Tuesday, October 22, 2013

Манай Энхмэнд, Чинболор бид хоёрын насыг аймаар богиносгож байгаа.

-Таныг орчин үед нийтийн дууны шүлгийн мастер гэлцдэг. Бас Гурван-Эрдэнэ дээд сургуулийн захирал байхаа. Ажлаа яаж амжуулдаг вэ?
-Сургуулийнхаа гүйцэтгэх захирлаар гурван жил ажилласан. Ажлаа саяхан өгч одоо тэнхимийн эрхлэгч хийж байгаа. Би “Гурван-Эрдэнэ” дээд сургуульд 13 жил ажиллалаа. Олны ярьдгаар тэндхийн “буг” болж байна. Анх багшаар орсон, дараа нь тэнхимийн эрхлэгч болсон, гүйцэтгэх захирлаар нь ажилласан, одоо тэнхимийн эрхлэгч. Сургуульдаа арай л цэвэрлэгч хийсэнгүй.
Оюутнуудтай ажиллах их гоё ш дээ. Уран бүтээлч хүн оюутнуудтай ажилладаг байх нь их хэрэгтэй юм гэж олзуурхдаг. Дандаа шижигнэсэн залуучууд, оюутнууд төгсөөд, шинээр элсч орж ирдэг. Дандаа залуус, амьдралыг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж байгаа хүүхдүүд дотор хамт байна гэдэг, нийгмийн шинэ зүйлийг мэдэрч, тэндээс олон юмыг олж хардаг.

Нөгөө талаар ажлын 8 цагт яс суудаг ажил би хийж чадахгүй ш дээ. Өглөө энд, орой тэнд гэдэг шиг би уран бүтээлчидтэй байнга хамт явдаг.  Эмч бол нэг ална, багш бол насаар нь ална гэсэн үг байдаг. Муу мэргэжилтэн бэлдэж болохгүй гэж боддог, багшилна гэдэг хариуцлагатай ажил. Их юм уншиж судалж, өөрийгөө дандаа цэнэглэж байх ёстой.

Манай ээж насаараа багш хийсэн хүн. Би багадаа багш болохгүй гэж боддог байсан. Тэгээд л давахгүй гэсэн даваагаар гурав давна гэгч болсон доо, одоо энэ ажилдаа дуртай.

Намайг дууны шүлэг бичихэд хамгийн их уруу татсан хүн бол Найданжав ах. Олон сайхан аяыг надад сонсгож, олон сайхан аяыг хамтдаа хийсэн. Амьдрал их сонин. Найданжав ах бид хоёрыг танилцуулсан хүн нь дуучин Баясгалан. Анх “Ботгоны дуу“-г хийх гэж танилцсан. Дуугаа хийчихээд клипийг нь хийх гээд манай нутагт очсон чинь, манай аав Найданжав ахыг сайн таньж байсан. Ерөөсөө таних учиргүй, яагаад таньдаг юм бол гайхаж байсан.  Аав Зүүнбаянд цэргийн алба хаасан. Цэрэгт жолоо барьж байхад нь Найдан ах өвөр дээр нь суугаад жолоог нь барьж явдаг жаахан хүүхэд байсан гэсэн. Хувь заяагаар л бид учирсан хүмүүс.

Жавхлантай, Баясгалантай, Бат-Эрдэнэ Оюумаатай, Хишигбаяр Дэлгэрмаа гээд нийтийн дууны салбарыг яг авч явж, өндийж босч ирсэн залуустай нэгэн үед төрсөн учраас би өдий зэрэгтэй явж байна. Цаг үе, хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчид намайг ийм болгож байгаа.

Тэр цаг үед Сэр-Од, Найданжав, Бямбабаяр байгаагүй бол би зүгээр шүлэг бичээд, номоо гаргаад, магадгүй миний ном ерөөсөө зарагдахгүй, би гарын үсгээ зурж хүнд дурсгаад л явж байх байсан биз.

