Monday, September 1, 2014

Ц.Элбэгдорж: Монголын баялаг бол бүтээлч хүн, хүний баялаг бол эрдэм мэдлэг юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүд орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.
Энэ удаагийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн  Д.Оюунцэцэг багштай 4-б  ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.
Хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэн дуугарсны дараа МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Н.Баярмаа ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр теле хичээл заахаар хүрэлцэн ирснийг зарлалаа.
Хөтлөгч Н.Баярмаа: -Эх орондоо ихийг бүтээх иргэд болохоор эрдэм номдоо шамдаж, эрдмийн саруул танхимдаа хуран цугларсан хүүхэд, сурагчид та нартаа уламжлал ёсоор эрдмийн баярын хичээлээ заахаар Монгол Улсын Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн хичээлийн сэдэв “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн”. Энэ хичээлийг заах эрхэм хүндтэй багш Монгол Улсын Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж таныг сурагч хүүхдүүдийнхээ өмнө урин залъя.
/Сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг алга ташин угтав/
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ.
Сурагчид: -Сайн, та сайн байна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч сурагчидтай мэндчилсний дараа Төрийн дуулал эгшиглэж, Эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн эхний цагийн хичээл эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Их баярлалаа. За сууцгаа, хүүхдүүд ээ. Энэ зун сайхан амарцгаасан уу?
Сурагчид: -Сайхан амарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хаагуур амарсан бэ. Гараа өргөөд хэлэх хүүхэд байна уу. Хэдэн хүүхэд хөдөө амарсан бэ?
Сурагчид гараа өргөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Ийм олон хүүхэд хөдөө амарсан байна шүү дээ. Ерөөсөө хөдөө яваагүй хүүхэд байна уу? Олон хүүхэд хөдөө явсан, зарим нь яваагүй юм байна. Хөдөө яваад монгол гэрт амьдарсан уу?
Сурагчид: -Амьдарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Монгол гэрт орж үзээгүй хүүхэд байна уу? За тэнд нэг хүүхэд байна. Дараа монгол гэрт орж үзээрэй. Монгол гэрийн хамгийн сайхан нь юу вэ?
Сурагч: -Халуун үед онгойлгодог, сэрүүн үед хаадаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За, өөр нэмж хэлэх хүүхэд байна уу? Их баярлалаа, хүүхдүүддээ. Хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж сурлагын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
/Сурагчид алга ташив/
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Энэ удаагийн хичээл “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн/Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/”” гэсэн сэдэвтэй. Намайг бага байхад миний ээж надад үлгэр их уншиж өгдөг байсан. Би багадаа үлгэр унших, үлгэр уншуулах их дуртай хүүхэд байлаа. Одоо би та бүхэнд нэг үлгэр уншиж өгье. Их анхааралтай сонсоорой.
“Монголын дээд өвөг хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан өнө эртний үед юм гэнэ ээ. Хөх цэнхэр дээвэртэй, хөрст ногоон дэвсгэртэй орчлон дэлхий хэмээх оосор бүчгүй нэгэн их гэрт хүн амьтан бүгдээрээ амьдардаг байжээ. Тэгтэл юунаас болсныг бүү мэд, нэг л мэдэхэд хоорондоо муудалцан уралцаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэхэд хүрэв гэнэ. Амьтад мөр мөрөө хөөн салж, зарим нь газар нүхлэн шургаж, нэг хэсэг нь модны оройд гэртэй болжээ.
           Газар малтах хумс, усанд сэлэх сэлүүр, тэнгэрт нисэх жигүүр хүнд байсангүй. Харин хичээвэл бүхнийг хийж чадах оюун ухаан түүнд заяажээ. Тэр цагт насан өндөр болтлоо ухаанаас ондоо өв хөрөнгө хураагаагүй нэг өвгөн байж гэнэ. Нэгэн өдөр долоон хүүдээ:
           - Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болноо гэхэд хөвгүүд нь бодоод бодоод учрыг үл олов гэнэ. Өвгөн ханаран хүрээлсэн эргэн тойрны уулсыг дуурайлган бургасан хана хийв. Цасан шуурганд хаагддаг, цагийн сайханд нээгддэг, өмнийн хадан хавцлаас санаа авч хаалга урлав. Чанх дээр голлосон үдийн нарнаас тооно, тал тал тийш урссан алтан цацрагаас нь унь, уулын араас ургасан манан будангаас туурга, дээгүүр бүрхсэн зузаан үүлсээс дээвэр хийх санаа олжээ.
           -Түшилдэн ханхайсан уул нуруудын ар өврөөр их салхи эрчлэн эргэж байгаа даа гэж бодуутаа хялгас томж бүслүүр хийв ээ. Тэгээд өвгөн долоон хүүтэйгээ ханаа дэлгэж, хаалгаа босгож, тооноо өргөж, униа өлгөж, туургаа барьж, дээврээ тавьж, бүслүүрээ татаад бөмбөрцөг хэлбэртэй бөмбөгөр цагаан гэртэй болов гэнэ.
           Нарны гэрлийг наашлуулж татдаг, салхины хүчийг цаашлуулж хорьдог, нүүе гэвэл эвхээд ачдаг, бууя гэвэл дэлгээд барьдаг тийм таатай гэр хийсэн өвгөн буурал эцгийнхээ ухаанд хөвгүүд нь биширч аятай тавтай аж төрөх болжээ. Гэвч амьдрал ингэж удаан үргэлжилсэнгүй. Урт насалж удаан жаргасан өвгөн аав нь нэг өдөр хэвтэрт орж, хөвгүүдээ тойруулан суулгаад:
           -Төрөх нэг өдөр байхад төгсөх нэг өдөр бий. Ханан гэрээсээ аав нь хадан  гэртээ буцах боллоо. Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө өө. Гагцхүү бүслүүрээ л чангалж яваарай! гээд өвгөн насан өөд болжээ.
           Хөвгүүд нь урьдын адил мөн л учрыг ололгүй гайхаж хоцров. Цаг хугацаа өнгөрөх тусам гэрийнх нь бүслүүр суларсаар байж гэнэ. Бие биедээ найдсаар хэн нь ч гэрийнхээ бүслүүрийг чангалж таталгүй суутал гэр нь яйжийж унав гэнэ.
           Ах дүү долоо чамаас боллоо, надаас боллоо гэлцэн хэрэлдэж сүүлдээ бүүр таарч тохирохоо больж, тарж салахдаа хүрчээ. Эцгээс үлдсэн хөрөнгийг эн тэнцүү хувааж авахаар шийдээд, хана, унь, хаалга, тооно, дээвэр, туургаа салган үүрч ах нар нь харсан зүгтээ одоход, хөөрхий отгон дүүд нь бүслүүрээс өөр юм олдсонгүй.
