Tuesday, January 21, 2014

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 19 ДУГААР ТОГТООЛ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 

  2012 оны 1 дүгээр
 сарын  18-ны өдөр                              Дугаар  19                   Улаанбаатар хот


                                                   Журам батлах тухай
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4, 5, 7, 11, 12, 13 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 39.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-т заасныг тус тус үндэслэн Монгол  Улсын  Засгийн газраас ТОГТООХ нь: 

1. "Сургалтын төрийн сангийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам"-ыг        3 дугаар, "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам"-ыг 4 дүгээр, "Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг 2013 оны 1 дүгээр  сарын  1-ний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид магадлан итгэмжлэлийн үр дүнгээр суралцагчийн тэтгэлэг, зээл олгох арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж, энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоол, "Журам,  дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 195 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 



            Монгол Улсын Ерөнхий сайд                                                  С.БАТБОЛД
 
            Боловсрол, соёл, шинжлэх
                    ухааны сайд                                                                 Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 19 дүгээр
                                                                      тогтоолын 3 дугаар хавсралт

ДЭЭД  БОЛОВСРОЛЫН  СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ
ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг (цаашид "тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ. Суралцагчийн тэтгэлэг нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэртэй байна.

1.3. Зохих журмын дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэн нь тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах эрхтэй. 

1.4. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тэтгэлгийг суралцагчид зохих журмын дагуу тооцож олгоно. Тэтгэлгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

Хоёр.  Үндэсний тэтгэлэг 

2.1. Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно.

2.2. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
2.3. Үндэсний тэтгэлэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. 
Гурав.  Урамшууллын тэтгэлэг 

3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.

3.2.  Эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газар тогтооно.
  
3.3. Урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс дараахь хувиар тооцон олгоно:

            3.3.1. 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;

            3.3.2. 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;

            3.3.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын  шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;

            3.3.4. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын  шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;

            3.3.5 олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;

            3.3.6. эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо нь 720-иос дээш шинээр элсэгчид, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн.

3.4. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.


Дөрөв. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал

 
4.1. Дараахь суралцагчид амьжиргааны зардал олгоно:

            4.1.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;

            4.1.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу  Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн.

4.2. Дараахь суралцагчид сургалтын төлбөр олгоно:

            4.2.1. бүтэн өнчин бакалаврын зэргийн суралцагч;

            4.2.2. хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч;

            4.2.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын зэргийн нэг суралцагч;

            4.2.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн.

4.3. Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

4.5. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хичээлийн жилийн эцэст урамшууллын тэтгэлэг олгох суралцагчийн сурлагын дүнгийн тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авч, хяналт-шинжилгээ хийж, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

4.6. Суралцагчийн мэдлэгийг бодитой бус үнэлсэн, сурлагын тайланг үнэн зөв гаргаагүй нь нотлогдвол тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно. 
Тав. Бүрдүүлэх бичиг баримт

5.1. Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагын захиргаанд өгнө:

             5.1.1. тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан  өргөдөл;

             5.1.2. сурлагын дүнгийн тодорхойлолт; 

             5.1.3. Боловсролын үнэлгээний төвийн батламж (шинээр элсэгч);

             5.1.4. дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэнийг нотлох боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхийн бичиг;

             5.1.5. энэхүү журмын 4.1-д заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;

             5.1.6. энэхүү журмын 4.2-т заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох бичиг баримт, тодорхойлолт.
Зургаа. Санхүүжилт

6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний тэтгэлэг авах суралцагчийн дэлгэрэнгүй судалгааг улирал бүр гаргаж, Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

6.2. Урамшууллын тэтгэлэг авахыг хүссэн суралцагчийн өргөдөл, холбогдох материалыг хүлээн авч, хянан баталгаажуулах ажлыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комисс нь тэтгэлэг авах суралцагчийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагын санал, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн үндэсний болон урамшуулын тэтгэлгийн санхүүжилтийг улирал тутам тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлнэ.

6.4. Энэхүү журмын 3.3.3, 3.3.4-т заасан урамшууллын тэтгэлгийн хугацаа нэг хичээлийн жил байна.

6.5. Урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан, эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.

6.6. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс урамшууллын тэтгэлэг авах эрх нь хаагдсан суралцагч дараагийн хичээлийн жилд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэнэ.

6.7. Энэхүү журмын 4.1.1-д заасан амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

6.8. Энэхүү журмын 4.1.2, 4.2.4-т заасан амьжиргааны зардал, сургалтын төлбөрийг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно. Суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно. Санхүүжилтийг тухайн суралцагчийн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад шилжүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн ирц, дотоод дүрэм, журмын шаардлагыг биелүүлсэн байдлын талаархи мэдээллийг Сургалтын төрийн санд хичээлийн жилийн улирал тутам хүргүүлнэ.
Долоо.  Бусад

7.1. Энэхүү журам нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид хамаарахгүй.

7.2. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журмаар зохицуулна.

