Wednesday, October 2, 2013

Чингиз Айтматов " Далайн хөвөөний алаг хав толгой "

Нэвтлэшгүй өтгөн манан хөвөлзсөн жихүүн шөнө Агнуурын тэнгисийн бүх эргийн дагуу, тэнгис газар хоёрын бүх фронтын дагуу мөнхийн хоёр догшин хүчин тэмцэлдэж, газар нь  тэнгисийн түрэлтийг сөрж, тэнгис нь газар өөд эцэж цуцахыг үл мэдэн  давшилсаар байлаа.
Харанхуйн дунд тэнгис далай энэлэн хурхирч, эргийн хавцлыг мөргөн буцна. Хатуу чулуун газар тэнгисийн давлагааны балбахыг хариулан хүчлэн уухилна.
Тэнгис газар хоёр анх бүтсэн цагаас хойш, өдөр шөнө гэж болдог болсон цагаас хойш үргэлж ингэж тэмцэлдэн ирсэн бөгөөд хойшид ч газар ус гэж байсан цагт өдөржин шөнөжин ингэж сөрөлдөж байх биз.
Өдөржин шөнөжин….
Газар дэлхий дээр бас нэг шөнө өнгөрөв. Энэ бол түүний далайд явахын урд шөнө байв. Энэ шөнө тэр унтсангүй. Амьдралдаа анх унтсангүй, амьдралдаа анх удаа нойргүй хонож үзэв. Шалавхан өдөр болоосой тэнгис далайд гарах юмсан гэж нэн ч хүсэмжилнэ. Тэр, хав загасны арьс дэвсэж хэвтээд тэнгисийн давлагааны балбалтаас газар дэлхий хэрхэн үл мэдэг доргиж, тэнгисийн буланд далайн давлагаа хэрхэн энэлэн нижигнэж байгааг чагнана. Шөнөжин чимээ чагнаж огтхон ч унтсангүй…
Эрт урьд хэзээ нэгэн цагт энэ бүхэн шал ондоо байжээ. Одоо тийм байсан гэж мэдэхийн ч арга үгүй, тэр тухай хэн ч мэдэхгүй, тэр ч байтугай эрт дээр үед Лувр гэдэг нэг нугас байгаагүйсэн бол энэ газар дэлхий гэдэг шал ондоо газар нь усны эсрэг сөрөх юмгүй, ус нь газрын эсрэг сөрөх юмгүй, санаа амар байх байсан гэж хүний санаанд ч орохгүй байсан биз. Ерөөс бүр анхандаа байгальд хуурай газар гэж байсангүй, хумхийн тоос ч байсангүй. Эргэн тойрон ус, дандаа ус л цэлэлзэж байжээ. Ус бол өөрөө үүсээд л харанхуй хар ёроолтой, хэмгүй их ойл эргүүлэгтэй хязгаар хярхаггүй их далай тогтчихсон хэрэг. Чингээд усны давлагаа хойно хойноосоо долгилон, тэр үед дэлхий ертөнцөд дөрвөн зүг найман зовхис гэж байгаагүй болохоор усны долгион зүг чиггүй тал бүрд давлагаалан байжээ.
Гэтэл өнөө хүртэл бидний толгой дээгүүр нисэн өнгөрдөг сүрэг нугасны нэгэн Лувр хэмээгч ердийн хавтгай хошуут цоно нугас энэ дэлхий ертөнцийн дээгүүр цорын ганцаар нисэн нисэвч өндөглөх газар хаана ч олсон нь үгүй. Бүхэл бүтэн дэлхийд уснаас ондоо юу ч үгүй, ядахдаа үүр засчихмаар ганц хулс ч үл ёрдойно.
Лувр нугас, ёроолгүй ойл эргүүлэг дунд өндгөө унагачих вий гэж тэсэлгүй айж гуаглан ниссээр байжээ. Гэвч хаашаа ч ниссэн, хаана ч хүрсэн дан усны долгион цалгилан, эргэн тойрон эрэг хөвөөгүй, эх адаггүй их ус л байжээ. Лувр нугас тэнхээгээ бараад энэ бүхэл бүтэн дэлхий дээр үүр засах газар хаана ч байхгүй гэдгийг олж мэдэж дээ.