           Ууган хүү нэг газар өөрт ноогдсон хаалгаа босгон амрах гэтэл өдөржин хурц нар төөнөөд арай л шатаачихсангүй. Удаах хүү сараалжин ханаа дэлгээд унтаж хэвттэл гэнэт ширүүн бороо асгаж, аянга тасхийж эгээтэй л ниргэчихсэнгүй.
           Дараах хүү туургандаа хоргодон суутал уулын үер урсгаад явчихаж. Бас нэг нь дээвэр дороо амарч хэвттэл хуй салхи босч хуу татаад хаячихав гэнэ. Нөгөө нь толгой дээрээ тооноо өргөөд сууж байтал шөнө болж, араатан чоно тал талд нь архиралдаж золтой л хүүг тасар татчихсангүй. Униа боож, дунд нь хоргодож суусан нэгийг нь хүйтэн жавар хайрч хөлдүүс болгох дөхөж гэнэ.
           Бүслүүрээс ондоо юм үлдээгүй болохоор отгон дүү нь бүүр ч хэцүү байсан нь мэдээж. Тэгтэл нэг өдөр түүн дээр хана үүрсэн ах нь буцаад иржээ. Удаах ах нар нь удалгүй хаалга, тооно, унь, дээвэр, туургаа үүрсээр ар араасаа цувран ирцгээв. Тэгээд тэд эв хаваар нь золгуулан гэрээ барьж бүслүүрээ чангалан татлаа.
           Тийнхүү долоон хүү өвгөн буурал аавынхаа гэрээсэлж хэлсэн үгний учрыг ухаарч эвийн сүлд болсон өргөө цагаан гэртээ үе дамжин амар сайхандаа жаргажээ.”
 “Гэр” гэдэг энэ үлгэрийг бичсэн хүн бол хүүхдийн зохиолч Ж.Дашдондог юм. Ж.Дашдондог гуайн бичсэн үлгэрийг би сая уншиж өглөө. Хичээлээ үргэлжлүүлэхийн өмнө хичээлийнхээ дэгийг эргэж нэг саная. Манай анги өнөөдөр хоёр ангийн сурагчид, багш нартай нийлээд 100 гаруй хүнтэй хичээллэж байгаа учраас асуулт хариултыг богинохон байлгая. Гараа өргөж хариулъя. Хариултаа давхардуулалгүй хэлье. Үлгэртэй холбоотой асуулт асууя. Эхний асуулт.
-Долоон хүүд их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэж хэн хэлсэн бэ? За, тэр хүү хэлье.
“Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч О.Хонгор: -Өвөө гэрийнхээ бүслүүрийг чангал гэсэн. Бүслүүрээ чангалахгүй бол гэр нь нурж унана.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За миний хүү?
Сурагч: -Хүүдээ ухаан оруулах гэж аав нь хэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За тэр охин наашаа хараад хэлээрэй.
Сурагч: - Аав нь долоон хүүдээ их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэж яагаад хэлсэн бэ гэхээр уул ус, ургамал модоо дууриалгаад гэр барьж болно гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За энэ охин?
Сурагч: -Өөрийнхөө амьдардаг гэрээр бага гэрийг бүтээж амьдрахыг хэлж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За хүүхдүүд бүгдээрээ сайн хариуллаа. Бүгдэд нь баярлалаа. Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно гэсний учир нь их гэр гэдэг нь орчлон дэлхий юм байна шүү дээ. Орчлон дэлхийг дууриайлгаад гэрээ барьж болно шүү гэсэн үгийг өвгөн хүүхдүүддээ хэлсэн байна аа, хүүхдүүд ээ.
Манай өнөөдрийн хичээл “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” гэсэн сэдэвтэй байгаа. Бүтээлч байхын тулд хүүхдүүд бүгдээрээ оролцох хэрэгтэй. Гэр барихад хүртэл бүгдийн оролцоо хэрэгтэй болдог юм байна. Нэг хүн гэр барьж чадахгүй, хэцүү. Гэрийг олон хүн барих хэрэгтэй. Гэрээ хамтарч барих шаардлагатай юм байна. Эндээс гэрийг юуны бэлгэдэл гэж дүгнэж болох вэ?

Сурагч: -Дэлхийн бэлгэдэл.
Сурагч: -Гэр бол монголчуудын бас нэг шинж чанар, онцлог.
Сурагч: -Орчлон, ертөнцийн бэлгэдэл.
Сурагч: -Гэрийг дэлхийгээс сэдэв авч хийсэн. Монгол гэр бол монголчууд бидний шүтэх ёстой, дээр үеэс уламжилж ирсэн гэр.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр бол эв нэгдлийн бэлгэдэл байх нь. Хүмүүс эвтэй байгаад гэрээ тал талаасаа нийлүүлж босгодог. Гэр нь хүний оролцооны бэлгэдэл, хамтын хөдөлмөрийн бэлгэдэл байх нь. Гэр бол бүтээхийн бэлгэдэл байх нь. Өнөөдөр бид бүтээлч монгол хүний тухай ярьж байгаа. Бүгдээрээ бүтээлч, юм хийдэг байя. Гэр бол саяын хүүхдийн хэдлгээр монголын бэлгэдэл, Монгол Улсын бэлгэдэл байх нь ээ.
Хоёр дахь асуулт руугаа оръё. Өвгөн “Яаж аж төрөхийг та нарт гэр чинь заагаад өгнө. Гагцхүү бүслүүрээ чангалж яваарай” гэж хэлсэн. Үүний учрыг яаж тайлах вэ?
Сурагч: -Эвтэй байгаарай гэсэн үг.
Сурагч: -Бүслүүрээ чангалахгүй бол өвлийн цасан шуурганд гэр хийсээд уначихна.
Сурагч: -Бүслүүрээ чангалж явахгүй бол та долоо бүгдээрээ сална шүү гэсэн утгатай.
Сурагч: -Хамт олонтойгоо эвтэй байж муудалцаж болохгүй гэсэн үг байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Бүслүүрээ чангалж яваарай гэсэн нь та долоо эвтэй яваарай гэсэн үг юм байна шүү дээ. Их баярлалаа. Бүгдээрээ мундаг хүүхдүүд байна. Өвгөн “Яаж аж төрөхийг гэр чинь зааж өгнө. Бүслүүрээ чангалж яваарай” гэсэн нь та бүхэн эвтэй байгаарай. Эвээ их хичээж, хамгаалж , чангалж яваарай” гэсэн үг юм. Гэр гэдэг бол бидний ахмад үе, өвөг дээдсийн бүтээл юм. Тэр хүмүүсийн ухаан, уран өвөг дээдсийн бүтээсэн зүйл. Гэр бол цагийн шалгуур, байгалийн шалгуурыг даасан Монголын үнэт эрдэнэ юм. Монгол хүн бүр дор бүртээ эвээ хичээж бүтээлч амьдрах ёстой гэсний бас нэг илэрхийлэл юм. Гэрээ хараад тэгж бодож, ойлгож болох юм.
