлтийн шалгалтын үнэлгээний 20 оноо байна.

Дөрөв. Бүтээлч даалгаварт тавигдах шаардлага
4.1  Сургуулийн академик бичлэгийн стандарттай нийцсэн байна.
4.2  Бүтээлч даалгавар хийх арга зүйн дагуу гүйцэтгэсэн байна.
4.3  Зөв бичгийн дүрмийн алдаагүй байна.
4.4  Дадлага удирдсан багшийн үнэлгээтэй байна.

Хавсралтад  хүүхэд, хамт олныг судлах зөвлөмж, бүтээлч даалгавар хэрхэн хийх зөвлөмж, бүтээлч даалгаврын жагсаалт болон ашиглах ном гарын авлагыг тусгав.













Хавсралт1        

ХҮҮХДИЙГ СУДЛАХ
Хүүхдийг судлахад анхаарах нийтлэг зүйл бол таны судалж буй хүүхэд байнга нэг хэвээр байдаггүй, байнгын хөгжил хөдөлгөөнд оршин хувьсан өөрчлөгдөж байдаг гэдгийг харгалзах явдал юм.
Хүүхдийг судлахдаа:
  1. Сэтгэл зүйн тодорхой арга зүйгээр хүүхдийг судлаж болно.
  2. Оюутан суралцагч өөрөө тодорхой аргыг боловсруулан хүүхдийг судлаж болно.

Судалгаа хийхэд тавигдах шаардлага
  1. Судалгааны бүтэц, арга зүй, явуулах журам зааврыг судлаач багш өөрөө сайтар ойлгосон байх ёстой.
  2. Оюутан суралцагч судалгааны бүтэц, явуулах журмыг сайтар тайлбарлаж өгсний дараа судалгааг явуулах. Хүүхэд судалгааны зааврыг ойлгоогүйн улмаас судалгаа буруу болох тохиолдол байдаг.
  3. Судалгааг явуулахаасаа өмнө судалгаанд ашиглагдах хэрэглэгдэхүүн материалуудыг сайтар бэлтгэх, судалгаа явуулах орчинг бүрдүүлэх.
  4. Судалгааны үр дүнг боловсруулахдаа тоон болон чанарын гэсэн 2 хэлбэрээр хийнэ. Судлаач  үр дүнг тоон болон чанарын гэсэн 2 хэлбэрээр хийн хувийн хандлагаар хандаж болохгүй.
  5. Таны сонгосон судалгааны арга зүй тухайн хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохирсон байх ёстой.

АНГИ ХАМТ ОЛНЫГ СУДЛАХ
Бүлэг хамт олны доторх гишүүдийн харилцаа холбоо, сэтгэл зүйн нийц, бүлгийн сэтгэл зүйн уур амьсгал зэргийг нухацтай судлах шаардлага өсөн нэмэгдэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр бүлэг хамт олны уур амьсгал, нэгдэл нягтралыг сайжруулах ач холбогдолтой.
Бүлэг хамт олны хоорондын харилцаа холбоог ихээхэн оновчтой тодорхойлох боломж олгодог сэтгэл судлалын нэг арга нь социометрийн арга юм.
Судалгааг явуулахад анхаарах:
  1. Судалгааны асуулгыг урьдчилан бэлтгэсэн байна. Эерэг сонголтын хоёр асуулт сөрөг сонголтын нэг асуулт байвал тохиромжтой.
  2. Ангийн нийт сурагчдаас судалгааг авна.
  3. Асуулт бүрийг тус тусад нь боловсруулна. Үүний тулд социоматриц, социограмм зэрэг хүснэгтийг бэлтгэсэн байна.
  4. Сурагч бүрийн авсан нийт сонголтын тоог үндэслэн тухайн хүүхдийн анги хамт олны дотор эзэлж буй байр суурийг үнэлнэ.
  5. Сурагчдын харилцан сонголтын тоог үндэслэн тухайн хамт олны доторх бичил бүлгийг тодруулана.
  6. Судалгааны үр дүнд тулгуурлан хамт олны харьцаа хандлага нэгдэл нягтралыг бэхжүүлэх арга замын талаар өөрийн санал дүгнэлтийг бичнэ.



