Wednesday, October 2, 2013

Алтай хайлах магтаал

Алтай хайлах

Ам бүрээс нь рашаан булаг ундраад

Арц хүж агир зандны үнэр ханхлаад

Алаг цэцэг эрээнтэн цоохортоод

Алим жимс нь улайран багсайгаад

Алт мөнгө алмаас сувд

Аль бүгдээрээ гялтагнаад

Арын өтгөн ой шугуйд нь

Араатан гөрөөс сүлжилдээд

Асга хадны шовх оройд нь

Аргаль янгир харайлдаад

Хангайн хорин дөрвөн уул нь хомнолдоод

Хажуу хавиргаараа налан түшилдээд

Харз булаг нь хангинан шуугин урсаад

Хамаг сайхан тансаг сайхан үнэр ханхлаад

Харз /хагд/ өвс нь халиуран найгаад

Хад тогшил нь хүрэнтэн сагсайгаад

Хаш мана оюу номин

Хачин эрдэнийн чулуу жигдрээд

Хангайн сайхан модон дотор нь

Хандгай буга нь урамдаад

Хад асгын эгц оройд нь

Харлаг хоо тэх нь уралдаад

Таван хошуу мал сүрэг нь

Тал хөдөө уул хадаар бэлчээрлээд

Тансаг идээний арвин их дээж нь



Таваг аагаар /аягаар/ айл гэрт идээшээд



Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүнхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа дашуураад

өнчин хүний өр өвтгөж

өвгөн хүний нойр хулжааж

өдөр шөнө өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнэ

Өвлийн хөг ороод ирэхэд

Өдрийн хэмжээ богиносоод ирэхэд

Өвгөн буурал алтайн орой

өөхөн цагаан өнгөө сольж

Хаан буурал хангайн орой

Хаш цагаан өнгөө сольж

Үен цагаан өвс нь найгалзаад

үүлэн цагаан хонь нь бэлчээрлээд

Малхай /малгай/ буулгахгүй дулаахан

Магнай жиндэхгүй бүлээхэн

өвс ундаар элбэг дэлбэг

өн тарган хэвээр ороход

Далангүй дааган далагнаад

Булчингүй бяруу булчигнаад

Хэрлэнгүй даага хэрлэгнээд

Хэрсэнгүй ишгэн хэрсэгнээд

Хэнз бага балчир хөвгүүн

Хэлэх ярих талаа болоод гарав гэнээ л

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнээ

Хаврын хөг ороод ирэхэд

Халхын цасан хайлаад

Харз усан шуугиад

Хагзын унги сулдаад

Халтар галуу нь хангинаад

Хар хөх ногоо нь цухуйгад

Унага даага нь уралдаад

Унадаг бүдүүн нь ялгараад

Тугал бяруу нь оодогноод

Тором ботго нь тоглоод

Ирэг сэрх нь ховоглоод

Ишиг хурга нь ялгараад

Хангай цагаан гэрүүд нь

Хаалга үүдээ дэлгээд

Хөгшин залуу цөмөөрөө

Хөнгөн дэвлээ өмсөөд

Өөлжин шувуу донгодоод

Өтгөн цагаан айраг архдаа дүүргээд

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асгуун

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнэ

Зуны хөг ороод ирэхэд

Зуслан хөндий нь ногоороод

Зулзаган хөхөө нь донгодоод

Зултаргана агь нь зууралдаад

Алтайн цэцэг алаглаад

айраг цагаа нь дэлгэрээд

Хангайн өвс нь халиураад

Хөдөө тал нь хөхрөөд

Хурмастын цагаан үүл нь

Хуйлран нүүж цуглараад

Хурц нарыг халхалж

Хурын дээжийг бүрэлдүүлэхэд

Авралт тэнгэрийн хүйснээс

Рашаан билгийн хур милааж

Алтай хангай нутгаа дэвтээж

Амьтан ургамлыг тэтгэнэ

Хөхөө шувууны донгодолтод

Хөгшин хүн уяраад

Өөлжин шувууны донгодолтод

Өнчин хүн уяраад

Тиймээ эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асгуун

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнэ

Намрын хөг ороод ирэхэд

Найртай зун болоод өнгөрөхөд

Нарны илч харьж

Навч цэцэг шарлаад

Усны шувууд ганганаад

Утсан зээг татаад

Урд нутагаа тэмцээд

Уулсын дээгүүр нисээд

Хонгор сэрүүн ороход

Хоо /ухаан/ халиун гүрээ /ургамал/ нь

Хоор өмөөрөө /хойшоо урагшаа/ найгаад

Хомтой тэмээн дээгүүр солбиод

Шургуу дөрвөн үндэстэй

Шууд найман талтай

Товхон хангайн өлөн

Тохомтой морин дээгүүр солбиод

Өтгөн нягт ургасан

Өндөр хөх шуурай

Эвхрэн хуйларч найгаад

Эмээлтэй морин дээгүүр солбиод

Өгөөмөр алтай өнөр хангай

Өвс нь алд дэлмээр ургаж

Өнтэй тарган мал сүргийн

Өөх нь дөрүү /дөрвөн хуруу/ зузаанаар тогтож

Айраг чигээний шим дээж

Архад хөхүүртээ багтаж ядаад

Арвай буудайны угац гарч

Арвин талдаа ганхаж ядаад

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүнхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө, өрүүн асган

дөрвөн цагийн цэнгэл болон

Алтай нутгийн ар талд нь халиагаад /хараад/

Алим үзэм хоёр нь иш ишээ дийлж унагаад

Алибан /алив/ хөвүүн амандаа авч хаяад

Ардах хөвүүн хормойгоо дүүргээд

Өнчин хөвүүн өврөө дүүргээд

Өдөр шөнө хоёрын өлийг аваад

гардаг гэнээ

Хангай нутгийн хавцал талд нь

халиагаад явхалай

Хад тошил хоёр нь иш ишээ дийлж унагаад

Алибан хөвүүн амандаа авч хаяад

Ардах хөвүүн хормойгоо дүүргээд

Өнчин хөвүүг өврөө дүүргээд

Өдөр шөнө хоёрын өлийг аваад гардаг гэнээ

Ачилдаад урган тогтсон

Арван гурван алтай нутгийн

Хомнолдоод урган тогтогсон

Хорин дөрвөн хангай нутгийн

Асгатай талд нь халиагаад явахлай

Аргаль угалз хоёр нь тоглож мөргөлдөөд

Хадтай талд нь халиагаад явахлай

Харлаг тэх,янгир хоёр нь мөргөлдөж наадаад

Харгайтай талд нь халиагаад явахлай

Халтар халиун буга яралзан хурдлаад

Үе дунд нь халиагаад явахлай

Үнэг,чоно,хярс,мануул

Үй түмээрээ цувралдаад

Бут дунд нь халиагаад явахлай

Булган,хэрэм,үен,хүрэн нь

Бум саяаараа буцалж гүйгээд

Тал дунд нь халиагаад явахлай

Тарвага,зурам,хулгана,огтоно нь

Тархан бутарч хурдлаад

Сүрхий хэцүү газарт нь

Шилүүс ирвэс мярааж урсаад

Бартаатай ой тайгад нь

Баавгай гахай баширлаж хоргодоод

Орой дээгүүр нь халиахлай

Өвгөн бүргэд шагшин нисээд

Энгэр талд нь халиахлай

Элээ тас эргэлдэн нисээд

Хажуу талд нь халиахлай

Харцага богшрого хоёр хөөцөлдөөд

Наран талд нь халиахлай

Начин шонхор шумбан дайрч наадаад

Алтай хангай нутгийн

Аль ч талд нь гарсан

Алах араатан гөрөөс

Авлах ан амьтан цөм бүрэн

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартдаг гэнээ

Буянтай алтай хангай нутгийн

Буудаг бууц буурий нь хэлбэл

Өмнө хойно өвөр талдаа

Өвөлжөөний олон өтөгтэй

Хажуу хавирга хавцал амандаа

Хаваржааны олон өтгөтэй

Зүүн баруун зүг бүрдээ

Зуслангийн сайхан зүлэгтэй

Наана цаана наран талдаа

Намаржааны сайхан байртай гэнэ

Ангир зандан арц тавилгана

Улиас бургас хус харгай

Чигэрсэн самарсан чаргай яргай зэрэг

Алтай хангай нутгийн

Арвин их ой модны

Ашигтай зүйлий нь хэлбэл

Ач тусыг нь тоочвол

Гоо мод нь голын чимэг

Урт мод нь уулын чимэг

Хавтгай мод нь хавтсан болдог

Битүү мод нь бүүрэг болдог

Гэдэргээ мод нь гээ болдог

Арвагар мод нь цах болдог

Чилсэн мод нь чигт /чагт/ болдог

Сүм алхад нь иш болдог

Сүм байшинд нь цондог болдог

Тохой мод нь тооно болдог

Урт мод нь унь болдог

Тэлсэн мод нь тэрэм /хана/ болдог

Тэгээд цааш нь авдар үхэг

Аяга суулга гэрийн хэрэглэл болдог

Алтайн адгийн мод нь

Ийм олон ашигтай байдаг гэнээ

Тийм эзэн баян

Алтай Хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүнхрэн мануурч униартаад

Адал малыг нь асууна гэвэл

Алтай нутгаар дүүрэн

Алаг бараан адуу

Хангай нутгаар дүүрэн

Хар бараан адуу

Хөдөө талаар дүүрэн

Хөх буурал адуу нь

Азарга гүүд янцгаагаад

Агт болдог нь ховоглоод

Унага даага нь уралдаад

Унадаг бүдүүн нь ялгараад

Усан тэлмэн жороо унасан

Уурга цаламтай адуучид нь

Жингэр жингэр ишгэрэлдээд

Жир жир дуулалдаад

Гүйцээж бүгдийг нь цуглуулаад

Гүн хар уснаас уулгаад

Гүрээ хөх өвсий нь хазлуулаад

Гүжир гэлэн ёндон уулыг нь түшүүлээд билчээдэг гэнээ

Тэмээн сүргий нь асууна гэвэл

Тэсэгт /ургамал/ элст хоёрыг бүрхээд

Хоолой заагаар дүүрсэн

Хо шар тэмээнүүд

Харганат хөтлөөр дүүргэсэн

Хар зүсмийн тэмээнүүд

Бударганат хөндийгөөр дүүрсэн

Буур ингэтэй тэмээнүүд

Агь шавагтай хөдөөд нь

Атан голдуу тэмээнүүд

Борзон хужиртай говьд нь

Ботго торомтой тэмээнүүд

Ингэн тэмээний буйлалдах

Шингэн дуу уянгалаад

Тором ботго нь тоглоод

Том болдог нь ялгараад байдаг гэнээ

Үхэр сүргий нь асууна гэвэл

Үй түмээрээ хүрийгээд /хүрэнтээд/

Их заагаар өгсөөд

Ижил ижил хайгаад

Бага багаар уруудаад

Бараа туруураа үзэлцээд

Зөөлөн заагийг нь дүүргээд

Зүс зүсээрээ ялгараад

Эм үхэр нь мөөрөлдөөд

Эр сувай нь мөргөлдөөд

Үхэр сүргийн манлай болсон

Үен сүүлт улаан зүстэй

Бух царууд /шар үхэр / нь мөргөлдөөд

Бяруу тугал нь ялгараад

Уужим цалгай хөндий дүүрэн

Урамдах дуу уянгалаад байдаг гэнээ

Хонь ямааг нь асууна гэвэл

Хот хотоороо цайгаад

Хөх тэнгэрийн одон хэвтэй /мэт/

Хөдөө талын зээрэн хэвтэй

Сүүн цагаан хонь нь

Сүрэг сүргээрээ налайгаад

Даргар эвэртэй хуцууд нь

Давирч хоорондоо мөргөлдөөд

Таваг сүүлтэй иргүүд нь

Тасарч захаар нь ховоглоод

Хар халтар сэрх тэхтэй

Хадган цэнхэр ямаанууд нь

Хангайн уудам нутгийнхаа

Хадтай уулыг хучаад

Сэлмэн эврээ гозолзуулсан

Сэрх тэх нь мөргөлдөөд

Ирэг сэрх нь ховоглоод

Ишиг хурга нь ялгараад

Майлан шуугих дуу нь

Малчин эзнээ баясгасан

Тийм эзэн баян

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүнхрэн мануурч униартдаг гэнээ

Энэ баян алтай хангайн нутгийн

Эзэн нь хэн бэ гэвэл

Адуу малаар олон

Адал хогшлоор элбэг

Албат хошуугаараа хүрээлүүлсэн

Ард харцдаа хайртай

Бурман улаан хатантай

Бумба зээрд морьтой

Буянтай гурван зуун настай

Бурхан хаан гэж байж гэнээ

Барьсан гэрийн нь асууна гэвэл

Дөчин дөрвөн сухай зандан тэрэмтэй

Дөрвөн мянган суман зандан уньтай

Даац хүч бүрэн төгөлдөр

Далан таван шүр баганатай

Нарны гэрлийг гийгүүлэн тусгагч

Наян найман шигшрэгтэй

Орчлонгийн найман хүрдийг оршуулан хийсэн

Оюу номин шигтгэсэн хараачтай /тоонотой/

Хатуу занднаар харуулдан хийсэн

Хавтгай алтаар хээлэн хийсэн хаалгатай

Хараачийн нүүр талд нь

Хаангарди шувууг дэвүүлсэн хийсэн

Хаалгы нь хатавч дээр нь

Хасар басар хоёр нохойг хагшуулан сийлсэн

Унийг эргэн тойрон

Улир тоодог зэрэг шувууг эгшиглүүлэн сийлсэн

Тэрмийг нь эргэн тойрон

Тэх хуц аргал угалзыг мөргөлдүүлэн сийлсэн

Дөрвөн зуун зээгтэй

Дөчин дөрвөн угалзтай

Дөрвөн мянган шаглаартай

Дөрвөлжин цагаан үүдтэй

Хөвхгөр мөнгөн дээвэртэй

Хөдөө цагаан өрхтэй

Давтуур мөнгөн туургатай

Далай цагаан өргөөний

Дарцаг цагаан үүдийг

Дал мөрөндөө хүргэлгүй хаяад ороход

Буянтай гурван зуун настай

Бурхан хаан өвгөрч

үүдээ даахын чадалгүй

Үгээ хэлэхийн чинээгүй өвгөн болж

Наян найман авдрын

Хаш мөнгөн түлхүүрийг

Дааж босохын чадалгүй болж

Бумба зээрд морь нь

Хагз зөөлөн өвсний толгойг

Хазаж дийлэхийн чадалгүй болж гэнээ

Баруун талыг эзлэн суусан

Бар улаан царайтай түшмэд

Их хэнгэргээ цохиж

Их албатаа цуглуулаад

Зүүн талыг эзлэн суусан

Зүрхэн улаан түшмэд

Бага хэнгэргээ цохиж

Бага албатаа цуглуулаад хэлдэг нь энэ гэнээ

Буянтай гурван зуун настай
Бурхан хаан нь өвгөрч

үүдээ даахын чадалгүй

Үгээ хэлэхийн чинээгүй болов

Бурман улаан хатан

Наян найман авдрын

Хаш мөнгөн түлхүүрийг

Дааж босох чадалгүй болов

Бумба зээрд морь нь

Хагз өвсний толгойг

Хазаж дийлэхийн чадалгүй болов

Хаан төрийг барьдаг

Хаш тамгыг атгадаг

Санаа оюун саруул төгөлдөр

Сайхан хөвүүх хамаа /хаа/ байна гэжээ

Албат хушуугаараа зөвлөлдөөд

Ард олноороо хэлэлцүүлээд

Гурван жилээ /жилийн/ хол газар

Гучин хоёр зурхайч байгаа

Түүнд мэргэлүүлэхээр нэг хүнийг

Түргэн явуулахаар тогтжээ.

