Wednesday, October 2, 2013

Хоёр хар буурын туурь

Д. Маам "Хоёр хар буурын туурь"
...Тэрнээс хойш буурал хорвоод таанын толгой хорь дахин гундан хагдарч, тэмээний дөрвөн үе төрж, лавтайяа хоёр үе нь өсч, өтөлсөн боловч таананаас түм дахин илүү настай Орлой нутгийн хүн ардын зүрхэнд сүр хүч, үзэсгэлэн гоогийн сахиус болон шингэсэн тэр хоёр буурийг одоо хэр нутгийн өвөгчүүл “Сумын тэмээний сор байж билээ” хэмээн ярилцан хөөрсөөр байна.
Тэр намрын тэнгэр , нар, байгаль гурвын бүрдэл зохицол, ургац дээж гэлтэй хоёр лунжгар хар буур нэг л мэдэхэд бий болсон нь тэр болгон хүний сэтгэлийг эс хөдөлгөсөн ч, үзсэн болгоны нүдийг булааж байлаа. Сонсвоос сумын өмнө биеэр нутагладаг тэмээт Агваанбалдан гуайн хоёр буур усны тунгалаг, өвсний соргогийг эрэн явсаар Орлойн шилд бие оторлон “буусан нь” энэ ажээ. Бодвол орооны цагаас өмнө тарга хүчээ олж авах гэсэн хэрэг биз ээ. Тавиун цаг, ээвэр нар бүхий баян дэлгэр ургацын намарт таацан нийлэх хоёр сайхан амьтан говийн ногоон бударга дотор сүүхийлцэн зогсоцгоодог сон. Би нэг удаа ахыг шалсаар байгаад хонины муу хашин цагаанаа  хэдрэн, лавтай арван саахалтын газраас очиж тэр хоёр буурыг үзэж билээ. Үнэнхүү гойд сайхан амьтад байсан шүү. Амьд буур үзэв гэж учиргүй их баярлачихсан яваа намайг харж ах минь жууман жууман инээмсэглэж байлаа. Ганц майга аттай, ядуу ээжийн борви нь төлжиж сунаагүй, саахалтын айлаас хол яваагүй хэнз банди надад тэр хоёр бууртай золгосон маань бөөн баяр байсан ч, Орлойг өдрийн хэдэн удаа л болов арлаж энгэрлэж үзсэн ээжийн өссөн ганц хүү ахад гэвэл буур зэрэг нь тийм ч сонин гайхалтай амьтан хэдий нь биш болжээ.
Тэр хоёр буур шинэ нутагт ирснийхээ дараа нэг хэсэг хоёулхнаа л байсан юм. Усанд явсан ч хамт, хэвтсэн ч нэг дор, бэлчээрт ч цуг байдаг байлаа. Илүү ч үгүй, дутуу ч үгүй тэмээний үерхэл гэдэг ердөө л тэр ажээ. Тэрбээр мах цуснаас зөөлөн сайхан, холч амарлингуй амьтан болохоороо үерхэхдээ хүртэл элдэв шалдав илүү дутуу зан үзүүлдэггүй байх нь ээ.
Манай намаржаа тэгэхэд Орлойн баруун зээрдийн арын нарийн бударганы урд ширээ дээр байсан болохлоор, тэр хоёр буур зарим орой ч мөн манай хотонд зочлон ирж, үнсэн дээр хэвтэж хоноод явдаг байв. Зочин тэмээ зочин хүн шиг эрт босдог юм билээ.