Чингэхлээр нь усан дээр бууж, хэнхдэг цээжнийхээ өд сөднөөс зулгаан үүр засав. Чингээд л тэр үүрнээс газар гэдэг юм үүсчээ. Газар бага багаар тэлж, газар дээр аажим аажмаар элдвийн амьтан орших болов. Гэтэл тэдний дундаас хүн гэдэг амьтан анх түрүүн давамгайлж, цасан дээгүүр цанаар явах, усан дээгүүр завиар хөвөх гэж оролдох болжээ. Ан агнаж, загас барьдаг болж, түүгээр хооллон, овог омгоо олшруулан ирэв.
Тэр энгүй их усан дунд хатуу газар бий болохоор орчлон ертөнц дээр байдал бэрх болно гэж Лувр нугас даан ч мэдсэнгүй ажээ. Газар гэдэг юм бий болсон тэр цагаас хойш тэнгис далай тайвангүй болж, тэр цагаас хойш газар нь тэнгисийн эсрэг, тэнгис нь газрын эсрэг нүдэлдэх болжээ. Гэтэл хүн газар тэнгис хоёрын хооронд хавчигдаж заримдаа нэн ч бэрхтэй орших болжээ. Ер хүн хуурай газарт илүү дуртай болохоор тэнгис тэдэнд дургүй юм…
Өглөө болох дөхөж байв. Энэ дэлхий дээр бас нэг шөнө өнгөрч, бас нэг өдөр эхлэх гэж байв.
Үл мэдэг гэгэлзэх харанхуй дунд тэнгисийн ус газрын эрэг лүгээ шуугин нийлэх зааг саарал манан дунд бугын уруул адил бүдэг бадаг зурайн харагдах болов. Тэнгис далай уухилсаар. Тэнгис газар хоёр шуугин нийлэх заагийн дагуу цэвдэг хүйтэн усны жихүүн уур бөөн бөөнөөр хөөрч, тэнгис далайн урт эргийн дагуу хүнгэнэн хүрхрэх их чимээ үүснэ.
Тэнгисийн давлагаа газар дээр гарах гэж үсэд зүтгэх бөгөөд хүчирхэг их давлагаа хойно хойноосоо түрэн газар өөд давшлан усанд угаагдсан элсний хүйтэн хатуу цараа дээгүүр арзайсан хүрэн улаан хад чулуун дээгүүр тэнхээ мэдэн дүүлэвч сая амьсгаа тавих мэт хойно хойноосоо үелзсээр буцахдаа эцсийн удаа цалгилан, бөөн хөөс сахруулж, хөвмөл замгийн нэвшингэ үнэр үлдээх ажээ.
Тэнгисийн давлагаа заримдаа гадаад их далайн хаврын урсгалд хаанаас хөвж ирсэн нь үл мэдэгдэх мөсний хэлтэрхий эргийн дээр гарган хаях нь үзэгдэнэ. Эргийн элсэн  дээр хаягдсан тэрхүү зайгуул мөс төдхөн арчаагүй нимгэн мөхөөлдөс төдий болохын сацуу дараачийн давлагаа дүүлэн ирж буцахдаа дахин хөвүүлэн аваачиж байгалийн их хүчиндээ нийлүүлэх бөлгөө.
Үүр хяраалж, улам гэгээтэй болов. Газрын бараа аажмаар зурайн, тэнгис далай ч тодрон үзэгдэв.
Шөнийн салхинд уймарсан далайн давлагаа эрэг хөвөө хавиар мөн л цайран үелзэвч эргээс цааш гүн уруугаа  долгион намдаад, тэртээ цаана овор их ирэлжээ гялалзан харагдав.