Би багадаа малд их дуртай, адуу мал дээр өссөн хүн. Өвөө маань алдарт уяач, авга ах нар маань бүгд алдарт уяач, хагас бүтэн сайн, зуны амралтаараа байнга хөдөө байна. Би малчин болно гэж боддог байсан. Наймдугаар анги төгсөөд яг малчин болох гэж байсан. Өвөө бөөн баяр болоод хүүдээ мотоцикль авч өгнө, гэр орныг нь бэлдэнэ, адуу мал өгнө, эмээл хазаараа өгнө гээд би бөөн капиталист болох гэж байсан. Ээж маань ямар ч гэсэн 10 дугаар анги төгсчих гээд 10 дугаар ангид оруулсан. Тэгээд хөдөө гарахаа больчихож билээ. Хэрэв ээж маань 10 дугаар ангид оруулаагүй бол хөдөө мал маллах байсан.

-Нийтийн дууг зарим хүмүүс хотын хогноос дорд үздэг. Хотын соёлыг хойш нь чангаасан, урлаг биш гэдэг. Дуучин Жавхлан, шүлэг бичиж байгаа та гэх мэтчилэн бүгд хөдөөнөөс орж ирсэн хүмүүс байдаг. Үүнд яаж ханддаг вэ?
-Бид бүгдээрээ хөдөөнийх. 1921 онд хүрээнд хэдэн хүн байсан юм. Ер нь гурван үеэрээ нэг газар сууж байж тэндхийн уугуул болдог гэдэг. Баянмөнх аваргын хүү Гантогтох Улаанбаатарынх гэхгүй, Увсын Хяргасынх гэж цоллуулдаг. Долгорсүрэн зааны хөвгүүд хотод төрсөн мөртлөө Өвөрхангайн Хужиртынх гэдэг. Одоо гурван үеэрээ хотод амьдарсан хүн хэд байгаа юм. Бүгд хөдөөнийх, бид бүгдээрээ адилхан.

10 мянган жил мал ахуй эрхлээд ирсэн хүмүүс суурин соёл иргэншилд тийм амар орчихгүй. 10 мянган жил тогтсон хэв маягийг 40-50 жилд эвдэх хэцүү. Монголчууд 10 мянган жил мал аж ахуй эрхлэхдээ хип хопоор бүүвэйлүүлээгүй. Би нийтийн дууг Монголчуудын зүрх сэтгэлд хамгийн ойр гэж боддог. Яагаад гэвэл биднийг рок, альтернитв аялгуугаар бүүвэйлээгүй биз дээ.

Манай Дундговийнхон намрын гурван сар найрладаг улсууд. Айргаа уугаад, хуруудаж, дэмбээдээд, хожигдсон тал нь дуулаад суудаг. Үүнийг сонсоод өссөн болохоор надад Монголчуудын уламжлалт сэтгэлгээн дээр тулгуурлаж хөгжсөн нийтийн дуу сэтгэлд ойр байдаг.

Ер нь бид нэг нэгийгээ хотынх хөдөөнийх гээд байх явдал байхгүй. Хүмүүсийн идэх дуртай амттан өөр өөр байдаг шиг хүсэл сонирхол нь өөр өөр байдаг. Заавал хүнийг загварчилж, чи ийм тийм байх ёстой гэдэгтээ санал нийлэхгүй. Бүгд л хэний ч албадлагагүйгээр уран бүтээлээ хийгээд явж байна. Хэн ч намайг шүлэг бич гэж шахаагүй. Бид өөр өөрийнхөөрөө явж байгаа улсууд.

-Дууны шүлгээ хамгийн үнэ хүргэж чаддаг нь таныг гэх юм билээ. 2004 онд УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн захиалгаар бараг 10 сая төгрөгийн үнээр “Монголжингоо бүсгүйчүүд минь ээ” дууг зохиосон гэдэг.
-Тухайн үедээ хамгийн үнэтэй дуу байсан л даа. Хөгжмийн зохиолч, үгийг нь бичсэн хүн, дуучин гурвуулаа тус бүрдээ 1 сая төгрөг авсан. Клип дуу бүтэхэд ч их зардал гаргасан, бүгд л тэр хүнээс гарсан.