Хавсралт 2
БҮТЭЭЛЧ ДААЛГАВРЫГ ХЭРХЭН ХИЙХ ТУХАЙ

Бүтээлч даалгаварт тавигдах ерөнхий шаардлага
-       Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй, догол мөр, цэг, таслал, эшлэл, зүүлтийг зөв хэрэглэнэ.
-       Ажлыг А4 хэмжээтэй цаасан дээр pt 12 үсгийн өндөртэй, Аrial фонтоор, 1.5 sp,  цаасны дээд, доод, баруун, зүүн талын зай 2,5 см хэмжээтэй нийтдээ 10-аас доошгүй хуудас ажил байна. Хуудасны дугаарыг хуудасны доод мөрийн төвд бичнэ.
-       Ажилд авч үзэж буй хүснэгт, график, диаграмм, зураг бүр өөрийн гэсэн нэр дэс дугаартай байна. Дугаарыг баруун дээд буланд, нэрийг дээд талд голлуулан, зургийн нэр, дугаарыг түүний доод төв хэсэгт тус тус байрлуулна.
-       Судалгааны арга зүйн шаардлага хангасан, бүтээлч даалгаврын бүтцийн дагуу бичсэн байна.
Нүүр:
1.    Дээд хэсэгт сургуулийн нэрийг бичнэ.
2.    “Бүтээлч даалгавар”-ын үсгийн өндөр pt 32 харин сэдвийг pt 14-аар бичнэ. Мөн гүйцэтгэсэн оюутан өөрийн анги, овгийн эхний үсэг, нэрээ бичиж гарын үсэг зурж баталгаажуулна.
3.    Дадлага удирдсан багшийн овгийн эхний үсэг, нэрийг бичиж багш гарын үсэг зурж баталгаажуулна.
4.    Доод хэсэгт Улаанбаатар хот, оныг бичнэ.
5.    Сургуулийн  лого оруулах шаардлагагүй. Учир нь бүтээлч даалгавар нь ангийн ажил болон дипломын ажил биш.
6.    Гоёмсог хээ, угалзаар хүрээлэхгүй, өнгөтөөр хэвлэхгүй.
Удиртгал хэсэг:
1.    Асуудал, асуулт, зорилго, зорилт, судлах зүйл, судалгааны арга, аргачлал, ач
холбогдол, шинэлэг тал зэргийг оновчтой тодорхойлж бичнэ.
2.    Сэдэв: Сэдвийг дараах байдлаар төгсгөж бичээрэй.
a.    ......................... сайжруулсан нь
b.    .......................... туршсан нь
c.    ........................... нэмэгдүүлсэн нь
d.    .............................хөгжүүлсэн нь
e.    .............................зохион байгуулсан нь
f.     ..............................танилцуулсан нь
g.    ..............................харьцуулсан нь
h.    ..............................дүгнэлт хийсэн нь гэх мэт
3.    Зорилго: Зорилгыг томьёолохдоо цагт нэрийн “-х” нөхцөлөөр төгсгөж бичнэ.
4.    Зорилт: Туршилт судалгаа хийх үйлийнхээ үе шат бүрийг ирээдүй цагийн нөхцөлөөр /на 4/ төгсгөж бичнэ.
5.    Судалгааны арга: 1-2 аргыг хэрэглэнэ.
6.    Хамрах хүрээг бичнэ.
Онолын хэсэг:
Сэдэвтэй холбоо бүхий 5-аас доошгүй бүтээл, сурвалж, хэрэглэгдэхүүн судалж, тухайн юмс үзэгдлийн мөн чанар, тодорхойлолт, онол үзэл баримтлал, онцлог, төрөл ангилал, үе шат, зарчим зэрэгт дүн шинжилгээ хийнэ.
Онолын хэсгийг бичиж боловсруулахад анхаарах зүйлс:
-       Ном гарын авлагаас нэг үг, өгүүлбэрээс хэсэг өгүүлбэр, хүснэгт, бүдүүвч, тоон үзүүлэлт, аргачлалыг өөрийнхөө онолын хэсэгт оруулсан тохиолдолд тухайн эх материалаас авсан болохыг эшлэл, зүүлт хэлбэрээр бичнэ. Ингэхдээ дараах байдлаар бичээрэй.
o   References цэс ашиглаж footnote- ийг ашиглах
o   [5.15] –ном зүйн жагсаалтын 5 дахь номын 15 дахь хуудас г.м
Судалгааны хэсэг:
-       Судалгааны гарчиг
-       Зорилго
-       Хамрах хүрээ
-       Судалгаа явуулах аргачлал
-       Шалгуур /сэдвийн хүрээнд ажиглалт, асуулга, ярилцлага, туршилтын аргаар цуглуулсан баримтад тоон (диаграмм, график, хүснэгт г.м) болон чанарын (шалтгаан, холбоо хамаарал, зүй тогтол г.м) боловсруулалт хийж, үнэлгээ өгнө.
-       Үр дүн
Дүгнэлт:
-       Дүгнэлтэд судалгааг ямар зорилгоор хэнээс ямар аргачлалаар ямар үе шаттай авсан, судалгааны ажлынхаа онолын болон практик үр дүнг нэгтгэн зорилго, зорилтоо хэр хангасан зэргийг дэлгэрүүлж танилцуулна.
-       Уг судалгааг авснаар ямар үр дүнд хүрснээ алхам бүрээр тайлбарлаж бичнэ. Тухайлбал хамгийн их болон бага хувь эзэлсэн үзүүлэлт, яагаад ийм үзүүлэлт гарсан талаар дүгнэлт бичнэ.
-       Судалгааг явуулж байхад ажиглагдсан шинэ сонин үзэгдэл, саад бэрхшээл болон ерөнхий нийтлэг зүйлийг бичнэ.
-       Шинээр юу олж мэдсэн тухай дүгнэж, асуудлыг шийдвэрлэх талаар шинэлэг бүтээлч санаа дэвшүүлнэ.
Ном зүй:
-       Ном зүйг бичихэд зохиогчийн нэрээр, номын нэрийн үсгийн дарааллаар тус тус бичиж болох бөгөөд зохиогчийн нэрээр бичих нь илүү оновчтой. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтална. Үүнд: Зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, бүтээлийн нэр /тухайн ажилд хамаатай хуудасны дугаар/ , хот., он