Шадар түшмэд нь хэлэлцээд

Сайн ноёд нь зөвлөлдөөд

Шагайн чинээ шар хээр морьтой

Шалман /хялман/ шар хиаг явуулах болжээ.

Авдар саваа уудлаад

Авч явах зүйлд нь

Наян найман эвхээртэй

Нанжин шар хив /хадаг/

Морины толгойн чинээ

Молор цагаан эрдэнэ өгчээ.

Шагайн чинээ шар хээр мориндоо

Шалман шар хиа мордоод

Жилийн газрыг сараар товилж

Сарын газрыг өдрөөр товчилж

өдрийн гөзрыг цагаар товчилж

Уужим давааг гишгүүлээд

Уйтан давааг алхуулаад

Гэгэр гэгэр тэшүүлээд

Гэнэт нэг довтлуулаад

Бөгөр бөгөр бөгүүлээд

Бөжин тэшин алхуулаад

Сэр сэр хатируулаад

Сэгэр сэгэр алхуулаад

Гурван жилээ газрыг туулж

Гучин хоёр зурхайчийнд хүрээд

Шагайн чинээ биетэй

Шар хээр морио

өндөр занднаас уяад

Залуу занднаар сүүдэрлүүлээд

Шалдсан газрыг

Шагай шилбэ хүртлээ гишгээд

Бордсон газрыг

Борви шилбэ хүртлээ гишгээд

Дарцаг цагаан үүдийг нь

Далын гэрэлд /маяа/ хүргэлгүй шидэн ороод

Мэхэс хийж ёслоод

Мэнд хоногийг асуугаад

Ширмэн тогоотой цайнаас

Шимэж хэд уугаад

Алтан тосгууртай идээнээс нь

Амсаж хэд идээд

Галуун хүзүүн насандаа

Гашуун хөх тамхи нэрж

Ганц нэг сороод

Гайхаж хэсэг суугаад

Гучин хоёр зурхайчид

Гуйж хэлдэг нь энэ гэнээ.

… буянтай гурван зуун настай

Бурхан хаан өвгөрч

үүдээ даахын чадалгүй

үгээ хэлэхийн чинээгүй боллоо.

Бурман улаан хатан

Наян найман авдрын

Хаш мөнгөн түлхүүрийг

Дааж босохын чадалгүй боллоо.

Бумба зээрд морь нь

Хагз өвсний толгойг

Хазаж дийлэхийн чадалгүй боллоо.

Хаан төрийг барьдаг

Хаш тамгыг атгадаг

Саруул оюун ухаан төгс

Сайн хөвүүн хаана байгааг

Мэргэн зурхайч ах нар минь

Мэргэлэн хэлж өгнө үү гээд

Наян найман эвхээртэй

Нанжин шар хив дээрээ

Морины толгойн чинээ

Молор цагаан эрднээ тавиад

Өөд өргөн бариад

Өвдөг сөхрөн суухад

Гучин хоёр зурхайчийн

Адгийн суудалд суусан

Шарсан махны шаг /үлдэгдэл, үнэр/ анддаггүй

Шар зурхайч зураад хэлсэн нь

-Буцаж таныг очиход

Бурхан хаан өөрөө

Булт гүрнээ цуглуулаад

Буяны найр хийгээд

Нэг гүүнээс өссөн

Нэг азаргын үр

Арван гурван хөх морийг

Атаа тэнгэрт нь сэтэрлэхүүцай /сэтэрлэх биз/

Нэг гүүнээс өссөн

Нэг азаргын үр

Арван гурван шарга морийг

Алтай нутагтаа сэтэрлэхүүцай

Нэг гүүнээс өссөн

Нэг азаргын үр

Арван гурван хар морийг

Хангай нутагтаа сэтэрлэхүүцай

Тэнгэрт тэмээ сэтэрлэхүүцай

Газарт гахай сэтэрлэхүүцай

Амалсан зүйлийг хийж чадвал

Ариун үйлс бүтэж

Бурхан хаан Бурам хатан хоёр

Мөнхийн хорин тав , арван найман насаар залуурч

Бумба зээрд морь нь

Мөнхмйн таван насаар залуурч

Хаан хатан хоёроос

Хаан төрийг барьдаг

Хаш тамгыг атгадаг

Саруул ухаан оюун төгс

Сайн хөвгүүн гарна гэжээ.

Шалман шар хиа

Шагайн чинээ биетэй

Шар хээр мориндоо морьдож

Анх ирсэн замаараа

Алтай нутгаа тэмцээд

Уужим давааг гишгүүлж

Уйтан давааг алхуулж

Гэгэр гэгэр тэшүүлээд

Гэнэт нэг довтлуулаад

Бөгөр бөгөр бөгүүлээд

Бөжин тэшин алхуулаад

Сэр сэр хатируулаад

Сэгэр сэгэр алхуулаад

Хурдлуулан явахдаа

Хуруувчийн чинээ болж

Алхуулан явахдаа

Аягын чинээ болж

Алтай хангай нутагтаа

Амар мэнд буцаж ирээд

Бурхан хааны үүдэнд

Бууж морио уяад

Далан хүн дамжилж даадаггүй

Далгай цагаан үүдийг

Далын гэрэлд хүргэлгүй

Дааж шидэн ороод

Хаан хатан хоёрын

Амар мэндийг асуугаад

Бурхан хаан таныг

Булт олноо цуглуулж

Буян найр хийгээд

Нэг гүүнээс өссөн

Нэг азрагын үр

Арван гурван хөх морь

Атаа тэнгэрт сэтэрлэхүүцай

Арван гурван шарга морь

Алтай нутгаа сэтэрлэхүүцай

Арван гурван хар морь

Хангай нутагтаа сэтэрлэхүүцай

Газарт гахай сэтэрлэхүүцай

Тэнгэрт тэмээ сэтэрлэхүүцай. Тэгвэл:

Бурхан хаан залуурч

Бууршгүй мөнх хорин тав насалж

Бурам хатан залуурч

Буцалтгүй мөнх арван насалж

Бумба зээрд морь залуурч

Мөнхийн таван нас насалж

Хаан хатан та хоёроос

Хаан төрийг барьдаг

Хаш тамгыг атгадаг

Саруул ухаан оюун төгс

Сайн хөвгүүн гарахууцай гэж

Шарсан махны шаг анддаггүй

Шар зурхайч мэргэлэв гэхэд

Хаан хатн хоёр баярлаж

Халуун нулимсаа дуслуулаад

Гин гэх юмны дуу сонсох нь

Гялс гэх юмны бараа үзэх нь гээд

Их хэнгэргээ цохиж

Их түмнээ цуглуулаад

Бага хэнгэргээ цохиж

Бага түмнээ цуглуулаад

Хутга тавилгүй мах идэж

Хундага тавилгүй архи ууж

Жаргахын ихээр жаргаж

Жаран тав хоноод

Найрлахын ихээр найрлаж

Наян тав хонолоо.

Бурхан хаан хорин таван насаар

Бурман улаан хатан арван найман насаар

Бумба зээрд морь таван насаар залуурчээ.

Бурхан хаан босов

Булчин шөрмөсөө эрчлэв

Бумба зээрд мориндоо

Хөх мөнгөн ногтыг ногтолж

Хөвхгөр мөнгөн хазаарыг хазаарлаж

Хөдөө болсон цагаан тохмы нь тохоод

Хөтөл болсон эмээлий нь эмээллээд

Далан царын арьсаар гүрэн (гөрөн) хийсэн олмыг

Дараагий нь алдалгүй татаад

Жаран царын арьсаар гүрэн хийсэн жирмийг

Жийрэлгэж чангалж татаад

Гучин хоёр торвуутай

Гурвалжин хар малиаг (ташуур) нь өлгөөд

Тос дааварлаж нэвтэрсэн

Томмол шар цулбуураар нь

Өндөр занднаас гүвэрхийлэн (хөвөрхий) уяад

Өвгөн занднаар сүүдэрлүүлж зогсоогоод

Буурдаггүй мөнх хорин таван настай

Бурхан хаан эргэж гэртээ ороод

Хөнгөн цагаан дэвлээ өмсөөд

Хөх торгон бүсээ хавчуулан бүслээд

Хөмөн улаан госоо (гутлаа) өмсөөд

Хөвхгөр мөнгөн дуулгаа өмсөөд

Алдалгүй мэргэн харвадаг

Ангай шар нумаа агсаад

Үзмийн амтаар үсэлж( сүлж)

Шихрийн( чихрийн ) амтаар ширгээж

Бурмын амтаар буцалгасан

Будаг улаан цайнаасаа

Далгай цагаан шаазангаар

Дав дээр далан тав

Даруйд нь наян нэг татаад

Наян найман эвхээртэй

Нануин шар хивээсээ (хадагнаасаа) хэдийг аваад

Атаа их тэнгэртээ

Алтай хангай нутагтаа

Агт моридоо сэтэрлэхээр мордоод

Сэр сэр хатируулаад

Сэгэр сэгэр алхуулаад

Бөгөр бөгөр бөгүүлээд

Бөжин тэшин алхуулаад

Гэгэр гэгэр гэгүүлээд

Гэнэт нэг довтлуулсаар

Алтайн арван гурван уулын

Ах цагаан уул дээр гараад

Ардаа ерөн ес харуус хараад

Өмнөө ерөн есөн харуус хараад

Гунан хонины чинээ уулаа

Дөнөн хонины чинээ цахиур дээрээ тавиад

Дөрвөлжин ган хэтээрээ

Ганц нэг дохилуулан асаагаад

Галуун хүзүүн гансандаа

Гашуун хөх тамхиа нэрээд

Дав дээр далан тав

Даруйд нь наян нэг татаад сууж байтал

Амандаа хөөс цахруулж

Ар шилээ шөргөөсөөр

Алтайн цагаан буур

Алхалсаар дөхөж ирлээ.

Бурхан хаан босож

Бумба зээрд морио

Хад мэт хандраад

Хайрцаг мэт тушаад

Хангал хар ташаан дээрээ

Хоёр хормойгоо хавчуулж

Ханцуй нудрага хоёроо

Хойш нь шамлаад бослоо.

Бариад ноцолдсон дуунд нь

Баян алтай донсолж

Хазаад өвдөглөсөн чимээнд нь

Хаан хангай доргиж

Бурхан хаан дийлэгдэж

Буурын өвдгөнд нухуулахад

Мэлмэгэр хар нүдний нь нулмис

Мээмийн цагаан сүү шиг цацлаад

Алтайн цагаан тормын өвдгөөс

Аварч намайг өршөөгтүн

Үнэхээр сайн хөвүүн заяах бол

Үүнээс намайг салгагтүн гэж

Хамаг хүчээрээ түлхэж

Хайхиран босож ирээд

Алтайн цагаан буурыг

Авч газар цохиод

Эрээн хар хавирга дээр нь

Эрчимтэй хар өвдгөө шигтгээд

Ботгон дуугий нь гарган

Буйлуулан чарлуулж дарахад

Уушиг зүрхий нь зажлуулж

Улаан хөөсий нь гаргахад

Алтайн цагаан буур гэдэг

Алдар нэрий нь авсанаас хойш

Дээгүүр нисдэг жигүүртэн мэн алддаг билээ.

Доогжжр явсан улаан хөлтөн байр алддаг билээ.

Алах дайсан бол түүнээ хэл

Аврах эзэн бол хэргээ хэл гэлээ.

Наян найман эвхээртэй

Нанжин шар хивээ дэлгэж

Ар бөхнөөс нь зүүгээд

Алтайд нь буйлан тавилаа гэнээ.

Бурхан хаан мордож

Бумба зээрдээрээ хатируулж явтал

Хусардгийн хур галзан ( халзан ) азаргатай

Адуучийн ууган хөвгүүн

Аг сахал Баабай ирсэнд

Өрван гурван хөх морийг

Атаа тэнгэрт сэтэрлэхүүцай

Арван гуван шарга морийг

Алтай нутагт сэтэрлэхүүцай

Арван гурван хар морийг

Хангай нутагт сэтэрлэхүүцай гэв.