Би ерэн есөн онд анх дууны шүлэг бичиж өгч мөнгө авч байсан. Дуучин Ширмэнтуяа утасдаад “Манай дүү төрсөн юм. Тэгээд охинд нь зориулсан сайхан шүлэг хийлгэе. Чи бичээд өгөөч” гэсэн. Тэгээд л шүлэг биччихээд аваачиж өгсөн. Тэднийх их Монголжуу, айраг цагаатай сайхан айл. Айраг ууж сууж байгаад “Найз нь явлаа” гээд гарах гэсэн чинь, Ширмэнтуяа хадган дээр 2000 төгрөг тавиад өгсөн. Би бөөн баяр, тэгэхэд мөнгөний ханш гайгүй л байсан. Найзууддаа шүлэг бичээд анх удаа 2000 төгрөг авлаа гэхэд “Чи номоо дор нь гаргах юм байна даа. Хэдхэн шүлгээ 2000 төгрөгөөр өгвөл хэвлэлтийн зардлаа олчихно” гэлцэж байсан. Тэгэхэд 50-60 мянган төгрөгөөр номоо хэвлүүлчихдэг байсан.

Түүний дараахан хөгжмийн зохиолч Ганбат бид хоёр нэг дуугаа 350 доллароор өгч байсан. Тухайн үедээ бас л хамгийн үнэтэй дуу байсан. Тэгээд л аяндаа хүмүүс их ханддаг болсон. Сэр-Од бид хоёрт хүмүүс их ханддаг, магадгүй, хамгийн их дууны борлуулалтыг одоогоор бид хоёр хийсэн байх. Хүмүүс хийсэн дууг үүнийг дуулъя гэж авахаасаа илүү өөртөө зориулж, би ийм дуу дуулмаар байна гэж ханддаг.

-Найданжав гуай та хоёр хамтарч “Төрийн цагдаа” гэж цагдаагийн тухай дуу хийсэн. Төрийн байгууллага хэр их мөнгө төлсөн бэ?
-Тэр дууг үнэгүй хийж өгсөн. Цагдаад, тэр тусмаа замын цагдаад би дургүй. Тэгэхдээ одоо гайгүй болж байгаа. (инээв) Найдан ах эхлээд аяыг нь хийсэн. Тэр дагуу 2004 онд зохиосон дуу л даа. Эрэлхэг бадрангуй дуу хийхийг зорьсон. Цагдаагийн алба хүнд, би лав хийж чадахгүй. Тэгээд ч манай Найдан ахын аав генерал хүн. Бид цэрэг, цагдаагийн тухай сайхан дуу хийе гэж зорьсон юм. Миний хийсэн дуу бүхэн миний хүүхэдтэй ялгаагүй болохоор бүгдэд нь, бүх л бүтээлдээ дуртай байдаг.

-Найданжав хөгжмийн зохиолч та хоёр хамтарч тоглолт хийнэ гэсэн. Та хоёр хамтарч хэдэн дуу хийсэн бэ?
-Бид хоёр хамтдаа 40 гаруй дуу хийсэн. Найдан ахтай гэр бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө ойр байдаг, дотно хүмүүс. Тэр их учрал, ерөөлийг хүндэтгэж хамтарч уран бүтээл хийе гэж ярилцсан. Энэ тоглолтонд бид хоёрын хамтарч хийсэн их гоё дуунууд дуулагдах ёстой. Найдан ахын өөр хүнтэй хийсэн нэрийн хуудас болсон дуу дуулагдах ёстой, Баянмөнхийн өөр хүнтэй хамтарч хийсэн сайхан дуу дуулагдах ёстой гэж бодож байгаа.

Би 200 гаруй дуутай. Найдан ах мөн хэмжээний дуутай гэж бодоход тэндээсээ шүүгээд их аятайхан тоглолт болно гэж бодож байна. Хүмүүс миний дууг авч дуулаад, би сонсоод кайф аваад яг 10 жил болсон байна.

Бүр есдүгээр ангид 1993 онд “Найрамдал” зусланд амарч байхдаа зуслангийн тухай дуу хийж байсан.  Зусланд амарч байхад хүүхдийн дууны уралдаан зарлаад, би Дундговийнхоо Батчимэг гэдэг охинтой хамтарч байгаад “Миний зуслан” гэдэг дуу зохиож түрүүлж байсан. Дараа жил нь “Миний зуслан” дуугаа “Миний сургууль” болгож өөрчилж, улсад ирж гуравт орж байсан. 1997 онд Түвшинтөгс гавъяатын дуулсан “Аялгуут нутаг” дууг бичсэн.

