Wednesday, October 2, 2013

ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ

126.      Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудаар зэргийн  тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж Чингис хаан, Хубахаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив.
127.      [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: “Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй, ресөн сайд минь гурван хэсэг болж яв” гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг  хэсэг болов. Сүлдүсний Сорхон-шар, бэсүдийн Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мөр хайж, бараа харж, Чахарай ханыг арлаж, Жалман ханыг өлгийлж явтал эзний дороос
Халтар тэх
Харайн гүйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гүйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал
Эзэн зарлиг болов: “Үүнийг та нар үтэр өвчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя” гээд одов. Тэнд эзний нойр хүрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад  нэг зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:
“Би нэг зүүд зүүдлэв
Бор  зүрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгүй дайсан
Ирэх нь бололтой
Өндөр уулын  цаадах
Өргөн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа өмсөж
Баруун тийш ширвэж
Зүүн тийш  ажиглаж
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зүүд минь хэрэв үнэнбол зургаан сайд минь та нар яах вэ? Гэж асуув.
Шигихутуг хэлэв:
“Хол ойрыг харагч
Хоёр хурц нүдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргэд аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн үзэж
Хар нүдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нүдний харцаар
Эзэн чамдаа тусалъя” гэв.
Зэлмэ хэлэв:
“Үхэх амиа
Хайрлахгүй
Үгүйрэх малаа
Харамлахгүй
Үзэгдэх дайсныг
Халитрал дайрч
Замдаа тохиолдсоныг
Зад цохиж
Мөртөө тохиолдсоныг
Мөлт цохиж
Хар тугий нь
Хамран авч
Барьсан хүний нь
Байлдан алж
Хийсэхтугий нь
Гишгин дэвсэж
Урианхай тугий нь
Уландаа  гишгэж
Дайсны сүрийг
Даран сөнөөж
Дахин босох
Чадлы нь мөхөөе” гэв.
Чуу мэргэн хэлэв:
“Довтлон орох чадалгүй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчлэн дайрах чадалгүй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би,
Уулгалан орох цаг болоход
Ухрах  зугтах магадгүйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай үгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний боломжит үг
Хааяа боловч тус болно”гэв.
Боорчи хэлэв:
“Өрсөлдөн ирэх дайсны
Өмнөх замыг бөглөж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоогий  чинь
Алдалгүй дагаж
Хандсан зүгт чинь
Хагацалгүй явъя” гэв.
Борохул хэлэв:
“Харвах сумны
Халхавч  болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэт биед
Ирт мэс
Бүү хүргэе” гэв.
Мухулай хэлэв:
“Дайсныг дарж
Олзыг   оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хүлэг мориныхоо
Сүүл дээгүүр
Хүдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгүүр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг цацруулж
Байлдаан бүхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хүргэе” гэв.
Чингис:
Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй үгийг сонсож
Шарсан  тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг
Шигихутугт өгч
“Үзсэн  зүүдний минь
Үнэн худлыг мэд”
гэж явуулав.
Шигихутуг, шунхан шаргал морий  нь унаад
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулж
Шар дэвсэгт хүрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зүг
Бачимдан давхиж ирээд:
“Шар дэвсэг дээр
Цочмог зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав.
Тайчуудыг
Таньсангүй
Мэргидийг
Мэдсэнгүй
Монголыг
Мохтол харж чадсангүй
Хойшоо ганцхан хяламхийж үзэхэд эзний зүүдэнд үзсэн дайсантай адил мэт байна” гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа өмсөж, бамбайгаа зүүж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хүрч ирэв.
Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны өмнөөс
Санаа зоригийн асууруун:
“Та юун хүн бэ? Ёст хүн бол ёсоо хэл! Нэрт хүн бол нэрээ хэл” гэвэл тэд өгүүлрүүн:
“Нэрээ асуулцахаар
Ирээгүй бид,
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид”.
Боорчи хэлэв:
“Надад учраа хэлбэл
Найрамдлаар өршөөж болно
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье” гэв.
Тэгэхэд цаадах хүн хэлрүүн:
“танд хэлэх сайн нэр
Бидэнд үгүй
Тарвагачин загасчин хүн бид” гэв.
Тэгэхэд Шигихутуг өгүүлрүүн: “Тэднээс үг асуух хэрэггүй. Таньсан тайчууд байна. Татгалзалгүй байлдъя” гэв. Борохул буун гүйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хөндлөн этгээдээс илд барьж  ороод
Мөртөө тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав

Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж өгүүлрүүн: “Үй Чуу мэргэн, байз! Эзэн хаан төлөө ингэж зүтгэдэг билүү! Нүхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?” гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрүүн: “Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна” гэвэл эзэн алтан  саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхидэн сойж, эргүүлэн чиглүүлж, дайсны тэргүүнийг тас харваж,  зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж  үзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош  унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан түшиж бамбайгаа алдалгүй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж түүнд өгүүлрүүн: “Эрх хүн ганц суманд унадаг билүү? Эврээ цохиулсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?” гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгүй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хүнийхээ хүүрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун:
“Буруу хандсан дайсныг яах билээ?”гэвэл Боорчи өгүүлрүүн:
“Бурхан болсон хүнийш
Буянаар үддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр үддэг.
Нэхье” гэвэл, тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гүйцээд, олон хонинд орсон чоно мэтр цавчиж нэг зуун хүнийг алав. Хоёр зуун хүн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.
Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
“Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би”
Гэж мөргөв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав.
Эхлээд Шигихутугийг магтсан нь:
“Мэргидийг мэгдүүлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь” гэж магтав.
Зэлмийг магтсан нь:
“Ороо гөрөөсний
Отлого болсон
(Ан гөрөөсийг
Анаж  мэддэг)
Омогт дайсны
Зүрхийг чичрүүлсэн
Унах морьгүй болоход
Унаа авчирч өгсөн
Ундаасан цангах цагт
Уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зүтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь” гэж магтав.

