Wednesday, October 2, 2013

Үер

(Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал ээлжилж
Уул, ус, нар, сар дөрөвтэй нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэн, нялхсыг угтан баясаж
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.
Д.Нацагдорж

Их мөрний тохойн чийглэг хөрсөнд тэжээгдэн, тэнгэр өөд түмэн мөчрөө сарвайн ургаж, он жилийг элээхдээ амьдралын хатуу зөөлөнг ханатлаа эдэлсэн хөгшин буурал улиас, хэд хоногийн турш догшрон шуугьсан үерийн усанд орвонгоороо булгаран, урсгалын дагуу нам цохиулан унахдаа бас  ч ул мөргүй алга болохгүйг мэрийсэн мэт, нүцгэн шар үндсээ үерийн усны эсрэг сарвайлган сэрвийлгэсэн нь аймшигт хүчнийг хориглон тогтоох гэж арга буюу алгаа сарвайлган хамгаалсан амьтан шиг ажээ. Тэрхүү үхэтхийн унасан хөгшин моддын үндсийг үерийн ус ууртайяа эрчлэн мөргөж, саргиатуулан, улаан хөөсөөр цахран шуугина. Их мөрний хөвөөнд үнэт эрдэнэ гээчээд эрж яваа юм шиг урагш хойш тонголзон холхих нэгэн хүний хэлбэр төрхийг алсаас харахад, нар шингэх үеийн модны сүүдэр шиг тахир агаад нэн өндөр. Түүний нүцгэн хөлний нарийхан урт шилбэ, голын эргээр загас жараахай шүүрдэн яваа хөх дэглийн мөч чацыг санагдуулна. Ойртон очвол тэр өвгөний урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил эдлэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршин хатаж, хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ. Шил уруу нь унжсан тав гэзэгний шодон үзүүрийг даруулан сүлжсэн нарийн суран боолт нь гээгдсэн бололтой. Салхинд сэрвэгнэн хийсэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тайрга тайрга бөгтөгнөн алхалж, амандаа үглэх нь үерийн усны шуугианд өөрт нь ч үл сонстоно. Үнээнд долоолгосон тугалын үс шиг, усны долгионд илбүүлэн ханарсан, ногоон зүлгэн дээр бурзайн хоцорсон хөөсийг нүцгэн хөлөөрөө ажиг ч үгүй гишиглэхэд үерийн усны сэвсгэр хөөс, өвгөний ясархаг тавхайд наалдан замхарна. Тэр өвгөн үерийн усны шаагин шуугихыг тонгойж чагнах бүрдээ “Үгүй ээ мөн, ид иссэн намрын айраг л хөхүүрэндээ саган хөөрч, ингэж шаагиж байдаг сан” гээд нүдээ онийлгон инээмсэглэж, шүлсээ хүд хүд залгив. Тэгснээ уртаар сүүрс алдаад бөгтөр нуруугаа цэхлэн, алцайн зогсож, Сэлэнгэ мөрний тэртээ эрэг уруу саравчлан харлаа. Гүн хадан хавцал бүхий үрчлээ суусан цэнхэр уулсын дээгүүр цухуйж байгаа өглөөний нар улаан хүрээ татаж, нарны хурц туяанд булингартан гүвэлзэх их мөрний ус түүний дээгүүр суунагласан будан манан цөм улайран тунарч, мөрний тэртээх  зах нь үл үзэгдэнэ. Өвгөний нүдний чилхаа үнэхээр муудсан ажээ. Хүүхэн хараа нь цийдэмтэн цайж, тунгалаг хар өнгөө хэдийн алдсан учир наран сөрөг эгцлэн харж чадахгүй