Wednesday, October 2, 2013

ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ

153.    Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн  шөнө шадар байсан итгэлт  нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнэхээр Мау өндрийн өврөөр  Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна.
Чингис хаан, тэр тоосыг үээж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан Жамухаас асууруун: “Тэмүжин хөвүүнд бидэндтэй байлдаж чамдаар ямар хүмүүс байна?” гэвэл, Жамуха өгүүлрүүн: “Уруул мангууд  нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.
Тойрч ирээд
Довтлон буудаг
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зүйтэй” гэжээ.
Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: “Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан  Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё” гэв. Бас Ван хан өгүүлрүүн: “Жамуха дүү чи бидний  бүх цэргийг зас (захирагтун)” гэвэл, Жамуха  олноос онцгой гарч нөхдөдөө  өгүүлрүүн: “Ван хан, бүх цэргээ намайг захиг гаж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Үзвэл Ван хан, надаас хэтрэхгүй  дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай” гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: “Ван хан, надаас асуув. “Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?” гэж асуувал, би “Уруул Мангуд  тэргүүтэй хэцүү баатрууд бий” гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийн ноён Хориширэмрүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: “Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир” гэж надад итгэж хэлнэ. Үүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж” гэж илгээжээ.
154.    Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгүүлрүүн: “Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя” гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн өгүүлрүүн: “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон  өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжинд анд мэдтүгэй” гэв. Жорчидай өгүүлрүүн: “Чингис хааны өмнөөс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя” гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жүрхинийг дарав. Гэтэл  бас Түмэн түбэгэний Ачиг-Ширүн довтолж ирэв. Ачиг-Ширүн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Үүнийг үзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай, урууд цэргээ удирдан байлдаж, Түмэн түбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгайд эсэргүүцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмүн тайж, мянган  торгудаа удирдан  угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмүн тайжийг мохоож дарахад Сэнгүм, Ван хан  эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгүмийг шархтаж унахад хэрэйд бүгдээр түүн дээр цуглан очив. Тэднийг ийнхүү дарж  шингэх наран, уул ташиж байхад миний цэрэг эргэж шархдсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мөн үдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов.
155.    Тэнд хоноод маргааш үүр цаймагц (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй Борохул, Боорчи гурав  үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: “Өгэйдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хёор хоцорчээ. Амьдарч үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй” гэв. Манай цэргүүд шөнө морьдоо  барьж хонов.  Чингис хаан, өвчүүгээ дэлдэж, “Мөнх тэнгэр мэдтүгэй” гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгүүлрүүн: “Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гүйж явтал хэрэйдүүд Сэнгүмийн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хүрч ирэв” гэв.
156.    Бас хоромхон  зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн  хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл: Өгэдэйн хойно Борхоул сундалж  (ӨГЭДЭЙГ Борохул, эмээл дээрээ дүүрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хүзүү суманд шархтсан  тул Борохул, түүний асгарсан цусыг амар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч,  Өгэдэйд унд өгч уулгаад, дайса ирвэл байлдъя гэж хүлээж байв. Борохул өгүүлрүүн: “Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зүг цааш дайсны тоос суунаглаж далд оров” гэвэл Борохулын тэр үгийг сонсоод: “Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхүү дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье” гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй шилүгэлчид  [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмүргэ хүрэв.
157.    Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвүүдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы үг  гэж өгүүлрүүн: “Ван хан, хөвүүн Сэнгүмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:
“Хөндлөний хүнийш
Хөнөөх гээд
Хөөрхий биеэ
Хөсөрдүүлэв чи
Хажуугийн хүнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав, чи
Хайрт хөвүүний
Хатгагдсаны төлөө
Харь дайсныг
Халдан довтолръё”
гэвэл, Ачиг”Ширүн өгүүлрүүн:
“Эзэн хан минь
Эрхбиш болгоомжилж айлд
[Эзэн хан тэргүүлэн
Энгийн харц бүгдээр]
Эс заяасан хөвүүний
Эрэл мөрөөдөл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бөлгөө
Энэ залбирал бүтэж
Эхээс төрөн заяасан
Эрхэм хөвүүн Сэнгүмийг
Энхрийлэн асарч сувилъя