Нэг удаа муу хашин цагаан дээрээ айлын хонинд хоцорчихсон гувшаа цанхин хургаа дүүрээд харьж явав. Чөхлөх болгонд хашин цагаан чихээ эгдүүцэн хулмайж, давирах болгонд өвлийн дэрсэн бут мэт шингэн сүүлээ шарвах хийгээд адаглаж шогших ч үгүй, хүнд эдлүүлсэн адууны урам л юм даа гэсэн  шиг арай чарай гэлдэрнэ. Гувшаа цанхин гэвээс цадталаа угаадас цийдэм залгилчихаад сүүдэрт муу биеийг энгээр нь авчирч хаясан хөгшин халтар шиг хүзүүгээ байдгаар нь сунган эмээл дээр минь хангалуун нь аргагүй хэвтэнэ. Би цанхинд эмээлээ хүртэл булаалгачихаад, хашин цагааны хэдрэгэн нуруун дээр ядаж тохом ч үгүй хайргадуулан яваагаа үзэж, өөрийнхөө ядуу мууд гутрав. Гувшааг сугандаа сэвхийтэл хавчуулчихаад, дөрөөн дээрээ босон морины хар гүйхээр туурай нижигнүүлэн алга болох хүсэл надад байсан ч энэ бол зөвхөн хүсэл л байлаа. Тэгээд арга буюу ертөнцийн бүх адгуус мал дотор энэ хоёр лавтайяа хамгийн муу нь биз хэмээн хашин, цанхин хоёрыг нүд үзүүрлэн , өөдгүй нь өөдгүйтэйгээ ингэж таарчээ хэмээн нэгэнт учирсан гурван биендээ бухимдан явав. Тэгтэл хойдхон талд хонь хурганы дуу сонсогдлоо. Үзвээс түмэн цагаан нуруу гүйвэлзүүлэн, мянган хар толгой шоволзуулсаар манай хотын хонь хургаа дагуулан ирж байв. Оройн саам шувтраад хонь үдшийн бэлчээрт дэлхэн буй нь энэ ажээ. Хонийг нь харуулмагц би гувшаа цанхиныг түлхэж орхив. Тэр хөл дээрээ дэвхрэн буугаад арилж өглөө. Би гэвэл гашуудал үргэлжлүүлэн үйлдэж байгаа мэт хашин цагаанаа цааш гэлдрүүлэн одов.
Гэнэт шөнийн харанхуйг хагалан нар тусах мэт нэгэн сайхан аялгуу чихнээ хадаад гарлаа. Тэр аялгууг шингэж байгаа нарны зүгээс бүсгүй хүний уян налархай хоолойгоор өргөн эгшиглэх ажээ. Дөрөөнд боссонд юу ч эс харагдана. Тэр дууны өнгө угтаа хүний зүрэнд хүргэхийг яарах богино айзам , усанд туссан сарны туяа мэт уран хэрнээ ширхэг бүр нь тод сонсогдох нарийн нугалаа хоёр дуулах эзний уянгалаг хөгтэй хоолойд гойд хорших хийгээд надад наран өөрөө амилан дуулж байна уу даа гэлтэй санагдаж байлаа. Гэнэт хашин цагаан алхаа татав. Энэ морь энэ дууг зогсож чагнах нь уу гэтэл үгүй, морь маань Уур булаг хэмээх булгийг өмнөө үзсэн хэрэг ажээ. Хашингийнхаа амгайг авч булгийн усанд оруулав. Миний сэтгэл нэгэнт хөхиүн сайхан болжээ. Булгийн ус морины хөл доогуур урсан урсах хийгээд хашин цагаан тэр усыг бүгдийг ууж барах гэсэн мэт шуналтай нь аргагүй залгилна. Булгийн ус мэт урсан урсах нөгөө аялгуу ч хангинасаар ажээ. Харин тэр аялгууг хүсэл бодол, хөөрөл дэврэлийн түмэн утас-үндэс хөврөн бүрэлдэж буй зүрх сэтгэл маань ховдгоор залгилан байна аа гэдгийг анзаарч зогслоо. Гэвч жинхэнэ дууг хүн зөвхөн өөрийн болон хүний зүрхэнд л дуулдаг юм байна гэдгийг тэгэхэд хараахан ойлгоогүй билээ.
Нөгөө аялгуу, хоолой хоёр ойртсоор надад нэгэнт үг нь сонсогдохуйцаар дөхөж ирлээ.
Ганган улаан тэмээгээрээ
Галбын говийг туулнаа хө
Гал шиг халуун наранд нь
Гандаж явлаа би чинь ээ хө..
