Wednesday, October 2, 2013

Д.Намдаг "Хөгшин чоно ульсан нь "

Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өвлийнхтэй яахан адил байдаг сан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдог сон.
Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё. Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан“ гэж нэрлээд зогссонгүй “Хайрхан“ гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ.
Гэтэл бас Дулаан хайрхны дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.
Үнэндээ тэр чоно маш хашир, дээрээ ишиг хурга майлалдан тонгочин тоглоход идэхийг бодохоосоо илүү “ за энэ ч яамай “ гэж бодон уг мухартаа шигдэх бөгөөд, ер нь ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул, тэртээ өмнөх Таргатын талыг гүнээ гатлан Жирэмний нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс зэрэг газруудад хүрдэг байлаа. Хойшоо гэвэл, Шавартайн дөрөлж, Салхит хад гэгчийг өнгөрөн Үйзэн хүрэн, Арвайн тал, Өлзийт өндөр хүрнэ.
Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлд нь төрөв. Идэр залуудаа эгц  цавчим ирмэгт нь орогноод, эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир өвөр энгэрт нь хоргодох болжээ.  Эр чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хүүршсэн нь жигтэйхэн.  Өнгөрсөн өвлийн хүйтнийг арай чарай давсан бөгөөд, одоо ид зуны халуун байвч эрт цагийн байдлаар хэл гарган аахилуулах халууныг үзсэнгүй. Гагцхүү өнөөдөр үдээс хойш ашгүй нэг бие тавигдан халуун болсон боловч, агаар хүндрэн бүгчимдэж, унтаж амрахад нь багагүй саад болсон байлаа. Энэ чухам юуны дохио болохыг мань хөгшин өөрийн биеэр олонтаа үзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ.
Үдшийн цагаан гэгээ тасармагц чийг дасан хөндийнхөө мухраас сугаран гарав. Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хөл шулуун, тавхай том, биеийн ерөнхий байдал давилуун боловч толгой бөгс, цээж тэнцүү, тэр мөртөө араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хүрэн хар өнгийн гоц сайхан сахлаг сортой байсан бөгөөд, энэ бүхний нь хүний байдлаар жишээлэн өгүүлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шүдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос түрүүлэх нь эс боловч, үзүүр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурвын төдийхөн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хөгшинд тэр бүхнээс нь үлдсэн юм алга. Нүдний гал бууран, шүдний ир элэгдэж, үс зулбан, зүс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэдрэг ээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энэ ээ. Нөгөө талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олгоод түүнээ эцэст нь мөн буцаан авдаг хуультай. Энэ ёсоор хөгшин чоно үзэхийн ихийг үзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгайд алдаагүй байгаа бөгөөд, алдахаасаа өмнө нас барах ч байж мэдэх юм.
Хөгшин чоно алгуур  дээшээ авиран хадны оройд гарч, толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрхны зүүн талын шовхын цаанаас навсарсан хар үүлний түрүүч цухуйх аж. Хөгшин боохой “Ээ тийм, үдээс хойш бие минь айхтар чилээрхсэний учир энэ. Одоо удахгүй түр зуурын ширүүн бороо орох нь лавтай. Ээ дээ, энэ далим анд гарваас ам тосдох олз ч аяндаа шүү дээ” гэж бодов. Дараа нь хойд борви нугалан оцойн сууж, ямар нэг зөн совин татахыг хүлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэг зөн совин татахын оронд дээрх ар манхайхаараа манхайж, идэр залуугийн нь бахдалт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд “явъя” гэж шийдэн улилаа.
Улих дуу нь ер чанга биш, хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинох боловч хадны цууриа дамжуулан бүхний сонорт хүргэх ажээ. Гэвч бас тэр улилт учиртай: “ Явъя та минь, явъя ! “ гэж дахин давтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос идэр залуу чоно хүнгэнүүлэн улив. Дараа нь хөгшин чонын эрт урьддаа оршиж байсан  дунд уулын ар бэлээс нэгэн өлгөчин чоно адтай нь аргагүй жингэнэн ульсан бөгөөд тэр далимд бяцхан бэлтрэгнүүд нь дагалдан жингэнэлдэв. Хамгийн эцэст зүүн шовхын энгэрээс эмгэн чоно дорой дуугаар арай ядан улив. Ер эдгээр чононуудын ийнхүү ээлж дараалан улихын учир гэвэл, өвгөн чонын “Явъя, таминь явъя !” гэсний хариуд “ Тэгьеэ, таминь, тэгье! “ гэсэн хариу байлаа.