Монгол (Мөн гол)-ын олонхи, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмүжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох бвэ? Морин унаатан, модон нөмөртөн болов тэд (хүн бүр дөнгөж ганц морьтой бөгөөд гэргүй учраас модны нөмөрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эс ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье” гэв. Ачиг-Ширүний энэ үгэнд Ван хан өгүүлрүүн: “За, тийм бол хөвүүн эндэх болуузай. Хөвүүнийг асран сувил” гээд байлдааны газраас буцаж харив” гэв.
158.    Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж  явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Үүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод  этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шрах үгдэрч наснаас нөгчив. Түүнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.
159.     Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгүүлрүүн: “Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хүртэл зээгийн зүсээр, охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргүүцвэл байлдаж эзлэгтүн” гэж  Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар түүнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хөндсөнгүй.
160.    Чингис хаан хонгирадыг оруулаад тэндээс нүүж Түнхэлэг горхины зүүн этгээдэд хүрч буугаад Архай Хасар, Сүхэхэй Жэүн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлүүлсэн нь: “Бид Түнхэлэг горхины зүүн этгээдэд буув. Энд өвс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгүүлтүгэй: “Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүд биднийг амар унтуулахгүй юунд айлгаж байна?
Сандайлж  суух орыг минь
Салбагнуулан түлхэж
Савсан гарах  утаагий минь
Сацруулан муу хөвүүнээ юунд
Сандруулан хөнөөв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хүний
Халтай муу үгэнд
Хатгагдан юунд оров?
Хөвүүн миний тухай
Хөндлөнгийн муу хүн
Хөвсөргөн үгийг хэлж
Хөнөөн салгаж байна.
Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг  газар бид хоёр юу гэж хэлэдцсэн билээ?
Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгүй, харин
Хоёр нүүрээр учирч
Хор хөнөөлийг тасалж байя.

Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо эцэг минь чи хоёр нүүрээр уулзаж хэлэлцэлгүй юунд хөнөөж эхлэв?
Араат могойн шүд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя
Гэж хэлэлцсэнгүй билүү? Одоохан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгүй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дорхдохгүй [чамд нөхөр түшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал үхэр түүнийг чирч  чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвүүний ах гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алав. Бас чиний дүү Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгээ ханд очиж амь хоргодов. Дүү нараа алав гэж  Гүр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хүнавч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргийдийн Тогтоад Ужаур үжин охиноо бялдуучлан өгч, Хараун-хавчлаас гараад Есүхэй  хан эцэг минь ирж: “Авга  Гүр хаанаас улсыг минь аварч өг” гэж гуйсанд, Есүхэй  хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тул тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гүр хааныг [дарж түүнийг дөнгөж] хорт гучин хүний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч өгсөнбилээ. Тэр цагт чи Туул голы Хар шугуйд Есүхэй  хан эцэгтэй  анд бололцоод ван хан эцэг чиний баясаж  хэлсэн нь “Энэ хүргэсэн тусыг чинь ургийн ураг хүртэл [мартахгүй] ачийг хариулахыг тэнгэр газрынг ивээл мэдтүгэй” гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно [чиний дүү] Эрх-хар, найманы Инанч Билгэ ханаас цэрэг гуй аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сарталуын нураг Чүй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэгэн жил бололгүй бас Гүр ханаас салж, Уйгур  нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээнийцус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хүрч ирэв, чи.Есүхэй  хан эцэг минь, чамайг ингэж ядарч явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бүрги эргээс угтан  мордож, Гүсэүр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж  гувчуурт татаж өгсөн ба урьд эцэгтэй минь ард бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хөвүүн бололцсон биш билүү? Тэгээд тэр өвөл чамайг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сүүл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин төхүмийн зүг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хан эцэг чамд өгсөн билээ.
Өлсөх өдөрт чинь
Өршөөж тэжээсэн би.
Өнчрөх сад чинь
Өмөглөж тэтгэсэн би