дальдрахад хөнхөр ухархайн дээрх өтгөн буурал хөмсөг нь сэрвэлзэн хөдөлнө. Тэгээд хоёр гараа давхарлан саравчлан харах гэж оролдовч хар бор ажилд монийж тойнийгоод хоорондоо хэдий нь эвлэхээ больсон, хуруунуудын завсраар нарны туяа сийгэн нүүрэн дээр нь тусахад өөрийн эрхгүй нүдээ аньж, “Муу алга маань нарны туяа ч хааж чадахгүй шүүрэн шанага шиг сад тавих болоо шив” гэж шивэгнээд “Тэр лав манай бирвааз* (*- перевоз) мөн дөг өө. Монш чинь ханаад**(**- канад) нь гэснээ нар салхинд гандаж, онгосон задгай энгэртэй даалимбан цамцныхаа том том мөнгөн товчийг мултлан хүлхгэр цамцаа тайлж, нямбайлан эвхээд, салхинд хийсгэж алдахаас болгоомжлон довон дээр орхисон хоёр том гутлынхаа хооронд хавчуулан зөрүүлж тавиад босоход түүний янхигар цээжний хавирга сүврэг арьсныхаа цаана зуралзан хөдөлж, бүүр хэнхдэг цээжий нь халхлах юмгүй болоод ч тэр үү, нүд дальдрам атлаа нэн сүртэй ажээ. Энэ ханхар цээжийг одоо яг наран сөрөг харуулаад сайтар ажиглавал уушги зүрх нь арьсаа нэвт харагдаж мэдэхээр агаад аягүй бол тэр том цээжинд ганц зүрх... тэгэхдээ аварга том ганцхан зүрх ч энэ үерийн ус шиг булгилж байгаа юм бил үү, хэн мэдэх билээ. Өвгөний нүцгэн хэнхдэг дээр хэдгэнэ, шумуул улайран суувч тэр дороо нисэн одохы нь харахад арьсны цаадах ясанд хошуугаа булгалахаас болгоомжилсон болов уу гэлтэй.
Өвгөн хуучирч онгосон хөх даалимбан өмднийхөө түрийг сүүжнийхээ толгойд тултал шууж, усны зах уруу ягуухан орж, алдлан зогсоход үерийн ус өвгөний суганы хонхор дахь урт шар үсийг сэрвэгнүүлэн, бүх биеий нь найгуулан, садран шуугьж байв. Усч өвгөн, хуурай газар хэмжиж байгаа юм шиг, усны гүвэлзэн хүрэнтэх толиог алдлан хэмжиж, цааш ахихад түүний хоёр далны нь маяа ээлжлэн хонхойж, гуу жалга шиг харагдана. Өвгөн цааш ахин ахисаар… Усны гүнд зоосон шонгийн дэргэд хүрээд “Гучин нэгэн алд” гэж амандаа бувтнаснаа “Ганцхан алдаар зөрүүлчихэж” гэж арай чангаар гунигтайхан дуугарав. Хүн орчлонг хэмжих дуртай. Тэгэхдээ янз бүрээр хэмжинэ. Харин энэ өвгөний хувьд бол алдлан хэмжиж явна. Орчлон ч бас хүнийг хэмжих дуртай. Тэгэхдээ он жилээр хэмждэг нь нэг бодоход болхи бүдүүвтэр хэмжүүр гэлтэй. Орчлон энэ хүнийг жаран таван жилээр хэмжчээд байгааг усч өвгөн ер анзаарахгүй зогсож байгаа нь энэ ээ. Тэгээд “Гучин нэгэн алд” гэж давтан хэлснээ, “Дөчин жил усны эрэг сахисан гэхэд даан ч дээ. Бас болоогүй байна. Усч хүн гэхэд усаа муу л мэдэж байна даа. Урьд шөнө үерийн усны хүрхрэн шуугих чимээг чагнан, цурам хийлгүй хоносон атлаа хэр зэрэг нэмсний нь ташаарч шүү. Уул нь би гучин алд нэмсэн гэж итгэж байсан юм. Гэтэл гучин нэгэн алд” гэж урамгүйхэн үглэсээр усны зах уруу эргэн гэлдрэв.