-1997 онд та оюутан байсан байх. Тэр үед Түвшинтөгс гавъяат ид мандаж байсан үе. Яаж дуугаа өгч дуулуулж чадав аа.
-Түвшинтөгс ахыг үнэхээр их хүндэлж байдаг. Би тэгэхэд 3 дугаар курст байсан, намайг хэн ч танихгүй. Бас Түвшинтөр гэж хөгжмийн зохиолчийг нь хэн ч мэдэхгүй, лимбэ тоглодог залуу байсан. Тэгэхэд бид хоёр Түвшээ ахад хандахад дууг минь маш дуртай авч дуулсан. Тэр хүн уран бүтээлийг нь харахаас уран бүтээлчийг нь энэ насаар бага, би энэ хүнийг танихгүй гэлгүйгээр анхны уран бүтээлийг минь тоож авч дуулсанд их баярлаж явдаг.

2003 онд би бас л Дашпэлжээ ах тоглолтоо хийх гээд “Би залуучуудтай хамтарч уран бүтээлээ хиймээр байна, хэдүүлээ хамтарч уран бүтээл хийе” гээд ирж байсан. Манай урлагийн лидерүүд, элитүүд үнэхээр сайхан хүмүүс, хүнийг болон уран бүтээлийг хүлээн авч, хүндэлж чаддаг. Ийм хүмүүсийн хүчээр би өдий зэрэгтэй явж байна.

-Дууны яруу найрагчдаас Баянмөнхийн дуу хамгийн үнэтэй гэсэн яриа дуучид дунд байдаг. Дуугаа хамгийн үнэтэй нь хэдээр үнэлж байсан бэ?
-Яахав 2 сая төгрөг хүртэл авч байсан удаа байдаг. Уран бүтээлд доод үнэ гэж байна, дээд үнэ гэж байхгүй. Өвөрмонголд уран бүтээлийн ажлаар явж байгаад Магсаржав ахтай уулзсан. Магсаржав ах “Насны намар”, “Ээжийн чанасан цай”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэж маш олон сайхан дуунуудыг бичсэн. Одоо Өвөрмонголд ажиллаж амьдарч байгаа, дуу нь ч их үнэ хүрдэг.

Нэг оюутан Магсаржав ах дээр ирээд “Би танаас дуу авмаар байна. Гэхдээ даанч надад мөнгө байхгүй. Манай аав ээж хөдөө байдаг, надаас хол амьдардаг. Би таныг сайхан хоолонд оруулъя” гэж ирсэн гэсэн. Тэгэхэд “Ахад нь хоол хэрэггүй, би чамд сайхан дуу хийж өгье” гээд дуу хийж өгсөн гэсэн.  Магсаржав ах “Тэр хүүхэд надад шууд нөлөөлөөд, би үг ая хоёрыг нь зэрэг зохиогоод өгсөн” гэж байсан.

Тухайн агшнаасаа болно. Хэн нэгэн гайхамшигтай дуучинд өгсөн дуу огт явахгүй байж байгаад, зүгээр нэг залуу дуулахад хүмүүст жигтэйхэн таалагдах тохиолдол гардаг. Бүтээл эзнээ олох нь чухал. Эзнээ олоогүй олон сайн бүтээл дараастай байдаг.

Дээхнэ үед яруу найрагч гэхээр л архи уудаг, арчаагүй, амьдрал нь их муу байдаг, эхнэр хүүхэддээ халамжгүй, энд тэнд архи уусан, айлаар хоноглодог, мөнгө төгрөггүй, цул авьяас байдаг гэсэн ойлголт байсан. Одоо энэ нийгэмд хэрвээ чи авьяастай юм бол сайхан амьдар, амьдарч байгаа хэм хэмжээгээр нь авьяасыг нь тодорхойлох ёстой. Дэлхийн оюуны өмч нь цэгцэрчихсэн орнуудад хүний данс руу мөнгө крантны ус шиг орж ирдэг. Ийм цаг бидэнд удахгүй ирнэ гэж боддог.

-Нийтийн дууны хамгийн үнэтэй яруу найрагч муу амьдардаггүй, бодвол хауст амьдардаг байлгүй?
-Муу байхгүй юмсан гэж боддог. Ер нь би нийтийн орон сууцанд амьдрахыг илүү үздэг. Намайг нэг хүн 70 метр квадрат орон сууцанд 10 сая төгрөг өгөөд бусдыг нь хандивлаад ор гэхэд би орж чадаагүй удаатай. Саяхан шинэ байранд орсон. Бурхан намайг чи өөрөө зүтгээд амьдралаа босго, унах унаагаа өөрөө ав гэж бүтээсэн юм шиг байгаа юм.

