Monday, January 20, 2014

Монгол улсын Ардын багш, гавьяат багш Далхсүрэнгийн Төмөрийн ярилцлага

Монгол улсын Ардын багш, гавьяат багш Далхсүрэнгийн Төмөр: Монгол бичгийг заах цаг дутагдалтай байна
 Дундговь аймгаас төрсөн анхны ардын багш Далхсүрэнгийн Төмөр гуайг www.guren.mn сайтынхаа ярилцах буланд урилаа. Багш маань саяхан “Монгол бичгээ 15 хоногт бие даан сурах анхны хичээлүүд” сурах бичгийг гаргаад байгаа билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Намайг Далхсүрэнгийн Төмөр гэдэг. Би Багшийн дээд сургууль төгсөөд 40 шахам жил болж байна. Багшийн мэргэжлээр 38 жил ажиллаад одоо тэтгэвэртээ суучихсан байна. Гэхдээ бас тэтгэвэрт гарсан гээд зүгээр суусангүй мянга түмэн ажилтай амьдарч байна даа. Түүний нэг нь 26 жилийн турш заасан монгол бичгээ хүмүүст хурдан сурахад нь тус дөхөм болох үүднээс нэг ном гаргалаа. Энэ бол миний ч бахархал, миний номыг ашигласан хүн ч бахархаж явах үнэт ном болсон гэж бодож байна.
-Манай уламжлалт эх бичгийг хадгалж үлдэхийн тулд гаргасан таны энэхүү ном хойч үедээ дурсагдах сайхан бүтээл болжээ. Шинэ номоо өлгийдөн авсан танд баяр хүргэе.