За гурав дахь асуулт руугаа оръё. Дараалаад хариулаарай. Гэрээ салгаж хуваагаад салж амьдарсан ах дүү долоо бэрхшээл зовлон тохиоход юу гэж бодоцгоосон бол?
Сурагч: -Би одоо яана аа. Яаж амьдрах вэ гэж бодсон.
Сурагч: -Бусад маань яаж байгаа бол гэж бодсон.
Сурагч: -Аавынхаа сургаалийг сайн санаж явдаг байж дээ гэж бодсон.
Сурагч: -Хий дэмий салж дээ гэж бодсон.
Сурагч: -Гэрээ салгасан болохоор бидэнд зовлон тохиолдсон гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За сайн байна. Нэг зүйр үгээр хариулах гээд үзье.
Ахмадын сургааль алт. Аавынхаа сургаалийг дагадаг байж дээ гэж бодсон. Ганц мод гал болдоггүй. Ганц ганцаараа амьдраад ажил явдаггүй юм байна гэж бодсон. Хүүхдүүддээ их баярлалаа. За одоо дараагийн асуултад хариулаарай.
Байгалийн бэрхшээл тохиолдохоор хүүхдүүд эргэж ирээд гэртээ амьдарсан. Хүн алдаа гаргаж болно. Хүүхдүүд ч гэсэн алдаа гаргаж болно. Тоогоо алдаатай бодож болно. Гэхдээ алдаагаа ойлгосон бол давтах хэрэггүй. Алдаа бол хүний хамгийн сайн хичээл юм.
Одоо үлгэрээ товчхон сануулъя. Өвгөн буурал аав нь эхлээд хүүхдүүддээ юу гэж хэлдэг билээ? Бүгдээрээ намайг давтаад хэлээрэй. Их гэрийн үлгэрээр бага гэрийг барьж болно.
Сурагчид давтан хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Орчлонд байгаа бүх зүйлийг дуурайлгаж бодоод, ханаа уулыг дуурайлгаад, дээвэр туургаа тэнгэрийн үүлийг дуурайлгаад хийжээ. Тэгээд өвгөн аав нь хүүхдүүддээ юу гэж захидаг билээ?
Сурагчид: -Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Яаж аж төрөхийг гэр чинь заагаад өгнө. Бүслүүрээ чангалж яваарай. Эвтэй найртай байгаарай гэсэн. Тэгсэн хүүхдүүд нь эвтэй найртай байж чадсан уу?
Сурагчид: -Чадаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Бүслүүрээ чангалсан уу?
Сурагчид: -Чангалаагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр нь яасан билээ?
Сурагчид: -Нурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэр нь яйжийгаад унасан. Тэгээд ах дүү долоо гэрийнхээ хана, туурга, хаалга, тооно, бүслүүрийг нэг нэгээр нь аваад яасан билээ?
Сурагчид: -Тараад явсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тарж яваад яасан бэ? Зовлон бэрхшээл тохиолдсон, тийм ээ? Зарим нь хүйтэнд осгож үхэх шахсан. Зарим нь халуун наранд яасан билээ?
Сурагчид: -Шатаж үхэх дөхсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зарим нь чононд...
Сурагчид: -Идүүлэх шахсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Ингээд тус тусдаа байж болохгүй юм байна. Эргэж нийлье гээд бүгдээрээ...
Сурагчид: -Нийлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Эргэж нийлээд...
Сурагчид: - Гэрээ барьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэрээ бариад, алдаагаа ухаараад эвтэй найртай амьдарч, амар сайхандаа жаргасан. За сайн байна. Манай хүүхдүүд ийм мундаг.
Одоо надад нэг туслагч хүүхэд хэрэгтэй байна. Надад туслах хүүхэд байна уу?
Ийм олон хүүхэд туслая гэж байна. Яагаад та нар надад тусалж чадна гэж бодсон бэ. За тэр хүү хариулаарай.
Сурагч:-Багшдаа тусалдаг шигээ танд туслая гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За дараагийн хүү?
Сурагч:-Хүнд тусалж сайн үйл бүтээе гэж бодсон.
Сурагч:-Манай ангид жижүүр сурагч гэж байдаг. Жижүүр дандаа багшид тусалдаг. Түүнтэй адил танд туслая гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За энэ охин хариулаарай?
Сурагч: -Хэнд ч тусалсан өөртөө зоригтой байх ёстой гэж бодлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Надад нэг л туслагч хүүхэд хэрэгтэй. Та нар надад сонгоход туслаарай. Та нар нэг нэгээ сайн мэднэ шүү дээ. За гурван хүүхэд уралдуулъя. За тэр хүү, энэ охин, бас тэр хүү босоод зогсоорой. Та нар энэ гурвын нэгд саналаа өгөөрэй. Нэг хүүхэд нэг л хүүхдийн төлөө санал өгнө шүү. Хамгийн олон хүүхэд гараа өргөсөн хүүхдийг би авна. За нэг нь тоолно шүү. За энэ охинд 35 хүүхэд гараа өргөлөө. Миний охин шалгарлаа, наашаа гараад ирээрэй. Баяр хүргэе.
Одоо би та бүхэнд хоёр минут өгье. Дуртай зүйлээ хийж болно. Би цагаа харна. Энэ хооронд туслагч бид хоёр ангиасаа гарч нэг юм ярих хэрэгтэй боллоо.
За цаг дууслаа. Манай охинд микрофоноо өгөөрэй.
Туслагч сурагч: -Энэ хоёр минутад хүүхдүүд юу хийв?
Сурагч: -Хоорондоо юм ярьсан.
Сурагч: -Та хоёрыг юу ярьж байгаа бол оо гэж бодсон.
Сурагч: -Одоо юу хийх гэж байгаа бол доо гэж бодсон.
Сурагч: -Гэрээ дуурайлгаж зураг зурах гэж байсан.
Сурагч: -Амараа бид хоёр сая гар барилдсан.
Сурагч: -Зүйр цэцэн үг бодсон.
Сурагч: -Орж ирээд юу асуух бол доо гэж бодсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна. Ийм бүтээлч хүүхдүүд байна. Дараагийн асуулт юу билээ?
Туслагч сурагч: -Багш нар энэ хооронд юу бодсон бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Манай багш нар өнөөдөр бас сурагч болж байгаа. Багш нар хоёр минутад юу бодсон бэ?
Багш: -Хүүхдүүд маань юу бодож байгаа бол доо гэж бодсон.