Жишээлбэл:
-       Ном гарын авлага
Мягмар.О. Хүүхдийн хөгжлийн зарим асуудал УБ., 2004
-       Редакторласан бүтээл
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил төлөвшил  ред. С. Батхуяг Уб., 2011
-       Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, сонин
Хишиг-Ундрах.М. Оюутны бүтээлийн сан бүрдүүлж буй байдлыг судалсан нь               // “Оюуны хөтөч” УБ., 2010 №5
-       Мэдээ, тайлан материал
Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдалд хийсэн судалгаа НХЯ, УБДС УБ., 2010
Хавсралт
Асуулгын хуудас, ярилцлагын асуулт, ажиглалтын тэмдэглэл, туршилтаар цуглуулсан мэдээ баримт зэргийг оруулна.

Хавсралт
ОЮУТНЫ БҮТЭЭЛЧ ДААЛГАВРЫН ҮЛГЭРЧИЛСЭН СЭДЭВ
Сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээр
  1. Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа (Г.Гарднарын оюуны чадамжийн судалгаа, Боловсролын 5 талт зарчим дээр тулгуурласан судалгаа)
  2. Хүүхдийн бие бялдрын хөгжлийн судалгаа
  3. Эрүүл мэндийн дадал хэвшлийн судалгаа
  4. Хүүхдийн ёс суртахууны хөгжил, төлөвшлийн судалгаа (Ёс суртахууны хүмүүжлийн шалгуурууд дээр судалгаа хийх)
  5. Хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил түүний төлөвшилд хийсэн судалгаа (Хүүхдийн хөдөлмөрч чанар, хөдөлмөрт хандах хандлагын судалгаа, хичээнгүй, нямбай, ажил хэрэгч чанарын судалгаа)
  6. Хүүхдэд гоо зүйн мэдрэмж үнэлгээнд хийсэн судалгаа (хүүхдийн гоо сайхны мэдрэмж үнэлгээ, сайн муу, сайхан муухайг ялгах чадвар хүүхдийн авьяас чадварын судалгаа гм)
  7. Хүүхэд сурлагаар хоцрох асуудал түүнд хийсэн судалгаа (хоцрох шалтгааныг илрүүлэх судалгаа, хоцрогчидтой багш хэрхэн ажилладаг талаарх судалгаа)
  8. Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд хийсэн судалгаа (нийгэмшихүйн чадамжуудаар)
  9. Гэрийн даалгаварт хийсэн судалгаа (Багшийн гэрийн даалгавар боловсруулах арга барил, Сурагчдын гэрийн даалгавартай ажиллах байдал, гэрийн даалгаварт хандах хандлагын судалгаа гм)
  10. Хүүхдийн ярих чадварын судалгаа
  11. Сурагчдын унших арга барилын төлөвшилтөд хийсэн судалгаа
  12. Сурагчдын оюуны үйлийн арга барилын судалгаа
  13. Сурагчдын өдрийн дэглэмийн судалгаа
  14. Бага ангийн хүүхдийн сурах бэрхшээлийг илрүүлэх судалгаа (сурах бэрхшээл, харилцах бэрхшээл)
  15. Сургууль дээрх сурагчдын сайн дурын байгууллага түүний үйл ажиллагаанд хийсэн судалгаа
  16. Хүүхдийн сурах хэрэгцээ, сонирхол, хандлагад хийсэн судалгаа
  17. Өөрийн сонирхон судалдаг сэдэв сонгохыг зөвшөөрнө.

Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын чиглэлээр  

1.    Хүүхдийн цаг хугацааны хүртэхүйг судалсан нь
2.    Бага насны хүүхдийн хүртэх чадварыг судалсан нь
3.    Хүүхдийн анхаарлын шилжилтийг судалсан нь
4.    Хүүхдийн анхаарлын чанаруудыг харьцуулан судалсан нь
5.    Хүүхдийн тогтоолтын хэв шинжийг судалсан нь
6.    Хүүхдийн богино хугацааны ойн багтаамжийг судлах судалгаа
7.    Хүүхдийн ойн тогтоох ба сэргээн санах чадварыг судлах  судалгаа
8.    Хүүхдийн ой тогтоолтын процессуудыг судлах судалгаа
9.    Хүүхдийн сэтгэхүйн төрлийг судлах судалгаа
10.  Хүүхдийн хийсвэр сэтгэхүйг судлах судалгаа
11.  Хүүхдийн сэтгэхүйн үйлдлүүдийг судлах судалгаа
12.  Хүүхдийн сэтгэхүйн чанаруудыг судлах судалгаа
13.  Хүүхдийн үгийн нөөцийг судлах судалгаа
14.  Ухагдахуун төлөвшилтийг судлах судалгаа
15.  Сургуулийн бага насны хүүхдийн оюун ухааны чадварыг судлах  судалгаа
16.  Айзенкийн тестээр хүүхдийн оюун ухааны түвшинг судлах судалгаа
17.  Хүүхдийн оюун ухааны чадварыг судлах судалгаа
18.  Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа\Г.Гарднарын оюуны чадамжийн судалгаа\
19.  Оюун ухааны хөшүүн хойрго чанарыг судлах судалгаа
20.  Хүүхдийн үг ярианы зохион бодохуйг судлах судалгаа
21.  Хүүхдийн зохион бодохуйг бүтээлээр нь  судлах судалгаа
22.  Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг судлах нь
23.  Хүүхдийн сэтгэлийн түгшүүрт байдлыг судлах судалгаа
24.  Хүүхдийн зоригийн шинж чанаруудыг судлах судалгаа
25.  Хүүхдийн зан төлөвийн хэв шинжийг судлах судалгаа
26.  Хүүхдийн зан төлөвийн тодролыг судлах судалгаа
27.  Хүүхдийн темпераментийг судлах судалгаа
28.  Хүүхдийн авьяас билгийн ерөнхий чадварыг судлах судалгаа
29.  Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг судлах нь /К.Юнг/
30.  Хүүхдийн суралцах үйл ажиллагааны сэдлийг судлах судалгаа
31.  Хүүхдийн сургууль болон багшдаа хандах хандлагыг судлах судалгаа
32.  Харилцааны зөрчлийг судлах судалгаа
33.  Хүүхдийн мэргэжлийн чиг хандлагыг судлах судалгаа
34.  Бүлгийн нэгдэл нягтрал, манлайлагчдыг илрүүлэх судалгаа
35.  Сурагчдын хамт олны сэтгэл зүйн уур амьсгалыг судлах  судалгаа

Уншиж судлах ном, гарын авлага

1.     Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс Ред. С.Батхуяг МУБИС., УБ., 2006
2.     Багш боловсролын үндэс. Ред. С.Эрдэнэцэцэг. УБ., 2011
3.     Ичинхорлоо.Ш. Хүүхдийн хөгжил УБ., 2010.
4.     Ичинхорлоо.Ш. Сургалт  УБ., 2009
5.     Ичинхорлоо.Ш. Судалгааны ажлын үндэс. УБ., 2010.
6.     Ичинхорлоо.Ш. Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь. УБ, 2010.
7.     Пүрэвдорж.Ч. Багшлахуй менежмент УБ., 2010
8.     Мягмар.О. Хүүхдийн хөгжлийн зарим асуудал УБ., 2004
9.     Мягмар.О. Сэтгэл судлалын улсын шалгалтын  тойм лекцүүд УБ., 2002
10.  Мягмар.О. Сурагчдын хамт олны сэтгэл зүйн асуудалд  УБ.,1999
11.  Сэтгэл судлал. МУБИС-ийн БСС-ийн багш нарын хамтын бүтээл УБ., 2012
12.  Санжжав.Д. Хүүхдийн  нас зүйн  сурган хүмүүжүүлэх  сэтгэл судлал УБ., 2013
13.  Санмятав. Ч. Сурган хүмүүжүүлэх харилцааны  сэтгэл зүйн үндэс
14.  Цэрэндондов.П. Судалгааны арга зүй УБ., 2013
15.  Эрдэнэчулуун.Д. Хүүхдийг судлах арга зүй 1,2-р дэвтэр
16.  Жавзан.Б,Батсайхан.В. Боловсролын сэтгэл судлал УБ., 2012

Төгсөв.
Боловсруулсан багш: Ч.Одсүрэн.

No comments:

Post a Comment