Tuesday, January 21, 2014

“ГУРВАН-ЭРДЭНЭ’’ БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
03  дугаар хавсралт

  “ГУРВАН-ЭРДЭНЭ’’  БАГШИЙН ДЭЭД
СУРГУУЛИЙН  ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журам нь “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургалт, эрдэм шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн тус сургуулийн багш оюутан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөнө.
1.3 Дотоод журамд оруулах өөрчлөлтийн тухай үндэслэл, саналаа хамт олны гишүүн  сургуулийн захиргаанд албан ёсоор тавьж зохих журмын дагуу шийдвэрлүүлж болно.
1.4 Дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


Хоёр. Хяналт, шалгалт
2.1 Энэхүү дотоод журмын биелэлтэд хяналт тавихыг  захиргааны зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
2.2 Дотоод журмын биелэлтийг сар тутам сургуулийн  захиргааны зөвлөл гаргаж, улирал тутам, хамт олны хуралд мэдээлж, хагас, бүтэн жилээр дүгнэлт хийж  ажиллана.

Гурав.  Ажлын цаг, үр дүн
3.1 Багш, ажилтан болон оюутны ажлын цагийг тооцох, урамшуулах, зэмлэл шийтгэл хүлээлгэх  зэрэг асуудлыг тус улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмууд, хөдөлмөрийн гэрээг баримталж шийдвэрлэнэ.
3.2 Тус сургуулийн хичээл 90 минут үргэлжлэх бөгөөд 10 минут завсарлана. Хичээлийн 45 минутыг ажлын 1 цагт тооцно. Хичээлийн болон шалгалтын хуваарийг сургалтын алба  гаргаж, захирал баталж,  мөрдөнө.
3.3  Багш, ажилчдад түр чөлөө олгох асуудлыг доорх байдлаар шийднэ.
-  1-5 өдрийн чөлөөг сургалтын алба
-  5-аас дээш өдрийн чөлөөг сургуулийн захирал хууль тогтоомжийн дагуу олгоно.
3.4 Чөлөөний хугацаанд цалин олгохгүй.
3.5 Ажил, амралтын цаг, өдрийг тогтоох, шилжүүлэх тухай асуудлыг мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу захиргааны зөвлөл шийдвэрлэх бөгөөд энэ тухай хамт олны хуралд мэдээлж байна.
3.6 Хөдөлмөрийн хөлс  тооцох, хөхүүлэн дэмжих, зэмлэж шийтгэхдээ  хууль тогтоомж, хамт олны  үнэлэлт, дүгнэлтийг харгалзан,  захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэнэ.
3.7 Ажил хөдөлмөртөө онцгой амжилт гаргасан багш, ажилчдын  цалинг нэмэх, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, шагналд тодорхойлох зэргээр урамшуулна. 

Дөрөв. Ажилд авах, халах, хариуцлага хүлээлгэх,
төлбөр тооцоо хийх

4.1 Тус сургуульд ажиллуулах, ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд тухайн үед мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.
4.2 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцагч оюутны сурлага, хүмүүжил, төлбөр тооцооны тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн захирлын тушаалаар батламжлан мөрдөнө.
4.3 Тус сургуульд суралцагсдын төлбөрийг 1 кредит цагт ногдох зардлаар тооцож, холбогдох байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тогтооно
4.4 Төлбөрийн тухай асуудлыг сургуулийн захиргаа болон хувь хүн, төлөөлөх этгээдтэй хийсэн албан ёсны гэрээг үндэслэн шийдвэрлэх бөгөөд шаардлагатай асуудлыг захиргааны  зөвлөлөөр хэлэлцэж үр дүнг хамт олны хуралд  мэдээлнэ.
4.5 Сургалтын төлбөрийг оюутан тогтоосон хугацаанд төлөөгүй бол 10 хүртэл хувийн торгууль ноогдуулж, эс зөвшөөрвөл сургуулиас  чөлөөлнө.
4.6 Оюутны сурлага, хүмүүжил, мэдлэг чадварын байдлыг үнэлэхдээ тус сургууль дээр мөрдөгдөж буй журмыг баримтална.

