Wednesday, October 2, 2013

Багш нарын уншсан ном

Манай сургуулийн зөвлөх багш, доктор профессор С.Батхуяг “Дээд боловсролын сургалтын уламжлалт арга барилын шинэчлэл” хэмээх номоо (2.5хх, УБ., 2012) их дээд сургуулийн багш нарт зориулан бичжээ.



Зохиогч өөрийн ажлын туршлага, ажиглалтанд үндэслэн их дээд сургуулийн танхимын сургалтыг хэрхэн үр дүнтэй явуулж, оюутнаа хэрхэн хөгжүүлэх тухайд бичжээ.
Дээд сургуулийн сургалтын хэвшсэн хэлбэрүүдийг бүтээлч арга барилаар шинэчлэхийг санал болгосон энэхүү бүтээл нь цаг үеэ олсон, их дээд сургуулийн багш нарын үйл ажиллагаанд ач тусаа өгөх бүтээл болжээ. Зохиогчийн санал болгосон арга барилыг бид мэддэг боловч үйл ажиллагаандаа тэр болгон хэрэглэж чаддаггүйд хамаг учир оршдог юм байна. Хэрэглэж чадахгүй байгаа учир нь бид сэтгэлгээгээ өөрчилж, шинэчилж чадахгүйд оршиж байгаа болов уу.
Та бүхэн тус номыг уншиж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болговол сургалтын үйл ажиллагаа чинь улам бүтээлч болж, үр дүнгээ өгөх болно.
Та бүхэнд амжилт хүсье.
Докторант багш Д.Цогзолсүрэн



Өнөөдөр боловролын салбарын зорилтод хөтөлбөрт “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Ном аян”-ы хөтөлбөр хэрэгжиж байгаа. Манай сургуулийн багш нар бид байнга номыг судлан сургалтандаа ашигласаар ирсэн билээ. Харин “Ном аян” –г дэмжин бид ашиглаж, судлаж байгаа номын дээжээсээ сургуулийн ВЭБ-д тавьж байгаа юм.
Эрхэм номын зохиогч С.Батхуяг багш танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Дээд боловсролын сургалтын уламжлалт арга барилын шинэчлэл” ном нь дээд боловсролын салбарт төдийгүй боловсролын шинэчлэлд их хувь нэмэр дэмжлэг, туслалцаа болж, багшийн ширээний эрхэм ном болсонд талархаж, таны цаашдын бүтээлд их амжилт хүсье.
Энэхүү ном нь багш бид тасралтгүй эрэлт хайлт хийх онол арга зүйгээ байнга сайжруулан шинэчлэх үүрэг хариуцлагаа улам ухамсарлан, байнга суралцахыг дахин, дахин сануулж байгаа санагдлаа. Бид шинэчлэл хийж, хөгжиж байгаа суралцаж байгаа хэдий ч сургалтын технологийн шинэчлэл хийх шаардлагатайг, өнөөдрийн шинэчлэл эзэндээ хүрч, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, эх орон, элгэн садандаа, эзэн хүндээ ч хэрэглээ болж чадахгүй дахин, дахин мэргэжил эзэмшин сурч байна. Чанартай мэргэжилтэн боловсролын салбар бэлдэж чадахгүй байгааг мэдрэн зарим үе халаглан, харамсаж байгаагаа илэрхийлжээ. Гэвч өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа багш бид энэ хүү номыг уншин, өөрийн онол арга зүйгээ хөгжүүлэн туршиж байна.
Магистр багш Б.Нарантуяа