Адуучийн ууган хөвүүн

Аг сахал Баабай

Хусардагийн хул халзан азаргандаа мордож

Хөдөөгөөр дүүрэн

Хөх буурал адуунаас

Арван гурван хөх морь

Алтайгаар дүүрэн

Алтан шарга адуунаас

Арван гурван шарга морь

Хангайгаар дүүрэн

Хар бараан адуунаас

Арван гурван хар морь ялган салгаж

Алтайг арван гурав эргүүлэн

Хангайг хорин дөрөв эргүүлэн

Болзоотын бор булхан дээр

Болголгүй хөөж гүйцээд цаламдахад

Аргамж нь хуйлран очоод

Аман хатан хүзүүний уулзуураар орсныг

Дөрөөний сур тасартал

Дөрвөн мөч сарвайтал

Алганы арьс зулгартал

Ар тийш нь татахад

Уулын чулууг говьд ортол

Говийн чулууг уулд тултал зүтгэж

Адуучийн ууган хөвгүүн

Аг сахал Баабайгийн

Бал улаан царай нь хувираад

Бадамсамбуу гэзэг нь өвсөнд хутгалдаад

Арай чарай тогтоож байж

Адил зүсмийн морьдыг

Арван гурав,арван гурваар нь

Атаа тэнгэр алтай хангайд нь

Наян найман эвхээртэй

Нанжин шар хивээ зүүж сэтэрлээд тавилаа гэнээ

Буурдаггүй мөнх хорин таван настай

Бурхан хаан цулбуураа тайлж

Бумба зээрд мориндоо морьдож

Хусардгийн хул галзан азаргатай

Адуучийн ууган хөвүүн

Аг сахал Баабайтай

Гүнгэр гүнгэр хүүрнэлдэж

Гүвэр гүвэр алхуулж

Жингэр жингэр ишгэрэлдэн

Жир жир дуулалдаж явтал

Ширүүн хялгасан үстэй

Ширгэсэн онигор нүдтэй

Дөрвөн төө урт соёотой

Гурван төө зузаан өөхтэй

Үхэр шиг салаа туруутай

Үлээсэн гүзээ шиг биетэй

Шавар шороонд халтар болсон

Шармалдсан шантгар хамартай

Газрын хөрсийг хадардаг

Гахай хэмээх амьтныг

Ганган мөрний цаанаас

Гадаад далайн наанаас олж

Алтайг арван гурав тойруулан

Болзоотын бор булхани дээр

Борвиор нь суулган гүйцээд

Тагдгар шийрээс нь барьж

Тажир үснээс нь атгаж

Зузаан хавирган дээр нь өвдөглөж

Зулзаган дуугаар нь чишгүүлж

Наян найман эвхээтэй

Нанжин шар хивээ зүүж сэтэрлээд тавилаа гэнээ

Зорисон үйл бүтлээ

Зовох юмгүй боллоо гээд

Бурхан хаан бумба зээрдээ мордож

Буцаад довтлуулж явтал

Далай цагаан гэрий нь өрхөөр

Алтан баганын ац цухуйж байхыг үзээд

Баярласандаа бархирах шахаад

Бачимдсандаа багтрах шахаад

Гучин хоёр товруутай

Гурвалжин хар малиагаар

Бумба зээрд мориныхоо гуян дээр

Буруу гурав зөв гурав ороолгоход

Гунан үхрийн чинээ цусан үсрээд

Гунжин үхрийн чинээ цусан дуслаад

Чихээ хирчүүл чимгээ цохиул гэж

Бумба зээрдээ хараан цохисоор

Бурхан хаан гэртээ

Харвасан сум шиг шуугисаар

Хашсан бүргэд шиг шумбасаар орж ирэхэд

Далан эргийн арьсыг дэвсэж

Наян иргийн арьсаар хучсан хөвүүг

Уужим хөндийд өлгийдөж

Уйтан хөтлийг дэрлүүлээд тависан байсан гэнээ

Арьсанд боодолтой балчир хөвүүн

Ааваасаа асуусан нь энэ гэнээ

Ангир уургаа шимлээ би

Аав ээжээ танилаа би

Аавын биед хүнтэй танилцлаа

Агтын бийд газар үзнэ

Арьс хөрсөнд боолгуулчихаад

Амарч хэвтэх цаг биш

Алалдах атаатан заагаад өг

Байлдах бачтан заагаад өг

Албат хошуутайгаа танилцья

Амраг бүсгүйгээ олъё гэжээ

Аав нь хүүгээ гуйж

Аргадаж байгаад хэлсэн нь

Нас чинь бага байна

Наран чинь эрт байна

Цус чинь шингэн байна

Цулбуур чинь хатаагүй байна

Унах морио үзээгүй

Учрах дайснаа таниагүй

Барих зэвсгээ үзээгүй

Бачтан дайснаа таниагүй

Гэнэн балчир хүү минь

Гэнэдэнэ осолдоно болохгүй

Энэ жилдээ өнжөөд

Эсэргэн жилд яв гэж ятгаад дийлсэнгүй

Аавын хүүгийн унаа

Аргамаг хүлэг ол гэж

Адуучийн ууган хөвүүн

Аг сахал Баабай

Хусардгийн хул халзан азаргатай явж байтал

Гадаад далайн цаана

Ганган мөрний цаана

Элгэн өнгөтэй хүрэгч гүүгээс

Эр хүрэн унага гараад

Эх дээгүүрээ нааш цааш

Гурван удаа харайхыг үзээд

Энэ ямар ч гэсэн сайн морь

Эр хүний унадаг унаа гэж

Хусардгийн хул халзан азаргаараа

Хурдлуулан хөөж хурайлан хашгирч

Алтайг арван гурав эргүүлээд

Хангайг хорин дөрөв эргүүлээд

Болзоотийн бор булхан дээр

Болголгүй хөөж гүйцээд цамдахад

Аргамж хуйлран очоод

Аман хатан хүзүүний уулзуураар орсныг

Дөрөөни сур тасартал

Дөрвөн мөч сарвайтал

Алганы арьс зулгартал

Ар тийш нь татахад

Уулын чулууг ард нь ортол

Говийн чулууг уулд тултал зүлгэж

Адуучийн ууган хөвгүүн

Аг сахал Баабайгийн

Бал улаан царай нь хувираад

Бадамсамбуу гэзэг нь өвсөнд хутгалдаад

Сайн эрийн морь бол зогс

Саар эрийн морь бол зүтгэж

Алтан аргамжийг минь тасдаж

Арван хэсэг болго гэж шившээд татахад

Хар хөлсөө дуслуулсаар

Хариу эргэн зогслоо.

Эвтэй талаас нь эвлээд

Хавтай талаас нь хавлаад

Гурван нарийн хөлд нь

Гурамсан чөдөр оруулснаа

Амгайчлан ногтолж хөөгөөд

Ар талаас нь туугаад

Албат хүшуун бүгдэд

Авч ирээд шинжүүлэхэд

Адаг араа нь түлхүү гарсан

Аман хүзүү нь бат бүрэлдсэн

Сээрээр өндөр

Сэрвээгээрээ түлхүү

Хурдан болдог нь

Хуй найман шандсандаа

Хурц болдог нь

Хумбан дөрвөн туурайндаа

Хуртай болдог нь

Арвин /харвин/ далан хоёртоо

Баян хүний унага

Баатар эрийн хүлэг

Урт холд унаа

Харь холд хань

Сайн эрийн хүлэг

Саарсан цагт нөхөр гэж шинжилээд

Дөрвөн туурай дор нь

Дөрвөлжин хар чулуу дэвсээд

Хөө мөнгөнмхазаарийг

Хөвхгөр мөнгөн ногтын хамт

Молор эрдэнэ толгойд нь углаад

Могой мэт хэлийг нь амгайгаар нь даруулаад

Хавцал болсон аманд нь хавхлуулж

Харгай дөрвөн соёонд нь оруулаад хазаарлав гэнээ.

Хурган хонины ноосоор

Хуруу зузаан зулан хийсэн

Төлгөн хонины ноосоор

Төө зузаан зулан хийсэн

Хөдөө болсон цагаан тохомы нь

Хөтөл болсон уужим нуруунд нь тавиад

Зандан модоор матаад хийсэн

Зааны ясаар хярлаад хийсэн

Алтаар хийсэн баавартай

Мөнгөөр хийсэн даруулгатай

Гучин хоёр ганзагатай

Гурын арьсан давиуртай

Хаан аав нь зөвлөж хийсэн

Хамаг урчууд чармайж хийсэн

Дөш хар эмээлийг нь

Дөчин хүн дамжилж

Уужим талбун нуруун дээр нь

Унуулан тохон тавилаа гэнээ

Насан тэнгийн залуучууд

Наадаж байгаад сүлжсэн

Үе алдын залуучууд

Үймэж цуглаад гүрсэн

Далан царын арьсаар хийсэн

Дахвхар суран олмыг нь

Давсагны нь эхнээс аваад

Далдын мөөрсийг /мөөргөс/ хүртэл

Далд ортол нь татаад

Жаран царын арьсаар хийсэн

Жиргэн шар жирмийг нь

Жиргэр хавиргыг нь хотойтол

Жийж өшиглөөд татав гэнээ

Хөө мөнгөн хударгыг нь хударгалж

Хөхгөр мөнгөн хөмөлдөргийг нь хөмөлдөргөлөөд

Яргай модоор ясаж /засаж/ хийсэн

Яссан хойно нь зүлгэж өнгөлсөн

Гучин хоёр товруутай

Гурвалжин хар малиаг нь өлгөөд

Сайн эрийн морины тоног

Санасан ёсоор бүтлээ гэнээ

Албат хошуугаараа цуглаж

Ах дүүгээрээ бүрдэж

Далгай цагаан өргөөндөө

Дав дээр далан эгнээ

Даруйд нь наян эгнээ

Дараад нь бас ерэн эгнээгээр суурилан суугаад

Найр жаргалын хөг оруулж

Наадам цэнгэлийн чимээ шуугиулж

Байсан үхрийг байранд нь алуулж

Байдсан гүүг байраар нь алуулж

Зуун унагыг зууханд нь зэллэж

Жаран унагыг жалганд нь зэллэж

Шимтэй улаан цайг

Ширмэн хайсаар нь түлж

Шингэн хар архийг

Ширэн хөхүүрээр нь сөгнөж

Хүйтэн цагаан чигээг

Хүв хүвээр нь сөгнөж

Татчилж эсгэсэн махыг таваг тэвшээр нь овоолж

Тарган хонины ууцыг

Тал бүрт нь зоож

Хутга тавилгүй мах идэж

Хундага тавилгүй архи ууж

Хул тавилгүй чигээ ууж

Жаргахийн ихээр жаргаж

Жаран тав хоноод

Найрлахийн ихээр найрлаж

Наян тав хонов гэнэ

Улс хошуунаа цуглуулсан

Уран гартаа бэрээчүүдийн /бэрцүүл/

Зөрүүлж тавиад эсгэсэн

Зөвлөж байгаад оёсон

Хувцас хунар нь таарч

Хүүд өмсгөсөн нь энэ гэнээ.

Түмэн бухын магнайгаас

Түүж эсгээд оёсон

Түг түмэн товчтой

Түүхий улаан шалбуурыг өмсгөж

Зөөлөн элгээр доторлож

Зузаан элгээр гадарлаж

Өнгийн мяндасаар хөвөөлж

Өргөн мяндасаар хошоолсон

Наян найман алд

Нанжин хив оосортой

Шүүрээд барихад шуурдаггүй

Татаад угзархад тасардаггүй

Бат бөх шуудагыг /зодгийг/

Баатар цээжинд нь өмсгөв.

Чулуутай газар цоордоггүй

Элстэй газар элэгддэггүй

Хадтай газар халтирдаггүй

Харгантай газар бүдэрдэггүй

Дөчинг дөрвөн зуузаатай / зуузайтай/

Дөрвөн зуун угалзтай

Хүж булигааран госыг

Хөвөн цагаан оймсыг өмсгөв

Хур бороонд нэвтэрдэггүй

Хуй салхинд нарвэгддэггүй

Ган халуунд ганддаггүй

Газрын холд элэгддэггүй

Хөнгөн цагаан дэвлий нь өмсгөж

Хөх торгон бүсий нь бүслээд

Харцгын нарьдагчаар татаж

Хангал хар ташаан дээр нь хавчуулав

Халаах наранд хаалт болдог

Хахир хүйтэнд хамгаалалт болдог алтан шар овоодойг

Амгалан тэргүүнд нь тавив

Ган төмөр төдгийг /төдүүлийг/

Гал усанд нь хатааж

Цаламдан гогцоолж хэлхээд

Цамцлан хэвлэж урласан

Хөх төмөр хөө хуягыг

Хүдэр цээжинд нь өмсгөв

Хатаалганд нь хангаад хийсэн

Хатуу ганг давтаад хийсэн

Хурц болтугай гэж

Хорин булгийн усыг дамжуулан хатаасан
наян нахилгатай

Найтан эвхээртэй

Заазуур иртэй

Зангараг ихтэй

Хатаалга даалт нь таарсан

Хар гялдаан илдийг

Мөнгөн тоногтой хуйдан

Мөргүүлэн дүрж хийгээд

Хангал шар ташаанд нь

Хавчуулж зүүж өгөв

Гунан үхрийн чимээ

Гялгар хар хэтэд нь

Цагаан хадан цахиуры нь хийгээд

Царсаар умласан улы /уулыг/ нь дүрээд

Алтай хангай нутгаа дүрслэн сийлсэн

Арван хоёр жилийг алдалгүй сийлсэн

Арслан бар хоёр ноцолдуулан сийлсэн

Алтан мөнгөн тээгээр нь тээлээд

Зүүн талын ташаан дээр нь

Зүүж тааруулаад өгөв гэнэ

Хөдөө шиг өргөн энтэй

Хөтөл шиг уужим оньтой

Зуун тэхийн эврээр элэглээд хийсэн

Зуслан хээрийн шандсаар

Хөвчлөөд хийсэн

Зуур хоногийн хол тусгалтайгаар хийсэн

Аврага могойн арьсаар алаглаад хийсэн

Алт мөнгө хоёроо бугуйлаад хийсэн

Гарьд шувууны өдийг наагаад хийсэн

Ган болд төмрөөр үзүүрлээд хийсэн

Ангайн шар нумыг

Алиа цагаан сумыг

Аль хурдан болдгоор нь

Агсаад тааруулаад өгөв гэнээ

Сайхан хувцасаа өмсөж

Сайн зэвсгээ агссан

Баатар эр өөрий нь

Байдлыг дүрсэлж хэлбэл

----Хаан хангайн нуруу шиг

Ханагар том биетэй

Баян алтайн уул шиг

Баатар хүрэн царайтай

Эрүү шанаагаар өргөн

Эвчүү /өвчүү/ цээжээр хүдэр

Дух магнай нь уужим

Дуулдах дуу нь бүдүүн

Шил зоо нь гүвгэр

Шөрмөс булчин нь түвгэр

Буйд их тэнхээ нь

Бүх биед нь цогцолсон

Буйман их чадал нь

Булчин маханд нь бүрэлдсэн эр

Санаа сэтгэлд нийцсэн

Сарын сайныг сонгож

Өлзий хишиг бүрдсэн

Өдрийн сайныг олж

Алсын замд гарах болоход

Албат хошуугаа үдэж

Аз хийморыг нь ерөөгөөд

Хаан аав нь сургаж

Хатан ээж нь захиж

Хамаг албат нь зөвлөж

Хайрт хүүдээ зөвлөсөн нь

Хүний газар хэцүү бишүү

Хүцгэний нүхэн бүдэрхий биш үү

Харийн дайсан хартай биш үү

Холын дайсан хортой бишүү

Хичээж яв хянамгай яв

Бодож яв болгоож яв

Хүний газар явж байтал

Хэний хөвүүн хэн бэ гэвэл

Бодоор илүү төрсөн

Бодлоор түлхүү төрсөн

Түмэн эрээс түлхээстэй төрсөн

Мянган эрээс магтаалтай төрсөн

Алтай хангай нутгаар дүүрэн

Адал мал хогшилтой төрсөн

Алдар цуу нэрээрээ

Арван зүгээ дуурьсгалтай төрсөн

Албат хошуу иргэдээрээ

Аль ч гүрнээс илүү төрсөн

Дайснийг дарж төрсөн

Дархан цолоо мандуулж төрсөн

Атаатныг алж төрсөн

Алдар цуугаа мандуулж төрсөн

Бууршгүй мөнх 25 настай

Бурхан хаан аавтай

Буцалгүй мөнх 18 настай

Бурам хатан ээжтэй

Элгэн хүрэн морьтой

Эрийн сайн Буйман баатар гэж яв

Товчий чинь торгоод өгдөг

Шилбий чинь шигтгээд өгдөг

Аз заяаны чинь хүн

Амьдрал жаргалын чинь

Амраг болох бүсгүй чинь

Аль зүгт байна гэвэл

Тураг шувуу турж хүрмээр газар

Туурайт морь улдаж хүрмээр газар

Сайн эр саатаж хүрмээр газар

Саар эр салбарч хүрмээр газар

Зүүн өмнө нар гарах зүгт

Зүйл бүрийн цэцэг дэлгэрсэн нутаг

Зүсэн бүрийн шувуу донгодсон

Зүг бүртээ рашаан ундарсан

Гучин хоёр өнгийн солонго татсан

Гуа үзэсгэлэн царайгаар төгс

Арван хуруундаа уран эрдэмтэй

Авьяас билгээр төгөлдөр цогцолсон

Үүзэн тансан хааны дагина

Үүлэн солонго гэдэг бий

Сайхан тэр хүүхний төлөө

Санаа сэтгэлээ зориулсан

Олон газрын баатар эрчүүд

Очиж авахаар цугларах байх

Бяр чадлаа үзүүл

Билэг авьяасаа дайчил

Зам зуураа сайн яв

Зорьсон хэргээ хурдан бүтээгээд

Бурхан хаан аав нь

Баруун талын хацрыг нь

Бахраа ханатал үнсээд

Бурам хатан ээж нь

Зүүн талын хацрыг нь

Зүрхээ догдлуулан үнсээд

Мээмийн цагаан сүүгээ амсуулаад

Мэлтгэр хар нүдээ гялталзуулаад ордуулжээ

Эрийн сайн Буйман баатар

Элгэн хүрэн мориндоо мордоод

Хүж булигааран госоороо

Хүрэл дөрөөгөө дөрөөлтөл

Хангал хүрэн морь нь

Хадтай уулыг бутартал

Харгай бутыг хугартал

Хатуу газрыг булхтал

Хайрган чулууг цацартал

Огторгуйн үүлсийг сэмэртэл

Орчлонгийн амьтныг дүрвэтэл

Олон ягц шуламын ид дарагдаж

Суусан эр нь наасан юм шиг тогтоход

Сургасан морь нь сур шиг сульдаж

Хүч тамир нь муудаад

Хүйтэн хөлс нь дуслаад

Хүхэрсэж үүрсэж нэг янцгаагаад

Хүнчилж нэг хэлээд

Аргагүй сайн эр мөний чинь

Аргамаг хүлэг чинь танилаа гэхэд

Сүүжилдэж жихүүхэн суугаад

Сүвээгээ тулж гэдийгээд

Бөгөр бөгөр бөгүүлээд

Бөжин тэшин алхуулаад

Гэгэр гэгэр гэгүүлээд

Гэнэт нэг довтлуулаад

Сэгэр сэгэр алхуулаад

Сэр сэр хатируулаад

Урд наран гарах зүг рүү

Улаан тоос татуулсаар гарлаа гэнээ.