-Одоо хотод амьдарч байгаа хүмүүс машинаа төмөр хүлэг гэж л үзэж, сайныг нь сонгодог. Таны хувьд мөн адил уу?
-Монгол эр хүн унаагаараа л бахархаж ирсэн юм байна. Бид морьгүй байсан бол дэлхийг байлдан дагуулж чадахгүй байсан. Явган Монгол хаа хүрэх юм. Манай өвөө Авирмэд, өвөөгийн дүү Мааманхүү гэж алдарт уяачид бий. Би моринд дуртай, энд тэнд ганц нэг адуу мал байлгах сонирхолтой. Өөрөө гавихгүй мөртлөө миний морь яав ийв гээд явнаа. Цаанаас нь нэг юм хатгаад байдаг юм шиг байгаа юм.

Машинд миний амьдралын их олон цаг өнгөрдөг. Хүн унаагаа эрхэмлэх ёстой. Миний аав насаараа жолоо мушгисан, нэгдэлд жолооч байсан, дандаа шинэ машины гялгар уутыг хуулаад унаж байсан. УАЗ-469, пургоныг дандаа шинээр нь унасан, 00 километртэй машиныг түлхүүрдээд асаагаад унадаг байлаа. Миний аав бас муу машин ч унаж байсан, заримдаа бараг л олс дээсээр хүлээд явж байсан байх. Хүн хэзээ ч унаж яваа унаагаа муулж болохгүй гэдэг байсан.

Монголчууд морио зоддог хүнийг үзэн яддаг. Машинаа муу ямбий гэж харааж байгаа хүн морио зодож байгаагаас ялгаагүй гэж би боддог. Унаагаа дээдэлдэг чанарыг миний өвөө, миний аав надад суулгасан байх, машиндаа их хайртай. Сайн машинд дуртай.

-Дуучин Энхмэндтэй гэрлэсэн, хамтдаа амьдарч байгаа. Яруу найрагч Баянмөнх хүүхэмсүү, урьд нь 3-4 амьдрал зохиож байсан гэлцдэг.
-Эрэгтэй хүн хажуугаар өнгөрсөн сайхан бүсгүйг эргэж харахгүй байна гэж байх уу. Хажуугаар өнгөрсөн сайхан хүүхнийг хэсэгхэн зуур хардаггүй эр хүн байх юм бол тэр хүн өвчтэй л байх. Тийм хүнийг хүүхэмсэг гэж тодорхойлбол би хүүхэмсэг л болох байх даа. Би хүүхэн шуухан эргүүлээд амьдралаа алдаад байсан юм байхгүй.

Ер нь яруу найрагчид, урлагийнхан хүүхэмсэг гэсэн ойлголт байдаг. Үгүй ш дээ. Гоо сайханд хандах хандлага, илэрхийлэх мэдрэмж нь илүү нээлттэй байдаг учраас тэгж харагддаг байх. Би Энхмэндтэй хамт амьдраад 6 жил болж байна.

Манай эмээ 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэрээ гайхамшигтай өөд нь татна. Жил болгон гэрээ янзална, будна, тавилгаа шинэчилдэг байсан. Би тэгнэ л гэж боддог. Би аймаар хурдтай, салхитай. Зарим хүн намайг хараад энэ их удаан тэмээ шиг гэдэг. Би хурдтай, сэтгэлийн их хөөрөлтэй, баярлах гомдох нь амархан. Тийм хүнийг түшиж яв гэж бурхнаас явуулсан хүн нь Энхмэнд байх.

Миний сул талуудыг нөхсөн олон сайхан чанар байдаг. Би өвөө, эмээтэйгээ өссөн. Энхмэндийг манай эмээтэй их адилхан гэдэг. Тэгэхээр хүн өөрийнхөө хамгийн дотно хүнийхээ ааш аяг, царай зүс нь адил хүн тэр хүнд илүү ойр байдаг гэдэг. Би гэхдээ Энхмэндийг эмээтэйгээ адилхан гэж бодоогүй. Манай Энхмэнд их удаан.