Хөгшин чоно хальтрахаас болгоомжлон хөлөө аажуухнаар зөөн тавьсаар доош буулаа. Аадар бороо ч үнэхээр орох аж. Зүүн хойд зүгээс цухуйсан үүл тэр зүгээ бүрэн эзэлж, түүний аясаар агаар улмаар хүндэрч өтөл хөгшний чилээрхсэн биеийг ядраахыг хэлэх үү ! Гэвч дотор нь олз омог, ам тосдон гэдэс цадах явдал эргэлдэнэ.
Уулын бэлд буумагц газрын хөрс зөөлөн бор харгана ба нарийн цахилдгийн бутад залган авч үргэлжилнэ. Энэ дундуур мань хөгшин биеэ сул тавин шог шог шогшино. 
Ер үүгээр явсан нь тоогүй олон бөгөөд явах бүрдээ тогтмол нэгэн бутан дээр хаяглан хурц шинхгээ шингээдэг байлаа. Одоо мөн тэр бутан дээрээ очиж хошуугаа шургуулан сайтар шалган шиншилж үзсэнээ ахин бас хаяглав. Энэ нь чухамдаа эргэх замдаа үнэр хөөн ул мөр хөөхөд нь хэрэгтэй байдаг байжээ.
Хойд уулнаас ардаа таван бэлтрэг дагуулсан идэр насны гичий айсуй явлаа. Энэ бол түүний отгон охин бэлтрэг. Дөрвөн жилийн өмнө эхээс долуул төрсний хоёр нь өсөн торнихоосоо өмнө үрэгджээ. Бусад нь аятай таатай өссөнийхөө эцэст эр нь эмийг, эм нь эрийг даган алга бол болсоор үлдсэн нь энэ бөгөөд үнэн чанартаа гэвэл энэ нь азарган чононд үл тоогдон байн байсаар өнгөрсөн жил айхтар ширүүн онгод орсны эрхээр дур мэдэн давхиж яваад, хаа газрын нэг юмтай нөхцөж, тэндээс дагуулж ирсэн аж. Үүнийг хараад хөгшин чоно,  “Ашгүй чи бэлтрэгүүдээ дагуулаад ирэв үү. Болж дээ. Ер одоогоос эхлэн алст гарган ан ав эргүүлэн амь зуухыг сургахгүй бол хэзээ билээ дээ гэж дотор тэнийв. Тэгээд тэр гичийг ирмэгц хөгшин чоно ам хамры нь үнэрлэн долоов. Энэ нь гэвэл, үрээ үнсэн таалж байгаа нь бөгөөд бэлтрэгүүд өөрийн тойрон биенд нь асан авиран ноолох нь мөн ч хөгшин эцэгтээ эрхэлж байгаа болох тул тэр бүхнийг өхөөрдөн ажиглана.
Охины дараа залуу азарган ирэв. Тэрээр толгой лантгар, хошуу шантгар, цээж занхгар, бөгс тонтгор, тэр мөртөө хэл богино. Үзтэл өө зөөгий нь зассан шагай шиг боловч үнэн чанартаа чонын ухаан охор, хөл хөдөлгөөн муутайн шинж тэмдэг бөгөөд гэтэл бас зан байдал базаалтай биш. Хүнээр жишээлбэл, ам бардам, ажилд муу, идэх унтах талаар хэнээс ч илүүтэй ийм нэгэн өөдгүйхэн амьтан байжээ.
Эд бүхний эцэст өлөгчин нь айсуй явлаа. Түүний бие тун ч эцэнхий, ёстой өнгө зүсээ алдаж арьсанд хучигдсан хэдэн хэлхээ яс гэгч тэр байлаа. Шог шог шогшиход нь хамар нь гудчин дуугарав. Баруун хойд талын хөл ямагт дутуу гишгэх тул газар хороохдоо ч муу ажээ. Энэ хөл дөрвөн жилийн өмнө отгон охины хэвлийд олсны дараахантай хавханд орсон юм санжээ. Тэр үедээ ид нас нэлээд хэвийсэн цаг байсан боловч хүч чадал ямар байсныг одоогийнхтой зүйрлэж яавч үл болно.
