Wednesday, October 2, 2013

Д.Нацагдорж "ЛАМБУГАЙН НУЛИМС"

Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, Гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, урин тачаангуйн хурц илдийг боловсруулж дуучийн эрдмийг судалсан хүүхэн Иүй Бай-хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, Баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай-хуагийн хар тамхи тасарсан учир нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвээс, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, цахилгаан мэт хурдан нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган “Ламбугай өршөө өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?” хэмээсэнд лам “Зүүн хүрээнд хуралд очиж явнам. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай” хэмээсэн боловч Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвлэн гуйхад аргагүй болж, бас ч бахардсан байдлыг үзвээс, барьц ихээхэн өгөх биз хэмээн санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан түүний гэрийн зүг одов.
Зуны цагт Баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, шээс баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвоос, гангийн арьс ширийн шорвог агаарт амтагдаж, зүйлсэн үс ноос салхинд хийсэн, дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан нэг шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: “Цай авчиръя” хэмээн гарч одохын завсар лам ажиглаваас, байшингийн өмнө этгээдэд нэг том ор буй. Хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн даавуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба хэдэн зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар, гэвш Лодон өндийвөөс толгой нь бараг тулна. Нэг бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэжээ. Байшингийн дотор өдөр байтал бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан нь бодвоос орж гарах хүмүүсийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа “Ачит лам минь, авралдаа тольдож, миний эхийг эдгээн соёрх” хэмээн гуйна. Лам хүүхний зүг ажиглаваас, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар өнгөгүй үзэгдэж байсан нь харин энэхүү байшингийн дотор орж ирээд, хоёр хацар нь улаанаар гэрэлтэж, өглөө бүр залбирдаг Цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэйеэ гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцханаар пур пур үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар “За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ?” хэмээн асууваас, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурмагаар өвчлүүлэн хэвтүүлсэн тул “Энд буй” хэмээн ламыг дагуулан нөгөө тасалгаанд оруулав. Нэгэн настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэнэ. Өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ.
Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барваас, нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай “Ламын аврал” хэмээн залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гаргана. Хажуугаар нь үг хэлэх ба инээх аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жүжиглүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул, “Ламбугай орой болсон тул, миний гэрт хоол зооглоод морилно уу?” хэмээсэнд лам нэгдүгээрт, бяцхан ядарсан ба хоёрдугаарт, ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч, нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.
Хүүхэн тогоочоо дуудан, хоол бэлтгүүлж, ламыг зочилсноос гадна энэ үе хүүхний өдөх нь улам улам илүү болж, шадарлах нь нэн нэн ойр тулав. Ийн тийн ярилцсаар, ламын ертөнцийг сайшаах сэтгэл нь улам нэмэгдэж, нэг үдшийн зуур Дуйнхорын аймаг дахь дөрвөн ханатай гэр ба хэдэн гүнгэрваатай бурхнаа мартжээ. Түүнээс хүүхэн “Өнөө нэгэнт орой болжээ. Бид нарт таныг хүргэн өгөх уналгагүйгээс гадна, бас бороо орж байх тул энэ шөнө энд морилж хоноод маргааш хариваас сайн буй” хэмээсэнд лам хойш нэгэнт бодсон боловч үнэхээр орой болж, бороо орж буй ба мөн ч энд баахан зугаатай болох тул энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдэв. Хүүхэн баясаж дэр дэвсгэрийг засав. Тус тусын ор дэвсгэр дээр унтсаны хойно, мэдээжийн хэрэг, хүүхэн хааяа хааяа зөөлөн ханиана. Ламын нойр үл хүрнэ. Лам хэдийгээр хүүхэнд халдахыг хүсэвч, угаас эхнэр хүүхэдтэй төдий л ихэд холилдсонгүй тул баахан халширна. Лам тэсэж ядахдаа “Шээнэ” хэмээн шалтгаалан босож, эргэж ирэхдээ хүүхний өвөрт оръё хэмээн сэтгэж гадаа гарч одов. Удалгүй эргэж ирээд, гадна чагнаваас чив чимээгүй, хаалгыг татваас “Ламбугай бяцхан байзаарай” хэмээн хүүхэн дуу алдахад лам юун болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож байшингийн цаасан цонхыг цоолоод мөнхүү бяцхан нүхээр ажиглаваас, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үнэхээр үзэсгэлэнтэйеэ үзэгдэж, сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлого хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж, винайн ёс нэгэнт  Баруун зууд одоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвоос барахгүй. Даруй өглөө харьсан боловч үдэш санагдан эгэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж, Баруун дамнуурга (дамнуурчин) Гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв.
Түүнээс Иүй Бай-хуа Лодонд үнэхээр дурласан бус тул энэ завсар баян гэвшийн буянаар дэмий л тарвалзсан боловч бас ханахгүй. Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхидагдаж, хүүхэнд автагдаад юун хэмээвч гажихгүй болсон бөгөөд яван явсаар лам Гандан дахь хашаа байшин ба гавж болохын тул бэлтгэсэн юмаа бүгдийг нийлүүлж, Иүй Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин төхөөрч хорооны газар хамтран суух болов.
Нэг өдөр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалгаа татваас дотроос нь түгжжээ. Цонхны булангийн завсраар нуун үзвээс Иүй Бай-хуа нэг залуу хар хүнтэй тэврэлдэн сууна. Иүй Бай-хуагийн хуучны зузаан янаг бий хэмээсэн нь энэ мөн буй хэмээн лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдсугай хэмээн байшингийн хаалгыг хэмх цохин орж хэрүүл цуугиан гаргав. Гэтэл хүүхэн өчүүхэн ч эмээх зовох байдалгүй, харин ламд дургүй учрыг хэлж хараан занаж, хөөн гаргасанд лам заалдъя хэмээвч хуврагийн ёсоо эвдсэн тул аргагүй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч,
“Хүү минь, би чамд хайртай
Одоо би хаана очих вэ?
Өөр хүнтэй ханилах хамаагүй
Гагцхүү намайг бүү орхи”
хэмээн хоёр нүднээсээ ертөнцийн хар нулимсыг борооны дусал мэт асгаруулна.

No comments:

Post a Comment