Тав. Хичээлийн байр
5.1 Хичээлийн байр нь багш, ажилтан, оюутныг ажиллах, сурах хэвийн нөхцлөөр хангахуйцаар зохион байгуулагдсан байна.
5.2 Хичээлийн байранд  оюутнууд ээлжээр жижүүр хийнэ. Жижүүр оюутныг сургалтын алба томилж  ажиллуулна.
5.3 Хичээлийн байранд дараах үйлдлүүдийг  хориглож, зөрчсөн тохиолдолд  зэмлэн буруушааж, зарчмын шаардлага тавихыг хамт олны гишүүн бүрд зөвшөөрнө. Үүнд:
5.3.1 Малгай, гадуур хувцастай хичээлийн анги танхимаар орж гарах, явах
5.3.2 Хичээлийн үед бусдадаа нөлөөлөх, хичээлийн явцад багш, оюутныг хичээлээс хөндийрүүлэх, багш, оюутан хичээлийн цагаас хожимдох, урьдаж тараах, хичээл таслах  хичээлийн цагт хичээлээс өөр ажил эрхлэх
5.3.3 Цаас бусад хогийг зориулалтын бус газар хаях, цонхны тавцан дээр гарч суух, байрын хаалга, хана, цонх, эд хогшил, ширээн дээр эрээчих, зурах, бохирдуулах, эд хогшил тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг эвдэх, гэмтээх гамгүй эдлэх, сургуулийн захиргаа эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим хичээлийн байрнаас эд хөрөнгө, сургалтын техник хэрэгсэл авч гарах, шилжүүлэн зөөх, хуваарьт  байрыг дур  мэдэн сольж,  ашиглах
5.3.4 Цонх салхивч усны  цорго онгорхой орхих
5.3.5 Хичээлийн хуваарийг дур мэдэн хойш, урагш шилжүүлэн өөрчлөх
5.3.6 Архи дарс уух, тамхи татах
5.3.7 Хууль ёс, нийгмийн хэв журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих зэрэг болно.
5.4 Ангиудын эд аж  ахуйг эд хариуцагч бүртгэн, ангийн багш, ахлагчид картаар хүлээлгэж өгнө.
5.5 Сургуулийн ариун цэврийг захирлын нарийн бичгийн дарга хариуцна.
5.6 Хичээлийн байрыг хуваариас гадуур ашиглах тохиолдолд 1-2 хоногийн өмнө сургуулийн удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авна.
5.7 Багш, оюутан, ажилтан нар хичээлийн байранд ажлын ба оюутны үнэмлэхээ жижүүрт шалгуулж  орно.   

Зургаа. Жижүүр багш
6.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, дэг журмыг сахиулах зорилгоор жижүүр багшийг  сургалтын албанаас томилон ажиллуулна.
6.2 Жижүүр багш өмнөх өдрийн жижүүр багшаас ангиудын түлхүүр, жижүүр багшийн дэвтрийг хүлээн авч, өглөө 8:00  цагт ирж сургуулийг  нээж, ангиудыг онгойлгон хичээл ороход бэлтгэнэ. Жижүүр оюутанд ажил үүргийг  нь танилцуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
6.3  Тухайн өдрийн хичээл сургалт болон сургууль дээр зохиогдож буй  бүхий л ажилд хяналт тавьж, ерөнхий байдал, гарсан зөрчил дутагдлыг жижүүрийн дэвтэрт тэмдэглэн дараагийн жижүүр багшид хүлээлгэн өгнө.

Долоо. Жижүүр оюутан
7.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад туслуулах зорилгоор  сургалтын албанаас жижүүр оюутанг хуваарийн дагуу томилон ажиллуулна. 
7.2 Жижүүр оюутан  нь жижүүр багшийн удирдлагын дор ажиллах ба өглөө 8:00 цагт ирж ангиудыг онгойлгож, хичээл ороход бэлэн болгох, хичээл завсарлах, орох хонхыг батлагдсан хуваарийг  дагуу цохих, хичээл цонхолсон үед энэ тухай сургалтын албаны менежерт мэдэгдэх, хичээл орж байхад гадны  хүмүүс коридороор сэлгүүцэх, анги танхимд нэвтрэхийг хориглох,  ангиудын ирцийг бүртгэх, ангиудын цэвэрлэгээнд хяналт тавьж, ангиудыг цоожлон түлхүүрийг сургалтын албаны  менежерт хүлээлгэж өгнө.


Найм.  Оюутанд чөлөө олгох

8.1 Тус сургуулийн оюутнуудын шалтгаан, гачигдлыг харгалзан, бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн чөлөө олгоно.
8.2 Цагийн болон 1-7 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургалтын алба сард 1 удаа олгоно.
8.3 7-14 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургуулийн захиргаа улиралд 1 удаа олгоно. Чөлөөтэй ба өвчтэй байх хугацаанд тасарсан хичээлийг 14 хоногийн дотор нөхөн гүйцээж хичээл орж буй багш нарт шалгуулан тасарсан цагийг засуулж болно.
8.4 Нэг жилийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн 4 жилд 1-2 удаа сургуулийн захиргаа олгоно.
8.5 Чөлөө авахыг хүссэн оюутан өөрийн биеэр заавал ирнэ.
8.6 Дараах тохиолдолд оюутанд урт хугацаагаар  чөлөө олгож болно.
8.6.1 Эмчийн магадлагаа, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн
8.6.2 Ар гэрийн гачигдал, оюутны хүсэлт, засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг харгалзан
8.6.3  Сургалтын төлөвлөгөөний биелэлт 60 хувиас доош байгаа тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлын шийдвэрийг үндэслэн
8.6.4 Шүүлэг, шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь өгөөгүй бол
8.6.5  Тусгай хууль тогтоомжийн заалтын дагуу

Ес. Сургуулиас хасах
9.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг хоёр дахь удаагаа ноцтой  зөрчсөн
9.2 Гэмт хэрэг үйлдсэн
9.3 Нэг улиралд гурав буюу түүнээс дээш хичээлд "хангалтгүй " суралцсан
9.4 3 улирал дараалан "хангалтгүй" суралцсан суралцагчийг сургуулиас хасна.