Энхмэнд гэдэг хүн 2 хүний насыг аймаар богиносгож байгаа. Чинболор гэдэг хүнийг эхнэр нь биш, манай Энхмэнд зовоож байгаа. Яагаад гэхээр байнга хоцорно, цагийн өмнө хэлэхэд л хоцорно. Баянмөнх яаруу, нөгөө хүн нь тийм байна гэдэг бас л тэвдүүлж байгаа ш дээ. Одоо охин маань л хурдан байгаасай гэж л залбирах байна. Чинбоо заримдаа Энхмэндийг хоцорч очихоор нь үг нь гарахаа больчихсон, толгой сэгсэрчихсэн сууж байдаг. Хаашдаа хэлэх үггүй болчихсон. Гэхдээ аймаар хурдтай, сэргэлэн гав шув хийсэн байх юм бол, бид хоёр хэцүүдэж гал усанд орж үхнэ биз дээ. Бурхан цаанаас нь тааруулдаг юм шиг байна лээ.

-Энхмэнд сайн дуучин. Ханиараа бахархана биз дээ.
-Сайн дуучин, сайн байлгүй яах юм бэ. Монголд уран бүтээл хийж байгаа хүмүүсийг гайхамшигтай хүмүүс гэж боддог. Манайх жижигхэн зах зээлтэй, энэ зах зээл нь шинэ бүтээлийг ямар амархан хуучруулж байна. Сар болоод л дараагийн дуу хит болж байна. Тэгэхэд нэг дууг бүтээхэд ямар их зардал гарч байна. Ийм үед хүнд танигдаад, уран бүтээлээ хийнэ гэдэг хэцүү.

Энэ олон жил тайзан дээр яг шинээрээ байж чаддаг Сарантуяа, “Чингэс хаан”-ы Жаргалсайхан, Ариунаа, Түвшинтөгс ах, одоо дунд үе болоод байгаа Жавхлан, Баясгалан, Хишигбаяр Дэлгэрмаа, Чинболор Энхмэнд, Бат-Эрдэнэ Оюумаа нар байна. Тэд зөвхөн Монголд төдийгүй, Монгол туургатанд уран бүтээлээ хүргэчихсэн байдаг. Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриадад манай энэ хэдийн дуу л явж байна. Тэгэхэд бид тэдний дууг юу ч мэдэхгүй. Өвөрмонгол манай дуучдын дуугаар амьсгалж байна. Тийм хүмүүсийн нэг нь миний дэргэд байна гэдэг гоё биз дээ.

-Дуучин байхад нь танилцсан уу?
-Үгүй, оюутан байсан. Төгсөх үед нь суучихсан байсан даа. Би уран бүтээлийн замд нь оруулсан гэж худлаа хэлэхгүй. Чинболортой хамтарч дуулсан “Жиндээх салхигүй хорвоо” дуугаараа хайрын сүлд дууны наадамд түрүүлчихсэн, зүг чигээ олчихсон, багшдаа, үеийнхэндээ үнэлэгдчихсэн байсан. Магадгүй уран бүтээлийг нь дэмждэг миний сэтгэл нэмэр болсон уу гэхээс бусдаар миний тус гэж юу байхав. Дуулуулахгүй гээд хориод байсан бол замыг нь хаах л байсан байх. Тэгээгүй нь л миний тус болох байх даа.

-Энхмэндийг 4 дүгээр ангийн боловсролтой. Булганд дуулж байхад нь УИХ-ын дарга асан Энэбиш гуай арын хаалгаар СУИС-т оруулсан гэдэг.
-Надаас л илүү ухаантай хүн дээ. Мэдэхгүй, хэн шалгалт аваад тогтоочихсон юм. Ямар ч гэсэн амьдралын ухаанд надаас илүү, толгой сайтай. Тэгэхээр хүмүүсийн хэлээр бол би бүр явахгүй нөхөр болж таарнаа даа. Манай эмээ “Хүн дандаа магтуулаад байвал цагаан хэл ам тусдаг. Цагаан хэл ам бууны сумнаас илүү хурдан байдаг. Цагаан хэл амыг хар хэл ам хааж байдаг” гэдэг байсан. Тэгж л бодож явдаг. Амьдралын муу зүйлүүдийг хаах гэж тийм яриа гардаг байлгүй дээ.