Тэр цагаас хойш энэ эм чонын бие өөдөлсөнгүй эцэн цуцах, өлсөн цангах, дааран дагжих аюултай бүхнийг үзэх болсоон. Харин эрт урьддаа хэчнээн цог золбоотой гуа сайхан өлөгчин байсныг одоо хөгшин чоно л сайн мэднэ. Хөгшин чоно эм юугаа хүрч ирэн: “ Ёо ёох “ дуу алдах байдлаар хойд хөл дээрээ оцойн суухад: “ Ээ эмгэн чи намайгаа үүрд баясган баярлуулагч шүү” гэх байдлаар угтан авч илэн таалав.
Үнэн чанартаа энэ өлөгчин үүрд баясган баярлуулагч биш, харин энэ хорвоогийн хамаг хатуу ширүүнийг өмнө нь тулган үүрүүлэгч байж мэднэ. Учры нь тайлбарлан таниулах гэвээс өнө эртний түүхт амьдралаас нь аван хэлэх хэрэгтэй юм. Иймд тэр зүйлийг дараачийн хэсэгт оруулъя.
* * *
Одоогоос долоон жилийн өмнө билээ. Өвлийн идэр ес дундаа гялалзаж байх үеэр ар хойд зүгээс ардаа арван хэдэн омог чоныг дагуулсан нэг айхтар өлөгчин Дулаан хайрханд иржээ. “ Өлөгчин” гэдэг үг хүмүүсийн сонорт ямагт олиггүй сонсогддог үгсийн нэг мөн боловч чонын хувьд “ үзэсгэлэн гоо” гэх мэтээр сонсогдох гоёмсог үгсийн нэг мөн. Уул өлөгчний хошуу шовх, хүзүү урт, хөл цэх болоод зэгзгэр, ер биеийн ерөнхий байдал урт бөгөөд бөгсөн бие бүдүүвтэр тул айван тайван гишгэлэхэд бүх бие нь аяндаа гулбилзана. Хурдлахын хувьд бүр ч онцгой, харвасан сум шиг сунайна.Иймд энэ өлөгчин ёстой үзэсгэлэн гоо өлөгчин мөн. Төрсөн нутаг ар хөвч хангай болох тул нам дор газрын Дулаан хайрхныг дов товцог төдийд үзсэн ч байж мэднэ. Араасаа дагасан арван хэдэн эрсийн хүчийг шавхан гурван хэц оргилоор дамжин харайлгахад уг нутгийн эрэлхэг эзэн (одоогийн хөгшин чоно) анх олж харан сэтгэл автагдав. Үнэн чанартаа гэвэл, үүрд үл хагацах үйлийнхээ үртэй уулзалдах нь тэр ээ.
Өлөгчнийг үүр шөнийн завсраар Дулаан хайрхнаас зүүн урагш салхи сөрөн харайлгахад сайхи чоно өөрийн эрхгүй дагав. Бусад дагагсад мөн дагасан хэвээр бөгөөд хоорондоо эв түнжин маш муу, өлөгчнөө булаалдан бие бие рүүгээ ямагт архиралдан дайралцана. Тэр мөртөө шинэ нэмэгдэж байгаа нэгийг тус бүрнээ ад үзэн бүрэлхэх ажээ. Иймд мань эр тэр дунд ганцаараа, ёстой л нэгийгээ үзэлцэн нимгэн арьсаа уралцах цаг иржээ.
Эхний ширүүн тулалдаан өдөр дундын алдтай болов.
Анх өлөгчнийг Дулаан хайрхнаас үүр шөнийн завсраар жавар сөрөн гарахад мөн өөр бусадтай ухаан жолоогүй тэмцэлдэн байж өлөгчний дараа орсоон. Өөрт нь хадгалагдаж байгаа бяр чадал өлөгчнөөс түрүүлэхэд бэлэн байвч, сүүл даран дагаж аахилах амьсгал, анхилах үнэрий нь амтлахыг эрхэмлэнэ. Энэ үедээ амьдралын өмнө өлсөх цангахаас аваад үхэл мөхлийн аюул ямагт хүлээж байдгийг мартжээ. Тэр байтугай төрөлхөөс заяагдсан сонор сэрэмж, бодол болгоомж цөм алга болжээ. Ухаан мэдрэлд нь ганцхан өлөгчин, өлөгчний гоо сайхан бие. Ингэж чоно тачаал шуналын ширүүн галд уналаа. Тачаал шунал хичнээн их болохын хэрээр хармын сэтгэл төчнөөн бий болох тул өлөгчнийг бусдаас харамлан үс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгүй хамгаас аюултай гэж үздэг хүн өөд дайрахаасаа буцамгүй болжээ.