Багш: -Ерөнхийлөгч хичээлээ цааш яаж үргэлжлүүлэх бол доо гэж бодсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Дараагийн асуултаа хэнээс асуух вэ?
Туслагч сурагч: -Боловсрол, шинжлэх ухааны сайд та юу бодсон бэ?
Сайд Л.Гантөмөр: -Би таныг хоёр минутад дуртай зүйлээ хийгээрэй гэж хүүхдүүдэд хэлэхдээ юу хийхийг хүүхдүүдэд чиглүүлж өгсөн бол сайн байлаа гэж бодсон. Үлгэрийнхээ тухай, хичээлийнхээ тухай ч юм уу тодорхой чиглэл өгөөд гарахгүй дээ гэж бодлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хүүхдүүд сая чөлөөт минут байна гэхээр үнэхээр чөлөөтэй бодсон байсан. Зарим нь зүйр цэцэн үг бодсон байна лээ. Зарим нь гар барилдсан. Зарим нь зураг зурсан, оньсого таалгасан байна. Зарим нь үлгэрээ бодсон байна. Сая чөлөөтэй орхисноор хүүхдүүд бага боловч хугацааг өөрсдийнхөөрөө бүтээлч ашигласан байна.
За одоо би таавар таалгая гэж бодож байна. Гурван тааврын нэг нь дэлхийн үйл явдалтай холбоотой. Энэ жил дэлхийд спортын хамгийн том, хамгийн олон хүн оролцсон ямар үйл явдал болсон бэ?
Сурагч: -Өвлийн олимп Сочи хотод болсон.
Сурагч: -Хөлбөмбөгийн тэмцээн болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Дэлхийн хөлбөмбөгийн тэмцээн хаана болсон билээ?
Сурагч: -Бразильд болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Бразилийн баг яасан билээ?
Сурагч: -Бразилийн баг хожигдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Түрүүлээгүй. Хэнд хожигдсон билээ?
Сурагчид: -Германы багт хожигдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Та нарын ихэнх хөлбөмбөг үзсэн юм байна шүү дээ.
Сурагчид: -Үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Ямар учраас Бразилийн баг Германы багт хожигдсон бэ?
Сурагч: - Бразилийн нэг сайн тоглогчийн нуруу гэмтсэн.
Сурагч: -Нэг тоглогч улаан хуудас авсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сая бид хичээлээ эхлэхдээ ах дүү долоо нийлээд гэрээ барьсан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр Германы баг ямар байсан бэ?
Сурагчид: - Германы багийнхан хамтарч чадсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зөв, хамтарсан байхгүй юү. Германы баг бол баг шиг байсан. Бразилийн баг бол ганц нэг сайн тоглогчдоо найдсан. Өөр өөрийнхөөрөө байсан. Гэтэл хөлбөмбөг гэдэг бол юуны спорт билээ?
Сурагчид: -Хамтарсан спорт.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Хамтарсан спорт, багийн спорт. Тэгэхээр аливаа спорт, аливаа зүйлд амжилтад хүрэхийн тулд яах ёстой вэ?
Сурагчид: -Багаараа...
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Багаараа, хамт олноороо, ангиараа амжилтад хүрэх ёстой. Ганц нэг мундаг хүүхдэд найдаад амжилтад хүрэхгүй. Бүгдээрээ амжилтад хүрэх ёстой. Бүгдээрээ хамтарч ажлаа сайн хийнэ гэсэн үг. Хөлбөмбөгт хаалгач гэж байна. Муу хаалгач байвал яах вэ?
Сурагчид: -Гоол алдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хамгаалагч муу байвал довтлогч хүрээд ирэхээр яах вэ?
Сурагчид: -Бөмбөгөө булаалгана.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Довтлогч муу байх юм бол...
Сурагчид: -Гоол хийж чадахгүй. Дасгалжуулагч муу байвал ялагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тэгэхээр хөлбөмбөг гэдэг энэ спортод ажлаа хийж байгаа бүх хүн ажил ажлаа сайн хийх ёстой. За бүгдээрээ энэ жишээн дээр их сайн ярилцлаа. Та нар Мисси гэж хөлбөмбөгчийг мэддэг байх?
Сурагчид: -Мэднэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Аль багийнх билээ?
Сурагчид: -Аргентин.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тоглодог баг нь?
Сурагчид: -Барселона.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Их зөв хэлж байна. Миссийг гоол хийхээр юу гэж ярьдаг билээ? Мисси яллаа гэж ярьдаг уу?
Сурагчид: -Барса яллаа гэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зөв. Барса яллаа, Барселона яллаа гэдэг. Тэгэхээр аливаа амжилтыг хамт олноор нь, тэр байгаа хүмүүсээр нь нэрлэдэг юм байна гэдгийг бүгдээрээ ойлгож авлаа. Хагас сайн өдрүүдэд МҮОНТ-ээр хөлбөмбөг гарч байгаа, тийм ээ. Премьер-лиг гарч байгаа. Үзэж байгаа юу?
Сурагчид: -Үзэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Үзээд тэндээс хамтарч ажиллах нь ямар гоё юм бэ гэдэг ойлголтыг авах хэрэгтэй.
За одоо хоёр дахь таавар. Хүүхдийн оролцооны талаар хамгийн сайн хичээл заасан нэг ээж байдаг. Тэр ээж хэн бэ?
Сурагч: -Тэр бол багш.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Багш, за. Бүр түүхэн үед, энэ ээжийн тухай Монголын нууц товчоонд гардаг.
Сурагч: -Өлүн ээж.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Өлүн эх, за. Энэ таалгаж байгаа ээж таван хүүхэдтэй, таван хүүхэд нь хоорондоо эв нэгдэлгүй байсан. Тэгээд эв нэгдэлтэй байхыг сургасан ээж. За, хэний тухай ярьж байна вэ?
Сурагч: -Сорхагтан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За, арай биш байна. За, энэ хүүхэд...Добу мэргэн гэдэг хүний гэргий байсан. Добу мэргэнээс тэр ээж хоёр хүүхэдтэй үлдсэн. Дараа нь гурван хүүхэд гарсан. Хүүхдүүд нь хоорондоо эвгүй болохоор тэр ээж нэг зүйл сургасан.
Сурагч: -Алунгоо ээж.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Алунгоо эх. Алунгоо эхийг санаж байна уу. Яадаг билээ? Таван хүүхдээ суулгаад, таван хүүхэддээ нэг нэг сум өгдөг. Тэгсэн хүүхдүүд нь яадаг билээ?
Сурагчид: -Хугалдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хугалчихдаг. Дараа нь...Бүгдээрээ ам амандаа хэлээд байгаарай.
Сурагчид: -Дараа нь бүх сумаа нийлүүлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Дараа нь бүх сумаа нийлүүлж байгаад...