Хөтөл давааг алхуулаад

Хөдөө талыг гишгүүлээд

Уул толгодыг алхуулаад

Уужим талыг гишгүүлээд

Урт голыг уруудаад

Өргөн голыг өөдлөөд

Хур орлоо гэж хургачилгүй

Салхи боллоо гэж сандралгүй

Гангийн халуунд гандалгүй

Галбын говьд цангалгүй

Өдөр гэж өнжилгүй

Хоног гэж хождолгүй явж байтал

Морины нь ноосон тохом нэвт ургасан

Толгойн чинь үсэн малгай нэвт ургасан

Аман хатан хүзүү нь ардаа эргэсэн

Азай буурал толгой нь хойшоо харсан

Оодон цагаан дэвэл /дээл/ өмссөн

Оготор цагаан морь унасан

Шүд нь шүүрмэг болсон

Шүлс нь аргамж болсон өвгөн дайралдаж

Баатар эрийн алдрыг асуухад :

- Бууршгүй мөнх хорин таван настай

Бурхан хаан аавтай

Буцалтгүй мөнх арван найман настай

Бурам хатан ээжтэй

Элгэн хүрэн морьтой

Эрийн сайн Буйман баатар байна гээд

Аман хатан хүзүү чинь ардаа эргэсэн

Азай буурал толгой чинь хойшоо харсан

Оодон цагаан дэвэлтэй

Оготор цагаан морьтой өвгөн чиний

Морины нь ноосон тохом нэвт

Толгойн чинь үсэн малгай нэвт яагаад ургав гэжээ.

Өндөр шарга морьтой

Өгдэй мэргэн гэдэг хүүг

Арван таван толгойтой

Атигар хар мангас

Алтан шаргал морины нь хамт

Алж хядахыг үзээд

Айж урагшаа зугтсаар байтал

Ардаа эргэж харсаар байтал

Аман хатан хүзүү чинь ардаа эргэлээ

Азай буурал толгой чинь хойшоо харлаа гэжээ.

Өгдэй мэргэнийг алсан

Өнөөх газрыг заалгаад

Хүрэн мориныхоо хурдаар

Хүний хүүгийн омгоор давхиж явтал

Уул гэхэд уул биш

Үүл гэхэд үүл биш

Нүсэр хар юм

Нүүгэлтэн ирж үзэгдэв.

Баатар мангас хоёр

Барилцах шахам зогслоо.

Атигар хар мангас

Ам нээн хэлсэн нь:

- Хуурсны чинээ морьтой

Хумхийн чинээ биетэй

Амны чинь асаа арилаагүй

Тахимын чинь баасан хатаагүй

Хэнз балчир зулбагас /зулбасага / чи

Хэний хөвгүүн хэн гэгч вэ?

Хэрэг зориг хэнд вэ?

Хэт нутаг хаана вэ?

Гучин таван толгойтой

Гудгар хар мангасын хүү

Арслан хээр морьтой

Авалгаачийн эзэн нэртэй

Арван таван толгойтой

Атигар хар мангас над

Аймшиггүй юунд ойртоно вэ, чи?

Амь насы чинь тонилгоно

Адал хогшлыг чинь булаана

Албат иргэдийг чинь боолчлоно гэлээ.

Эрийн сайн Буйман баатар

Элгээ хөштөл инээхэд

Авалгаачийн эзэн хар мангас

Араагаа зууж хорсоно

Алтай хангайн нутагтай

Албат хушуу ихтэй

Адал мал олонтой

Алдар цуу дуурьсгалтай

Бууршгүй мөнх хорин таван настай

Бурхан хааны хүү

Элгэн хүрэн морьтой

Эрийн баатар Буйман баатар гэгч би байна.

Амь насаа үрэгдүүлсэн

Албат иргэдийн төлөө

Өгдэй мэргэн баатрын

Өш хонзонгийн төлөө

Хүний махан хүнстэй

Хүйтэн хахир сэтгэлтэй

Атигар хар мангас чиний

Амь насыг чинь тонилгоно

Үр үндсээр чинь бүгдийг

Үнсэн товрог болгоно

Ээж аавын заяасан

Эгэм далаар үзэлцэх үү?

Эр хүний хэрэглэл

Зэр зэвсгээр үзэлцэх үү? гэлээ.

Газар дэлхий доргих мэт

Гал цахилгаан харвах мэт

Хатуу ширүүн тэмцлийн

Харшилдах тулалдаан эхэллээ.

Хүний ясыг хүүргэл болгоод

Адууны ясыг айргал болгоод

Гүвээ довонг хонхор болгоод

Хурц илдээ эргүүлсээр

Хурайлан хашгирч чавчилдаад

Хоёр хүлэг морьд нь

Хуухиран янцгааж самралдаад

Өртөө зайтай газраас

Өлгөж нэгийгээ шидээд

Хоногийн зайтай газраас

Хатгаж нэгийгээ цойлдоод /цохилдоод/

Усан далай үүстэл чавчилдаад

Цусан нуур тогттол чавчилдаад

Хоногийн зайтай газраас

Хонин цагаан чулуугаар зодолдоод

Үдийн зайтай газраас

Үхэр хар чулуугаар шидэлдээд

Зэр зэвсгийн хүчээр

Зэрэгцэж хоёулаа тэнцсэн учир

Ээж аавын заяасан

Эгэм далаар үзэлцэхээр болж

Хөө хуягаа салбартал

Хөл гараа цуцтал

Зодог шуудгаа язартал

Зоо махаа зулгартал барилдаж

Атигар мангасын чадал

Алхам алхмаар муудаж

Буйман баатрын тэнхээ

Буйд ихээр нэмэгдэж

Барьсан газраасаа татаж

Бариулын чинээ мах авч хаяад

Хүрсэн газраасаа угзарч

Хүрзийн чинээ мах авч хаяад

Өмнөө мангасыг чулуудаад

Өнчин хуурсын чинээ болгож

Ардаа мангасыг шидээд

Алтан хачигийн чинээ болгож дийлээд

Үхэр хэмлэх ясгүй

Үнэг шиншлэх сэггүй болгов.

Арслан хар моринд нь

Арван таван толгойг нь ганзагалж тавиад

Хурдан хүрэн мориндоо мордож

Хуй салхи татуулсаар давхиж

Өгдэй мэргэнийг алсан

Өнөөх газар ирээд

Тарсан ясыг нь цуглуулж

Тааруулж дараалуулан хэлхээд

Тасдсан махыг нь бөөгнүүлж

Тавьж нааж тогтоогоод

Үдэд хүргэлгүй бүрэлдүүлдэг

Үен цагаан эмээ түрхэж

Хоногт хүргэлгүй бүрэлдүүлдэг

Хойн /хонин/ цагаан эмээ шингээж

Амь сүнсийг оруулдаг

Рашаан билгийн эмээ

Аманд нь дусаасаар байгаад

Амьдруулан босгож авлаа

Өндөр шаргал морийг

Өнөө маягаар амьдруулахад

Өвдэй мэргэн баатар

Өвдөг сөхөрч хүндэтгээд

Хаан төрдөө үнэлэгдсэн

Харц олондоо алдаршсан

Хавьдсан дайснаа хамх татдаг

Хүрсэн дайснаа хүү татдаг

Харвахдаа хавьгүй цэцэн

Буудахдаа бүр ч мэргэн

Өвгөн анчин Өөлдийн хүү

Өгдэй мэргэн гэдэг би

Атигар хар мангаст алуулаад байтал

Амьдруулж өгсөн баатар таныхаа

Алдар нэрийг сонсъё

Ах дүү бололцьё гэлээ.

Алтай хангай нутагтай

Алдар цуу дуурьсгалтай

Бууршгүй мөнх хорин таван настай

Бурхан хаан аавтай

Буцалтгүй мөнх арван найман настай

Бурам хатан ээжтэй

Дайсныг дарж төрсөн

Дархан цолоо мандуулж төрсөн

Атаатныг алж төрсөн

Алдар цуугаа мандуулж төрсөн

Элгэн хүрэн морьтой

Эрийн сайн Буйман баатар гэжээ.

Харь нутгийн хоёр баатар

Халуун элэгтэн бололцож

Эрчийн хар илдээрээ

Эрхий хуруугаа огтлолцож

Бүлээн цусаа шимэлцэж

Бүр ч дотно нөхөрлөж

Андгай тангаргаа тавилцаад

Ах дүү бололцоод

Ганган хүний чимэг болсон

Гашуутай хүний зугаа болсон

Навчин хөх тамхиа

Наян найман сурвалжтай

Нарийхан цагаан гансандаа нэрж

Цагаан надан хэт дээрээ

Царсаар умалсан улаа татаж

Гунан үхрийн чинээ

Гялгар хар хэтээр

Гурав дөрөв дохилуулан

Гялс хийтэл оч үсэргэн

Улаан галыг нь бадруулсаар

Утаа манан хадуулсаар асааж

Тамхиа солилцон таталцаж

Таатай сууж амраад

Үүзэн тансар хааны дагина

Үүлэн солонгыг авахаар

Ах дүү хоёр баатар

Аргамаг хүлгүүдтээ мордов гэнээ.

Жолоо сунган хатираад

Зуузай холбон тэшүүлээд

Хүрэл мөнгөн дөрөөгөө хавируулаад

Хүж булигааран госоо харгалдуулаад

Хүр хүр инээлдээд

Хүрзийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Таш таш /тас/ инээлдээд

Тавгийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Жир жир дуулалдаад

Жингэр жингэр ишгэрэлдээд

Хөтөл давааг алхуулаад

Хөдөө талыг гишгүүлээд

Уул толгодыг алхуулаад

Уужим талыг гишгүүлээд

Урт голыг уруудаад

Өргөн голыг өгсүүлээд

Жилийн газрыг сараар товчилж

Сарын газрыг өдрөөр товчилж

Өдрийн газрыг цагаар товчилж

Хур орлоо гэж хургачилгүй

Салхи боллоо гэж сандралгүй

Өдөр гэж өнжилгүй

Хоног гэж хождолгүй

Гангийн халуунд гандалгүй

Галбийн говьд цангалгүй явав гэнээ.

Зүүн өмнө нэрэн урган зүгт

Зүйл бүрийн цэцэг дэлгэрсэн

Зүсэн бүрийн шувуу донгодсон

Зүг бүрдээ рашаан ундарсан нутагт

Үүзэн тансар хааны

Үүдэнд нь хүрэлцэн ирэхэд

Эмээлтэй морьдыг зэллэн уясан

Эрийн сайчууд цуглараад ирсэн

Барлаг зарц нар хоол бэлдсэн

Бага бэрээчүүд үйл оёсон байжээ.

Шарга хүрэн хоёр морио

Шагай шиг тэвхийтэл хантраад

Өндөр занднаас уяж

Өвгөн занднаах сүүдэрлүүлээд

Далгай цагаан өргөөний нь

Дарцаг цагаан үүдийг

Далын гэрэлд хүргэлгүй шидэж

Дараа дараагаар ороод

Үүзэн тансар хааны болон

Үзэм ягаан хатны

Амар мэндийг айлтгаж

- Алсын зорилгоо мэдүүлж

Товчийг минь торгодог

Шилбийг минь шигтгэдэг

Аз заяаны минь хань болох

Амьдрал жаргалын минь түшиг болох

Амраг бүсгүй танайд гэж

Аав ээж минь айлдсан билээ.

Хайрт хүнээ авахаар

Харь хол нутгаас

Халуун дотно нөхөртэйгээ

Хамт хүрч ирлээ би

Аав ээж минь болон

Алдар нэрийг минь асуувал

Бодоор илүү төрсөн

Бодлоор түлхүү төрсөн

Түмэн эрээс түлхээстэй төрсөн

Мянган эрээс магтаалтай төрсөн

Алтай хангай нутгаар дүүрэн

Адал мал хогшилтой төрсөн

Албат хошуу иргэдээрээ

Аль ч гүрнээс илүү төрсөн

Алдар цуу нэрээрээ

Арван зүгтээ дуурьсгалтай төрсөн

Дайсныг дарж төрсөн

Дархан цолоо мандуулж төрсөн

Атаатныг алж төрсөн

Алдар цуугаа дуудуулж төрсөн

Бууршгүй мөнх хорин таван настай

Бурхан хаан аавтай

Буцалтгүй мөнх арван найман настай

Бурам хатан ээжтэй

Элгэн хүрэн морьтой

Эрийн сайн Буйман баатар гэгч би байна гэлээ.

Энэ үгийг сонссон

Эр баатрууд бүгдээрээ

Гин гэж дуугаралгүй

Гялс хийж халиалгүй

Арван зүгтээ агсран буцав.

Хорин зүгтээ хоор /хойш/ буцав.Харин:

- Газрын гахай цагаан

Тэнгэрийн тэвэг хар гэдэг хоёр бөх

Үүлэн солонгыг булаалдахаар

Үлдэж барилдана гэлээ.

Үүзэн тансар хаан

Үе алдрын баатруудад

Үнэн байдлыг тоочиж

Үглэн хэлсэн нь энэ гэнээ.

- Харах нүдний минь цөцгий

Хайрлах зүрхний минь толт

Халуун цусны минь тасархай

Хавтгай ясны минь хэлтэрхий

Үүлэн солонго охиноо

Үе алдрын баатар та нарын

Хэний нь эхнэр мөн гэж өгөхөв.