“Ажлын байрны ёсзүй” номын тухай
надтай саналаа солилцоорой
Швейцарт төвтэй Дэлхийн Эдийн Засгийн Форум гэдэг төвөөс жил бүр дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг байна. 2009-2010 онд явуулсан судалгаагаар гаргасан эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр манай улс 133 орноос 117-д жагссан байна.
Энэхүү шалгуурыг гаргахад үзүүлэлтийг хамгийн их доош татсан хүчин зүйл бол “Ажиллах хүчний ёс зүй” байгаа ба 5.1 гэсэн хамгийн бага оноо авсан байдаг.
Үнэхээр плюраль ардчиллын нийгмийн харилцааг эрхэмлэж, хувийн хэвшлийн чөлөөт эдийн засгийн харилцаа давамгайлсан эдүгээ цагийн Монгол түмний нийгмийн олон талт харилцааны хүрээнд ажил олгогч болон ажиллагсдын хөдөлмөрийн харилцаан дахь ёс суртахууны асуудал ямар түвшинд байдаг бол, басхүү гадаад дотоодын хөрөнгө оруулалт, ажлын байрны олон улсын харилцааны олон контактууд үүссэн энэ түүхэн цаг үед гадаад мэргэжилтнүүд болон манай монгол ажилчдын хооронд ажлын байрны ёс суртахууны хэм хэмжээний зохицол ямар түвшинд байдаг бол гэсэн олон олон асуудал сонирхол татаж байна.
Энэ асуудал өнөөдөр зөвхөн Монгол түмний төдийгүй дэлхий дахины улс орнуудын нийгмийн харилцаан дахь амин чухал асуудал болон тавигдаж байна. Манай байгууллагын хувьд ч дээрх асуудал нь захирал, сургуулийн үүсгэн байгуулагч удирдлагуудын түвшинд, багш нарын хамт олны түвшинд, ажилтан ажиллагсдын түвшинд, суралцагч оюутнуудын түвшинд, нийт төгсөгчдийн түвшинд гэх мэт олон талт харилцааг үүсгэж байгаа нь харагдаж байдаг.
Тэгвэл яг энэхүү асуудлаар Ричард Темплар 2003 онд “Ажлын байрны ёсзүй” (Хувь хүний амжилтын түлхүүр, дүрмүүд) гэдэг ном бичиж олон улсын түвшинд бестселлер болгосон ба өнөөдөр ч олон улсын номын худалдааны хүрээнд ач холбогдол, эрэлт нь буураагүй байна. Уг номыг монголд анх 2009 онд Г.Үүрдмандах, Б.Хосбаяр нар орчуулж хэвлүүлэн гаргажээ.
Уг ном нь дүрэм хэмээх 10 бүлэгтэй, дүрмийн бүлэг тус бүр 10 зүйлд хуваагдсан бүтэцтэй юм. Дүрмүүд нь:
1. Ярьдаг шигээ хий
2. Хүмүүс таныг үргэлж шүүмжлэх харцаар харж байдгийг мэд
3. Төлөвлөгөөтэй бай
4. Сэтгэл татам зүйл хэлж чадахгүй бол амаа хамхи
5. Өөрийгөө шалга
6. Хүмүүсийн дунд ор
7. Нэг алхмын өмнө яв
8. Аливаад аядуу зангаар ханд
9. Тогтолцоогоо мэдэж, түүнийг сүл
10. Өрсөлдөөнийг зохицуулж сур гэсэн асуудлуудад зангилагдаж байна.
Иймээс өнөөдөр бидэнд анзаарагдахгүй байгаа боловч зайлшгүй шаардлагатай байдаг олон асуултад энэ ном хариултыг тодорхой хэмжээгээр өгч чадна, басхүү шинэ содон санаа өгнө, тодорхой шинэ асуудлуудаар танийг сэрээх болно гэдэгт итгэж байна. Ямартай ч гэсэн танд тулгардаг зарим нэг асуудлыг шийдвэрлэх гарцыг олж өгч магадгүй гэж бодож байна. Таны цаг зав гарвал гарчиглаад үзэхэд илүүдэхгүй л болов уу. Тэгээд таалагдвал гүйцээгээд уншчихгүй юу. Хэрвээ уншихаар шийдвэл уншчихаад надтай саналаа солилцоорой.
Дэд профессор Н.Баянмөнх