Хөөрхий энэ өвгөнийг өчигдөр орой голын хөвөөний ногоон зүлгэн дээр газар ухаж, хөлсөө гоожуулан, шон мод зоож, ус хиллэн суухы нь ч гэсэн, одоо бүүр хүүхэд тоглож байгаа юм шиг усны долгиог алдлан хэмжиж яваагий нь гэсэн нутгийн хэн нэг хүн харвал усч Дэнзэн гуай бүүр зөнчихжээ. Голын хөвөөнд хүүхэд шиг өдөржин тоглож сууна гэж хэлэх биз ээ. Нээрээ ч өчигдөр орой өвгөнийг хүрз лоом бариад голын хөвөө уруу явахад эмгэн нь: “Чи хаачих нь вэ?” гэж асуухад “Өнөө шөнө ус нэмнэ. Харин хэр зэрэг нэмсний нь өглөө чамд хэлнэ. Юу ч гэсэн ус хиллэж үзье” гээд яваад өгөхөд “Мөн ч хачин хүн шүү” гэж хэлээд эмгэн нь хоцорч билээ. Тэгээд Дэнзэн өвгөн урьд шөнө гэрээсээ байн байн гарч сарны саруулд цэлхийж цайсан үерийн усыг ширтэн, орж гарсаар цурам хийлгүй үүр цайлгаж, өглөө нь “Урьд шөнө үерийн ус гучин алд л нэмэгдэх шиг боллоо. Одоо би очиж хэмжиж үзээд ирье” гэж эмгэндээ хэлээд усны хөвөөнд хүрч ирсэн нь энэ билээ. Усч өвгөн “Сэлэнгэ ээж минь ингээд үерлэчээд байхдаа нээрээ сүртэй шүү. Эр чадлаа багтааж ядсан амьтан шиг” гээд инээмсэглэснээ тэр дороо хөмсгөө зангидан “Ээ хөөрхий, мөн ч олон хоног амьтны хөл хорих нь дээ” гэж уртаар санаа алдаад: “Хүн гэдэг даанч богино настай амьтан юм уу даа” гэж бодлоо. Өвгөн үнэндээ ташаарсангүй ээ. Эрт дээр элэнц хуланцы маань үед Сэлэнгэ мөрөн үүнээс ч илүү уурлан догширч байсан юм билүү, хэн мэдэх билээ? Тэр үед өвгөд дээдэс маань бас л хөл хоригдон саатаж Сэлэнгэ мөрний уур омог намдахыг хүлээж хэдэн сараар эрэг дээр нь гиюүрэн зогсож байсан байж ч мэднэ. Ер нь тэгдэг байсан байлгүй. Харин хожим хойно Сэлэнгэ мөрөн яаж ч хилэгнэх юм билээ, бүү мэд. Тэр үед хүмүүс лав усанд хөл хоригдож суухгүй биз ээ. Магадгүй тэр үед Сэлэнгэ мөрний ус үерлэн халгиж байгаа энэ аймшигт эрэг гуу усгүй хатаж, хөөрхий энэ өвгөний канаданд зүсүүлж дарвайн эдгэрсэн алганы сорви шиг орчлонд нэг их том сорви тогтох байлгүй. Усч өвгөн “Ганцхан алдаар зөрүүлчихэж” гэж үглэсээр уснаас гарч ирээд амьсгаадаж туйлдсанаа сая мэдэрч, хэнхдэг цээжээ гараараа шувтран, бөнжигнөж байгаа усан дуслыг арчаад, норсон өмдөө тайлж мушгин зүлгэн дээр тавиад, амьсгаагаа дарах санаатай чармай нүцгэн чогчийн сууж, мод толгойдоо тамхи нэрэв. Өвгөн ингэж сууж байхдаа сэтгэл тайван ёстой л нэг эр хүний жаргал эзгүй хээр гэгчийг эдэлж, бөгтийсөн хатангир нуруугаа зуны наранд ээж суув. Өвгөнийг ичээж зовоох юм энэ эль хуль тохойд юу байх билээ? Ядахдаа эмгэн нь тэртээ дэнжид майхандаа байгаа юм чинь. Хөөрхий эмгэн дэргэд нь байлаа ч гэсэн муу өвгөнөө өрөвдөж хайрлахаас биш, элэглэн шоолдог нас нь хэдийн өнгөрч нэг үгээр хэлэхэд өвгөн эмгэн хоёр нэгэн биеийн эрхтэн лүгээ адилхан болсон билээ. Өвгөн үерийн ус уруу ширтэн сууна. Сэлэнгэ мөрний хөлтэй хөлгүй таван татуурга, түүний хоорондох арал нуга, булан тохой усаар нэлийтэл дүүрч, бургасан шугуйн зөвхөн үзүүр л усны толиог шүргэн, их салхинд