Бас бид Хүчүгүдийн Буйруг ханыг Улуг  таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хөөж, Үрүнгү гол хүргэж, Хишибаши нуурт түүнийг барьж сөнөөв. Тэндээс харьж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж  хоновол хэн эцэг минь чи буусан газраа олон гал түлж орхиод мөн шөнө Хар сүүл голыг өсөн хөдлөв.
Бид маргааш өглөө нь үзвэл, чи буусан гзараа үгүй болсон тул “Биднийг энэ орхиосон гал мэт хаясан ажээ” гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хүгсэү сабраг баатар нэхэж очоод Сэнгүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтү амсар гээдг газар байх үед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж  явсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнэ авч  эцэгтээ нийлэхээр Баргужин төхүмийн зүг дутаан хөдлөв. Тэр цагт чи: ”Найманы Хүгсэү сабрагт эд хөрөнгө албат иргэдээ булаагдав. Хөвүүн минь дөрвөн хүлэг баатраа явуулж тусална уу” гэж гуйсанд , би чам шиг ийм санаа агуулалгүй, даруй Боорчи Мухулай, Борохул  Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хүлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хүрч байтал миний дөрвөн хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хан эцэг чи биширч өгүүлрүүн: “Хөвүүн Тэмүжин дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч өгөв"”гэж хэлсэн билээ.
Одоо хан эцэг минь, би ямар  хэрэгт буруудаж, чиний хилэнг хүргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итүргэн хоёр элчийг томилон ирүүлж хэлтүгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хүнийг илгээвч болно” гэж илгээв.

161.    Ван хан энэ үгийг сонсоод өгүүлрүүн: “Ай халаг.
Сайн хөвүүнээсээ салж
Сайхан төрөө гутаав, би
Эрхэм хөвүүнээс хагацаж
Эвдрэх үйлийг хийв, би”
Гэж гэмшиж өгүүлрүүн: “Одоо хөвүүн (Тэмүжин)-ээ үзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгаля” гэж андгайлж чигчий хурууныхаа өндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад өчүүхэн саванд хийж “Хөвүүнд минь өг” гэж илгээв.
162.    Бас Чингис хаано, Жамуха андад хэлүүлсэн нь: “Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хан эцгийн хөх хундагаар (айраг) уух бүлгээ. Ямагт би урьд  босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хэн эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ? Гэж илгээв. (Чингис  бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой). Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлүүлсэн нь: “Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул “Чи хан бол? Гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй.
Бартан баатрын хөвүүээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би
Өрсөх дайн болоход
Өмнө нь уулгалан яваад
Өндөр хөх тэнгэрийн
Өршөөл ивээлд орж
Өстөн дайсныг дарвал
Өнгөтэй сайн охидыг авчирч
Өөдтэй сайн морьдыг олзолж
Өндөр эзэн тандаа барих бүлгээ.
Ойн гөрөөсийг авлах цагт
Ойртуулж шахаж өгөх билээ.
Хадын гөрөөсийг авлах цагт
Хавьтуулж шахаж өгөх билээ
Гууны гөрөөсийг авлах цагь
Гуяыг нийлтэл шахаж өгөх билээ
Хээрийн гөрөөсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж өгөх билээ.

Одоо тан нар хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн өгсөн цол. Энэ тухай 134 дүгээр зүйл үз)-ийн садан энэ ажээ гэж бүү хэлүүлэгтүн. Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай” гэж илгээв.
163.    Бас Чингис хаан, Тоорил дүүдээ өгүүл гэж өгүүлрүүн: “Чамайг дүү гэсний учир нь, урьд нэгэн цагт Тумбинай, Чархай, Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү-хирсаан. Хөхөчү хирсааны  хөвүүн Ехэй-хонтагар бүлгээ. Ехэйхонтагарын хөвүүн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуулчлан явна? Миний улсыг Алтан Хучар хоёр хэнд ч  мэдүүлэхгүй нь лавтай биз. Иймийн тул чамайг дүү гэж нэрийднэ.
Элэнцийн үеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх үг минь
Энэ байна.
Хуланцын үеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггүй хэлэх үг минь
Энэ байна”
гэж илгээв.
164.    Бас Чингис хаан, Сэнгүм андад  өгүүл гэж өгүүлрүүн: “Би эцгийн дээлтэй төрсөн хөвүүн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвүүн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, үүнд Сэнгүм  чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн  элгийг эмгэнүүлэхгүй зүрхийг  зүдүүлэхгүй, өглөө  үдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа үл тавин, хан эцгийг амьд байтал хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг  элч болгож надад ил

No comments:

Post a Comment