Тэнгисийн зүгээс үүл нүүж, далайн эргийн толгодын зүг ойртож байв.
Энд тэнгисийн Алаг хав хэмээх тохойн ойролцоо далай уруу хатгаж орсон дов толгод бүхий хойгийн дээр нэгэн онцгой хавцал толгой илхэн харагдах бөгөөд тэрхүү толгойг холоос харахад далайн хөвөөгөөр шогшин яваа том гэгчийн алаг нохой лугаа адил харагдах ажгуу. Хоёр хажуугаар нь элдвийн өргөст бут сөөг ургачихсан, зуны аагим халуун болтол үл хайлах цагаан цас толгойн дээр тогтоод хоёр том чих адил унжчихсан, бас цавь суга аль сүүдэртэй газарт мөн цагаан цас тогтсон тэр алаг хав хэмээвэл зохих толгой далайгаас ч, ойн зүгээс ч хамгийн түрүүн илхэн харагддаг авай.
Өглөө наран ургаж хоёр улиангарын төдий өндөрт хөөрөхийн сацуу тэндээс, Алаг толгойн булангаас Нивхи ястны хэлээр Каяк хэмээх бяцхан гуя онгоц далайд гарав. Завийн дээр гурван ангуучны хамт нэгэн бага шиг хөвгүүн явав. Арай залуу, арай чийрэг хоёр нь онгоцны дөрвөн сэлүүр барьж, хамгийн хөгшин нэг өвгөн онгоцны хитэг дээр суугаад модон гаанс яаралгүй сорон завийг жолоодон явав. Хүрэн царайтай, учиргүй шовх төвөнхтэй тэр туранхай өвгөний нүүр онц үрчгэр агаад ялангуяа хүзүүн дээгүүр нь гүнзгий гүнзгий нугалаа хэрчлээс тогтжээ. Үен дээгүүрээ булдруу сууж, хага хага үсэрч сорви болсон өвгөний том гар нь биедээ нэн ч зохицжээ. Үс буурал, бараг цагаан, хүрэн улаан нүүрт нь бор хөмсөг тун тод харагдана. Тэр өвгөн ус гүйлгэнэсэн улаан нүдээ үргэлж онийлгоод явах нь нарны туяа ойх усны мандлыг насаараа ширтэж сурсан бололтойн дээр тэнгисийн энэ буланд мөнөөхөн гуя онгоцыг зүг таамаг залж явсан шиг санагдана. Гуя онгоцны нөгөө үзүүрт онгоцны яг хошуун дээр арван нэг-хоёр орчим насны хархан нүдтэй хөвгүүн цууцаль адил дөнгөн хавчуулдаад үргэлж хөмсөг атируулан яваа өвгөн зайсанд гологдохгүйн тул аль болохоор өндөлзөхгүйг хичээн заримдаа томчуулыг гэтэн харна.
Жаал хөвгүүний сэтгэл машид догдлон явав. Сэтгэл догдолсноос хамрын хоёр нүх сартайж, царайд нь үл мэдэг сэвх тодорчээ. Энэ бол эхийгээ дуурайсны тэмдэг юм. Эх нь ямар нэгэн юманд онц их баярлавал нүүрт нь мөн тийм нууцгай сэвх тодрон ирдэг билээ. Жаал хөвгүүний сэтгэл догдлох нь долоон зөв. Юу гэвэл энэ удаа жаал хөвгүүнийг анд сургахаар зориуд дагуулан явжээ. Эл учир Кириск хүү цууцаль адил бөндөгнөн тал тал тийш тэсгэлгүй сонирхон харж явав. Кириск бол амьдралдаа анх удаа жинхэнэ анчин улсыг дагаж, жинхэнэ их авд мордохоор отгийнхоо хамгийн том гуя онгоцонд суугаад тэнгис далайд гарч яваа нь энэ! Жаал хөвгүүн суудлаасаа өндөлзөн, сэлүүрчдийг шавдуулах сан гэж онц хүсч явав. Нөгөө далайн ан байдаг аралд бушуухан хүрэхийн тул өөрөө сэлүүрийг шүүрэн авч байдаг хүчээрээ сэлэх юм сан гэж онц хүсч явав. Гэвч тийнхүү хүүхэд зан гаргах юм бол томоотой улсын инээдмийг хүргэх болно. Эл учир хөвгүүн догдолсон сэтгэлээ нуух гэж байдгаараа хичээнэ. Гэвч тэр байдлаа нууж явж огтхон ч эс чадна. Үнэндээ тийнхүү жаргалтай яваагаа нуух гэдэг түүнд бэрх байлаа. Чийрэг бор хацар нь өөрийн эрхгүй халуу оргин улайжээ. Ялангуяа хүүхдийн цог заль төгөлдөр ариун тунгалаг нүд нь түүний сэтгэлийн дотор оволзох баяр бахдлыг ил гаргахгүй нууж хэрхэвч чадахгүй байв. Далайд гарч, ан агнах гэдэг юутай сайхан!