Баярлалаа. Олон жил  монгол бичгийг хүүхдүүдэд сургахаар мэрийж байгаа хүний хувьд хийж буй хувь нэмэр гэж би ойлгож байгаа. Миний энэ номыг бариад өдөрт хоёр цаг хичээллээ гэхэд 15 хоногийн дотор сурах боломжтой. Монгол бичгийн үндсэн дүрмүүдтэй болоод зогсохгүй, багшгүйгээр сураад 1100 үгтэй болчихно гэсэн үг. Үүнээс гадна багшаар бас заалгаж болно. Энэхүү сурах бичиг маань  нэгдүгээрт сурах бичгийн үүрэгтэй, хоёрдугаарт толь бичгийн үүрэгтэй, гуравдугаарт сурагчийн дэвтрийн үүрэгтэй, ийм л онцлогтой ном.
-Их сонирхолтой сурах бичиг санагдлаа. Ер нь монгол бичгийг заах хамгийн хялбар, хурдан арга барил нь юу вэ. Танд бас өөрийн гэсэн арга барил бий байх. Үүнээсээ бидэнтэй хуваалцаач?
26 жил монгол бичиг заахдаа юуг ойлгосон гэхлээр ер нь монгол бичгийг бичмэлээр нь хүүхдүүдэд сургах, цээж дасгал маш их үүрэгтэй юм байна гэж.  Монгол бичгээ эрхэмлэн сурч, энэ бичгээрээ гайхагдан явна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр миний энэ зүтгэл үр дүнд хүрч байгаад баярлаж явдаг шүү. Яг энэ номоор өдөрт найман цагаар хичээллэхэд насанд хүрсэн хүн дөрөв хоногийн дотор сурна. Ерөнхий боловсролын сургуульд нэлээн залхуу байдлаар сургаад байгаа юм л даа. Долоо хоногт нэг цагаар гэж зааж өгсөн нь 210 хоногийн дараа сурна гэсэн үг. Өдөрт таван цагаар хичээллэхэд зургаан хоногт сурна. Өдөрт нэг цагаар хичээллэхэд 30 хоногт тайлагдана. Мөн ”Монгол бичгээ зааж сургахад цээж дасгалын ач тус” хэмээх мультимедиаг ч хийгээд байгаа.
-Сүүлийн үед ихэнх номын дэлгүүрүүдээр Англи, Франц гээд л  гадаадын хэлний сурах бичгүүд монгол бичгийн номноос илүү байх болж л дээ. Ингээд бодохоор манай энэ агуу түүхийн нэг гэрч болсон монгол бичгийн ном цөөхөн байгааг хаа хаанаа анхаарах цаг иржээ гэж бодлоо. Энэ чиглэлээр ном бичсэн хүний хувьд ер нь ямар ажил зохиоё гэж боддог вэ, эх бичгээ хайрлаж хамгаалахын тулд яах ёстой вэ?
Миний хувьд 2000 оноос эхлээд УБ хотын аварга шалгаруулах монгол хэлбичгийн олимпиадыг 5 дахь удаагаа ивээн тэтгэж зохион байгуулалцсан. Хамгийн гол нь монгол бичгээрээ уншдаг, бичдэг, албан газрууд хаягаа монгол бичгээр, англи бичгээр, криллээрээ бичээд тавьчихвал их л хэрэгтэй байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс энэ асуудлыг хэсэг ярьсан юм,  тэгтэл одоо бахь байдаг хэвээрээ л байгаа нь харамсалтай байна. Мөн хичээлийн хөтөлбөрт тусгасан цаг нь маш бага байна. Ядаж долоо хоногт гурван цаг байхад болох гээд байгаа юм.
Би өөрөө  “Наранцацралт сан”-гийн дэргэдэх “Говийн багш” нийгэмлэгийн тэргүүний хувьд, манай гэр бүлийн хүний хариуцдаг “Төмөр багш” сантай хамтраад Дундговь аймгийнхаа оны шилдэг залуу багшийг шалгаруулж, “Тэргүүний багш” тэмдэг, үнэмлэх, батламж, таван зуун мянган төгрөгөөр жил бүр шагнахаар болж байгаа. Саяхан багш нарын баяраар аймгийнхаа Гурвансайхан сумын сургуулийн нийгмийн ухааны багш О.Цэрэндолгорыг энэ шагналаар шагналаа. Энэ бол багш нарт урам хайрлаж, ажиллах эрч хүч нэмж, ирээдүйхнээ сургах ариун үйл хэрэгт хүчтэй,  идэвхтэй, ухаалаг ажиллахад нь нэмэр болох болов уу гэж бодож байгаа. Цаашид хийх ажил их бий.
-Цагаа нэмэхгүй байгаа шалтгаан нь юу юм бол. Таны бодлоор?
Миний бодлоор ажиглаж байхад залуучууд ихээхэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа юм. Харин томчуул буюу дунд насны төрийн алба хашиж байгаа, шийдвэр гаргах төвшний хүмүүс сурахаас их залхуурах төдийгүй, өөрсдийн сэнтийнээс салах байх хэмээн айдгаас, мөн эх оронч сэтгэлгээ дутсанаас болоод байх шиг байна.  Тэрнээс биш хоёуланг нь ижилхэн заагаад аваад явчих боломжтой санагддаг юм. 20-иод жилийн өмнө Дамдинжав багш маань 1-р сургууль дээр туршаад болохыг нь баталсан шүү дээ. Тэгээд анхан шатнаас нь зааж эхлээд буцсан. Буцаагүй бол өдийд Төрийн бичиг болчихсон, түмэн олноороо бахархсан, жинхэнэ монгол ухаан хөгжсөн орон болох байсан юм.  Гэтэл дундаас нь зөрчил үүсээд криллээр заахаа болсон нь хэсэг хүмүүсийн төөрөгдлүүд байх. Миний зүгээс бол монгол бичгээ аварч үлдэхийн тулд чадлын хэрээр ном гаргаж байна. Энэ номыг минь багшгүйгээр сурч болно. Заавал багшаар заалгая гэвэл би өөрөө заагаад өгч болж байна. Хөтөлбөрийн дагуу заавал миний гараас 15 хоногт л нэг хүн монгол бичигтэй болж гараад байна гэсэн үг юм. 20 хүнд заавал төдий чинээ хүн сурна.
-Монгол бичгийг мэдэх хүн их цөөхөн байна. Тиймээс таны бодлоор энэ тал дээр төрийн зүгээс ямар ажлуудыг зохиох ёстой гэж боддог вэ. Мөн та өөрийн энэ талын зорилго юу байна?
Монгол бичгийг төрийн хэл бичиг болгох талаар их л хөөцөлдөж байгаа хүмүүс маниас авахуулаад Дашцэдэн баатар, Тангадын Галсан гуай, Гомбосүрэн гавьяат, Чоймаа багш гээд олон байна. Гэвч хэрэгжихгүй л байгаа юм. Гэхдээ төрийн хэл болгохгүй юмаа гэхэд хүн бүр монгол бичгээрээ бичээд уншаад сурчихвал монгол хүн болсны бахархал, омогшил, хийморь нь нэмэгдэнэ дээ. Эх хэлний асуудал хариуцсан хүмүүс олигтойхон хүч тавьж, зориг гаргаж, шийдвэр гаргуулах төвшинд ажиллаж  их ажлыг бүтээгээсэй гэж бодож байна. Бас жирийн багш бидний үгийг үг гэж аваасай гэж бодох юм.
-Таны нутаг ус хаана вэ?
Дундговь аймгийн Дэрэн сум. Манай сумаас Н.Норовбанзад, Ц.Чимэддорж гээд алдартнууд олон төрсөн газар. Тэр сумын сургууль 2009 онд миний нэрэмжит болсон нь миний төдийгүй нутаг орон, ахан дүүс, шавь нарын маань бахархал юм. Миний Дундговиос төрсөн анхны ардын багш болсондоо, манай сумын сургууль Төмөр миний нэрэмжит сургууль болсонд үнэхээр талархаж явдаг юм. Ийм их нэр хүндийг нуруундаа үүрч байгаа хүний хувьд төрөлх сургууль, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөхийг хичээж, улс орныхоо хөгжилд ихийг хийж бүтээхийг зорьж, хүсч тэмүүлж явдаг.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Та монголчууддаа хандаж юуг хэлж захимаар байна вэ?
Хүмүүний туулах амьдрал урт юм шиг хэрнээ богинохон шүү. Тиймээс Улс орон, албан газар хамт олон, аав ээжийнхээ өмнө хийсэн юмтай хэлэх үгтэй, тэднийхээ чихнээс хонх уяхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ хайрлан хамгаалж, түүгээрээ бахархан, хэлний боловсролоо байнга дээшлүүлж  яваарай гэж хүсье. Сайхан Монгол уламжлалаа сахин хамгаалж, хос бичигтэйгээ хөл хүрэх газар яваарай.
Ярилцсанд баярлалаа
С.Пүрэвсүрэн








No comments:

Post a Comment