Хэний нь эхнэр биш гэж татгалзахав

Амраг хайртай охиныг минь

Авцгаая гэж ирсэн бол

Бяр чадлаа үзүүлцгээ

Бяд тэнхээгээ харуулцгаа

Хэн дийлсэн эрд нь

Хэдэн болзол тавина

Зүйл зүйлээр донгоддог

Зүсэн бүрийн шувуудыг минь

Харанхуй шөнөөр далимдуулж

Халин дэвж ирээд

Шүүрэн барьж иддэг

Шүлстэйгээ хольж залгидаг

Хан гарьдад хувилсан

Хамгийн аюултай дайсан бий.

Билчээрт гарсан малыг

Барьж идээд амруулдаггүй

Өрөөсөн бие нь түлэгдсэн

Өлөгчин хөх чоно эхтэй

Дөчин ес орооцолдсон

Долоон хөх чоно бий.

Үхэр тугалаас эхлүүлээд

Үзэгдсэн бүхнээ мөргөж алдаг

Монголын хөх бухад хувилсан

Мангас шулам бас бий.

Энэ гурвыг дарж өгсөн

Эр чадалтай баатарт

Энхрийн хайрт охиноо

Эхнэр болгон өгнө гэв гэнээ.

Эрийн сайн Буйман баатар

Өөлдийн хүү Өгдэй мэргэн хоёр

Хүр хүр инээлдээд

Хүрзийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Таш таш инээлдээд

Тавгийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Газрын гахай цагааны

Гараас нь татаж босгоод

Тэнгэрийн тэвэг харын

Тэвгээс нь татаж босгоод

Насны бага цусны шингэн дээр

Нарны гэрэлтэй өдрийн эрт дээр

Нам зүгээр суухын оронд

Наадам тоглоомоо эхэлье гэв гэнээ.

Жилийн газрын тэртээгээс

Жийсэн хөлөө татан хөдөлж

Сарын газрын тэртээгээс

Сарвайсан гараа дэвэн хөдөлж

Эрийн сайн Буйман баатар

Тэнгэрийн тэвэг хартай

Өөлдийн хүү Өгдэй мэргэн

Газрын гахай цагаантай

Тулж халз зогсоод

Тулгаж шууд бариад

Өрж халж зогсоод

Өргөж нэг үзээд

Эгц халз зогсоод

Эргүүлж нэг үзээд

Уултай газрыг тал болтол

Устай газрыг там болтол

Хадтай газрыг хагарч хэмхэртэл

Харгай модыг хугарч бутартал

Аглаг уулыг чичрэн найгатал

Алтан дэлхийг догдлон доргитол ноцолдоод

Тэвэг хар, гахай цагаан хоёрын

Тэнхээ тамир нь тасраад

Хөл гар нь сульдаад

Хүйтэн хөлс нь асгараад

Булаах хүч нь булраад

Булчин мах нь сулдаад

Дааган мах нь далбараад

Унаган мах нь урсаад

Хатан яс нь чилээд

Хар хөлс нь цутгаад

Арга мэх нь барагдаад

Аз хийморь нь дордоод ирэв гэнээ

Буйман баатар Өгдэй мэргэн хоёрын

Булаах хүч нь нэмээд

Булчин мах нь хөөгөөд

Арга мэх нь олдоод

Аз хийморь нь гүйгээд

Эвтэй биедээ эвлээд

Эргүүлж нэг цойлдоод

Хавтай биедээ хавлаад

Хажуулдуулж нэг цойлдоод

Айд гэж ардаа шидэж

Алтан хачгийн чинээ болгоод

Ойд гэж өмнөө шидэж

Өнчин хуурсны чинээ болгоод

Тэнгэрийн тэвэг харыг

Тэмтрэх юмгүй болтол нь

Газрын гахай цагааныг

Гарах юмгүй болтол нь

Дагжуур хатуу газар

Далан тохой шигтгээд

Зөөлөн бор газар

Зуун тохой шигтгээд

Намаг шавартай газар

Наян тохой шигтгээд хаяв гэнээ.

Харийн хоёр бөх

Хатуу газар шигдэв гэж

Хангинах хүрз зээтүүгээ бариад

Хамаг хошуу албатаар цуглаад

Өдөр шөнө хоёр магтаад

Өнөөх хоёрыг гаргахгүй болохоор

Амьсгаагаа дарж хөлсөө хатаагаад

Амарч суусан хоёр босч ирээд

Ухагдсан газраас нь угз татаад

Шигдсэн газраас нь ширэв татаад гаргав гэнэ.

Буйман баатар Бүргэдэд хувилж

Өгдэй мэргэн Харцаганд хувилж

Хөх цэнхэр огторгуйд

Хөвөн дэгдэж гараад

Хөвхгөр мөнгөн үүлэнд

Хөлөглөн нуугдаж байтал

Халуун нарыг халхалсаар

Хар үүлийг хагалсаар

Хан гарьд дүртэн

Халин дэвсээр ирлээ

Харцага бүргэд хоёр

Хальж дээр нь гараад

Зүүн баруун далавчинд нь бууж

Зүрх уушиг хоёрыг нь харалдуулж

Хурц ган илдээрээ

Хоёр талаас нь бүлж алаад

Хугарсан далавчийн хэсгийг

Хаанд авч ирж өгөв гэнээ.

Баатар хоёр биесээ

Бэлбэсэн зөгийд хувилгаж нисээд

Бухын хоёр эврийн угт

Буугаад хүлээж байтал

Хүнд толгойгоо сэжиж

Хүйтэн хамраа шуухитнуулахад нь

Хамрын хоёр нүхээр нь

Хамт зэрэг нисэж ороод

Уушиг зүрхийг нь тас базаж

Улаан голыг нь таслаад

Хоёр эврийн сэжүүрийг

Хаанд авч ирж өгчээ.

Ах дүү хоёр баатар

Ангай шар нумаа агсаж

Алиа цагаан сумаа зүүгээд

Аргамаг хүлэгтээ мордож

Аюулт чоныг авлахаар

Алсын уулыг зорин гарав гэнээ

Хадан агуйн наана очиж буугаад

Хайрт хоёр морио

Хад мэт хантарч

Хайрцаг мэт тушаад

Хөдөө шиг өргөн энтэй

Хөтөл шиг уужим оньтой

Зуун тэхийн эврээр элэглээд хийсэн

Зургаан зааны соёогоор нуруулдаад хийсэн

Зуслан хээрийн шандсаар хөвчлөөд хийсэн

Зуур хоногийн тусгалтайгаар хийсэн

Аварга могойн арьсаар алаглаад хийсэн

Алт мөнгө хоёроор бугуйлаад хийсэн

Гарьд шувууны өдийг наагаад хийсэн

Ган болд төмрөөр үзүүрлээд хийсэн

Ангайн шар нумаа

Алиа цагаан сумаа

Алдлан татаж

Амгайлан эвшээлгэж байтал

Өрөөсөн тал нь түлэгдсэн

Өлөгчин чоно тэргүүтэй

Дөчин ес орооцолдсон

Долоон хөх чоно гарч ирээд

Эмээлтэй хоёр морь руу

Эрчлэн дайрч ирлээ

Ангай шар нумаа

Алиа цагаан сумаа

Алдалж алдаа дүүргээд

Дэлэмлэж дэлмээ дүүргээд

Баруун хөвчинд нь

Бар арслангийн дуу гаргаад

Зүүн хөвчинд нь

Зүр гурын дуу гарган татаад

Элгэнд нь элээ тас шүүрэлдүүлэн татаад

Тээгд нь тэх хуц мөргөлдүүлэн татаад

Эрхий хурууныхаа өндөгнөөс

Эр үхрийн чинээ цус дуслуулан татаад

Хомхой хурууныхаа өндөгнөөс

Хонь ямааны чинээ цус дуслуулан татаад

Ташраар нь тас харва

Давхраар нь дахилтгүй харва гэж шивнээд тавихад

Уул тал доргитол

Улин хуцаж гангинаад

Өлөгчин чоно нь өнхрөн унаж

Эр чоно нь эвхрэн уналаа.

Үнэсэн хөх арьснуудыг нь хуулж

Үүзэн хаанд авч ирж өгөөд :

- Өшөөтнийг чинь дарлаа

Өөрийн охиноо өгнө үү

Атаатныг чинь сөнөөлөө

Амраг бүсгүйгээ авья гэлээ.

- Аюултай гурван хортныг

Алсан аргаа хэлнэ үү гэж

Үүзэн тансар хаан

Үеийн баатруудаас асуухад :

- Ээзгий ааруул шүүрдэг

Элээ шувууны дэгдээхэйг

Саальчин бэрээчүүд бүсгүй нарын

Саваадаж хөөдөг бяруу бухыг

Хоньчин хургачин хүүхдийн

Хорголоор цохидог чонын бэлтрэгийг

Алтай хангай нутагт минь

Аюулт дайсанд тооцдоггүй юм гэнээ

- Эрийн сайн баатар чамд

Эцсийн болзол тавья

Эр чадлаар их боловч

Эрдэм мэдлэгий чинь шалгая

Ижилхэн бор зүстэй

Ихэр юм шиг цогцостой

Мянган туулай цувуулан гүйлгэе

Миний охиныг түүнээс ол гэжээ.

Буйман баатар муурт хувилж

Бор туулайнууд руу ороход

Ганц бол туулайгаас бусад нь

Гажиж дэгдээд зугтсан гэнэ.

Үнэн дүрдээ хувилж

Үлдсэн туулайг бариад

Үүзэн хаанд үзүүлж

Үрээ өг гэж гуйжээ.

Амалсан мөрөөг авсан болохоор

Атаатан дайсныг дарсан болохоор

Амраг хайрт үрийг минь

Аваад нутагтаа яв гэж

Мянган цагаан атанд

Мөнгө алтыг ачуулаад

Туулай сайхан хамрыг нь сортолзуулаад

Тугал хар нүдийг нь бүртэлзүүлээд

Ширээ хоёр бөхий нь солбилзуулаад

Ширэн дөрвөн тавхайгий нь цайлзуулаад гарав гэнээ.

Нэгэн жилийн төл

Нэгэн азаргын үр

Нэгэн мянган жороо шарга адуунд

Албатыг таслан унуулав гэнээ.

Үүлэн солонго охиноо

Үдээд мордуулахын үед

Үүзэн тансар хаан

Үзэм хатан ээж хоёр нь

Баруун талын хацры нь

Бахаа ханатал үнэсэж

Зүүн талын хацры нь

Зүрхээ догдлулан үнэсэж

Буруу харж уйлаад

Бүлээн нулимсаа дуслуулж

Зөв харж инээгээд

Зөөлөн царайгаар мишээгээд

-Амраг эрдээ үнэнч бай

Аав ээжийгээ хүндэтгэж бай

Албат хушуунд нь нэртэй бай

Ажил үйлсдээ бүтэмжтэй бай гэж

Алтан сургаалаа хайрлаад

Алсын замд нь мордуулаад

Алтай нутгийг зүгрүүлэв гэнээ.

Атан тэмээд нь буйлалдаад

Агт морьд нь янцгаагаад

Албат иргэд нь шуугилдаад

Амраг хоёр нь инээлдээд гарав гэнээ

Жир жир дуулалдаад гарав гэнээ

Жингэр жингэр ишгэрэлдээд гарав гэнээ.

Амраг дагина үүлэн солонго

Адал мал,албат хошууны хамт

Ар талаас ирнэ гэж

Аав ээждээ мэдэгдэж

Албат гүрэндээ зарлаж

Арвин найр бэлтгүүлэхээр

Буйман баатар Өгдэй мэргэн хоёр

Бусдаасаа түрүүлэн явахдаа:

Бид хоёрын хойноос

Төгрөг зурсан газар хоноод

Гурвалжин зурсан газар үдлээд

Дөрвөлжин зурсан газар өнжөөд

Адуу малаа эцээлгүй

Амраг биеэ алжаалгүй

Аажим яваад ир гэж захиад

Гурван жилээ газар түрүүлэн яваад өгөв гэнээ.

Хөтөл давааг алхуулаад

Хөдөө талыг гишгүүлээд

Уул толгодыг алхуулаад

Уужим талыг гишгүүлээд

Хур орлоо гэж хургачилгүй

Салхи боллоо гэж сандралгүй

Өдөр гэж өнжилгүй

Хоног гэж хождолгүй

Жилийн газрыг сараар товчилж

Сарын газрыг өдрөөр товчилж

Адил тэнгийн баатар

Ах дүү хоёр явсаар байгаад

Алтай хангай нутгийнхаа

Арван гурван уулын

Ах цагаан уул дээр гараад

Арван зүгтээ харуулдахад

Алтай нутаг нь зэвхийрч

Хангай нутаг нь хувхайрч

Жигүүртэн шувуу нь донгодохгүй

Жимс алим ч харагдахгүй

Ургамал өвс нь гандаж

Ус булаг нь хатаж

Хад асга нь нурж

Харгай мод нь хугарч

Эрэмдэг зэрэмдэг албат иргэд

Эцэнхий туранхай адуу мал

Энд тэндгүй зовлон зүдүүр

Эргэх эзнээ хүлээж байлаа.

Эзлэгдэж булаагдсан нутаг нь

Энэ бүх байдал нь

Эрийг сайн Буйман баатрын

Элэг зүрхийг эмтэллээ.

Уур хилэн нь буцалж

Уушиг зүрх нь хөөрч

Хайрт Өгдэй мэргэнтэйгээ

Хавсран хүчээ нэгтгэж

Харийн дайснаас өшөөгөө авахаар

Хатуу тангараглаж мордлоо.

Алаг зүсмийн адуу хариулсан

Адууч хөгшин дайралдав.

Хууз халтар сахал нь

Хуучин хурмас шиг ширэлдэж

Хусардгийн хул галзан азарга нь

Хайхалсан юм шиг болчихсон

Адуучийн их хөвгүүн

Аг сахал Баабай хэлсэн нь:

- Хаан эзэн баатар минь

Хариу хүрээд ирэв үү

Харийн хортон дайсан

Хангай алтайг чинь эзэлж

Бурхан хаанаар үхэр хариулгаж

Бурам хатнаар үгэс зөөлгөж

Хамаг албатыг чинь боолчлоод

Хатуу ширүүн дарлаж байна.

Авалгаачийн эзэн цуутай

Арслан хар морьтой

Арван таван толгойтой

Атигар хар мангасын

Авгайн гэдсэнд үлдсэн

Аюултай хоёр дайсан

Ихэр хоёр хөвүүн

Илбэн Сэлбэн хоёр

Их гүрнийг чинь эзэллээ.

Ингэж биднийг боолчиллоо гэв.

Аг сахал Байбаагаар

Аавынхаа гэрийг заалгаад

Асганы бүрэнхийгээр очиход

Адгийн хар гэр байжээ.

Бурханы хаан аав нь

Бурам хатан ээж нь

Төрүүлсэн ганц хүүгээ

Таних шинжгүй болохоор

Буйман баатар очиж

Баруун хойморт нь суугаад

Нүцгэлж бүсээ тайлаад

Нуруугаа галд ээжээ.