Аа, энэ чинь тэмээ хүн хоёрын тухай дуу байна шүү дээ, сайхан дуу юм даа гэж би бодлоо. Яг энэ торгон агшинд наран доогуур гүвийх ногоон довын цаанаас хүний толгой шоволзсоноо дахин хоёр хурам өнгөрөхөд нэг хар буур хөтөлсөн бүсгүй хүн ногоон дов дээр зогдор хөдөлгөн гарч ирлээ. Зүрхэнд шингээд уусаж амжаагүй цуурай нь хангинан хангинасаар буй нөгөө сайхан дууны эзэн нь энэ байжээ гэж би олзуурхан бодлоо.
Тэмээ хүн хоёрын тухай гэрэл мэт тэр дууг надад авчирч өгөх л гэж явсан мэт, одоо гэвэл нөгөө эгч дуулахаа нэгэнт зогсжээ. Хоёр буур алхалсаар ойртож ирэв. Алхаа нь тийм ширүүн биш боловч дорвилуун хөлөө алгуурхан зөөж тавихад өвдөг зогдроос нь салхи нүдлэн шуурах ажээ. Лавтайяа үс болгоны нь үзүүрт шингэж байгаа нарны хэдэн буман туяа зууралдан бүжих тул тэр хоёр буур нарыг тоо томшгүй олон алтан утсаар оосорлон чирч явна уу даа гэлтэй үзэгдэнэ.
- За миний дүү сайн явна уу? гэж гийчин авхай зөөлөн асуув. Би мэндийн хариу өгөх зуур нүдээ өргөлөө. Үзвээс хөдөө нутагт ховор дайралддаг шингэн цагаан царайтай, бараг шонхор гэхээр шулуун тэгш хамартай, яльгүй хөнхөрдүү боловч давхраа сайтай хонин бор нүдтэй, нуруу гоолиг байрын, хорь орчим насны хүүхэн Агваанбалдан гуайн их хар буурыг хүлэглэн бага хар буурыг хөтлөн ирээд, хос сайхан амьтныхаа алхааг саан зогсож байв. Тэр эгч утас нь сэмэрсэн нарийн торгон алчуур янзтай гоё зангидаж , хуучивтар хүрэн даалимбан тэрлэг будмал цуу-ямбуу бүсээр дарж бүслээд, хоолойны нь товчийг задгайлан хаясан ажээ. Түүний нүүрнээсээ цагаан харагдах хүзүү, дан тэрлэгний цаанаас миний нүдийг далдируулан сэрийх хоёр мээм, тархин дундуур шавхуурдах мэт өргөгдөх буух урт хар сормос, тэр сормосон доорхи аальгүй хийгээд уян уран, элгэн дотно бүхнийг өөртөө шингээсэн хоёр бор нүд цөмийг нь би хормын зуур ажиглаж амжив. Хүн бас тэмээнээсээ дутахгүй сайхан юм аа гэж бодлоо.
- За дүү минь сайн сууж байгаарай. Муу хөгшин хөх атыг минь гайгүй мэдэж байгаарай.
- За, та сайн яваарай гэж би хариу өчив. Гэвч би зүрх сэтгэлдээ ганц Гангаадарьд биш, гурван сайхан амьтанд гурвууланд нь тэгш сайхныг хүсэн үдэж хоцров.
Манайд байдаг “майга хар” хэмээх ганц данхар ат бас сайхан амьтан шүү дээ. Тэгэхэд тэр хоёрын эрдүү дорвилуун болон хүчний нь гоо жавхааг үзвээс “майга харынхаас” илэрхий давуу ажээ. Хоёр ханан хад нүүгээд явж байх шиг үзэгдэнэ. Буурын цээж атны цээжнээс хавьгүй зузаан хийгээд толгой нь том, сэрвээ нь өндөр, тавхай нь өргөн, хумс нь хурц байдаг билээ. Буур тэмээний хаан болох учир буурын сүр тэмээн дотроо ямар томруун бол гэж надад аандаа бодогдов. Дөрвөн сайхан нүдэндээ сүн далайг цалгилуулсаар, сүмбэр уул шиг хоёр сайхан амьтан алхаагаа ээж аавын сэтгэл шиг нийлүүлэн холдоход, чамархайд цус бөөгнөрөн лугшиж хоолой зангирч байлаа. Их хар буурын ширээ бөхний хооронд сууж яваа Гангаадарь ажааг би ээжийн ороосон зулын голтой ч, өөдөө бадрах галын дөлтэй ч зүйрлэж эс зориглоно. Тэр бол өөр юутай ч жишигдэшгүй Гангаадарь ажаа л байв. Агаарын тунамал, нарны тунгалагийг хэлж эс барам ногоон байгалийн дунд тэр гурван амьтантай азаар тийн учирсан маань хөөрүү дэврүүн, элбэг баянд сэтгэлээр уусан , биеэ түүнд таацахуйцаар зэгсэн авч явахсан гэж хүний, хүн яснаас урган бүтэх нэгэн хүчит эрмэлзэл тархи өөд цоргин орж ирэхийг мэдэж авчээ. Далд нэгэн хоолой:
Ганган улаан тэмээгээрээ
Галбын говийг туулнаа хө…
хэмээн миний чихэнд хадаан дуулж байлаа. Одоо ч Галбын говийг зөвхөн тэмээгээр л туулж болох биз ээ.