Чуу мэргэнийг магтсан нь:
“Зарлигийг минь алдалгүй дагаж
Заасныг минь эндэлгүй гүйцэтгэж
Дайсны тэргүүнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зөрчилдөх дайсныг
Цөм цохисон
Зүрчидийн Чуу мэргэн минь” гэж магтав.
Борохулыг магтсан нь:
“Хяргах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Хушиний сайн Борохул минь” гэж магтав.
Мухулайг магтсан нь:
“Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохож
Буцах дайсны
Борвийг хянгардаж
Хүлэг мориныхоо  сүүл дээгүүр
Хүдэн манан татруулж
Унасан мориныхоо  дэл дээгүүр
Ургах нарыг гийгүүлж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгүй
Хугархай зүү гээлгүй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь” гэж магтав.
Боорчийг магтсан нь:
“Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх үед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад үнэнээр зүтгэсэн
Наху баяны хөвүүн
Найрт хүлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ үл хайрлагч
Ачит хүлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах  дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын төлөө
Халуун амиа үл бодогч
Хайрт хүлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан  мэт догширч
Идэмхий дайсныг дарахын төлөө
Итгэлт  биеэ үл хайрлагч
Ивээлт нөхөр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зүтгэсэн
Найз хүлэг Боорчи минь!
Харил буцалгүй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хүлэг Боорчи минь” гэж магтан дуулав.

Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:
“Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнийн эзэн Чингис хаан минь!
Өэлүн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгэдэй, Толуй хөвүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бүрийн улсыг
Өмнөө сөгдүүлсэн
Өшөөтөн дайсан бүгдийг
Өлмий дороо гишгэсэн
Өндөр дээд эзэн хаан минь!
Хан эзэн чамайг байхд
Харийн дайснаас
Халшрах явдалгүй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгүй.
Хамаг бүгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохъё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе
Худалч хүний үгэнд
Бүү оръё
Харцага шонхор мэт
Харайлан дүүлэн явкя.
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бүү хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг үрээ бүү хөнөөе…
Алалцах дайсанд
Амиа бүү хайрлая.
Элгэн садан дотроо
Эв найрамдлыг  бүү алдъя
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ бизэ бүү хайрлая”

Хүлэг Боорчийн дуулсан үг энэ билээ.
Суут богд Чингис хаан, үд зуур явж гурван зуун тайчуудыг  дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув А.то]  Нүцгэн баарины Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хогодож байхад олж бариад, тэр, морь унаж үл чадах гарган тул тэргэнд суулгаж [Тэмүжинд хүргэхээр] авч явахад Таргудай-Хирилтгуийн хөвүүд, дүү нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт өвгөн хөдлөн ядах Таргудайг хөлбөрүүлэн унагаж, гэдрэг харуулан хэвтүүлж, гэдмсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж өгүүлрүүн: “Хөвүүд дүү нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж үхье” гэж хутгын ирийг Таргудэйн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дүү нар хөвүүддээ их дуугаар уйлан өгүүлрүүн: “Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хүүрээр та нар юу хийх вэ? Намайг алаагүй байхад даруй буцагтун. Тэмүжин,  намайг алахгүй. Тэмүжиний эзэнгүй нутагт  орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ даага сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг яхлбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм. Одоо Тэмүжин, түүнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмүжин, намайг алахгүй. Та хөвүүд, дүү нар минь үтэр (түргэн) харигтун. Ширээт, намайг алуузай” гэж их дуугаар уйлан бархирвал хөвүүд дүү нар нь сонсож хэлэлцэв: “Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий  минь энэ Ширээт өвгөн албал хоосон амьгүй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагүйд буцъя” гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт өвгөний хөвүүн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт өвгөн, хөвүүдтэй хамт нийлээд, Таргуйдайг аван хөдөлж, Хутухул-нуга гэдэг газар хүрэв. Тэнд Наяа өгүүлрүүн: “Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ  барьж ирсэн итгэмжгүй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгүй, харин хан эзэндээ халсдан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье. “Бид Чингис хаан чамд хүчээ өгөхөөр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж,

ЭНД ХУУДАС УРАГДСАН ТУЛ ЗАЙ ҮЛДЭЭВ.


настай байхдаа эхийн хамт баригдаж очоод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Түүний хойнонайманаас айн дутааж, Сартаул газрын Чүй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шөрөглөн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц  сохор халиун морьтой, Тэмүжинд ядаж ирвэл, Тэмүжин хөвүүн, гувчуур татаж түүнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвөртөлж явна” гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн үгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: “Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан  чамайг тэвчиж чаадхгүй тул хамаг сонссоноо айлтгав” гэжээ. Тэр үгийг хэлэлцэсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дүү ноёдыг Ван хан бариулав.  Ван ханы дүү  Жаха хамбу амжин дутааж, Найманд очив.Баривчлан авсан дүү нараа Ван хан нэгэн гэрт оруулж өгүүлрүүн: “Уйгар нутгаар, тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?” гээд нүүрт нь нулимж, гэрт байсан ард цөмийг босгон нулимуулж, тэдний хүлгийг тавиулав.
153.    Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай далан нэмүргэ гэдэг газар  байлдахын  урьд  Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: “Дайсныг  дарах цагт олзонд бүү саатагтүн. Дасан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухарахд хүрвэл анх довтолсон байрандаа даруй эргж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан  нэмүргэ” гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газа

No comments:

Post a Comment