Анх шагайн чинээ байсан

Ар дал дээрх мэнгэ нь

Аягын чинээ томорсныг

Аав ээж хоёр нь таниад

Үр минь гэж уйлаад

Үгээ хэлж чадахгүй мэгшээд

Баруун талын хацры нь

Бахаа ханатал үнэсэж

Зүүн талын хацры нь

Зүрхээ догдлуулан үнэсэж

Харалсан дотор нь гэрэлтэж

Хатсан зүрх нь дэвтэв гэнээ.

Хаан хатан хоёр

Харгис мангаст эзлэгдсэн

Хамаг зовлонгоо тоочоод

Хайрт хүүгий нь дагаж

Хамт ирсэн баатрыг:

- Хэний хөвгүүн хэн бэ?

Хэт нутаг хаана вэ?

Алс хол зорьж яваа юу?

Аяг энэ зуур яваа юу? гэж асуужээ.

Ахгүй над ах болсон

Атаатныг дарахад нөхөр болсон

Дүүгүй надад дүү болсон

Дайсныг дарахад нөхөр болсон

Газрын холд хань болсон

Ганц биед минь түшиг болсон

Харийн нутагт хань болсон

Хатуу дайсанд цохилт болсон

Хаан төрдөө үнэлэгдсэн

Харц олондоо алдаршсан

Хавьтсан дайснаа хамх татдаг

Хүрсэн дайснаа хүү татдаг

Харвахдаа хавьгүй цэцэн

Буудахдаа бүрч мэргэн

Өвгөн анчин Өөлдийн хүү

Өгдэй мэргэн гэдэг баатар

Атаатанд хорлогдсон байхад нь

Амь оруулж амьдруулаад

Ам тангарагаа өгөлцөж

Ах дүү бололцсон бид гэв гэнээ.

Хаан хатан хоёр

Хамгийн их баярлаж

Өгдэй мэргэн хүүг

Өвөр дээрээ татаад

Баруун талын хацры нь

Бахаа ханатал үнэсэж

Зүүн талын хацры нь

Зүрхээ догдлуулан үнэсэж:

- Харах нүдний минь хараа болсон

Халуун зүрхний минь цус болсон

Хайрт үрд минь түшиг болсон

Хатгалдах дайсанд нь хавсрага болсон

Газаалж /гадуурхан / өөлөх сэвгүй

Гарсан үрээс минь ялгаагүй

Төгөөлж хийдэх зайгүй

Төрсөн үрээс минь өөрцгүй

Өгдэй мэргэн хүү чамайг

Өөрийнхөө хүү гэж үзнэ гээд

Алтан завьяа цөгцөнд

Ангир уургаа сааж өгөхөд

Өгдэй мэргэн баатар

Өмнө инь очиж суугаад

Толь магнайгаараа мөргөөд

Товхон өвдгөөрөө сөхрөөд

Аман цагаан алчуурыг

Алган дээрээ дэлгээд

Алтан завьяа дүүргэсэн

Ангир шар уургий нь авч

Аршаалан шимж уугаад

Амраг хайртай хүүтэй чинь

Ах дүү бололцсон би

Аав ээж та хоёрыг

Ашид мөнх хүндэтгэнэ гэж

Ам тангарагаа өгөөд

Аав ээж хоёртойгоо

Амар мэндээ ингэж мэдэлцээд

Алтай хангайгаа чөлөөлөхөөр

Албат иргэдээ суллахаар

Атаатан дайснаа сөнөөхөөр

Ах дүү хоёр мордов гэнээ.

Адуучийн ууган хүү

Аг сахал Баабайг

Ихэр хоёр мангаст

Илгээж илчээр явуулав гэнээ.

Хүрэн шар хоёр морьтой

Хүж барьсан ах дүү хоёр

Алтайн арван гурван уулын

Ах цагаан уул дээр гарч

Дайраад ирэх дайснаа хүлээж

Өгсөөд ирэх өстнөө хүлээж

Ганган хүний чимэг болсон

Гашуутай хүний зугаа болсон

Навчин хөх тамхиа

Наян найман сурвалжтай

Нарийхан цагаан гансандаа нэрж

Цагаан хадан хэт дээрээ

Царсаар умалсан улаа тавьж

Гунан үхрийн чинээ

Гялгар хар хэтээр

Гурав дөрөв дохилуулаад

Гялалзсан оч үсэргээд

Улаан галыг нь бадруулсаар

Утаа манан татуулсаар

Дав дээр далан тав

Даруйд нь наян тав хийлээд суув гэнээ.

Адуучийн ууган хөвгүүн

Аг сахал Баабай

Хусардгийн хул галзан азаргаараа

Хурдлуулан давхиж очоод

Ихэр хоёр мангаст

Ингэж хэл хүргэжээ:

- Алтай нутгаа чөлөөлөхөөр

Албат иргэдээ суллахаар

Адал малаа авахаар

Аав ээжээ суллахаар

Ихэр хоёр хөвүүн

Илбэн Сэлбэн та хоёрыг

Үр үндсийг чинь тасалж

Үнэсэн товрог болгохоор

Элгэн хүрэн морьтой

Эрийн сайн Буйман баатар

Өндөр шарга морьтой

Өгдэй мэргэн гэдэг

Андгай тангарагаа тавилцсан

Ах дүү хоёр баатар

Алтайн арван гурван уулын

Ах цагаан уул дээр

Хүрээд ир гэж та хоёрыг

Хүлээж сууна гэжээ.

Улангассан бухын адил

Уурласан хоёр мангасын

Уушиг зүрх нь савсан

Улаан нүд нь эргэлдэж

Зэр зэвсгээ агсаж

Зэхэж түргэн мордов гэнээ.

Ижил бор морь унасан

Илбэн Сэлбэн хоёр

Хангайн хорин дөрвөн уулын

Хамгийн адгийн уул дээр

Галзуу бар шиг давхисаар

Гараад ирэв гэнээ.

Харж суусан хоёр баатар

Хантайрсан мориндоо харайн мордож

Харийн хоёр мангастай

Хашгирч дуугаа авалцаад

Хүлэг морины хурдаар

Хүний хүүгийн омгоор

Харцага шувуу шиг халин шумбаж

Харвасан сум шиг шуугин цойлж

Халиасан нүдээ ч ирмэлгүй

Хашгирч дуугаа таслалгүй

Гялдаан хар илдээ

Гялс цайс эргүүлсээр

Хурдан хүлгийн туурайгаар

Хуурай тоосыг босгосоор

Хад асгыг нураасаар

Харанхуй манан татуулсаар хүрэв гэнээ.

Харшилдах мэсийн хавиралтанд

Гар цахилгаан гялалзаж

Хашгирах ширүүн дуунд нь

Газар дэлхий донсолж

Хад уулыг нуртал чавчилдаад

Харгай модыг хугартал чавчилдаад

Хоногийн зайтай газраас

Хонин цагаан чулуугаар зодолдоод

Үдийг зайтай газраас

Үхэр хар чулуугаар шидэлдээд

Өртөө зайтай газраас

Өлгөж нэгийгээ шидээд

Хоногийн зайтай газраас

Хатгаж нэгийгээ цойлдоод

Усан далай үүстэл цавчилдаад

Цусан нуур тогттол цавчилдаад

Илбэн Сэлбэн хоёрын

Ид чадал нь буурч

Илдийн цавчилтанд ялагдаад

Ижил бор мориндоо мордож

Хангайн уул өөд

Хар хурдаараа зугтаалаа.

Хос хоёр баатар

Хойноос нь хөөхөөр завдтал

Гэв гэнэт харанхуйлж

Газар дэлхий доргиж

Хуйларсан үүл бүрхэж

Хуртай мөндөр шаргиад

Аянга цахилгаан гялалзаж

Алтай хангайг доргиуллаа.

Тэгэхдээ бас хажуугаар нь

Тал бүрээс нь нүүгэлтэж

Түүркийн түмэн цэрэг

Түгэж хучаад ирлээ.

Бухаарын буман цэрэг

Бүрхэж хучаад ирлээ.

Хүрээд ирснийг нь

Хүү чавчаад

Хавьдаад ирснийг нь

Хамх чавчаад

Хүний ясыг хүүргэл болгоод

Адууны ясыг айргал болгоод

Ач тач чавчалдсаар

Арван таван хоног байлдсаар

Аюулт олон дайсныг

Алж чавчиж дуусгаад

Мангасын хоёр хүүг

Мөрдөж хойноос нь хөөх гэтэл

Эрийн сайн Буйман баатрын

Элгэн өнгөт хүрэн морь нь

Дөрвөн хурц туурайгаараа

Доорх газраа цавчилж

Хүхэрсэж янцгаагаад

Хүнчилж хэлсэн нь:

- Тэрсүүд хоёр дайсныг

Тэтгэж тусалж байгаа

Мангасын хоёр хүүг

Манаж сахиж байгаа

Атигар хар мангасын авгай болох

Аюулт хоёр хүүгийн эх болох

Зээрэн нарийн шилбэтэй

Зээтүү нарийн хушуутай

Зэс махир хумстай

Зэрлэг шулам эм

Огторгуйн агаарт гарч

Олон цэргээр бөөлжөөд

Хоёр хүүгээ зугатаахаар нь

Хортой мөндөр цутгаж

Та хоёрын явах замыг

Тас хөндлөн боож байна.

Ихэр хоёр хөвүүгээ

Илбэн Сэлбэн баатараа

Унахад нь уул хад болж тулаад

Улдахад нь тах зуузай болж хамгаалаад байна.

Хортон тэр шуламыг

Хортой цагаан сумаараа

Үүлэн нэвт харваж

Уушиг зүрхийг нь сүлбэхгүй бол

Амарч хүчээ сэлбэсэн

Аюулт хар мангасыг

Хүч чадлаар барилдаад ч

Хүнд илдээр чавчаад ч

Устган дийлж чадахгүй гэж

Ухаант хүлэг нь хэлэв гэнээ.

Хөдөө болсон энтэй

Хөтөл болсон оньтой

Ангай шар нумаа

Алдалж алдаа дүүргээд

Дэлэмлэж дэлмээ дүүргээд

Баруун хөвчинд нь

Бар арслангийн дуу гарган татаад

Зүүн хөвчинд нь

Зүр гурын дуу гарган татаад

Элгэнд нь элээ тас шүүрэлдүүлэн татаад

Тээгт нь тэх хуц мөргөлдүүлэн татаад

Эрхий хурууныхаа өндөгнөөс

Эр үхрийн чинээ цус дуслуулан татаад

Хомхой хурууныхаа өндөгнөөс

Хонь ямааны чинээ цус дуслуулан татаад

Уушиг зүрхий нь сүлбэж

Улаан голы нь тасал гэж шившээд

Тохмын чинээ хар үүлний сэмэрхийгээр

Толгой цээж нь цухуйж байсан

Хортой шулам эмийг чиглүүлэн

Хортой цагаан сумаа тавилаа.

Орилсон харих дуунд

Огторгуйн үүл сэмэрсээр

Хавиргандаа сум чичрүүлсээр

Халуун цусаа урсгасаар

Хараалын үгийг цувуулсаар

Хахир дуугаар хашгирсаар

Бөөлжсөн цэргийнхээ хүүрэн дээр

Бууж ирэд уналаа

Унасан бие нь үхсэн боловч

Ухаан санаа нь арилсан боловч

Цусан дуссан газраас нь

Цулбууртай хөвүүн босож барилдаад

Шүүсэн дуссан газраас нь

Шөрмөстэй хөвүүн босож барилдаад

Дайны хажуугаар

Дажин дэгдэж

Байлдааны хажуугаар

Барилдаан дэгдэж

Цохих нэгий нь цохиж алаад

Цойлдох нэгийг нь цойлдож алаад

Цавчих нэгий нь цавчиж алаад

Чадлаа бартал ноцолдож алаад дуусав гэнээ.

Илбэн Сэлбэн хоёр мангас

Ээжийг нь алсныг мэдээд

Уур хилэн нь бадарч

Уушиг зүрх нь сагсайж

Улаан тоос манаргасаар

Уралдан давхиж ирээд

Амарсан хүчиндээ найдаж

Арга мэхээ өөрчилж

Бүлэх зэвсгээр тулалдахгүй

Булчин шөрмөсөөр үзэлцэнэ

Чавчих зэвсгээр байлдахгүй

Чадал тэнхээгээр барилдана гэв.

Жилийн газраас жийж

Сарын газраас сарвайж

Тулж халз зогсоод

Тулгаж шууд бариад

Өрж халз зогсоод

Өргөж нэг цойлдоод

Эгц халз зогсоод

Эргүүлж нэг цойлдоод

Уултай газрыг тал болтол

Устай газрыг там болтол

Гүвээ довонг хонхор болтол

Гүдгэр хотгорыг нуур болтол

Хад уулыг хагарч бутартал

Харгай модыг хугарч унатал

Айд гэж ардаа шидэлцээд

Ойд гэж өмнөө шидэлцээд

Хөө хуягаа салбартал

Хөл гараа цуцтал

Зодог шуудгаа язартал

Зоо махаа зулгартал

Ар өмнөө шидэлцсээр

Арван таван хоног

Хойно урдаа шидэлцсээр

Хорин таван хоног барилдав гэнээ.

Илбэн Сэлбэн хоёрын

Ид хав нь буурч

Булаах хүч нь булраад

Булчин шөрмөс нь сулдаад

Дааган мах нь далбараад

Унаган мах нь урсаад

Хатан яс нь чилээд

Хар хөлс нь асгараад

Арга мэх нь барагдаад

Аз хийморь нь дордоод ирэв гэнээ.

Буйман баатар Өгдэй мэргэн хоёрын

Булаах хүч нь нэмээд

Бултрах мэх нь ихдээд

Булчин мах нь хөөгөөд

Арга заль нь олдоод

Аз хийморь нь гүйгээд

Эвтэй биедээ эвлээд

Эргүүлж нэг шидээд

Хавтай биедээ хавлаад

Хажуулдуулж нэг шидээд

Өмнөө авчирч шидээд

Өнчин хуурсны чинээ болгоод

Ардаа авч ирж шидээд

Алтан хачгийн чинээ болгоод

Барьсан газраасаа татаж

Бариулын чинээ мах авч хаяад

Хүрсэн газраасаа угзарч

Хүрзийн чинээ мах авч хаяад

Үхэр хэмлэх ясгүй

Үнэг үнэрлэх сэггүй болгож гэнэ.