Сурагчид: -Хугалж чаддаггүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тэгээд ээж нь юу гэж хэлдэг билээ?
Сурагч: -Та нар нэг нэгээрээ явах юм бол ялагдана. Хамтдаа явах юм бол хүчтэй байна гэсэн.
Сурагч: -Ганцаараа явах юм бол энэ нэг сум шиг ялагдана. Харин тавуулаа цугтаа явах юм бол энэ таван сум шиг бат байна гэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За их баярлалаа. Алунгоо эхийн сургааль бол хүүхдээр дутагдлыг нь өөрөөр нь ойлгуулсан хамгийн гайхалтай хичээл гэж боддог. Монголчуудыг  хэдэн үеэрээ, хэдэн зуун жил эвтэй найртай байхыг сургасан ийм мундаг хичээл гэж боддог. Тийм байгаа биз дээ?
Хүүхдээр өөрөөр нь ойлгуулсан. Тэрнээс биш Алунгоо эх өөрөө сумаа барьчихаад хугалаад, дараа нь тавууланг нь нийлүүлээд хугалах гээд байгаагүй. Хүүхдүүддээ өгөөд та нар өөрсдөө хийгээд үз гэснээрээ Алунгоо эхийн сургааль бол гайхалтай юм.
За, гурав дахь таавар. Сайн харж байгаарай. Ингэлээ, ингэлээ. /Цэрэг алхаагаар алхаж, ёсолж үзүүлэв/ Энэ хэн бэ?
Сурагчид: -Цэрэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За, цэрэг. Энэ жил Чингисийн талбайд цэрэгтэй холбоотой нэг үйл явдал болсон. Ямар үйл явдал вэ?
Сурагч: -Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин ирээд ёслол болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Өөр юу болсон билээ? Оюутнууд энэ жил анх удаа яасан билээ?
Сурагч: -Оюутнууд энэ жил шинэ цэрэг болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Тэр хөтөлбөрийг юу гэж нэрлэдэг билээ?
Сурагчид: -Оюутан-цэрэг гэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна. Та нарын ах нар шиг хүүхдүүд цэрэгт яваад хоёр сар болсон. Ээж аав нь уулзсан чинь хүүхдүүд нь яасан байсан бэ?
Сурагчид: -Цэрэг болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Цэрэг болчихсон, ээж аав нь танихгүй шахам маш их өөрчлөгдсөн байсан. Яагаад тэд өөрчлөгдсөн бэ?
Сурагч: -Тэд өмнө нь ганцаараа ажилладаг байсан. Цэрэг болоод хамтарч, багаараа ажилладаг болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Яг зөв. Өмнө нь гэр гэртээ байдаг байсан. Цэрэгт ирээд нийтээрээ ажилладаг болсон. Тэгээд хөл гарын сургууль, цэргийн сургуулийг нэг хүн шиг хийж сурсан, тийм ээ?
Сурагч: -Цэрэгт очоод яагаад ээж аав нь танихааргүй болсон бэ гэвэл мэдэхгүй байсан бүх зүйлээ заалгасан.
Сурагч: -Хүүхдүүд өмнө нь их эрх байсан. Цэрэгт яваад хатуужил сурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хамгийн гол нь сургуулийг өөрөөр нь хийлгэсэн. Цэргүүдийн өмнөөс дарга нь алхдаггүй, тийм ээ? Эхлээд муу алхдаг, хөл гар нь зөрдөг тийм биз дээ? Тэгээд үүнийг цэргээр өөрөөр нь хийлгэсэн. Тэгсэн чинь цэргүүд маш хурдан сурсан. Өөр нэмж хэлэх хүүхэд байна уу? Цэрэгт юу байдаг билээ? Дүрэм байдаг. Сая бид хичээлийн дэг гэж ярьсан шүү дээ. Гэрт бол манай ах нарт дүрэм байхгүй. Аав ээжийн хэлснээр байдаг. За, хэл.
Сурагч: -Хүүхдээ эр хүн болгох гэж цэрэгт явуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Цэрэг бол дүрэмтэй, сахилга, зохион байгуулалттай, хариуцлагатай. За одоо дараагийн сэдэв рүү оръё. Нэг ийм үг бий. “Хүний эрдэм хүнд наалддаггүй” гэж. Энэ юу гэсэн үг вэ?
Сурагч: -Хүнд оюун ухаан байхгүй бол эрдэм суръя гэсэн ч сурч чадахгүй.
Сурагч: -Хүн хэчнээн их эрдэм сурлаа ч түүнийгээ хайхрахгүй бол дахиж хэзээ ч олж чадахгүй.
Сурагч: -Эрдэм хүнд анхнаасаа байгаад байдаггүй. Сурч байж эрдмийг олж авна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Эрдмийг хүн яаж сурах вэ?
Сурагч: -Эрдмийг хүн өөрөө сурна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хүн эрдмийг өөрөө сурдаг. Хүүхдийг өөрөөр нь сурга гэсэн үг. Эрдэм хүнээс өөрөөс нь ургадаг ургамал. Нар тусахаар цэцэг яадаг билээ?
Сурагчид: -Дэлбээлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Дэлбээлдэг. Бороо орохоор яадаг билээ?
Сурагчид: -Ургадаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Ургадаг. Яг үүнтэй адил хүүхдийг урамшуулах хэрэгтэй. Хүүхдээр өөрсдөөр нь хийлгэх юм бол хүүхдүүд яах вэ?
Сурагчид: -Эрдэмтэй болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Эрдэмтэй хүн болно. Сонсоод хүн 10 хувийг нь л ойлгодог. Өөрөө хийх юм бол хэдэн хувийг мэдэж болох вэ?
Сурагчид: -100 хувь.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -90-100 хувь. Тийм учраас үүнийг та бүхэнд хэлэх гэсэн юм. Одоо сургууль дээр хүүхдээр юм цээжлүүлээд шалгахаар цээжлүүлсэн зүйлийг хүүхэд сайн хийгээд байдаг. Яг амьдрал дээр наад зүйлээ хий дээ гэхээр муу дүн авдаг. Та нарыг сургуульд сургана гэдэг амьдралд бэлдэж, сайн хүн болгох гэж байгаа юм. Түүнд та нар өөрсдөө сурах хэрэгтэй. Ойд төөрсөн сармагчин гэж юу гэсэн үг вэ? Энэ сармагчны тухай үг үү, хүний тухай үг үү?
Сурагчид: - Хүний тухай үг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Яг үнэн. Үнэн хэрэгтээ сармагчин ойд төөрдөггүй. Хүн л ойд төөрдөг. Ойд төөрсөн сармагчин гэж юу гэсэн утгатай вэ? Ямар хүнийг хэлдэг вэ?