Гэрийн зүг морины жолоог залж, хашин цагаанаа чөхлөн ороолонгосонд, хашин цагаан ч ухасхийн цогиулав. Би хэдий нь дөрөөн дээрээ босжээ. Урам зориг орж мориныхоо дөрвөн туурай дор тас няс хэмээн бутрах говийн жижиг чулууны дууг сэтгэл хангалуун сонсож явлаа… Нар уулын цаад руу бууж амжаагүй байхад хашин бид хоёр тэргэн дээрээ ирчихсэн байв. Тэгэхэд би амьдралдаа анх удаа хашин цагааныг морь, өөрийгөө эр хүн гэж итгэн бодож билээ. Гэвч удалгүй зүрхэн тус газар намрын халшрал мэт нэгэн хүйтэн гуниг нуугдаж явсныг олов. Тэр бол хоёр хар буурын нутаг буцсанд харлаж гонсойсон сэтгэл маань байсаан.
Намрын сэрүү орлоо гэхийн оронд томцуул энэ намрын урь харилаа гэлцдэг байв. Үнэхээр цаг сайхнаараа байсаар нэг л мэдэхэд өвөл болсон байж билээ. Гэвч өнтэй өвөл Түвшинширээ уулаас Орлойн шилийг хүртэлх нарийн зурвас газар л байжээ. Сумын хойт урд бие, бас Шүүтийн говиор зуд болжээ гэлцэнэ. Зуд болжээ гэж хэлэлцсэнээс хойш төдий л удалгүй отрынхны  хөсөг манай нутгаар үзэгддэг болов.
Нэгэн өдөр манайд урт цагаан сахалтай , нарийн хянган хамартай, өндөр ухаа өвгөн ирэв. Намайсан сайхан өвгөн ажээ. Тэрбээр үл мэдэгхэн хөлчүү агаад энэ нь өвгөний байдлыг улам ч нүдэнд дулаан, тохитой болгосон мэт санагдана. Ээжтэй хэлэлцэх үгний нь өнгөнөөс үзвэл яах аргагүй тэмээт Агваанбалдан гуай байлаа. Агшин зуур тэр өвгөнийг мянга дахин хүндэтгэх ховор баян сэтгэл надад төрж билээ. Тийм сайхан хоёр тэмээний эзэн нь нүд сэтгэл дүүрэх ийм сайхан буянтай буурал байсанд би баярлах мэт болов. Тэгээд малын эзэн ямар ч хүн байж болно гэхэд Гангаадарийн аав заавал л ийм хүн байх ёстой биш үү хэмээн хэнз бие, балчир нас хоёртоо томдсон гэхээр бодол бодож суув.