Атаатан дайснаа дарсан

Ах дүү хоёр баатар

Алтайн арван гурван уулын

Ах цагаан уул дээр гарч

Асгарсан их хөлсөө

Ариун салхинд нь сэрвээж

Алжааж ядарсан биеэ

Амрааж хэсэг суутал

Алтан дэлхийн хүйснээс

Рашаан булгийн хур орж

Алжаасан биеийг нь угаагаад

Алтай хангай нутгийн

Агирч хатсан хөрсийг

Алд дэлэм гүнзгий дэвтээгээд

Алтан нар нь ээвэрлэхэд

Хуурай газар зүлэгжиж

Хувхай мод нь ногоорч

Алаг цэцэг нь эрээлжилж

Алим жимс нь сагсайгаад

Араатан жигүүртэн сүлжилдээд

Ан гөрөөс нь цувалдаад

Адуу мал нь налайгаад

Айл гэрүүд нь ярайгаад

Рашаан булаг нь ундраад

Алтай хангай нутаг нь

Анх байсан янзандаа ороод

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад ирэхийн үед

Хүж барьсан хоёр баатар

Хүр хүр инээлдэж

Хүрзийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Таш таш инээлдэж

Тавгийн чинээ цагаан шүдээ яралзуулаад

Алаг хоёр нүдээрээ

Алсыг ширтэн сууж байтал

Атан тэмээ нь буйлалдаад

Агт морьд нь янцгаагаад

Албат иргэд нь дуулалдаад

Амраг бүсгүй нь аашиж гэнэ

Хурдан хүлгээ унаад

Хоёр баатар тосоод

Аян замд сайн явсан

Амар мэнд асуугаад

Атаат дайсныг сөнөөн дарсан

Алдар гавьяагаа дуурьсгуулаад

Үзэсгэлэн гуа төгөлдөр

Үүлэн солонго дагинаа

Үеийн хоёр баатар

Үелэж дундаа оруулаад

Албат иргэд

Ачаа бараа

Адал мал тэр бүгдийг

Ардаа оруулж дагуулаад

Бурхан хаан аавынхаа

Бурам хатан ээжийнхээ

Бум сая албат дотор

Буцаад ороод ирэх нь

- Дайснаа дараад

Дархан цолоо мандуулаад

Дагинаа залаад

Давхар баяртай ирэв үү ?

Өштөнөө дараад

Өргөн цолоо мандуулаад

Өнгө үзэсгэлэнт дагинаа

Өмнөө залаад ирэв үү? гэж

Албат иргэд нь шуугилдсаар

Амар мэндий нь асуусаар угтав гэнэ

Хаш эрдэнэ мэт шүдтэй

Хангайн цэцэг мэт царайтай

Урсгал дөлгөөн хар нүдтэй

Уулын улаан цэцэг мэт уруултай

Шинийн гунаны сар мэт

Шилбэн хар хөмсөгтэй

Шил газрын цэцэг мэт

Шингэн ягаан царайтай

Найлзаг залуу харгай мэт

Нарийхан гуалиг нуруутай

Нанжин мяндсан утас мэт

Намираа хар үстэй

Нааш цааш халихад нь

Нарны гэрэл туссан

Өмөөр хоор халихад нь

Өнгийн туяа цацарсан

Гучин хоёр өнгийн солонго татсан

Гуа үзэсгэлэнт үүлэн солонгыг

Халиасан хүн бүгд

Ханаран дагаж гүйлдээд

Үзсэн хүн бүгд

Үймэлдэн дагаж гүйлдэв гэнээ.

Бурхан хаан баярлаж

Бурам хатан инээж

Их хэнгэргээ цохиж

Их албатаа цуглуулаад

Бага хэнгэргээ цохиж

Бага албатаа цуглуулаад

Үүзэн Тансар хааны охин

Үүлэн солонго дагиныг

Алтан шарга морин дээрээс нь

Аяархан түшиж буулгаад

Торгон жолоог нь бүүргээс нь өлгөж

Тосон цулбуураар нь морий нь хөтөлж

Өндөр занднаас уяад

Өвгөн зандаар сүндэрлүүлээд

Бэр болох дагинаа

Бурхан хааныд оруулахдаа

Буйман баатар, Өгдэй мэргэн хоер

Буруу зөв хоёр талаас н ь түшээд

Дөрвөн зуун зээгтэй

Дөчин дөрвөн угалзтай

Дөрвөн мянган шаглаатай

Дөрвөлжин цагаан үүдийг

Дөчин идэр залуу эр

Дөнгөж дангаж даагаад өргөхөд

Бэр болох дагина нь

Бурхан хааныд орлоо.

Бурхан хаан аав нь

Бурам хатан ээж нь

Агир зандан ширээн дээр

Амгалан тайван суужээ.

Өөдлөх тэргүүнээ тонгойгоод

Өвдөг сөхөрч ёслоод

Наян найман эвхээртэй

Нанжин шар хэв дээр

Морины толгойн чинээ

Молор цагаан эрдэнэ тавьж

Бэлэг болгон бариад

Бэр нь амрыг асуужээ.

Хаан хатан аав нь

Хайртай ганц бэрдээ

Нэгэн жилийн төл

Нэгэн бухын үр

Нэгэн мянган улаан үхэр

Нэгэн азаргын үр

Нэгэн мянган зээрд адуу

Нэгэн буурийн үр

Нэгэн мянган атан тэмээ

Нэгэн хуцын үр

Нэгэн мянган халзан хонь

Үүлэн хээтэй торгон гадартай

Үнэгний арьсан дотортой

Цоохор торгон гадартай

Чонын арьсан дотортой

Хээтэй торгон гадартай

Хэрмэн арьсан дотортой

Өнгө бүрийн хувцасыг

Өөд өргөн бариад

Алтаар хийсэн бөгж

Алмаас шигтгэсэн ээмэг

Бэлэг болгон өгөв гэнээ.

Буйман баатар хүүдээ

Булган дотортой дээл

Илд нум саадаг зэрэг

Эрийн есөн зэвсэг бэлэглэв гэнээ.

Өөрийн хүүгээс өөрцгүй

Өгдэй мэргэн баатарт

Албат хошууг аймгаар нь

Агт морьдыг азаргаар нь

Бурантагтай тэмээг буураар нь

Үхэр сүргийг сууриар нь

Хонин сүргийг хотоор нь таслан өгч

Илд , сум саадаг зэрэг

Эрийн есөн зэвсэг бэлэглэв гэнээ.

Настан залуу бүгдээрээ

Найр хуримандаа цуглаж

Далгай цагаан өргөөндөө

Дав дээр далан эгнээ

Даруйд нь наян эгнээ

Дахиад бас ерэн эгнээ суурилаж суугаад

Найр хуримын хөг оруулж

Наадам цэнгэлийн чимээ шуугиулж

Байсан үхрийг байраар нь алуулж

Байдсан гүүг байранд нь алуулж

Хонцог тарган халзан иргийг

Хот хотоор нь алуулаад

Зуун унагыг зууханд нь зэллэж

Жаран унагыг жалганд нь зэллэж

Шимтэй улаан цайг

Ширмэн хайсаар нь тулж

Шимийн хар архийг

Ширэн хөхүүрээр нь сөгнөж

Хүйтэн цагаан чигээг

Хүв хүвээр нь сөгнөж

Татчилж ишгэсэн тарган махыг

Таваг тэвшээр нь овоолж

Тарган хонины ууцыг

Тал бүрт нь зоож

Өвгөн хүн насжсанаа мэдэхгүй болтлоо

Өсвөрийн залуус зүрхээ тогтоохгүй болтлоо

Өнчин хүн хормойгоо даахгүй болтлоо

Өлөгчин нохой гэдсээ даахгүй болтлоо

Хутга тавилгүй мах идэж

Хундага тавилгүй архи ууж

Хул тавилгүй чигээ залгилж

Жаргахын ихээр жаргаж

Жаран тав хонов гэнээ.

Найрлахын ихээр найрлаж

Наян тав хонов гэнээ.

Өгдэй мэргэн баатар

Өөрийн нутагтаа буцаж

Аав ээжээ аваад

Адал хогшлоо туугаад

Албат иргэдээ дагуулаад

Амраг бүсгүйгээ аваад

Хариу нүүгээд ирнэ гэж

Хаан хатан хоёр болон

Хайрт дүү Буйман баатраас

Өвдөг сөхрөн гуйхад

Өөрсдөө тэд зөвшөөрч

Эрийн сайн Буйман баатар

Өгдэй мэргэнтэй мордлоо.

Ах дүү хоёр баатар

Алхаа гишгээгээ нийлүүлж

Ай чөлөөгүй арван тав хоног яваад

Хоёр нутгийн зааг дээр

Хүрээд ирэхийн үед

Өгдэй мэргэн баатар

Өгүүлж хэлдэг нь энэ гэнээ:

- Хайрт баатар дүү минь

Хариу нутагтаа буц

Аав ээждээ хүрээд

Амраг бүсгүйдээ очоод

Албат хошуугаа захираад

Амар сайн сууж бай !

Өгдэй мэргэн ах чинь

Өөрийн нутагт ойртлоо

Халуун элгэн нутагт минь

Халдах дайсан байхгүй гэв.

- Ганц биед минь түшиг болсон

Гаднын дайсанд даруулга болсон

Харийн газар хань болсон

Халдах дайсанд цохилт болсон

Хайрт ах чамаасаа

Хагацаж салж чадахгүй

Хамт хоёулаа явж

Хань бараандаа очьё гэлээ.

- Хоёр эхээс төрсөн

Хоёр баатар байтугай

Эх нэгтэй төрсөн

Эв углуургаараа нийлсэн

Эрүү толгой хоёр

Эцэстээ салдаг ёс бий.

Зүрх сэтгэлээ чангалаад

Зүг зүгтээ явья

Удаж сааталгүй хоёулаа

Уулзан учиръя гэж

Баатар магнайг нь илж

Баруун хацрыг нь үнэсээд

Өссөн нутгаа чиглээд

Өгдэй мэргэн хатируулсаар

Нутаг усандаа хүрээд ирэхэд

Нүүсэн буурь нь харлаж

Ургамал мод нь хувхайрч

Ус булаг нь хатаж

Хүн малын хүүр сэг дээр

Хэрээ шувуу гуаглан эргэлдэж

Эль хуль оргиод

Элсэн цөл болжээ.

Төрсөн аавынхаа голомтын

Тулгын гурван чулуун доор

Болгож арьсанд нь боосон

Бор иргийн бүрэл мах

Хар хөхүүрэнд хийсэн

Хатуу амттай дангийн архи

Учирсан гайг багтааж бичсэн

Урт цаастай ховч бичиг байжээ.

Иргийн бүхэл махыг

Идэж бүрэн бараад

Хөхүүртэй хатуу архийг

Хөнтөрч бүгдийг уугаад

Алд шар бичгийг

Аваад уншиж үзэхэд

- Газрын гахай цагаан

Тэнгэрийн тэвэг хар гэдэг хоёр баатар

Өмнө урьдын өшөө бий

Хойно хожмын хонзон бий гэж

Ар нутгийг нь дайлаад

Албат гүрнийг чинь эзлээд

Амраг бүсгүйг чинь олзлоод

Аав ээжийг чинь боолчлоод

Ард наран шингэх зүг

Аваад биднийг явлаа

Хэрэв чи амьд мэнд

Хэзээ нэг эргэж ирвэл

Архи махыг идэж уугаад

Алд бичгийг уншиж мэдээд

Боолчлогдсон биднийхээ хойноос

Болгоомжтой яваад ир ! гэжээ.

Өгдэй мэргэн баатар

Өш хонзонгоо авахаар

Эмээлт мориндоо мордож

Эр чадал нь оволзож

Идэж барсан маханд нь

Ид чадал нь нэмэгдээд

Ууж барсан архинд нь

Урам зориг бадраад :

- Эр хүн санасандаа эс хүрвэл

Элэг нь хатдаг гэлээ.

Эр морь санасандаа эс хүрвэл

Туурай нь хатдаг гэлээ гэж

Ард түмнийхээ төлөө

Амиа тавьж тулалдана

Амраг бүсгүйнхээ төлөө

Аргаа сүвэгчилж барилдана

Анчин аавын хүү би

Албатаасаа төрсөн байлгүй яахав

Азрагын унага шарга морь

Агтнаасаа төрсөн байлгүй яахав гээд

Өгдэй мэргэн баатар

Өндөр шаргадаа мордож

Харж үхэхийн оронд

Өрж үх гэж байдаг гээд

Хуучин мөрийг нь

Хуншин гүйлгээд

Шинэ мөрийг нь

Шиншин гүйлгээд

Уул нутагтаа хүрээгүй байхад нь

Урт замдаа аялж байхад нь

Хойноос нь гүйж очоод

Хорын нь малтаж хэлсэн нь:

- Сайхан хүүхний төлөө

Саатаж бидэнтэй барилдахад чинь

Сайн эрчүүд гэж бодоод

Шаагдсан газраас чинь гаргасан билээ.

Өмнө урьдын тэр явдлыг

Өш хонзонд бодож

Ар нутгийг минь эзлээд

Албат хошууг минь боолчилсон

Арчаагүй болхи шинжтэй

Адгийн муу эрчүүд гэж

Та хоёрыг тооцъё

Тангараглаж би андгайлъя

Алалдах тулаанд дуудъя

Амин сүнсийг чинь таслая гээд

Хашгирсан дуугаа таслалгүй

Халиасан нүдээ ч ирмэлгүй

Хүлэг мориныхоо хурдаар

Хүний хүүгийн омгоор

Гялдаан хар илдээ

Гялс цайлс эргүүлсээр

Гахай цагаан, тэвэг хар хоёртой

Ганцаараа тулалдаж эхлэв гэнээ.

Асга хадыг нуртал

Арын харгайг унатал

Энгэр газрыг элэгдтэл

Эрэг гангыг нуртал

Ган илдийг хэмхэртэл

Газрын хөрсийг булхтал

Гахай цагаантай цавчилдсаар

Гар хуруу нь цуцаж

Тэвэг хартай цавчилдсаар

Тэнхээ тамир нь тасарч

Өгдэй мэргэн баатар

Өөрийн эрхгүй дийлэгдтэл

Хүлэг морины янцгаах дуу

Хөрст дэлхийг догдлуулж

Хүний хүүгийн хашгирах дуу

Хөх тэнгэрийг цочоосоор

- Өгдэй мэргэн ах минь

Өштөний гарт үхээгүй биз

Амьд мэнд уулзах

Аз заяа байна уу !

Хортон хоёр дайсныг чинь

Хумхийн тоос болгосуу /болгоё/ би

Өштөн хоёр дайсныг чинь

Үнэсэн товрог хийсүү /хийе/ би гэсээр

Эрийн сайн Буйман баатар

Ирт мэсээ далайсаар

Хүрэн мориныхоо хурдаар

Хүрээд ирэв гэнээ.

Тэнгэрийн тэвэг хартай

Буйман баатрыг тулалдахад

Өгдэй мэргэн баатрын

Урам зориг нь орж

Ухаан санаа нь нэмэгдэж

Булчин шөрмөс нь чангарч

Бяр тэнхээ нэмээд

Газрын гахай цагаантай

Гардан тулалдах болов

Хүчит дөрвөн баатрын

Хүрхэрэх мэт дуунд

Хүлэг дөрвөн морьдын

Хүхэрсэн янцгаах чимээнд

Хүнд хар илдийн

Хүрэлцэн харшилдах дуунд

Дөрвөн ойрд хойш нь дүрвэж

Дөчин хошуу урагш нь дүрвэж

Ан араатан айн зугтааж

Жигүүртэн шувууд жилийтлээ зугтааж

Хад уул хагаран бутарч

Харгай мод хугаран унаж

Түмэн амьтан түжигнэж

Буман амьтан бужигнав гэнээ .