Арав. Сургалтын төлбөр хураах, хөнгөлөх, буцааж олгох

10.1  Сургалтын төлбөр авах
10.1.1 Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр тогтооно. .
10.1.2 Оюутны сургалтын төлбөрийг дансаар авна.
10.1.3 Нэгдүгээр ангийн оюутан хичээл эхлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлж, сургалтын гэрээ хийсэн байна.
10.1.4 Хоёроос дөрөвдүгээр ангийн оюутнууд сургалтын төлбөрөө хоёр хувааж  төлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ эхний хэсгийг жил  бүрийн 9 дүгээр сарын 01-ээс 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдсэн хэсгийг дараа оны 2 дугаар сарын 01-ээс 2 дугаар сарын 15-ны дотор төлнө. Энэ хугацаанд төлөхгүй бол 10 хүртэл хувийн торгууль ногдуулах, суралцах хугацааг хойшлуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ  авна.

10.2 Сургалтын төлбөрийг хөнгөлөх
10.2.1 Сурлага, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд амжилт гаргасан /2 ба түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлсэн , бүтээл туурвисан гэх мэт / амьдрал  нь онцгой гачигдалтай боловч амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хамт олон, тэнхимийн саналыг үндэслэн 50 хүртэл хувиар хөнгөлнө.

10.3  Сургалтын төлбөрийг буцааж олгох
10.3.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутан төлбөрөө буцааж авахгүйгээр жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцана.
10.3.2 Сургалтын төлбөрөө дутуу төлсөн оюутан жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөр дээрээ тухайн жилийн сургалтын төлбөрийн зөрүүг төлж үргэлжлүүлэн суралцана
10.3.3 Хичээлийн жилийн эхэнд болон дундуур оюутан сургуулиас гарах буюу чөлөө авах шалтгаанаар сургалтын төлбөрөө буцааж авахыг хүсвэл:
• Хагас жилийн төлбөрөө хийсэн оюутан тухайн улирлын 50%-аас дээш хугацаанд суралцсан бол төлбөр буцааж  олгохгүй бөгөөд 50%-аас доош хугацаанд суусан бол суралцсан хугацааны төлбөрийг бодож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
• Сургалтын албанд гаргасан өргөдлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
10.3.4 Ямар ч тохиолдолд суралцсан хугацааныхаа сургалтын төлбөрийг  төлөх үүргийг оюутан хүлээнэ.


10.4 Суралцсан хугацаа, төлбөрийн тооцоо

10.4.1 Тухайн оюутан сургуулиас гарах болон жилийн чөлөө авахыг хүсэж өргөдөл өгсөн өдрөөр суралцсан хугацааг тасалбар болгон тооцоог хийнэ.
10.4.2 Суралцах хугацааг долоо хоногоор тооцох бөгөөд тухайн улирлын хугацааг 16 долоо хоног гэж тооцно. Нэг улиралд ногдох сургалтын төлбөрийг 16 долоо хоногт хувааж нэг долоо хоногт ногдох сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. / жишээлбэл, тухайн улирлын хичээл эхэлснээс хойш гурван долоо хоног болсны дараа оюутан сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 16-3=13 гэж  бодох ба хагас жилийн сургалтын төлбөр 210000 төгрөг бол (210000:16)х13  гэж төлбөрийг олгоно.
Арван нэг.  Дугуйлан ажиллуулах

11.1 Оюутнуудын авьяас  чадварыг хөгжүүлэх, сонирхлыг төрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дугуйлан /яруу найраг, утга зохиол, эрдэм шинжилгээ, гэрэл зураг, уран бичлэг  г м/  ажиллуулна.
11.2 Дугуйлан жилд 32 цагаас доошгүй хугацаагаар хичээллэх бөгөөд түүний агуулга, арга зүйг удирдсан багш  боловсруулна. 
11.3 Дугуйланд оюутнууд сонирхлынхоо дагуу бүртгүүлэн хичээлийн бус цагаар суралцах бөгөөд дугуйлангийн гишүүд жил бүр ажлаа тайлагнана.

Арван хоёр.  Сургуулийн дотоод журам зөрчигчдөд
 хүлээлгэх хариуцлага

12.1 Сургуулийн дотоод журам зөрчигчдөд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ.
12.1.1 Хамт олон, удирдлагын зүгээс сануулах
12.1.2 Хамт олны хурлаас сануулах
12.1.3 Сургуулиас чөлөөлөхийг сануулах
12.1.4 Сургуулиас чөлөөлөх




Төгсөв.

No comments:

Post a Comment