Орган хэмээх өвгөн хөвгүүний сэтгэлийг мэдэж байв. Нүдээ онийлгоод урагш ширтэн хөвгүүний сэтгэлийг хэдий нь ойлгож, хэмээн харцаараа энхрийлэн явахдаа зориуд инээмсэглэхгүй гэж хагас дутуу унтарсан гаансаа сорон сорон явав. Ер нь инээмсэглэн яваагаа мэдэгдэж болохгүй. Энэ хөвгүүн ямар тэдэнтэй эрхэлж яваа биш. Далайн анчин болох гэж яваа хүүхэд. Энэ ажлыг нэгэнт эхэлвэл хожим нэгэн цагт мөн далайдаа төгсгөх хэрэгтэй. Далайн ангуучдын хувь зохиол тийм байдаг болой. Учир нь энэ хорвоод далайн агнуураас ондоо бэрх мөртөө осолтой ажил байхгүй. Тэгвэл энэ ажилд хар багаасаа дадах хэрэгтэй. Тийм ч учраас гэж хууччуул ярьдаг. Бас ч гэж ярих нь бий. Ингэхлээр эр хүн гэр орноо тэжээж явах гэвэл тэр ажилдаа хар багаасаа дадах хэрэгтэй. Тийм ээлж Кирискт иржээ. Ер энэ хөвгүүнийг далайд дагуулан явж, сургах цаг хэдүйн болсон байлаа.
Үүнийг хүн бүхэн мэднэ. Чухам энэ өдрийн аян бол ирээдүйд сайн анчин болж, гэр орноо тэжээх учиртай Кирискт зориулагдаж буйг Алаг хав толгойн ёроолд орших Загас-эхнэр овгийн бууцны бүх улс мэдэж байв. Энэ отгийн дотор төрсөн эр хүн болгон хар багаасаа тэнгис далайтай анд бололцох ёстой гэж үздэг билээ. Тэгэх юм бол тэнгис далай тэр хүнийгээ мэддэг болж, тэр хүн нь тэнгис далайг хүндлэн үздэг болдог нь ёс. Тийм ч учраас отгийн тэргүүлэгч Орган өвгөн өөрөө хөвгүүний эцэг Эмрайин, түүний үеэл дүү Мылгун гэгч хоёр шилдэг анчнаа авч өтгөс өвгөдөөс үр хөвгүүдийнхээ өмнө, энэ удаа Кириск хөвгүүний өмнө хүлээсэн ариун нандин үүргээ биелүүлэх ёсыг дагаж далайн ан авд гарч байгаа нь энэ. Кириск хүү одоо ч, хойшид ч тэнгис далайтай зангаа авалцан одоо ч, хойшид ч ямагт олзтой ч, олзгүй ч тэнгис далайд явах ёстой болно.