ханаран бөхөлзөх тариалан шиг усны урсгалд үелзэн тонголзоно. Гүрвэлзэн хүрэнтэх долгион дунд хөвж яваа моддын салаа мөчир сарвалзан эргэлдэх нь “Үерийн уснаас авраач” гэж ямар нэг амьтан гар сунган даллан дуудах шиг агаад тэгснээ сарайж сэрийсэн салаа мөчир усны долгионд цохигдон далд орох нь тэнхэл тасарсан амьтан живж байх шиг санагдана. Өвгөн унтарч байгаа тамхиа уртаар сорж, гал улалзуулан “Үгүй ээ бас, залуу мод гэдэг мөн ч үндэс бөхтэй юм даа. Тэргүүнээ газар шигдтэл гулзайн нумарсан ч гэсэн үерт ховх явчихгүй тэсээд байна шүү. Тэгэхэд хөөрхий энэ хөгшин модод тэргүүнээ даалгүй үндсээрээ сэндийлэгдэн тэр дороо л хажуулдаад өгөх юм. Энэ ч бас орчлонгийн жам даа” гэж бодлоо.
Тэгээд урсаж байгаа модны үндэс мөчрийг ширтэн “Амьтан хүн л осолдоогүй бол яамай. Их үер хэцүү шүү. Залуу байхад ус үерлэхэд хүч зоригоо үзнэ гэж хөөрдөг байж билээ. Тэгэхэд яахав тэнхэлтэй байж. Одоо даанч миний насны хэрд тэнцэмгүй болжээ” гэж бодоод өвдөгнийхээ чилээг гаргахаар босож суниан зогстол тэртээ дээрээс нэг морьтой хүн усны хөвөө даган өөр уруу нь яаран давхиж явааг хараад довуул дээр дэлгэсэн өмдөө чийгтэй хэвээр нь сандран өмсөж “Энэ хүн зүгээр яваагүй дэг ээ. Лав амьтан хүн осолдсон дог шүү” гэж бодонгоо “Ээ хөөрхий, хэн гэгч амьтны үр нь осолдож энэ улаан хоормог дотор эргэлдэж яваа бол оо? Амьд ч байсан, үхсэн ч байсан нүдэнд өртдөг л юм бол гаргахыг л бодно доо” гэж хэлээд усны хөвөө уруу яаран очиж улаан хоормогоор эргэлдэж байгаа их ус уруу ажиглан зогсов. Сэлэнгэ мөрөн үертэй байхад Дэнзэн уруу яарч давхисан хүн заавал нэг учиртай ирдгийг юунаа андах билээ. Усан дотор амьтан хүн юу  ч үзэгдсэнгүйд Дэнзэн өвгөн гайхан зогсож байтал ард нь хашгирах дуу сонстов. Эргэн харвал Дориг мориноосоо буугаад ямар нэгэн юм хэлж байгаа бололтой ам нь ангалзаж харагдав. Усны шуугианд юу ч дуулдахгүй болохоор тэр хүний урдаас өвгөн сандран алхалж очлоо.
- Дэнзэн гуай! Та чинь үерийн ус уруу нүдээ бүлтэртэл юу ширтээв? гээд инээхэд нь :
- За хүүхээ! Чи хаана хүрч яваа юм бэ? гэж хариу асуув.
- Холдохгүй ээ! Хэзээ нэг ус татарч намайг баярлуулах бол оо гэхэд нь:
- Ус татрах нь ч нэг татрах байлгүй. Тэгэхэд ганц чи баярладаг нь юу билээ дээ. Олон амьтан баярлалгүй яахав. Ингэхэд ядахдаа тариа будааны цаг болж байдаг, гэтэл муу бирвааз маань ханаад нь тасраад үерт урсчихдаг л тоогүй байна. Ус татарсан хойно бирвааз янзлах гэж баахан ажил болно. Тэгээд тавилан засартал амьтан хүн усны хоёр талд хоригддог л мөн саадтай юм болох нь дээ. Хүүхээ, чи Морьтын гарам уруу нэг хараач. Нүд муудаад юм ялгахаа байчихаж, муу бирвааз маань тэнд л хайрдаад зогсчихсон бололтой гэхэд Дориг мориныхоо цулбуурыг тахимандаа хавчуулан, хадганд боолттой ганц нүдний дуран өврөөсөө гаргаж удаанаар харснаа :
- Бирвааз мөн нь ч мөн байна гээд дурангаа өвөртлөхөд нь :
- Бага шиг л хэмхэрсэн байгаасай билээ гэж өвгөн дуу алдлаа.