Үүнээс өмнө бусад чонууд өлөгчнийг гурав дөрвөн хоног дагасан учир тус бүрнээ баахан сульдсан аж. Тэдний дунд нэг эхээс зулай зулайгаа гишгэн гарсан ах дүү хоёр явж байлаа. Түрүүчийн өдрүүдэд тэр хоёр бусдаас давуу бяр чадалтайгаараа түрүү барин өлөгчний архантай явдаг байв. Гэвч хоор зуураа мөн ч хэрүүл тэмцэл. Өлөгчинд ухаан жолоогүй санаархсанаараа ураг төрлийнхөө халуун барилдлагааг аль хэдийн мартсан төдийгүй алалцахаас үл буцан уралцана.  Гэлээ ч тэд бусдын эсрэг хандахдаа эв санаа нэгдэх тул цөм айн сүрддэг байлаа. Харин өнөөдөр тэд Дулаан хайрхны хүүд өөрийн эрхгүй ялагдсан мэт ард нь гуч дөчин алхмын зайтай бухимдалцан явах ажээ. Бусад нь мөн тэдний ард, бараа бараагаа харах төдий цуварсан байх бөгөөд эцсийнх нь бүр бараагүй хол газар хаягдсан ажээ.
Эцэж цуцахыг үл мэдэх нь ганцхан өлөгчин. Байгаль түүнд гоо сайхныг бэлэглэхийнхээ зэрэгцээгээр хүч чадлыг давхар хайрласан нь илэрхий. Нөгөө талаар мөн байгаль, чоно болгонд өвөл цагийн хатуугаар далимдуулан онгон сахиус мэтийг оруулахдаа хүч чадлыг эрхгүй нэмэгдүүлдэг боловч мань өлөгчинд хэт давууг олгосон ч байж мэдэх юм. Дулаан хайрхнаас үүр шөнийн завсраар зүүн урагш жавар сөрөн харайлгасан нь бол ухаан мэдрэлд нь хэн бүхэнд гайхуулан бардамнахын хий хэнээрхэл, халуун шунал шингэснийх бөгөөд аахилан давхих зуур амнаас нь гарсан халуун амьсгаа хүйтэн жаварт дорхноо хөлдөж цээжин бие нь цан хүүргэнд бүрхэгдэвч өнөөх халуун шунал нь эс дарагдана.
Хайрган хөрст хүрэн бор өнгийн тал хөндий, шил нуруудыг огтчин тэнхээ мэдэн давхисаар хоёр өртөө шахам явсныхаа эцэст нимгэн цасанд хучигдсан мэл цагаан тал залган авахад сая зогслоо. Энд хэдэн хоногийн өмнө бага зэрэг цас орсны дараа салхи савир хөдлөөгүй тул өмнөх тал дун цагаанаараа эргэлдэнэ.
Дулаан хайрхны хүү дэргэд нь бөгөөд түүнд өлөгчнөөс ханхлах шүвтэрлэг үнэр идэр насны нь ширүүн тачаалыг түймрийн дөл мэт дүрэлзүүлнэ. Хүн төрөлхтөн үнсэлцэхийг хайр дурлал ба энхрийлэн эрхлүүлэхдээ хэрэглэдэг бол чоно үнсэхийн оронд үнэрлэх ба долоохыг хэрэглэнэ. Энэ ёсоор Дулаан хайрхны хүү өлөгчнийг  үнсэн таалах гэвэл өлөгчин өөдөөс нь хар яр архиран дайрав. Дулаан хайрхны хүү, хариу эсэргүүцэл тавьсангүй, гаслах төдийхөн хойш ухарч, хойд хөл дээрээ оцойн суув. Сэтгэл гэвэл бөөн гуниг, өлөгчнийг чухам яаж  аргадах билээ гэхдээ хамраараа гийнан гаслав.