Кириск хүү одоогоор хүний гараас хараахан гараагүй бяцхан хүү байг, ер нь тэр сайн анчин болох эсэх нь одоогоор хараахан мэдэгдэхгүй байг, (болохыг хэн байг гэхэв) ямар ч гэсэн өвгөчүүл тэнхээ тамир доройтон энэ ажлаас хөндийрөхийн цагт чухам Кириск хүү л отгийн түших тулгуур, тэжээгч нь болно шүү дээ. Үеийн үед ингэж явж ирсэн учиртай. Ер амьдрал ч тийм байдаг.
Гэвч үүнийг ил ярих хүн үгүй. Хүн энэ тухай дотроо бодохоос биш гадагшаа ярих нь үгүй. Иймээс ч Кириск хүүг анх удаа анд явах гэж буй энэ үйл явдлыг Алаг хав толгойн эрэгт орших Загас-эхнэр отгийнхны дотроос хэн ч тоосонгүй. Тэр ч байтугай Кирискийг том улстай далайд явахыг зориуд анзаарахгүй байх гэж хичээж байв. Энэ явдлыг ер онцын юм гэж үзэхгүй байх шиг байв.
Эх нь түүнийг гаргаж өгсөн боловч далайд явна гэж ганц ч үг дуугарсангүй. Далайн булан ч хүргэж өгсөнгүй салж, гэж зориуд чанга хэлэхдээ хүний урманд далай тийш харсангүй, харин ойн зүг харж, гэжээ. Ингэж хэлдэг нь хүүгийнхээ аяны мөрийг баллаж, лус савдгаас төөрүүлж буй хэрэг юм. Бас эцгийн нь талаар ганц ч үг дуугарсангүй. Эмрайин бол түүний эцэг биш, Кириск хүү эцэгтэйгээ явах гэж байгаа биш, зүгээр санамсаргүй улстай явах гэж байгаа юм шиг байв. Энэ мөн л Эмрайин Кириск хоёр эцэг хүү мөн гэдгийг аанай сайхи лус савдагт мэдэгдэхгүй гэсэн хэрэг. Эцэг хүү хоёр анд мордоход лус савдаг маш дургүй байдаг болой. Эцэг хүү хоёр цуг явах юм бол хэн нэгний хүч зоригийг хугалах гэж,  далайд явдаггүй байж, ой модонд явдаггүй байж гэж хэн нэгний амыг бариулах гэж хэн нэгнийг нь хорлож болно. Ер лус савдаг гэдэг дандаа хүмүүсийг хорлох аян тал харж явдаг ажээ.
Харин Кириск нялх хүүхэд биш болохоор лус савдагаас үл айна. Гэтэл эх нь учиргүй айж, хүүгийнхээ төлөөнөө ухаан гарна. Чи нас бага, чамайг самууруулж байгаад хорлох нь нэн амархан гэдэг билээ. Энэ ч бас үнэн! Тэрхүү лус савдаг, ад албингууд бага хүүхдэд хэчнээн зовлон тарьдаг гэж бодно. Элдвийн өвчин эмгэг хүргэж хорлоно. Хүүхдийг хожим сайн анчин болгохгүй гэж эрэмдэг зэрэмдэг болгож орхино. Тийм хүн хожим хэнд ч хэрэггүй амьтан болно шүү дээ! Тиймийн тул хүүхдийг ялангуяа бага балчирт нь элдэв лус савдгийн хорлолоос зайлуулж байх нь тун чухал. Хүн хэзээ том болж биеэ даасан цагт ямар ч лус савдгаас айх явдал огт үгүй болно. Том хүнийг лус савдаг дийлэхгүй, ер бяртай чадалтай хүнээс өөрснөө айдаг болдог гэж бодно.
