Tuesday, January 21, 2014

"ГУРВАН - ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
02  дугаар хавсралт

"ГУРВАН - ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
                                 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Удирдах зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч‚ багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн хамтын удирдлага мөн.
1.3 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийн зохион байгуулалт‚ санхүү‚ материаллаг баазын хувьд бэхжүүлэх‚ бодлого‚ стратегийг тодорхойлох‚ түүний хэрэгжилтэнд хяналт тавих‚ захирлын үйл ажиллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
1.4 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.5 Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг мөрдлөгө болгоно.

Хоёр. Удирдах зөвлөлийн бүтэц зохион байгуулалт
2.1 Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш‚ суралцагчид‚ эцэг‚ эх‚ төгсгөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх  бөгөөд тэдгээрийн 56  хувь нь үүсгэн байгуулагчийн‚ бусад нь багш‚ суралцагчид болон төгсгөгчдийн төлөөлөл байна. Төгсгөгчдийн болон эцэг эхийн төлөөллийг  үүсгэн байгуулагчийн шийдвэрээр томилно.
2.3 Удирдах зөвлөл дэх багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй ирцтэй хурлаас сонгоно.
2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийг шинэчилж болно. Удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон‚ сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага‚ хамт олны хурлын шийдвэр‚ эсхүл гишүүний өөрийн хүсэлт зэрэг болно.
2.5  Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт‚ үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.
2.6 Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болно.
                         
Гурав . Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
3.1.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
3.1.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.3 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
3.1.4 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих
3.1.5 Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох
3.1.6 Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох
3.1.7 Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
3.1.8 Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайланг үүсгэн байгуулагчид өгөх
3.2 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
3.3 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож‚ хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр (тогтоол) гаргаж‚ тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж‚ байгууллагын тэмдэг дарж‚ баталгаажуулна.
3.4 Төлөөлөл нь үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.
3.5 Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж  болно. Сургуулийн захирал энэ талаар санал гаргаж болно.
3.6 Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга нь холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.
3.7 Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан, сургуулийн захирал, гүйцэтгэх захирал, сургалтын албаны дарга, санхүү-үйлчилгээний албаны дарга, тэнхимийн эрхлэгч, багш, суралцагчийн төлөөллөгчийг оролцуулан санал, хүсэлт тайлбарыг сонсож  болно.
3.8 Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүд ахална.
3.9  Удирдах зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хүлээнэ.
3.9.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа‚ хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох‚ хурлыг зохион байгуулах‚ шийдвэрийг батламжлах‚ хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
3.9.2  Удирдах зөвлөлийн гишүүдэд  хуваарийн дагуу ажил  хариуцуулах‚ биелэлтийг хянах‚ зөвлөх.
3.9.3 Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн‚ ажлын чиглэлийг тогтоох‚ төлөвлөгөөг батлах‚ гүйцэтгэлд нь хяналт тавих
3.9.4 Үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг тайлбарлах‚ ойлгуулах‚ зөвшилцөх ажлыг зохион байгуулах
3.9.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа‚ оролцооны талаархи үнэлэлт‚ дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх
3.10  Удирдах зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг  үүргийг хэрэгжүүлнэ.
3.10.1 Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх
3.10.2 Хариуцуулсан ажил‚ үүрэг даалгаврыг чанартай биелүүлж‚ зөвлөлийн хурал‚ даргад мэдээлэх
3.10.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг‚ туслалцаа үзүүлэх‚ сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах‚ эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох
3.10.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих‚ тайлбар гаргуулах‚ хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх
Дөрөв. Удирдах зөвлөл‚ үүсгэн байгуулагчийн
 хамтын ажиллагаа
4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц‚ үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана. Гаргах шийдвэрийнхээ талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.
4.2 Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажилллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч‚ шаардлагатай бол энэ дүрмийн 2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.
 
Тав. Удирдах зөвлөлийн санхүүжилт
5.1 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зөвхөн бичиг хэрэг‚ томилолтын зардлыг сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна. Үүнээс бусад зардал гаргахыг хориглоно.
Зургаа. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох
6.1 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн гишүүд гаргаж болно.
6.2 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.


Төгсөв.

No comments:

Post a Comment