Гэтэл ах дүү хоёр ирж хоорондуур нь орлоо. Үзтэл өлөгчин тэднийг дотночлох аж. Хошуу амаа цавь суганд нь хүргэн дур зоргоор аашлахы нь хүртэл таашаана. Хажууд нь мөн Дулаан хайрхны хүү, атаа хорсол бухимдлаар сэтгэл нь буцалж, уруул ам нь аяндаа шазалзан таталдана. Гэтэл ах дүү хоёр дорхноо эвдрэлцлээ.
Архиралдах дуугаараа өлөгчнийг “ Минийх ! Минийх ! “ гэж булаалдана. Араа соёоогоо яралзуулах нь “Арсы чинь урна, хуулна!” гэж байгаа нь тэр. Бие бялдар, бяр чадал тун тэнцүү тул ана мана авалцана. Хажууд нь өлөгчин, хоёр сүрхий эрийг ийнхүү уралцуулж байгаадаа бахархан ажиггүй ширтэнэ. Нөгөөтэй нь Дулаан хайрхны хүүгийн сэтгэлд нь “Одоо энэ хоёртой чинь үзэлцэх цаг болсон бус уу” гэдэг нэгэн мэргэн бодол төрөв. Гэхдээ бас ч эхлээд нэгий нь нөгөөтэй нь элбэн тасдаж хаяад дараа нь үлдсэнтэй нь гэж бодсон нь ёстой чонын ухаан биз. Ийнхүү шийдмэгц уур омог нь дүрсхийн бадарч, сэрвээний нь сор аяндаа босов. Ганцхан үсрэлтээр тэрбээр нэгний нь сэрвээнд хүрэн араа соёогоо шигтгэж амжлаа:
Гэвч уг хэрэг дорхноо бишдлээ.
Ах дүү хоёр гэнэт эвлэн мань эртэй тулалдахаар зэхэв. Эдний өмнө зориг төгөлдөр үзэлцэж байтал нэг мэдэхэд тэд хоёул биш гурвуул болов. Гурвуулантай нь үзэлцэж байтал дөрвүүл… дөрөв дээр бас нэг нэмэгдсэнийг хэлэх үү !
Хойно хойноосоо цуварсан чононууд гүйцэн ирэхтэйгээ зэрэг ганцхан түүний эсрэг зогсов. Дунд нь тэрбээр ганцаараа. Ойсон үсэрсэн хөлийн чимээ хөлдүү газрыг дүчигнүүлэн доргиож, архирах гаслах авианд нь агаар харжигнан нажигнана. Дулаан хайрхны хүүгийн нүдэнд үзэгдэхээс нэлдээ арзалзсан шүд, тэр дундаас хамгийн аюултай нь соёо! Соёо бол чонын урдаа барих зэвсэг. Өөрийн амь биеийг хамгаалахааас эхлээд өөр бусдыг алах аврахыг гагцхүү соёогоороо шийднэ. Иймд одоогийн энэ тулалдаанд үс зулгарах, арьс язран урагдах, мах тасарч яс бэртэх, цус урсах цөм юу ч биш бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл нийт таван чоно нэг рүү бүүрэлхэн дайрч байгаад оршино. Энэ ширүүн тулалдаан чухам юунаас болов оо гэвэл мэдээжээр өлөгчнөөс! Өлөгчнийг л булаалдсанаас тэр !