- Дэнзэн гуай! Манай хоёр улаан авдар усанд урсчихжээ. Үерт урссан юмыг ус аяндаа гаргаад эрэг дээрээ хаячихдаг гэдэггүй билүү? Би тэгээд голын хөвөө дагаж бараг өртөө газар давхилаа. Даанч юу  ч харагддаггүй шүү. Та өглөө эрт энд ирсэн бол усанд юм хөвж явахыг хараагүй биз? Ингэхэд та энд юу хийж байгаа юм бэ дээ? гэж асуув.
- Би ус хэр зэрэг нэмснийг мэдэх санаатай гэж өвгөнийг өчихөд “Муу зөнөг толгой чи, ус нэмэхийг ч үзэх гэж ирээгүй байх аа” гэж Дориг бодов.
- Хүүхээ, танайх тэгээд үерт автчихаа юу? гэж өвгөнийг асуухад:
- Үгүй ээ, манай хоёр авдар айлд байсан юм.  Тэгээд Булан дэрсний тохойн айлууд үерт автаж  хамаг юмаа урсгачихсан.
- Тэгээд яагаа вэ? Амьтан хүн сүйдээгүй биз гэж өвгөнийг сөргөөн асуухад :
- Амьтан хүн ч сүйдээгүй ээ, авдар савтайгаа л алдацгаасан юм байх. Ингэхэд ус ер нь хэдийгээр татрах бол? Та усч хүн байна. Эрх биш нэгийг гадарлаж байгаа байлгүй гэв.
- Ээ хүүхээ! Хэзээ татахыг хэлэхэд бэрх байна. Лав долоо хоногоос нааш татрахгүй дэг. Урьд шөнө гучин нэгэн алд нэмсэн байна гэж хэлээд Доригийн нүүр өөд, гал нь буурсан нүдээрээ өвгөн цоргин ширтсэнээ, “Чи ч ер нь үерт автсан айлын авдар савны олзонд гэлдэрч яваагаас зайлахгүй дэг ээ. Бас тэрнийгээ нуух санаатай. Ямар би мэдэхгүй биш. Хоёр улаан авдар гэнэ шүү. Хэзээ танайх тийм авдартай байлаа. Тэр жил чи бас эд хөрөнгөний хойноос л хомхойрч явж усанд живж үхэх дөхсөн. Би, муу золигийг чинь бүүр усанд осолдсон хүний төлөө давхиж яваа юм байх гэж андуурч байдаг мөн зохив оо. Муу бирдээс болж өмдөө хүртэл чийгтэй нь өмсчихлөө байна” гэж зэвүү нь хүрэв.
- Дэнзэн гуай! Та чинь ингэхэд гэрээ усан дотор орхичихоод майхан бариад нүүчихсэн хэрэг үү? Би дээрээс ирж явахдаа танайхыг усанд автсаныг хараад бүүр сандарч гайхлаа шүү. Холоос харахад танай гэр яг л мөөгний малгай шиг харагдсан, харин ойртоод очсон чинь хананы нь нүдээр ус садраад бүүр хараад баймаар сүртэй эд байна шүү гээд худлаа хөхрөхөд
- Чи тэгээд очиж үзээ юу? гэж өвгөн асуув.