Сурагч: -Сармагчин ойд төөрөхгүй. Яагаад гэвэл модондоо авираад хаана ил газар байна гэдгийг мэддэг. Бид алхаж явдаг болохоор заримдаа зүг чигээ алддаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Өөр хэлэх хүүхэд байна уу?
Сурагч: -Хүн луужин хэрэглэдэг болохоор төөрдөггүй байж болох байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Энэ бол ойд төөрсөн хүний тухай биш, бүтээлч бус хүний тухай юм. Эрдэм муутай хүний тухай юм. Бүтээлч бус, эрдэм муутай хүн бол зүгээр л сүрэг сармагчин шиг хүмүүсийн нэг болно гэсэн утгатай. Надаас асуух хүүхэд байна уу? За, хамгийн хүрүүнд гар өргөсөн хүүхэд, тэр охин асуугаарай.
Сурагч: -Би хүүхэд. Та бас хүүхэд байсан. Таны үеийн хүүхэд, одоогийн хүүхэд ямар ялгаатай вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Хүүхдийн хувьд ялгаа байхгүй. Гэхдээ одоо харж байхад та нарт дэлхий нээлттэй байна. Дэлхий бол та нарын гэр байна. Сайн юм хийвэл хүн төрөлхтөн та нарын дэмжигч байна. Намайг хүүхэд байхад гар утас гэж байгаагүй, мэдэхгүй. Гайхаж байна уу, та нар? Твиттер байгаагүй. Фэйсбүүк байгаагүй. Фэйсбүүктэй хүүхэд байна уу. Интернэт гэж юм ерөөсөө байгаагүй. Суман дээр хүнтэй ярих гэвэл холбоон дээр очиж ярьдаг. Гадагшаа ярих гэвэл Төв шууданд очиж ярьдаг. Тийм л байсан. Үүгээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл та бүхэнд дэлхий гэдэг дэлгэсэн ширээ шиг болжээ. Д.Нацагдорж гэж мундаг зохиолч байдаг. 1920-1930-аад оны үед юу гэж бичиж байлаа? “Хөмөрсөн тогоон доторх шиг” гэж. Одоо бол та нарын өмнө дэлхий орчлон дэлгэсэн ширээ шиг болсон. За, тэр охин асуугаарай.
Сурагч: -Та багадаа сайн сурдаг байсан уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зарим хичээлдээ сайн, заримд нь тааруу сурдаг байсан. За, энэ хүү...
Сурагч: -Монгол Улс яавал хурдан хөгжинө гэж та бодож байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Монгол Улс яавал хурдан хөгжих вэ. Та нар юу гэж бодож байна? За, энэ охиныг сонсоё?
Сурагч: -Эв нэгдэлтэй амьдарвал хөгжинө.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За, энэ хүү...
Сурагч: -Хогоо хогийн саванд хийж хэвшвэл...
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Хогоо хогийн саванд хийж хэвшвэл яах вэ. Монгол Улс цэвэрхэн байна. За, энэ хүүхэд...
Сурагч: -Хөдөлмөрлөж сурвал хөгжинө.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -За одоо томъёо зохиоё. Багш нар бичээрэй. Монгол Улсын хөгжил гэж бичээд тэнцүү юу байх вэ? Сая заасан хичээлийн сэдвээс та нар нэг бод доо. Монголын хөгжлийн томъёо юу байж болох вэ?
Нэгд, Хүн бүр хөдөлмөрч, хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр Монгол Улсын хөгжил тэнцүү гээд Монгол Улсын иргэн бүр хөдөлмөрч, хамтарч ажиллаж, эв нэгдэлтэй байх юм бол хөгжинө. Өнөөдрийн хичээлийн сэдэв юу билээ? Хүн бүр бүтээлч байвал улс хөгжинө. Та нар юунд сурч байгаа билээ?
Сурагчид: -Сургуульд сурч байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сургуульд, эрдэмд сурч байгаа. Хүн бүхэн эрдэмтэй байвал Монгол Улс хурдан хөгжинө. Бид өөрсдөө Монголынхоо хөгжлийн томъёог хүүхдүүдтэйгээ гаргаж байна. Монголд ганц мундаг хүн байвал хөгжих үү?
Сурагчид: -Хөгжихгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Хөгжихгүй. Монголын хүн бүхэн мундаг байвал Монгол Улс хөгжинө. Маш зөв. Ганц мундаг хүн биш, Монголын хүн бүхэн бүтээлч, эрдэмтэй, хөдөлмөрч, ажлаа сайн хийдэг байвал Монгол Улс хөгжинө. Маш сайн байна. Өөр асуулт асуух хүүхэд байна уу?
Сурагч: -Хүүхэд багачууд бид хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Хүсэл мөрөөдлөө маш сайн илэрхийлж, багш нартаа хэлж байх ёстой. Би ийм зүйлийг хүсч байна, багш аа. Би өөрөө хийе гээд. Жишээ нь, түрүүчийн үлгэрийг хүн зохиож болж байна шүү дээ.  Тэгэхээр би ийм үлгэр зохиогоод ирлээ. Өгүүлбэртэй бодлого та нар зохиож чадах уу? Энэ зуны амралтаас нэг өгүүлбэртэй бодлого зохиогоод хэлчих хүүхэд байна уу? Жишээ нь, би өнөөдөр 700 хонь хариулж байтал 70 нь алга болчихлоо. Гэртээ ирэхдээ хэдэн хоньтой ирсэн бэ гэх мэтээр өгүүлбэртэй бодлого зохиож болно биз дээ. Өөрсдөө зохиогоод өөрсдөө хийх юм бол амархан сурна шүү дээ.
За, Монголын хамгийн чухал баялаг юу бэ?
Сурагч: -Газар нутаг.
Сурагч: - Эв нэгдэл.
Сурагч: - Өв соёл.
Сурагч: - Уул ус.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - За, Газар нутаг гэж байна. Хүсэл гэж байна. Эв нэгдэл гэж байна. Өв соёл, уул ус гэж байна. За өөр?
Сурагч: -Ургамал ногоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Ургамал ногоо. За, хамгийн чухал баялаг?
Сурагч: -Эрдэм ном.
Сурагч: - Байгаль орчин.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - За, бүгдээрээ их сайн хэлж байна. Хэлээд байгаарай. Гэр бүл, хөдөлмөрч байдал гэж байна. Хэн хөдөлмөрч байх ёстой вэ? Тийм ээ, бид нар. Бид нар бүгдээрээ нийлэхээрээ хэн бэ? Хүн.
Тэгэхээр Монголын хамгийн чухал баялаг бол хүн юм байна шүү дээ. Монголчууд өөрсдөө, та нар юм шүү дээ. Тэгэхээр хүний хамгийн чухал баялаг юу байх вэ?