 
---оОо---

 
Засгийн газрын 2012 оны 19 дүгээр
тогтоолын 4 дүгээр хавсралт




ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БОЛОН
АМЬЖИРГААНЫ ЗАРДЛЫН ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Энэхүү журам нь Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа болон гадаадын дээд боловсролын байгууллагад докторын дараахь сургалтад хамрагдаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.

1.3. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид зөвхөн сургалтын төлбөрийн, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгоно.

1.4. Зээлийн гэрээний загвар, зээлийн хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. 

1.5. Тухайн жилд сургалтын төлбөрийн зээл авах суралцагчдын хяналтын тоог боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтооно. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хяналтын тооны хуваарийг холбогдох байгууллага, олон нийтэд мэдээлэх ажлыг хариуцна.
Хоёр. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад
        суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл 

2.1. Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно:

            2.1.1. хагас өнчин суралцагч;

            2.1.2. малчин өрхийн суралцагч;

            2.1.3. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

            2.1.4. гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.
Гурав. Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох
 сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл

3.1. Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг суралцагчид нэг удаа олгоно.

3.2. Сургалтын төлбөрийн болон  амьжиргааны  зардлын  зээлийг  бакалаврт 2 жил, магистрантад 2 жил, докторантад 3 жил, докторын дараахь сургалтад хамрагдагчид 1 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно.

3.3. Зээлд хамрагдах суралцагчийг сонгон шалгаруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.




Дөрөв. Бүртгэл, шалгаруулалт

4.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч дараахь бичиг баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр  сарын 1-ний дотор  тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын захиргаанд өгнө:

            4.1.1. өргөдөл; 

            4.1.2. эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

            4.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

            4.1.4. Боловсролын үнэлгээний төвийн батламж;

            4.1.5. сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;

            4.1.6. үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;

            4.1.7. энэхүү журмын 2.1.1-д заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар;

            4.1.8. энэхүү журмын 2.1.2-т заасан суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

            4.1.9. энэхүү журмын 2.1.3-т заасан суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас  баталгаажуулсан  албан  ёсны  бичиг баримт;

            4.1.10. энэхүү журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

            4.1.11. зээлийн баталгаа.

4.2. Сургалтын төлбөрийн зээл авахыг хүссэн суралцагчдаас хяналтын  тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллийг оруулна. Комисс нь энэхүү журмын 4.1-д заасан бичиг баримтыг үндэслэн сургалтын төлбөрийн зээл олгох элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор сонгож, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

4.3. Дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, суралцагчийн бичиг баримтыг Сургалтын төрийн сан хянан үзэж, тухайн суралцагчид зээл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

4.4. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч дараахь  бичиг баримтыг бүрдүүлнэ:

            4.4.1. зээл хүссэн өргөдөл;

            4.4.2. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах тухай боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн хуулбар;

            4.4.3. итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон тухай итгэмжлэл;

            4.4.4. боловсролын баримт бичгүүдийн хуулбар;

            4.4.5. зээлийн барьцааны гэрээ;

            4.4.6. дээд боловсролын сургалтын байгууллагад суралцуулах урилга, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын нэхэмжлэл, харилцах данс.

Тав. Зээлийн гэрээ, санхүүжилт

5.1. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл авах суралцагчтай зээлийн гэрээ байгуулна.

5.2. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн зээлийн гэрээнд талуудын эрх, үүрэг, зээлийн санхүүжилтийн хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлийг тодорхой тусгана.

5.3. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн зээлийн гэрээнд энэхүү журмын 5.2-т зааснаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай мэдээлэл, суралцах хугацаа, дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн чиглэл, гэрээний нөхцөл зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх хариуцлагыг тодорхой тусгана.  

5.4. Сургалтын төлбөрийн зээлийн санхүүжилтийг дээд боловсролын сургалтын байгууллагын дансанд шилжүүлнэ.

5.5. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад нэг хичээлийн жилээс доошгүй хугацаанд 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчийг зээлд хамруулж болно.

5.6. Суралцагч нь чөлөө авсан, эсхүл журамд заасан голч дүнгийн шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд дээд боловсролын сургалтын байгууллагын албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн гэрээг цуцалж, санхүүжилтийг зогсооно.

5.7. Дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалтын төлбөрийн зээлээр суралцагчийн шилжилт хөдөлгөөний талаархи мэдээллийг 30 хоногийн дотор Сургалтын төрийн санд албан бичгээр мэдэгдэнэ.

5.8. Гадаадад суралцагчийн сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийн гэрээг сунгах, санхүүжилтийг олгох, зогсоох асуудлыг  дээд боловсролын сургалтын байгууллагын тодорхойлолт, сурлагын дүнг үндэслэн шийдвэрлэнэ. 

Зургаа. Бусад

6.1. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл авсан суралцагчдын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

6.2. Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийн гэрээ, зээлийн санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
 
---оОо---























                                                                                  Засгийн газрын 2012 оны 19 дүгээр
       тогтоолын 5 дугаар хавсралт


              МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ 


1. Авто замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7. Гидромеханик инженер
8. Усны нөөц экологи
9. Уул уурхайн ашиглалтын технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Онош зүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал


No comments:

Post a Comment