Мөнгөн аяганд хийж барьсан цэнхэр сархдыг алгуур шимж уух зуур Түвшинширээ уулын өгөөмөр суудал мэт өргөн сайхан завилаан дээрээ урт цээжээ дайвуулсхийн тэр өвөө ээжтэй минь хуучилна. Энэ өвөө яасан ч мэргэн өвөө биз ээ хэмээн надад бодогдоно. Чухам юу ярьсан нь миний санаанд одоо алга л даа. Агваанбалдан гуай тэгэхэд цаг цагаараа байдаггүйн тухай их л учир нажиртай юмс хэлж байсан санагдана. Би гэвэл Түвшинширээ уулыг лавтайяа өгөөмөр баян суудлаар нь Түвшинширээ уул хэмээн энэ буурал шиг нэгэн мэргэн өвөө онож нэрлээ дээ гэж амьхан хувьдаа битүүхэн том юм бодох зуур, Агваанбалдан гуайг хоёр хар буурныхаа тухай хууч хөөрөөсэй хэмээн тэсгэлгүй горилж суулаа.
Гэвч өвгөн дандаа өөр юм ярьж байгаад мордсон юмсан. Харин гурван долоо хоногийн дараа би хүслэн болсон хоёр хар бууртайгаа дахин золгож билээ. Эхлээд би бага хар буурыг үзэв. Өвлийн дунд сарын жалхгүй шаргал нар гэрийн тотгон дээр голлож байсан үеэр юмсан даг. Ээж гаднаас орж ирээд,
- Хүү минь чи сонсож байна уу, энэ урд хоолойд орсон буурын шүд хангинаж байхыг гэв. Би гэдэг хүн хар хурдаараа гүйн гарах нь тэр. Тэгээд ч гарсан дороо тэр дууг олж сонслоо. Орсон буурийн шүд согтуу хүний шүдтэй адил хяхнадаггүй юм билээ. Газрын холд болон завсар хоорондын олон чимээнд бүдэгшсэн тэр дуу тас тас хийх агаад чих тавин сайн сонсоход үнэхээр хангинах мэт дуулдах ажээ. Удалгүй нөгөөх чимээ тодрон тодорсоор манайхаас өмнөхөн орших хар толгойн сээвгэр орой дээр хэдэн тэмээ гарч ирлээ.  Үзвээс гол нь ингэн тэмээ ажээ. Нэг багашаархан гунжны хүзүүнд уясан гуулин хонх тасралтгүй жингэнэн дуугарна. Таван хурам хиртэй хугацаа өнгөрөхөд ертөнцөд хамгийн ихээр санаж хүсэж явсан орсон буураа миний бие олж үзэх нь тэр.  Тэр буур Агваанбалдан гуайн бага хар буур байв. Хотны айлын хэртэй газар ирээд цасан тоос татуулан ингэнүүдээ хуйлруулан хураав. Тэгээд үлэмжийн уран бие цогцос, ихэмсэг баатарлаг дүр зургаа надад гайхуулах гэсэн мэт бараатай тэргэн тус газар ирж шавж зогслоо. Цасан их тал, үүлгүй хөх огторгуйн дэвсгэр дээр шавж зогсоо тэр буур тэнгэр газрыг нумлан амилсан дэвх мэт үзэгдэх бөлгөө. Буурын толгой нэлдээ цагаан хийгээд мөстөж цантсаны учир сээзгийн чинээ болсон тэр толгойноос уур савсах ажээ. Энэ лавтайяа халуун уур биз гэж би бодож зогслоо. Тийм толгойноос амьд ат байтугай авга ах маань ч айх байсан бизээ. Тэр сээзгий цагаан толгойн голд тас хар нүд нэгэн газар тогтож байрших нь үгүй, хулганын нүд мэт гялалзана. Тэр нүд тунгалаг сайхан боловч түүнд зүрхэнд хүрэх нэгэн аймшигт үзүүр байхыг олж үзэв. Буур нүднээсээ бусад юмыг хайрладаггүй гэж томцуул ярьдагсан. Нээрээ ч ийм нүдийг хайрлахгүй бол өөр юуг ч хайрлах билээ дээ. Буурын толгойг бүрж бүрхсэн цан хүүрэг, адтай догшин гялалзах нүд хоёр ертөнцийн