- Үгүй чиш, усны захаас дурангаар харсан юм. Би тэр жил усанд осолдох дөхсөнөөс хойш, хөлөө ч усанд хүрэхээ больсон шүү. Тэгээд гэр чинь урсчихвал балрав аа. Бүрээсий нь дээр нь овоолчоод шалдалчихсан юм уу? Бүүр тэн татчихсан ч харагдах шиг гэж шалгааж эхлэхэд нь :
- Тэгээд орхичоод болоод л байдаг юм. Аз хариагүй бол арай аваад явчихгүй байлгүй гэхэд
- Та мөн бөх зүрхтэй хүн юм аа. Би бол үхсэн ч гэрээ тэгж орхихгүй гэв. Өвгөн, түүний нүүр уруу ажин харснаа
- Чи ч нээрээ гэрийнхээ модтой зууралдсаар байгаад л үхэх хүн дээ. Муу бирд, даанч санаа байвч сачий нь хүрэхгүйгээс биш, шөнө үхэр тэрэг хөллөж ирээд ачаад явахдаа ч тоохгүй амьтан шүү. Бүүр бүрээсий нь хүртэл мэдэх гээд байдаг нь ч юу билээ дээ” гэж бодож суухад Дориг “Би хэрэв энэ өвгөн шиг усч бол үер болоход ёстой нэг баярлана ч баяжина ч, ус татраасай гэж бодохын оронд ус нэмээсэй л гэж бодож сууна даа” гэж атаархах сэтгэл төрж :
- За даа, халуун өдөр болох нь бололтой. Яаж шүү гэлдэрдэг юм билээ гэж эвшээлгэж хэсэг зогссоноо мориндоо мордож, салхи татуулан давхиж одлоо. Дэнзэн өвгөн, Доригийн хойноос харж “Хүн гэдэг мөн саруулхан дотортой амьтан юм даа. Чи ч уржнан жил намайг энд байгаагүй бол өдийд олз хайж явах нь байтугай, орчлонгийн тоос хөдөлгөж чадахгүйгээр Сэлэнгэ ээжийн ёроолд живэх байсан байх аа. Өөдгүй амьтан ноднин зун бүүр зэвүү хүрч билээ. Амь аварлаа гээд надад мянган янчаан өгсөн ч би авахгүй. Мянган янчаан шингэдэг хүнийхээ ходоодонд шингэнэ үү гэхээс биш, миний ходоодонд шингэхгүй. Өнгөрсөн зун Доригийнх тогоо нэрж байсан мөртөө намайг ороход балга сувсаа харамласан шүү. Бас тэгээд баяжих, нохой долоо…. гэж Доригийн хойноос ярвайн шивнэснээ, “За ер нь ийм хүний урамгүй амьтанд гомдож тунирхаад ч яах юм билээ. Ямар бөгтөр эмгэн минь биш. Муу эмгэндээ бол тунирхана ч гомдоно ч” гээд гутлаа өмсөж палир палир чирсээр майхан уруугаа гэлдэрлээ.
Гэтэл хаанаас гараад ирснийг бүү мэд. Уулын энгэр ташсан дардан шар замаар хоёр морьтой хүн зуузай холбон майхныг чиглэн гэлдэрч яваа харагдав. “Байз ямар улс ингэж манайхыг зорьж ирдэг билээ? Холын аймгаас яваа тууварчид лав усанд хоригдоод айл хэсэж өдөр өнгөрөөж яваа юм болов уу? Ер нь л тиймээс зайлахгүй дэг. Ядахдаа шогших ч үгүйг бодоход морь хүн хоёр нь халуун нар, алс замд ногоортлоо гундаж, ялаа шумууланд бариулаад бүүр хулхи нь буучихсанаас зайлахгүй дэг. Нээрээ  ч холын улс манай нутгийн шумууланд бариулна шүү. Ер нь тууварчид яваа бол ганц шөлний юм худалдаж авъя байз. Хөгшин маань хавраас хойш шинэ шөлний бараа хараагүй амьтан, би ч гэсэн дээ..” гэж бодсоноо, нөгөө морьтой улс уруу саравчлан хараад : “Үгүй ээ, нэг нь бүсгүй хүн юм уу даа. Хувцас хунар нь тууварчин биш шиг байна. Арай надад золгох