Гахай цагаан ,Тэвэг хар хоёрыг

Газарт унаган өвдөглөн дараад

Эцсийн удаа цавчихаар

Ирт мэсээ далайгаад

- Алах царын дөр авдаг

Алах эрийн үг сонсдог

Гэрээсэлж хэлэх үг байна уу?

Гэртээ захих захиар байна уу? гэжээ .

- Өнгө үзэсгэлэнт Үүлэн солонгын

Өөрийн болгож чадаагүйдээ

Өш хонзон өвөрлөж

Өгдэй мэргэний нутаг хошууг

Эзгүй байх хооронд нь

Эзэлж авсан билээ.

Ах дүү та хоёрыг

Арай дийлэхгүйгээ мэдлээ

Бид хоёрыг алаад

Бүх зэвсэгтэй минь хамт

Бул чулуугаар хиргасалж /хиргислэж/

Булшлан оруулж дараарай !

Уул, хад хоёр морийг минь

Унаа болгож хэрэглээрэй !

Адал мал албат хошууг
Аав ээж амраг бүсгүйг минь

Албат гүрэндээ нийлүүлж

Ам бүлдээ багтаагаарай ! гэв .

Хоёр баатрын толгойг

Хурц илдээрээ тас цавчаад

Усны үер гүйхгүй

Уулын тэгш энгэрт

Зэр зэвсэгийн нь хамт

Зэрэгцүүлэн хоёуланг булшлаад

Зээг татаж хиргаслаад

Үхсэн хоёр баатрын

Үг захиарыг /захиасыг / биелүүлж

Албат иргэдээ аваад

Адал хогшлоо туугаад

Атан тэмээгээ ачаалаад

Агт морьдоо унаад

Атаатан дайсандаа дайралдалгүй

Аян замдаа сайн яваад

Буйман баатрын нутагт

Буцаад ирэв гэнээ.

Ах дүү хоёр баатар

Албат иргэдээ аваад

Алтай хангай нутагтаа

Амьд мэнд буцаж ирсэнд

Хаан аав нь баярлаж

Хатан ээж нь баясаж

Харанга хэнгэргээ дэлдэж

Хамаг иргэдээ цуглуулж

Хоёр хүүгийнхээ гэрийг

Хоёр талдаа бариад

Албат иргэддээ алаг цоорхойгүй

Адуу малдаа миний чинийгүй

Эн цацуу эрх тэгш

Элдэв зүйлээр гачигдахгүй болгоод

Өнгөлзөх дайсангүй

Өшөөрхөх хортонгүй

Элэг бүрэн ах дүүс

Энх түвшин амьдрах болсны

Дайснаа дарж дагинаа залсны

Давхар давхар баяр хийхээр

Өнгийн цэцэг алагласан

Өргөн ногоон ширгэн дээр

Уялга, алх, ланз угалзаар

Урлан хээлсэн асар майхнаа

Урьд хойт хоёр талд нь

Уралдуулж эгнүүлж бариад

Хар хошлон бүстэй

Хавтгай цагаан гэрүүдээ

Зүүн баруун хоёр талаас нь

Зэрэгцүүлэн эгнүүлж бариад

Адуу морины зэл шонг

Ар өврөөр нь зоож татаад

Арван царын махыг

Арьсанд нь цонгож болгоод

Наян гүүний махыг

Найранд нь зориулж цонгоод

Зуун иргийн махыг

Зоогт нь зориулж бэлтгээд

Жаран эмнэг унагыг

Жалганд нь дагуулж зэллээд

Зуун эмнэг унагыг

Зуух дагуулан зэллээд

Настан хүндтэн хүмүүсээ

Намбатай байранд залаад

Залуу бага хүүхдийг

Зах хөвөөр нь суулгаад

Шимтэй улаан цайгаа

Ширмэн хайсанд нь дүүргээд

Шингэн хар архийг

Ширэн хөхүүрээр нь сөгнөөд

Хүйтэн цагаан чигээгээ

Хүв хүвээр нь сөгнөөд

Татчилж хөшиглөсөн махыг

Таваг тэвшээр нь овоолж

Тарган хонины ууцыг

Тал бүрд нь зоож

Хүчит бөхөө барилдуулж

Хүлэг морьдоо уралдуулж

Нум сумаа харваж

Наадам цэнгэлээ эхлээд

Найрын дуугаа дуулаад

Хутга тавилгүй мах идэж

Хундага тавилгүй архи ууж

Хул тавилгүй чигээ ууж

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуурсан

Тийм эзэн баян

Алтай хангай нутагтаа

Албат иргэд бүгдээрээ

Амгалан тайван сууж

Амьдарч байдгийг хэлбэл :

- Тариа будааны үр мэт олон

Таван хушуу мал сүргээ

Усны тунгалгаас нь уулгаж

Ургамлын амттайгаас нь идүүлж

Хангай алтай нутгаа дүүргэн

Хариулан маллаж байдаг гэнээ.

Эр залуучууд болдгоороо

Эмээл хазаар тааруулж

Эмнэг морьдыг сургадаг

Иргэн хонио хяргаж

Их ноосыг нь авч

Исгий толгоо /олбогоо/ хийдэг.

Анжис хүрзээ барьж

Ариг шуудуугаа малтаж

Атар талаа хагалж

Арвай буудайгаа тарьж

Алтан ургацы нь авдаг

Атан тэмээгээ хөтөлж

Аян жингээ тээж

Арилжаа наймаа хийж

Амьдралынхаа хэрэгцээг хангадаг

Газаа хээр явж

Гачигдсан дутагдсанаа олдог

Мод төмөр хэвлүүлж

Мөнгө алт эвлүүлж

Уран ухаан гаргаж

Ур дархаа хийдэг

Саадаг сумаа агсаж

Сайн морио унаж

Талын цагаан зээр

Ташуугийн шар тарвага

Уулын улаан үнэг

Усны минж суусар

Хангайн буга хэрэм

Хадны аргаль янгир

Хөвчийн халиун буга

Хөдөөгийн хөх чоно зэрэг

Алтай хангай нутгийнхаа

Ан гөрөөсийг намнадаг гэнээ.

Авгай хүүхнүүд болдгоороо

Айл гэрээ тохижуулж

Хүүхэд багачуудаа асарч

Хүн амьтныг зочилж

Хувцас хунар оёж

Хоол унд бэлтгэж

Сааль сүү базааж

Сав сархдаа бялхуулж

Айраг цагаагаа исгэж

Амтат идээгээ бэлтгэдэг.

Бага бяцхан хүүхдүүд ч

Бас зүгээр байдаггүй

Тугал хурга хариулдаг

Түлээ ус зөөдөг

Ахар богиныг хийдэг

Аав ээждээ тусалдаг

Настан хөгшчүүл ч гэсэн

Нам зүгээр суудагггүй

Чөлөө зайг ашиглаж

Чөдөр ногт хийж

Сул цагийг ашиглаж

Сур арьс элдэж

Утас учиг ээрч

Ул зуузай ширж

Үр хүүхдээ сургаж

Үнэт зөвлөгөө өгдөг гэнээ.

Алтай хангай нутгийн

Амьдрал нь ингэж цэцэглээд

Алтайн арван гурван уул нь ачилдаад

Ар өврөөрөө налан түшилдээд

Ам бүрээс нь рашаан булаг ундраад

Арц, хүж, агир занданы үнэр ханхлаад

Алаг цэцэг нь эрээнтэн цоохортоод

Алим жимс нь улайран багсайгаад

Алт мөнгө алмааз эрдэнэ

Аль бүгдээрээ гялтганаад

Ар өврийн ой тайгад нь

Араатан гөрөөс сүлжилдээд

Асга хадны шовх оройд нь

Аргаль янгир харайлдаад

Хангайн хорин дөрвөн уул нь хомнолдоод

Хажуу хавиргаараа налан түшилдээд

Харз булаг нь хангинан шуугин урсаад

Хамаг сайхан тансаг үнэр ханхлаад

Хагз өвс нь халиуран найгаад

Хад тошил нь хүрэнтэн сагсайгаад

Хаш мана, оюу номин

Хачин эрдэнийн чулуу жигдрээд

Хангайн сайхан модон дотор нь

Хандгай буга нь урамдаад

Хад асгын эгц оройд нь

Харлаг хоо тэхүүд нь уралдаад

Таван хушуу мал сүрэг нь

Тал хөдөө, уул хадаар билчээрлээд

Тансаг идээний арвин их дээж нь

Таваг аагаар айл гэрт идээшлээд

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр сөө /шөнө/ өрүү асган

Дөрвөн цагийн цэнгэл болгон шуугилдав гэнээ.

Өвлийн хөг ороод ирэхэд

Өдрийн хэмжээ богиносоод ирэхэд

Өвгөн буурал алтайн орой

Өөхөн цагаан өнгөө олж

Хаан буурал хангайн орой

Хаш цагаан өнгөө олж

Үен цагаан өвс нь найгалзаад

Үүлэн цагаан хонь нь билчээрлээд

Малгай буулгалгүй дулаахан

Магнай жиндэхгүй бүлээхэн

Өвс ундаар элбэг дэлбэг

Өнө тарган хэвээр ороход

Далангүй дааган далагнаад

Булчингүй бяруу булчигнаад

Хэрлэнгүй даага хэрлэгнээд

Хэрсэнгүй ишгэн хэрсэгнээд

Хэнз бага балчир хөвүүн

Хэлэх ярих талаа болоод гарав гэнээ.

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуурч

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнээ.

Хаврын хөг ороод ирэхэд

Халхын цасан хайлаад

Харз усан шуугиад

Хагзын унги сулдаад

Халтар галуу хангинаад

Хар хөх ногоо нь цухуйгаад

Унага даага уралдаад

Унадаг бүдүүн нь ялгараад

Тугал бяруу нь оодогноод

Тором ботго нь тоглоод

Ирэг сэрх нь ховогноод

Ишиг хурга нь ялгараад

Хангай цагаан гэрүүд нь

Хаалга үүдээ дэлгээд

Хөгшин залуу цөмөөрөө

Хөнгөн дэвлээ өмсөөд

Өөлжин шувуу донгодоод

Өтгөн цагаан айраг архдаа дүүрээд

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнээ.

Зуны хөг ороод ирэхэд

Зуслан хөндий нь ногоороод

Зулзага хөхөө нь донгодоод

Зултаргана агь нь зууралдаад

Алтайн цэцэг нь алаглаад

Айраг цагаа нь дэлгэрээд

Хангайн өвс нь халиураад

Хөдөө тал нь хөхрөөд

Хурмастын цагаан үүл нь

Хуйлран нүүж цуглараад

Хурц нарыг халхалж

Хурын дээжийг бүрэлдүүлэхэд

Авралт тэнгэрийн хүйснээс

Аршаан билгийн хур мялааж

Алтай хангай нутгаа дэвтээж

Амьтан ургамлыг тэтгэнэ.

Хөхөө шувууны донгодолтод

Хөгшин хүн уяраад

Өөлжин шувууны донгодолтонд

Өнчин хүн уяраад

- Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнээ.

Намрын хөг ороод ирэхэд

Найртай зун болоод өнгөрөхөд

Нарны илч харьж

Навч цэцэг шарлаад

Усны шувууд ганганаад

Утсан зээг татаад

Урд нутгаа тэмцээд

Уулсын дээгүүр нисээд

Хонгор сэрүүн ороход

Хоо халиун гүрээ нь

Хоор өмөөрөө найгаад

Хомтой тэмээ дээгүүр солбиод

Шургуу дөрвөн үндэстэй

Шууд найман талтай

Товхон хангайн өлөн

Тохомтой морин дээгүүр солбиод

Өтгөн нягт ургасан

Өндөр хөх шуурай

Эвхрэн хуйларч найгаад

Эмээлтэй морин дээгүүр солбиод

Өгөөмөр алтай өнөр хангайн

Өвс нь алд дэлмээр ургаж

Өнтэй тарган мал сүргийн

Өөх нь дөрүү зузаанаар тогтож

Айраг чигээний шим дээж

Архад хөхүүртээ багтаж ядаад

Арвай буудайны ургац гарц

Арвин талдаа ганхаж ядаад

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Настан залуу ялгалгүй

Найр наадамдаа ташуураад

Өнчин хүний өр өвтгөж

Өвгөн хүний нойр хулжааж

Өдөр шөнө, өрүүн асган

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав гэнээ.

Алтай хангайн ар талд нь

Алим ,үзэм хоёр иш ишээ дийлж унаад

Алибан хөвүүн амандаа авч хаяад

Ардах хөвүүн хормойгоо дүүргээд

Өнчин хөвүүн өврөө дүүргээд

Өдөр шөнө хоёрын өлийг аваад гардаг гэнээ.

Хангай нутгийн хавцал талд нь халиагаад явахлай

Хад тошил хоёр нь иш ишээ дийлж унагаад

Алибан хөвүүн амандаа авч хаяад

Ардах хөвүүн хормойгоо дүүргээд

Өнчин хөвүүн өврөө дүүргээд

Өдөр шөнө хоёрын өлийг аваад гардаг гэнээ.

Ачилдаад урган тогтогсон

Арван гурван алтай нутгийн

Хомнолдоод урган тогтогсон

Хорин дөрвөн хангай нутгийн

Асгатай талд нь халиагаад явахлай

Аргал угалз хоёр нь тоглож мөргөлдөөд

Хадтай талд нь халиагаад явахлай

Харлаг тэх янгир хоёр нь мөргөлдөж наадаад

Харгай талд нь халиагаад явахлай

Халтар халиун буга нь яралзан хурдлаад

Үе дунд нь халиагаад явахлай

Үнэг чоно хярс мануул

Үй түмээрээ цувралдаад

Бут дунд нь халиагаад явахлай

Булга, халиу, үен, хүрэн нь

Бум саяараа буцалж гүйлдээд

Тал дунд нь халиагаад явахлай

Тарвага, зурам, хулгана, хүцгэнэ нь

Тархан бутарч хурдлаад

Сүрхий хэцүү газарт нь

Шилүүс ирвэс мярааж нуугдаад

Бартаатай ой тайгад нь

Баавгай гахай баширлаж хоргодоод

Орой дээгүүр нь халиахлай

Өвгөн бүргэд шагшин нисээд

Энгэр талд нь халиахлай

Элээ тас эргэлдэн нисээд

Хажуу талд нь халиахлай

Харцага богшрого хоёр нь хөөцөлдөөд

Наран талд нь халиахлай

Начин шонхор шумбан дайрч наадаад

Алтай хангай нутгийн

Аль ч талд нь гарсан

Алах араатан гөрөөс

Авлах ан амьтан цөм бүрэн

Тийм эзэн баян

Алтай хангай нутаг

Дүүрэн дүнхийж цэнхэртээд

Дүрхрэн мануурч униартаад

Халдлан довтлох дайсангүй

Хар санах хортонгүй

Төр улс нь түвшин төгс

Түмэн албат нь төгс амгалан

Сайн муу гэх ялгалгүй

Саар самуун гэх зовлонгүй

Эрдэм мэдлэг нь ундарсан

Эрх тэгш амьдарсан

Үр удам нь залгамжилсаар

Үеийн үед жарган цэнгэв гэнээ.

No comments:

Post a Comment