бүх өнгөний эцэг эх хар цагаан хоёр өнгөнд нэг нэгээрээ амилан бүрэлдсэн байдаг билээ. Унаган даахиараа залаалан унжих азарганы дэл мэт өтгөн хүрэн зогдор эгэм тус газар нь бага зэрэг шингэрээд, нүд шиг хар сахлаг урт өвдөгтэй нь нийлэн суусарлажээ. Бага хар бараг борвин дээрээ оцойн сууж, сахлаг үстэй данги хөлдүү сүүлээрээ хойт бөхөн тус газраа балбалах бөлгөө. Ширээ буур бөхөндөө шавах гэдэг энэ ажээ. Эх дэлхийг тулах хэрэг гарсан мэт бахим дөрвөн хөлийг шийрлэн жийж, зааны тавхай мэт түшиц сайт дөрвөн сайхан тавхайгаараа зөөлөн цасыг ломбодон газар тулан зогсжээ. Орсон буурын цээж уулын цээж шиг өргөн зузаан агаад гэдэс нь уургын хув шиг нарийн чивчрүү байдаг билээ. Би тэр цээж гэдэс хоёрын аль алинаас буурын хувьд оногдох хорвоогийн хамгийн их хүчийг амтлах шиг болж байлаа. Цаг ямагт зөвхөн ууж идэхийн хойноос явна гэвэл эрэлхэг баатарлаг болж эс чадахыг байгаль эхээр энэ амьтан нэгэнт хэлүүлэн төрөө юу гэлтэй. Тийм ээ, үнэхээр голио зэрэг арчаагүй амьтан л тэнгэр мэт их гэдэстэй болдог тавилантай…
Гэнэт миний чихэнд үргэлжлэн хүчтэй хавших чимээ сонсогдов. Тэртээ баруун урдаас аадрын үүл гэтэл үүл биш, аргалын уул гэтэл уул биш нэгэн лужир том амьтан ирж яваа харагдана. Тогтоон харваас Агваанбалдан гуайн их хар буур ханан хад мэт аварга том биен дороо дөрвөн тавхайгаа шил толь адил гялалзуулан Орлойн шилийн их гэдэс мэт өтгөн хар зогдроо хөвхөлзүүлсээр тэшүүлэн асуй. Түүнийг харахад бахдал айдас хоёр сэтгэлийн нэгэн зайд байр булаацалдаж байлаа. Эрүү нь үен залгаагүй янгинан хавшиж, их биенд нь томдоо юу гэлтэй агаруу толгой нь данхалзан, ам хамраас нь савсах уур утаа эрдүү сүржин дүр байдлыг нь улам гайхалтай яруу болгох ажээ.
Бага хар буур их хар буурын айсуй явааг хармагц шаваас суудлаа орхиж биеэ эгцлэн, хүзүүгээ алгуур сунгаад хурц хар нүдээ эргэлдүүлэн хялав цалав хийлгэн их харын зүг хэдэнтээ шилбүүрдэв. Тэгснээ гэнэт тайван байдал нь эгшнээ алдагдаж ингэнийхээ зүг суналзтал алхан одлоо. Тэгээд хулгар чихтэй , гоолиг өндөр чацтай, ганган цагаан ингийг ялган авч зүүн урагшаа гилэн одов. Их хар гэвэл даруй зүгээ өөрчлөн цагаан ингэ, бага хар хоёрыг амдан тэшүүллээ. Үүнийг мэдсэн бага хар гүйдэл саан алхуулснаа ингээ орхиж их хар буурын зүг ер эмээсэн шинжгүй эргэв. Одоо гэвэл хоёр буур гарцаагүй учрахаар нэгэнт өөд өөдөөсөө чиглэн алхалж гарлаа.  