Теренс Тао
“Математикийн бодлогыг хэрхэн бодох вэ?”
Уншигч та бүхэндээ нэн ялангуяа математик сонирхогч хүүхэд багачууд, оюутнууддаа математикийн Моцарт хэмээн алдаршсан, арван гурван насандаа олон улсын математикийн олимпиадаас алтан медаль авсан, хорин дөрвөн насандаа Калифорнийн их сургуулийн профессор болсон, эрин зууны суут математикч, Филдсийн шагналт Теренс Таогийн арван таван насандаа Берклигийн их сургуулийн захиалгаар бичсэн “Математикийн бодлогыг хэрхэн бодох вэ?” хэмээх номыг англи хэлнээс Б. Батням, Ц. Баттулга нарын орчуулснаар “Очирпресс” ХХК-д 2009 онд хэвлэгдсэн бүтээлийг танилцуулж байна.
Уг бүтээлд бодлого бодох ерөнхий стратегиудаас заримыг нь тодорхойлж тус бүрийг нь хэрхэн ашиглахыг
· Тооны онол дээр
· Алгебр анализ дээр
· Евклидийн геометр дээр
· Аналитик геометр дээр
· Янз бүрийн жишээ бодлогууд дээр жишээлэн авч үзсэн байна.
Математикийн олон салбарын харилцан адилгүй түвшний бодлогуудыг сонгож зарим бодлогын дараа өгсөн нэмэлт дасгалуудыг уг бодлоготой төсөөтэй аргаар юм уу адилхан онолоор бодох боломжтой байна. Эдгээр бодлогыг бодохдоо олон аргыг ашиглан бодлогоо эхлэн судалж амжилтанд хүрэхүйц аргаа сонгон бодлогыг шат дараалан улам жижиг хялбар дэд бодлого болгон хувиргах системчилсэн аргуудаар шийдэж байгаа нь бодолт харьцангуй богино, ойлгомжтой болсноор бусад адил төрлийн бүтээлээс онцлог бүтээл болсон байна.
М. Бямбадорж


Статистикийн онол
Юуны өмнө уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Аливаа шинжлэх ухаан математик хэрэглэсэн цагт төгс болдоггэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Миний бие оюутан залуусыг математикт дур сонирхолтой болгохын тулд математикийн хийсвэр сэтгэлгээг хэрэглээ талаас нь аль болохоор оюутнуудад хүргэхийг зорьдог билээ. Иймээс математикийн шинжлэх ухааны нэгэн чухал салбар болох математик статистикийн онолыг гүнзгийрүүлэн, олон эрдэмтдийн судласныг харьцуулан судалдаг юм.
Статистик нь нийгэм эдийн засгийн үзэгдлийн тоон үзүүлэлтүүд, тэдгээрийн холбоо хамаарлыг судалж түүнд статистик аргаар үнэлэлт дүгнэлт өгөхөд оршдог.
Уг бүтээл нь бусад статистикийн бүтээлүүдээс ялгагдах онцлог нь статистикийн үзүүлэлтүүд, нийгэм эдийн засгийн үзэгдлүүдийн холбоо хамаарлын статистик шинжилгээний арга, эдийн засгийн судалгаанд хэрэглэгддэг Индексийн арга-ыг хэрэглээ талаас нь түлхүү оруулж өгснөөрөө онцлог байлаа.
Магистр багш Д.Пүрэвсүрэн



Нямжавын Нансалмаа
“Хэл шинжлэлийн судалгааны арга зүй”