Сурагчид: -Эрдэм ном.
 Монгол Улсын Ерөнхийлөгч: - Эрдэм ном шүү дээ. Тэр эрдэм номыг бүтээдэг хүмүүс хэн бэ?
Сурагчид: -Багш нар.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Зөв багш нар, бас хүүхдүүд, аав ээж шүү дээ. Тэгэхээр Монголын хамгийн чухал баялаг хүн байх юм байна. Хүний хамгийн чухал баялаг бол эрдэм мэдлэг байх юм байна. Эрдэм мэдлэгийг бүтээдэг хүмүүс бол багш, хүүхэд, аав ээж нар байх юм байна. Манай хүүхдүүд их сэргэлэн, хамгийн хурдан суралцдаг. Юм сурдаггүй хүүхэд гэж байхгүй. Яг зөв, хүүхэд бүхэн юуг ч сурах боломжтой.
Энэ хорвоогийн энгүй сайхан мэргэжил бол багш юм. За багш нараа магтая. Манай багш нар ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Манай багш нар заримдаа цагаа сунгаж ажилладаг. Бусад зарим улс оронд тийм зүйл байхгүй. Тэгэхээр манай багш нар ийм мундаг байх нь байна шүү дээ. Багш нар чөлөөтэй ажлаа хийгээд байх ёстой. Конспект гээд дээр үед байдаг байсан. Багш зөвхөн тайлан бичээд суудаггүй. Багш нар хэнтэй харилцвал хамгийн сайн байх вэ?
Сурагчид: -Бидэнтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Тийм ээ хүүхдүүдтэйгээ. Нэг цаасан дээр суугаад өөрийнхөөрөө хэлж өгөх гээд байхгүй хүүхдүүдээрээ өөрсдөөр нь юм хийлгэх юм бол хамгийн мундаг болох юм аа. Багшид яагаад хүмүүс мөргөдөг вэ. Багшид мөргөе, номд мөргөе гэж монголчууд хэлдэг.  Багшид яагаад хүмүүс мөргөдөг юм? Дор дороо хэлээрэй.
Сурагч: - Эрдэм номд сургадаг.
Сурагч: -Эрдэм зааж өгдөг.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Тийм ээ, эрдэм номд сургадаг, хамгийн мундаг баялгийг та бүхэнд өгдөг.
Сурагч: - Багшгүй бол бид сурч чадахгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Тийм ээ, багшгүй бол та бүхэн сурч чадахгүй. Сайн байна. Хөдөлмөрч, ухаалаг байлгах гэж багш нар хичээдэг.
Ерөөсөө одоо нэг л зүйлийг хар. Та нар бол лаборатори сургуулийн сурагчид. Дөчин тийм сургууль байгаа. Эдгээр нь багшид тэр боломжийг өгч байгаа юм. За ёстой миний хүүхдүүд сурч л чаддаг юм бол би тэр түвшинд нь хүртэл сургая. Миний хүүхдүүд ямар шалгалт өгөх ёстой юм. Тэр шалгалтыг ангиар нь өгүүлье. Багшид ийм эрх чөлөө өгч байгаа. Надад тэр хүрэх шалгуурыг нь хэлээд өгчих. Миний хүүхдүүд ямар хэмжээний эрдэм эзэмших ёстой юм, түүнийг нь хэлээд өгчих. Харин би тэр үр дүнд бүх ангиа хүргэж чадна гэдэг ийм боломжийг олгож байгаагаараа хамгийн чухал. Тэгээд багшид хүн мөргөдгийн учир хүүхдийн хувь заяа багшийн гарт байдагт оршино. Энэ юу гэсэн үг вэ? Хүүхдийн хувь заяа багшийн гарт байгаа бол Монголын ирээдүй багшийн гарт байна гэсэн үг юм.
Эцэг эхчүүд хүүхдээ ямар хүн болоосой гэд боддог вэ?
Сурагчид: - Сайн хүн болоосой гэж боддог
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Мэдээж хэрэг сайн хүн болоосой гэж боддог. Эцэг эхчүүд хүүхдээ хараад юунд нь баярладаг вэ? Сайн хүн болж байвал баярладаг шүү дээ. Хүүхдээ онц сурч байвал баярладаг. Хүүхдээ ухаантай, эрдэмтэй хүн болж, хөгжиж байвал баярладаг. Та нарт нэг зүйр цэцэн үг цээжлүүлье, “Хүлгийн хурдныг таних гэвэл уралдуул, хүүхдийн сайныг мэдэх гэвэл оролцуул”, “Унаганы хурдныг таних гэвэл өөрийг нь давхиул, хүүхдийнхээ сайныг мэдэх гэвэл өөрөөр нь хийлгэ”. За, хамгийн сүүлд юу гэж хэлсэн бэ? Унаганы хурдныг мэдэх гэвэл өөрөөр нь давхиулдаг биз дээ? Тэрнээс биш аав ээж нь үүрчихээд гүйгээд байдаггүй биз дээ. Харин хүүхдийнхээ сайныг мэдэхийн тулд өөрөөр нь хийлгэ.
Тэгэхээр ер нь эндээс харах юм бол бид нар өнөөдөр бүтээлийн тухай, бүтээлч монгол хүний тухай ярилцаж байгаа. Би хувьдаа хүнд байх ёстой хамгийн сайхан чанар бол бүтээлч чанар гэж боддог. Хүнд заяах ёстой хамгийн сайхан эрдэм бол бүтээлч чанар, хийж бүтээж буй хүмүүсийг дэмждэг, бүтээлч хүүхдийг бий болгодог, бүтээлч иргэнийг бий болгодог  чанар юм. Хүний хамгийн сайхан чанар бол хүний амжилтаар бахархдаг чанар. Манай сургуулийн хүүхэд онц сурч байна, манай сургуулийнхан бүгдээрээ мундаг байна гэж боддог чанар. Бусдынхаа амжилтаар бахархаж чаддаг. Энэ бол хүнд заяах ёстой хамгийн сайхан чанар юм. Тэгэхээр одоо ийм маягаар байвал та нар юм сурахаар, ойлгохоор, сонирхолтой байна уу? Саяын үлгэр сонирхолтой байна уу?
Сурагчид: -Тийм.
Монгол Улсын Ерөнхийлөгч: - Та нарт өнгөрсөн жил орсон хичээл сонирхолтой байсан уу? Өмнөхөөс арай өөр хэлбэртэй байсан, тийм учраас танай сургууль, танай анги хамгийн сайн анги болж болно. Бүр дэлхийн, Монголын хамгийн сайн анги болж болно.  Тэгэхийн тулд яах ёстой вэ?