Эх нь хүүгээ ингэж гаргаж өгөв. Хүүгээ гаргаж өгөөд тийнхүү айж, итгэж байгаагаа ч тас нууж баахан дуугүй зогсож байгаад гэр уруугаа явахдаа хүний урманд далайн зүг харсангүй. Эцгийн нь тухай ганц ч үг дурдсангүй, ердөө эр нөхөр нь хүүгээ аваад хаашаа явж буйг огт мэдээгүй хүн шиг байв. Уг нь энэ эхнэр тэдний аян замын хүнсийг гурван хоногийн нөөцтэйгээр бэлдэж өгсөн мөртөө одоо болоход юу ч мэдээгүй хүний дүрийг эсгэж байв. Хүүгийнхээ хойноос тийм  айхтар санаа зовж байжээ. Тэгж айхтар айж байсан мөртөө айж байгааг нь бас лус савдаг мэдчихвий гэхдээ сэтгэлийнхээ тэр түгшүүрийг огтхон ч ил гаргасангүй харьжээ.
Чингээд эх нь далайн тохой хүрэлгүй харьж, хүү нь лус савдгаас нуугдан зам мөрөө буруулан бутан дундуур сүлжин явав. Эх нь тэгж яваарай гэж захисан тул тийм өдөр эхийн сэтгэлийг хугалахыг огтхон ч хүссэнгүй. Хүү түүнээс хол түрүүнд яваа гурвын хойноос харайлгав.
Тэднийг даруй гүйцэн очив. Цаадуул нь ачаа үүргээ, буу зэвсгээ, аргамж татлагаа үүрээд яаралгүй алхаж байв. Хамгийн түрүүнд омгийн тэргүүлэгч Орган өвгөн, хойноос нь өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй, бавгар сахалтай Эмрайин алхах нь онц бараатай харагдана. Хойноос нь хожуул шиг тагдгар бөөрөнхий биетэй Мылгун маажигнаж явав. Тэд хүйтэнд дулаан, усанд норохгүй гэж дандаа ангийн арьс савхиар хийсэн хуучин хувцас өмсчээ. Тэдний дэргэд Кириск нэн ч гоё харагдана. Эх нь далайд явахдаа өмсөг гэж аль хэдийнээс хувцас зэхэхдээ хармаан ууттай, эргэн тойрон эмжээр хамжлагатай их л гоё хувцас зэхжээ. Далайд явахад түүний хэрэг юу байхав. Гэвч хүний эх бол эх шүү дээ. Кирискийг зэрэгцэн ирэхэд Мылгун,
- Хүүе чи юу, чамайг гэртээ үлдсэн гэж би бодлоо шүү. Ээж чинь хөтлөөд харьчихсан байх гэж бодсон шүү  гэж гайхаж догдолсонд
- Яалаа гэж тэр билээ? Амьд байсан цагт хэзээ ч тэгэхгүй! Энэ чинь би шүү дээ! гэж  гомдохдоо арай л багтарсангүй.
- За, за тоглож байхыг мэдэхгүй юу. Ингэж болохгүй шүү. Далай дээр үг ярилцах гэдэг найз найзтайгаа үг ярихтай огт адилгүй. Май, үүнийг үүрээд явсан чинь дээр байх аа гэж Мылгун ангийнхаа бууг үүрүүлсэнд хөвгүүн их л урамтай баяртай зэрэгцэн явав.
Тэдэнд одоо ачаагаа ачаад л хөдлөх ажил үлдэв. За, тэд ингэж далайд гарав. Харин хэрвээ аз дайрч олз омогтой эргэж ирвэл байдал шал өмнөө болно. Хөвгүүнийг зүй ёсоор хүндэтгэж залуу анчинг угтах баяр болно. Тэнгис далайн өгөөмөр баялгийг дуулах болно. Тэнгис далайн хязгааргүй гүнд зоригтой бяртай ангуучдад баригдах тавилантай загас жараахай, ан амьтан зөндөөн! Тэр дуундаа омгийн элэнц хуланц болох Загас-эхнэрийг өргөн дуулах болно. Тэрхүү элэнц хуланцаас газар дэлхий дээр Загас-эхнэрийн удам судар бий болсон болохоор аргагүй! Тэгээд хэц  хэнгэрэг нижигнэн олон бөө бууж, тэдний дотроос хамгийн их ухаантай нь газар, усыг дуудан, Кириск гэгч нэгэн шинэ анчин бий болсныг даатгах болно. Энэ хөвгүүнд газар дэлхий ямагт өгөөжтэй байгаарай, энэ хүүг их том анчин болгож өсгөж үзээрэй, энэ хөвгүүн газар, усны аль алинд их олз омогтой яваг, олз омгоо их бага улсад адил тэгш хуваадаг сайн чанарыг соёрхон хайрла гэж мөргөн гуйх болно. Кириск хөвгүүнд олон үр хүүхэд заяаж, тэд нь цөм өсөж, агуу их загас эхнэрийн омог нь удмаас удамд улам өнөр өтгөн болог гэж мөргөн гуйх болно. Их найран дээр улс бүжиг наадам хийж,
Агуу их Загас-эхнэр чи хаана хөвнөм?