Энэхүү ном нь үндсэн 6 бүлэгтэй бөгөөд хэл судалж байгаа хүмүүсийн зайлшгүй уншиж судлах номын нэг юм. Энэ номыг унших явцдаа өөрт хэрэгтэй хэсгүүдийг тэмдэглэж авсан бөгөөд эдгээрээс чухал гэсэн хэсгээс нь та бүхэнд толилуулж байна.
Аливаа зүйлийг судлахын тулд Юу судлах, Яаж судлахаа мэдэх нь чухал юм. Ер нь Хэлшинжлэлийн судалгааны арга бол дэг-онол-аргаас бүрддэг бөгөөд дэг бүр өөрийн онолоо дагасан, уг онолын хувьд чухал болох судалгааны өөрийн гэсэн аргатай байдаг.
Хэлшинжлэлийн судалгааны аргазүйг (гүн ухааны аргазүй, салбарын судалгааны аргазүй, шинжлэх ухааны аргазүй) гэсэн хүрээнд авч үздэг. Судалгааны арга нь танихуйн онол, судалгааны хэрэглэгдэхүүнийн холбоог харуулахын зэрэгцээ судлаачийг уг хэрэглэгдэхүүнтэй холбож өгдөг. Судалгааны аргазүй нь хэл шинжлэлийн судалгааны аргазүй нь судлагдахуунд (хэлэнд) хандах хандлага, судалгааны хэрэглэгдэхүүн болон судлаачийн харьцаа, хэл шинжлэлийн судалгааны ерөнхий чиг хандлага зэргийг тодорхойлно. Хэлшинжлэлийн судалгааны аргыг судалгааны ерөнхий аргазүй, тодорхой нэг онолд тулгуурласан гэж ангилдаг.
Хэлшинжлэлийн судалгааны аргазүй аливаа 1 тодорхой судалгааны явцад хэлний мөн чанарыг судлах, нээн илрүүлэх зарчим, аргуудын ердийн нэг нэгдэл бус, харин судалгааны зорилго түвшин, судлахуунаас хамаарч янз бүрийн байдлаар өөр хоорондоо нэгдэж харилцан бие биеэ нөхөх, бие биеэ үгүйсгэх шинжтэй аргуудын нийлбэр юм.
Судалгааны ерөнхий аргад
1. Онолын ба онолын бус судалгаа
2. Ажиглалт
3. Туршилт
4. Индукци, дедукци
5. Анализ ба синтез
6. Таамаглал
7. Онол зэрэг багтана.
Судалгааны ажилд тавих шаардлага - Шинжлэх ухааны аль нэг салбарт хийж буй судалгааны ажил нь уг шинжлэх ухааны судлахууны мөн чанар, зүй тогтлыг нээж уг салбар ухааны хөгжлийн шинэ шатанд гаргах зорилготой байдагтай холбогдон судалгааны ажилд хэд хэдэн зарчмын шшардлага тавьдаг. Үүнд судалгааны ажлын зорилго, зорилт, сэдэв сонгосон шалтгаан, сэдвийн чухал болох нь, судлагдсан байдал, судалгааны ажлын шинэлэг тал, онолын ба практик ач холбогдол хамаарна. Сэдэв сонголт хийхдээ хэлшинжлэлд нэн тулгамдсан онол ба хэрэглээний шинэ сэдэв сонгох нь чухал юм.
Ø Хэлшинжлэлийн ерөнхий аргууд (тодорхойлон бичих арга, тайлбарлах арга, баталгаа үндэслэл, загварчлах арга)
Ø Цуваа цагийн судалгааны аргууд (түүхэн арга, харьцуулсан түүхэн арга, үгийн сангийн тооцоолох арга)
Ø Орчин цагийн хэлшинжлэлийн судалгааны аргууд (хэлний баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан хэл судлах арга, туршилтын арга, олон хэлийг зэрэгцүүлэн судлах арга, танихуйн үүднээс хэл судлах арга)
Эдгээрээс олон хэлнүүдийг зэрэгцүүлэн судлах аргын талаар товчхон дурдая.
ХХ зууны 30-аад оноос судалж эхэлсэн бөгөөд Оросын судлаач Бодуэн де Куртэнэ, Поливанов, Бернштейн, Щерба, Ш.Балли нар эхлэн судалсан. Манай улсад олон хэлний зэрэгцүүлсэн орчин үеийн судалгаа монгол хэлийг орос хэлтэй харьцуулсан судалгааны ажлуудаар эхэлсэн. Судалгааны зорилго ба хэрэглэгдэхүүнээс хамааран олон хэлийг харьцуулан судлах