гэж яваа хүүхдүүд биш байгаа? Мөн ч байж мэднэ. Ээ дээ, олон ч амьтныг уснаас аварч олон ч амьтантай ураг төрөл боллоо доо, лав тэдний маань нэгнээс зайлахгүй дэг шүү. Зочин ирж байгаа бол ганц шил манапаалтай гэсэн үг гэж бүүр хүүхэд шиг баярлан хурдлан алхав. Морьтой хүмүүс майхны нь гадаа ирж нэг нь мориноосоо үсрэн буугаад, нөгөө бүсгүйгээ түшин буулгаж, майханд сугадан орох нь харагдав. Дэнзэн өвгөн гаднаа очоод, намаг усанд норсон хоёр гутлаа тайлж хатаах санаатай, үхэр тэрэгний яйшинд өлгөснөө, “Хурц наранд омойгоод хатчих болов уу” гэж сүүдэр бараадуулан майхны хаяаны чулуун дээр тавилаа. Тэгээд сүүлээрээ майны үнс шарван хивж байгаа ганц үнээ уруугаа очиж “Ялаа үргээдэг хэдэн үсээ шатаах нь шив” гээд майнаас холдуулж байхад эмгэн нь модон хувингаа сарвуундаа углан гарч ирээд:
- Өвгөөн! Чи майхандаа орооч. Зовж зүдэрсэн хоёр хүүхэд ирээд чамайг хүлээж байна. Би үнээгээ шувтаръя гэхэд, өвгөн юу ч хэлсэнгүй майхандаа ортол, үл таних бүстэй, бүсгүй хоёр залуу угтан мэндлэв. Бие жирэмсэн бүсгүй нь гараараа газар тулан, хөмхийгөө тас зууж, майхны баадан налж суугаад, царай нь бараантан харласан үзэгдэв. Хамт яваа залуу эр нь өвгөнийг царайчилсан дуугаар ам нээж:
- Бид зүдэрсэн улс явна аа, өвгөн гуай! Манай хүүхэн бие жирэмсэн юм. Өчигдөр дуншиж өвдөөд, ойр хавийн илээч бариач хүмүүсийг бүүр гүйцээлээ. Даанч нэмэр алга. Эмнэлэгт очих гэсэн Сэлэнгэ мөрөн үерлэчээд яах ч аргаа алдаж явна. Тэгээд нутгийн улс тантай уулз гэж зааж өгснөөр ирлээ гээд өвгөнийг юу гэх бол хэмээн амы нь ширтэв.
- Хм гэж өвгөн хоолой засаад “Нутгийн хүмүүс зааж өглөө гэнэ ий” гэж дотроо бодсоноо: 
- Хүүхдүүд тэгээд аль нутгийнх вэ? гэж асуухад нь
- Бид хотын улс аа. Зуны амралтаар ахындаа ирсэн юм. Манай ахынх Бүдүүний аманд байдаг. Та таних ч болов уу? Доригийнх гэхэд
- Дориг ий гэж өвгөн сулхан дуугарснаас биш, тэр хоёрыг ус гаргаж өгнө ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй, “Яадаг шүү юм билээ дээ. За яах вэ, өөрсдөө сайн бодог, зөнгөөрөө болог. Намайг ч гэсэн сайн харж аваг. Нас ахисан энэ тэнхэлгүй өвгөн биднийг усанд живүүлчихнэ байх гэж бодвол тэр л биз. Надад итгээд үерийн ус гаргаад өгч дөнгөнө байх гэж санавал, би юунд үгүй гэх билээ” гэж бодлогошрон мод толгойгоороо нурам хутгаж, чандруу бужигнуулан суутал, тэр жирэмсэн бүсгүй аяархан өндийж,
- Өвгөн ах минь, яаж ийгээд эмнэлгийн бараа харах сан тэгэхгүй бол ч тэсэхгүй нь шиг байна гээд нүдэн дээгүүрээ нулимс цийлэгнүүлэхийг нь сэм харж, дэргэдэх залуугий нь нүүр уруу өвгөн цоргин ширтсэнээ :
- Гаргахыг л бодъё доо, хүүхээд! гэж сэтгэл өрөвдөн хэлээд үерийн усыг дахин хармаар санагдахад, өвгөн майхны үүдэнд гарч, хуян шар усаа тараах гэсэн шиг

No comments:

Post a Comment