Сурагчид: - Хөдөлмөрлөнө.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зөв, хөдөлмөрлөнө, хүүхдүүд, багш, эцэг эхчүүд хамтарч ажиллана. Хүүхдээ хөгжиж байгааг харахаар эцэг эхчүүд өөрсдөө оролцдог, цаг заваа зарцуулдаг. Ийм утгатай юм аа, хүүхдүүд ээ.
Тэгэхээр хүүхэд бүхэн сайн байх боломжтой. Зарим сургуульд хүүхэд бүхэн шатар тоглоод сурсан, тооныхоо хичээлд сайн, спортдоо сайн учраас хүүхэд бүхэн сурч чаддаг. Сая нэг хүүхэд хогийн тухай хэлсэн. Би гэрийн даалгавар хэлэх гэж байгаа юм. Ер нь Монголын хүүхдүүд яавал өөрийн амьдарч буй газарт хоггүй байх вэ гэдэг санаачилга гаргах ёстой гэж би боддог. Сумандаа, дүүрэгтээ, багтаа хогноос салахын тулд хүүхдүүд өөрсдөө санаачилгатай байвал их зөв. Сум, дүүрэг, сургуулиас бэлэг өгдөг. Тэгвэл хүүхдүүдээр өөрсдөөр нь хийлгэсэн зүйлийг өгвөл бүтээлч, сургуулийнхаа онцлогийг тусгасан, сайн санаа байх болно. Оролцоог дээдэлсэн бүтээлч боловсролыг авчрахын тулд хамгийн гол нь үүнийг ойлгодог, боловсрол хүүхэд бүрийн төлөө байх ёстойг мэддэг багш, сургуулийн удирдлага, хүүхдүүд  байх ёстой. Яаманд ямар хүн байх ёстой вэ? Үүнийг ойлгодог захирал, сайд байх ёстой. Мөн үүний дагуу хичээлийн хөтөлбөр байх ёстой.
Иймэрхүү байдлаар хичээл зааж, хүүхдээ оролцуулахдаа багш нар, хүүхэд бүхэн зоригтой байх хэрэгтэй. Эрсдлээс бүү ай. Алдсан ч гэсэн бүү ай,алдаагаа засч болно. Алдаанаасаа суралцаж, амжилтаа урамшуулаарай. Ер нь ямар хүнийг том болохоор нь байгууллага ажилд авдаг вэ?

Сурагчид: -Ухаантай, хөдөлмөрч, боловсролтой, соёлтой хүнийг авна.
 Монгол Улсын Ерөнхийлөгч: -Сайн байна, ухаантай, хөдөлмөрч, боловсролтой, мэргэжилтэй, соёлтой,хамгийн гол нь бүтээлч хүнийг ажилд авдаг. Юм нураадаг биш бүтээдэг хүнийг ажилд авдаг. Хамт олон дундаа зөв уур амьсгал үүсгэдэг хүнийг л ажилд авдаг. Та нар бүгд сайн сурах юм бол эцэг эхийн юу биелэх вэ?
Сурагчид: - Хүсэл биелнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зөв, хүсэл биелнэ шүү дээ. Монгол Улсын хүсэл биелнэ шүү дээ. Тэгэхээр та бүхэн үнэхээр сайн сурах юм бол ямар ч сорилт бэрхшээлийг давж, би бол дэлхийтэй өрсөлдөнө гэж бодох хэрэгтэй.
Сурагчид: - Ээж аавыгаа баярлуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Яг үнэн, ээж аавыгаа баярлуулна гэдэг нь ачийг нь хариулна гэсэн үг юм. Ээж аавынхаа хүрснээс илүүд хүрэх юм бол үнэхээр тэдний ачийг хариулж баярлууллаа гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Бид хичээлийнхээ эхэнд юуны тухай сонссон билээ?
Сурагчид: - Гэрийн тухай сонссон.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гэрийн тухай сонссон, тийм ээ. Гэрийг бид яавал барьдаг вэ? Гэрийг юуны бэлгэдэл гэж та нар ойлгосон бэ?
Сурагчид: -Эв нэгдлийн бэлгэдэл.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Зөв, эв нэгдэл, хүний хийж бүтээхийн бэлгэдэл, Монгол орны, өвөг дээдсийн оюун ухааны бэлгэдэл шүү дээ. Бид гэрээр хичээлээ эхэлсэн, зуны амралтаар бүгдээрээ хөдөө явсан гэж хэлсэн. Дараа нь та нар гэр барихад оролцоорой, за юу. Гэр барьж байгаа газарт очоод хана, туурга гэх мэт зүйл нь ямар үүрэгтэй вэ гэдгийг та нар одоо мэдэж авлаа шүү дээ.
За ингээд хүүхдүүддээ их баярлалаа. Та бүхэндээ улам онц сурч, улам мундаг хүн болоорой гэж ерөөе. Ерөөсөө ах эгч, аав ээжийн чинь боддог зүйл бол бидний хойч ирээдүй сайхан байгаасай. Та бүхнийг их эрдэм боловсролтой, юм бүтээдэг сайн хүн болж төлөвшөөсэй, их юмыг сайн сураасай гэж бодож байгаа. Тэгэхээр хүүхдээ сайн сургахын тулд яах хэрэгтэй юм бэ? Хүүхдээ юмыг өөрөөр нь хийлгэх, өөрийг нь оролцуулах хэрэгтэй юм байна. Энэ боломжийг сургууль нь хангадаг байх ёстой юм. Баяр хүргэе. Хичээл ингээд завсарлаж байна.
/Хонх дуугарсны дараа сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгчид цэцгийн баглаа барив/
Хөтлөгч Н.Баярмаа: -Эвийг сэтгэлээр, эрдмийг хичээлээр сурахын үнэ цэнэ, ач тусыг хүүхэд багачуудад маань ойлгуулж ухааруулж эрдмийн баярын хичээлийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлсэн Монгол Улсын Төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж танд хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Ингээд хүүхдүүд та нар дор бүрнээ бүтээлч иргэн болж төлөвшиж гэмээнэ Монгол орны маань хөгжил төдий чинээ хурдсах юм шүү. Хүүхдүүд та нарынхаа сурч мэдэх, сурснаа бүтээлчээр өөрийн болгох эрдмийн их аянд чинь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Баярлалаа хүүхдүүд ээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Баярлалаа. Энэ эгч нь бидний хичээлийг сонсоод зөндөө зүйл сураад авчихсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бүхэн их зүйлийг сурч мэдэх боломжтой. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцож, асуулт асуусан, асуулт тавих гэсэн боловч давхардаад томоотой сайн суусан бүх хүүхдүүддээ баярлалаа. Дахин дахин баяртай уулзахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зургаа дахь удаагийн теле хичээл өндөрлөв.










































No comments:

Post a Comment