Ø түүхэн
Ø хэв шинжийн
Ø зэрэгцүүлсэн гэсэн 3 үндсэн аргатай.
Зэрэгцүүлсэн арга 2 хэлийг харьцуулж тухайн судалгаагаар уг хоёр хэлний тогтолцооны сонирхож буй хэсэгт дүн шинжилгээ хийдэг бол харьцуулсан түүхэн арга нэг буюу хэлний нэг бүлэгт хамаарах хэлнүүдийн тогтолцоог цаг хугацааны хувьд өөр мөчлөгт авч судалдаг. Хэв шинжийн судалгаа нь байж болох бүх хэлийг хам ба цуваа цагийн үүднээс авч судлах боломжтой.
Гэхдээ хэв шинжийн судалгаа хэлний хэв шинжийг тогтоож олон хэлний ангилал хийх, ерөөс хүний хэл ямар бүтэцтэй вэ гэдгийг тогтоох зорилго тавьдаг, зэрэгцүүлсэн хэлшинжлэл хоёр болон хэд хэдэн хэлний баримтыг зэрэгцүүлэн судалж адил төсөөтэй ба ялгаатай талыг тогтоох зорилготой (Гак, 1989, 5-18) гэж үзэх нь сүүлийн үед давамгайлах болсон хандлага юм.
Ø харьцуулсан (төрөл хэлний баримтыг судлах)
Ø зэрэгцүүлсэн (төрөл бус хэлний баримтыг судлах)
Зэрэгцүүлсэн хэл шинжлэл нь хэлний хэрэглүүрийг өөр өөр хэл адил байдлаар ашигладаг уу, ялгаатай байдлаар ашигладаг уу гэдгийг тогтоодог. Хэл шинжлэлийн зэрэгцүүлсэн судалгаагаар авиа авиалбар, үг, хэлзүй, бичвэр зэргээс хэлний бүх нэгжийг шинжилнэ. Үүнийг хийхдээ:
Ø төрөл бус хэлнүүд
Ø төрөл хэлүүд
Ø 1 хэлний хувилбарууд (нутгийн аялгуу)
Ø нэг зохиолчийн өөр өөр зохиолын хэл
Ø хэлний өөр өөр цаг үед хамаарах баримтууд
Ø хэл ба хэлэхүйн баримт
Ø нэг хэлний өөр толь бичиг болон өөр өөр хэлний ижил төстэй толь бичгүүдийг гэх мэтээр зэрэгцүүлэн судалж болно.
Зэрэгцүүлсэн хэлшинжлэлийн аргууд нь 1 талаас орчин цагийн хэл шинжлэлийн бүх салбарын хөгжилтэй холбоотой, нөгөө талаас зэрэгцүүлсэн судалгааны зорилго чиглэлээс хамаардаг. Энэ нь нэг хэлний тогтолцоог нөгөө хэлний тогтолцоотой харьцуулан судалж ялгаатай ба онцлог шинжийг нээн харуулах зорилготой.
Хэлний баримтыг зэрэгцүүлэхдээ тухайн үзэгдлийн утгын холбоо болон өвөрмөц шинийг нээн илрүүлэх зорилго тавьдаг. Хэлний баримтыг зэрэгцүүлэхдээ бүх хэлэнд болон бүлэг хэлэнд нийтлэг байх ерөнхий шинжүүдийг гаргадаг ба ийм нийтлэг үзэгдлийг хэлний нийтлэг гэх ба судалдаг хэл шинжлэлийн салбарыг хэв шинжийн судалгаа гэнэ.
Зэрэгцүүлсэн судалгаа хийхэд 2 хэлний баримтыг зэрэгцүүлэхээс гадна ялгаатай талуудын хамгийн ерөнхий зүй тогтлыг ч харьцуулан судлах боломжтой. Хоёр хэлний зэрэгцүүлсэн судалгаа дараах үе шатуудад хуваагдана. Үүнд:
1. Хэлний өнгөн бүтцийн ялгааг тодруулах (аль нэг хэлний тодорхой үзэгдэл нөгөө хэлэнд огт байхгүй байхраас эхлээд алд нэг шинж 2 хэлэнд хоёуланд нь ижил төстэй байдлаар илрэх хүртэл дээрх ялгаа маш олон хувилбартай)
2. Хэлний зэрэгцүүлж буй нийтлэг хэв шинжийг тодорхойлох
3. Хэлний гүн бүтэц буюу далд буй шинжийг илрүүлж томьёолох гэх зэрэг болно.
Магистр багш н.Ариунзаяа

No comments:

Post a Comment