-Чинболортой харддаг уу? Монголын бүх хос дуучид хайр сэтгэлээрээ холбогдсон шүү дээ.
-Үгүй. Хоёр гэр бүлээрээ найз, яг л нэг гэрийн хүүхдүүд шиг байдаг. Хардах тухай бодол ерөөсөө оюун санаанд минь байдаггүй. Нийтийн бүх дуучид биш, хоёр гуравхан хүний асуудал ш дээ. Тэр нь хүмүүсийн хамгийн их анхааралд байдаг дуучид учраас тэгж бодож байгаа байх.

-Алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр Энхмэндийн дуулах үнэ ханш өндөр байх даа?
-Гайгүй ээ. Ер нь  би өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч намайг үнэлэхгүй, би өөртөө итгэхгүй бол хэн ч надад итгэхгүй. Чанартай уран бүтээл хийхийг боддог. Гэхдээ цаг хугацаа бүхний шалгуур ш дээ. Гадаад зах зээл дээр хамгийн олон тоглолтонд оролцсон дуучин нь гарцаагүй Энхмэнд гэж боддог. Бид тийшээ явж, тэгж тоглолоо гэж ярьдаггүй, ярих ч шаардлага байхгүй. Энхмэнд зөвхөн 2010 онд гэхэд гадаадад 20 гаруй тоглолтонд оролцсон. Тэгэхээр энэ бол нэг үзүүлэлт гэж боддог.

-Өвөрмонголд дуучид түмэн юанаар дуулдаг гэдэг дээ?
-Тийм. Манай уран бүтээлчдийн үнэ ханш сайн байгаа. Бид сайн үнэлэх ёстой.

-Лосолын Болдбаатарын дуулсан нэг дуу байдаг. Намрын дунд сарын 17-нд хайртай хүүхнээ харсаар байгаад хадамд алдчихсан эрийн сэтгэлээс гарсан болов уу гэмээр дуу. Танд тийм явдал тохиолдож байсан уу?
-Би Дундговийнх. Манай нутагт хамгийн гоё намар болдог. Хангайд эрт хүйтэрдэг болохоор айраг сайн исдэггүй. Говийн намар гоё. Тэнд чинь намрын дунд сарын 17 жинхэнэ утгаараа болдог. Нэг айлын хурим болоход 2-5 тонн айраг бэлддэг. Айргаа уугаад, айлын сайхан сайхан бүсгүйчүүд хадамд мордож байхыг харахад юм бодогдоно биз дээ.

Тэгээд л “Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай 17-ны өдрийг мартаж яахан чадах вэ” гэж бичсэн. Тэнд 17-ныг нь мартахгүй гэсэн болохоос хүүхнийг мартахгүй гээгүй. (инээв) Зарим нь уйлаад мордоно, хэдийгээр хайртай хүнтэйгээ хуримлах сайхан боловч өссөн төрсөн гэрээсээ явахад нулимс унагадаг. Тэрийг бодож бичсэн дуу. Бичсэн шүлгээсээ болж элдэв ярианд орно. 2000 онд “Зүүдэнд ирдэг Урангоо”-гоо бичсэн. Тэгэхэд нутагт ч миний олон Урангоо бий болж таарсан. Сургуулийн оюутан Урангоонууд бас Баянмөнхийнх болж таарсан. Солонгост Баянмөнхийн бас нэг Урангоо байна л гэсэн. Тэр бүхэн надад хамаатай болж яригддаг явдлууд байдаг.

-Монголчууд ихэвчлэн ээжээ гэж дуулдаг. Харин хамгийн олон аавын тухай дуутай шүлэгч та байхаа.
-Гарцаагүй, тэр тал дээр бол маргалтгүй. “Аавынхаа тухай ярихад” гэдэг тоглолтыг 2008 онд хийж байсан. Лосолын Болдбаатарын дуулсан “Аавынхаа тухай ярихад” гэдэг дуу миний хамгийн дуртай дуу. Энэ дууг аавыгаа өнгөрсний дараахан бичсэн. Дан аавын тухай дуутай “Аавынхаа тухай ярихад” гэдэг CD-ийг бэлдэж байна. Монголын уран бүтээлчдээс хамгийн олон аавын тухай дуу хийсэн хүн бол би.

1 comment:

  1. Сайхан илэн далангүй ярилцлага байлаа. Таны дүр төрх харагдлаа. таньтай хамт 1 сургуульд багшлах болсондоо би өөртөө ААРХАЖ сууна. Баярлалаа таньд болон таны гэр бүлд аз жаргал инээд хөөр баяр баясалыг хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

    ReplyDelete