Гэтэл өлөгчин эднийг ийнхүү хэрэлдүүлэх боловч болиулахаа мөн чаддаг аж. Тэрээр өмнөх тулалдааныг ажиж байснаа гэнэт хаян мэл цагаан тал руу харайлгав. Энэ нь олны дунд өөрийн эрхгүй ганцаардсан Дулаан хайрхны хүүг аврах гэсэн сэтгэл ч байж мэдэх юм. Овооролдсон чононууд улайрсан тэмцлээ даруй орхин өлөгчний хойноос дагав. Эцэст нь Дулаан хайрхны хүү, хэт үнгүүлсэн биеэ дааж ядан газраас арайхийн босож  аваад мөн л хойноос нь зүтгэлээ. Саяын тулалдаанаас олсон шарх сорвио тэр үл анхаарна. Зарим газар арьс урагдан мах тасарч, цус дусалж, цагаан цасан дээр улаан толбо бялтах аж. Харин аманд нь цус амтагдах нь өөрийнх нь биш бусдынх. Бусдын бие махбодод мөн ч багагүй гэмтэл учруулсан байлаа. Араа соёонд нь бөөн бөөн үс хялгас зууралдан хэлтэй нь ороолдоно. Түрүүлэн одогсдын мөрийг хөөхөд мөн л цус, улаан толбос үргэлжилнэ. “Ингэхэд одоо өнөөх үзэсгэлэн гоо өлөгчин хаа яваа бол гэж бодон алсын барааг ширтэхэд бараа алга, түүний оронд мэл цагаан тал цэхэлзэн цэлийж, өдөр дундын цагаан шаргал нар нүд царгин гялбуулна. Эргэж харвал өөрийн бие бас ч адаг яваа биш, өглөөний ард хаягдсан хэсгийн түрүүч амьсгаадахын ихээр амьсгаадан айсуй явна. Эцсийнх нь гэвэл нүдний үзүүрт дэнгэн данган сүүмэлзэнэ. Эднийг бодвол тэрбээр ягтаа тулах яагаа ч үгүй, хүзүү урагш сунган сүүл хойш хаян харайлгана. Түрүүчийн түрүүлсэн хэсгийг нэг нэгээр нь гүйцэн өнгөрөх боллоо. Ард хоцорсон бүхэн архиран хөндлөнгөөс саатуулахыг оролдоно. Хариуд нь тэрбээр одоо надад чамтай тэгж дэмий ноололдох зав алга гэх байдлаар ажиггүй өнгөрнө. Ингэснээрээ мань эр өөрийнхөө хамгийн заналт дайсан ах дүү хоёрыг гүйцэх дөхлөө. Шүд зуун хурд нэмж хажуугаар нь өнгөрвөл нөгөөдүүл нь дэмий л гаслалдан гингэнэж хоцров. Гэлээ ч өлөгчин алга аа! Нимгэн цагаан цасан дээр ул мөр нь дурайхаараа дурайж, ухаан алдам сайхан үнэр нь ханхлахаараа ханхалж байвч үзэсгэлэн гоо бие нь ор сураггүй ажээ.
Тэгээд цааш хурдлах, газар ахиулах нөхцөл алга. Уушгинд багтарсан халууныг өвлийн хүйтэн газар амьсгалах тутам сэрүүцүүлж байвч зүрхний ширүүн цохилтонд халсан цус бүх биеийг бадайруулан лугших бөгөөд түүний аясаар толгой мансууран нүд  эрээлжилнэ.
Хаа нэгтэйгээс өлсгөлөн хоёр хон хэрээ гарч ирээд дээр нь эргэлдэв. “Хон хон” гуагалах нь “ Хөөе хөөе, энд ойрхон амтат зууш хүлээж байна шүү “ гэж байгаа нь тэр аж. Үүнийг мань эр эс хайхарсан бөгөөд цааш жаахан явтал баахан гөрөөс урдуур нь ороон үелзэн давхив. Уг нь энэ бол үнэхээр амтат зууш мөн боловч мань эр одоо идэхийн төлөө биш, үзэсгэлэн гоогийн төлөө явах тул түүнийг эс тоомсорлов. Иймд хоёр хэрээ гомдолтой нь аргагүй өөр тийш оджээ.
Өдрийн турш харайлгаад мань эр өлөгчний барааг олж хараагүй билээ. Гэвч түүнийг орхих сэтгэл төрсөнгүй, яв явсаар нар шингэхийн алдтай алс тэртээд цэнхэрлэн сүүмэлзэх урт шилээр даван далд орохыг нь ашгүй нэг олж харлаа. Дараахантай нь оройн сэрүүн бууж үдшийн жавар залган авсан нь мөн ч таатай. Амьсгалаас савсах халуун уур дорхноо цан хүүрэг болж уруулын сахал, нүдний сормуус, сээр сэрвээний сор цөмийг бууралтуулж, цээжинд багтарсан бүгчимдэл амсхийв. Сэтгэлд ер ингэж яваа нь эр биеийг олж төрөөд идэр насанд хүрсний ганц гавьяа гэж бодогдоно. Хөндлөнгийн амьтан хажуугаас нь харваас, эрүү юугаа сул хаян ангайж, нимгэн улаан хэлээ төө шахам унжуулсан бөгөөд хурц шүднүүд нь

No comments:

Post a Comment