Аль аль нь арслан мэт том толгойгоо сэгсчиж, хүзүүгээ уулын арын гуу жалга мэт сунайлган хаяжээ. Тэд хүчээ нөөж, биеэ хурааж байгаа бололтой ойртох тутам явдлаа зөөллөнө. Хагас сөгдөж сулд нь хаясан хүзүүгээ дайралдсан бут сондуул болгоныг цас манаруулан шөргөөнө. Хавшин нийлэх амнаас нь хөвөн мэт цагаан хөөс цацаглан хаялж , дөрвөн нүд дөрвөн жад мэт эсрэг ширтэлцжээ. Тэгээд айл айлын хэртэй газар очсоноо хоёул бага зэрэг гэхээр алхаа татав. Тэгээд мөн хоёул бага зэрэг шаасан гадас шиг хөдөлгөөнгүй зогсож байгаад шавж эхэллээ. Нэн ч их удалгүй тэлсэн нумны хөвч мултрах мэт шаваас задран, замын дунд шуугин учирлаа. Тэр хоёр цахилгаан адил гялсхийн зөрөлдөөд явчихсан чинь их хар дороо тэрий хадчихсан харагдлаа. Бага хар чухам ямар “мэхээр” унагасныг би нүдээ бүлтэлзүүлэн зогссоор байсан хэр нь тийнхүү олж мэдэлгүй хоцорч билээ. Тэгэвч бараг нүд ирмэхийн төдий агшин өнгөрөхөд л унасан буур бахим дөрвөн хөл дээрээ боссон байлаа. Нэгэнт дарж авч амжаагүй бага хар гэвэл дахин довтлохоос өөргүй болжээ. Гэтэл их хар маш завдаархуу хөдөлж, бага харыг дайран ноцов. Бага хар ч хэрхэхээс буцсангүй, бахим танан шүдтэй амаа тохойн чинээ ангайсаар цээж түрэн угтлаа. Их хар бага харын омруун доогуур урт хүзүүгээ  шаан хүрч ирж буруу талынх нь хойт хөлийг шүүрэн үмхэв. Бага хар их харын шилэн дээгүүр сунан ирж, зөв талын цавинд хурц цагаан шүдийг шигтгэн зуурлаа. Одоо гэвэл тэд арслан барс шиг арсалдан барилдаж, аварга могой шиг ороон зууралджээ. Тэгснээ удалгүй тавилцав. Лавтайяа хүч нь тэнцсэн хэрэг буй заа ….
Тэр хоёрын зодолдоон оройн нар ортол үргэлжилж билээ. Би эхлээд тэр гайхамшигт тулалдааныг үзэж, хөөр бахархлын цээнд хүрч байсан боловч удалгүй зул бөхөх мэт баярын сэтгэл унтарч, харилцан бие биенээ дуустал хөнөөх гэж зорьж байгаагий нь үзээд хүйтэн гүрвүүл зүрхэн тус газар мөлхөх лугаа адил болж, айдас төрж эхэлсэн юм. Гэвч дайсагналцах гэдэг тэр болоод өөрийн амийг өрөн байж, дайснаа хөнөөхийг зорих байгаль амьдралын гүн учир начир тэр тулалдааны утга тайлал болж байсныг хожим сэнхрэн ойлгохдоо тэр хоёр буурын хэнд нь ч бурууг эс өгсөн.
Хоёр хар буур гэвэл урин тэр өвлийн урт эринд ч бие биенээ дийлсэн нь үгүй ээ. Эцэст нь унаган нутаг өөдөө яарсан ганган цагаан ингийг булаацалдан бараадсаар, Шүүтийн говийн эрээн бударганы захад хүрсэн  хийгээд хоёр биенээ отож хэвтсээр өлсөж сульдахын туйлыг үзэн зүдэрчээ. Тэгэвч аль нь ч алиндаа ер бууж өгөхийг бодоогүй билээ.
Харин хаврын цагаан хавсарганы ид үеэр хэвтрээсээ арай гэж босож байсан тэр хоёр руу өлөн чонын сүрэг уулгалан довтолжээ. Лавтайяа арван тав орчим чонотой тэр хоёр буур харгалдан тулалдсан хийгээд хувь заяа тэднийг үхэл амьдралын босгон дээр нэгэн бурантгаар холбон хөтөлж авчирсныг үзэж, өвөлжин дайсагналцсан хоёр адгуус нэгэн хүн шиг үзэлцсэн байв гэнээ. Гэвч харамсалтай нь буурын хурц шүдэнд тасар татуулж, өвдөг тавхай дор нидрүүлсэн долоон чонын дунд хар буурын сэг байхыг тэмээт Агваанбалдан гуай өөрөө үзсэн юм гэдэг. Тэр мэргэн өвөө :
- Юу ч гэх вэ дээ, адгуус гэж ийм байх юм. Миний хоёр буур бие биетэйгээ харгалдаагүй бол, арван таван чоныг арван т

No comments:

Post a Comment