Чиний халуун хэвлийд амьдрал үүсмүй
Чиний халуун хэвлийгээс бид тэнгисийн хөвөөнд төрсөн билээ
Чиний халуун хэвлийгээс сайхан газар энэ хорвоод байхгүй
Агуу их Загас-эхнэр чи хаана хөвнөм?
Чиний цагаахан хөх хав загасны толгой лугаа адилхан
Чиний цагаахан хөх биднийг тэнгисийн хөвөөнөө тэжээсэн
Агуу их Загас-эхнэр чи хаана хөвнөм?
Хамгийн чийрэг эр чам уруу хөвж явнам
Халуун хэвлий чинь дэлгэрэх болтугай
Хамаг омог чинь өнөр өтгөн болтугай
гэж  дуулах болно. Тэрхүү баяр дээр Кирискийн хувьд бас нэг чухал үйл болно. Юу гэвэл бөө буухдаа тэнгэрийн оддын нэгийг залуу анчны хувь заяаны од гэж зааж өгөх болно. Анчин бүрд өөрийн нэг бие хамгаалагч од байдаг. Харин Кирискийн хувь заяаны од ямар од болохыг хэн ч мэдэхгүй. Үүнийг гагцхүү өнөө бөө, өнөө түүний амь насыг далд хамгаалагч заяаны нь од хоёр л мэднэ. Ондоо хэн ч мэдэхгүй. Тэгвэл тэнгэрт од олон…
Мэдээжийн хэрэг ээж, охин дүү хоёр нь бүхнээс илүү баярлан, бүхнээс чанга дуулж бүжих болно. Эцэг Эмрайин ч хотол олны өмнө ёстой эцэг гэгдэж туйлаас баярлан бахдах болно. Эмрайин яагаад хүний эцэг биш байх билээ. Далайд явахад эцэг хүү гэж байхгүй, далайд хүн бүхэн адил тэгш байж гагцхүү ахлагчдаа захирагдана. Ахлагч нь юу гэвэл түүнийг дагах ёстой. Эцэг гээд хүүгийн хэрэгт оролцож болохгүй, хүү нь гээд эцэгтээ гомдол санал тавих ёс байхгүй. Ер тийм байдаг болой.
Бас хар багаасаа тоглон наадаж өссөн Музлук охин ч ихэд баярлах болно. Тэд нийлж наадах нь энэ хэр бага болжээ. Одоо бол Кириск анчин болсноос хойш юун түүнтэй наадаж тоглох…
* * *
Анчдын гуя онгоц далайн давлагаанд үл мэдэг намилзан их л зохистой хөвж байв. Тэд мөнөөхөн Алаг хав толгойг хэдийн ардаа орхин, Уртын хушууг өнгөрч, задгай тэнгист гарч ирвэл далайн давлагаан тэнгисийн булангийнхныг бодвол тийм ч хүчтэй биш, нэгэн жигд намалзана. Тийм тогтвортой давлагаанд хурдан сэлж болно.
Учиргүй бүдүүн улиас төнхөж хийсэн гуя онгоц их л хичээнгүй хөвнө. Эгц долгионд ч, хөндлөн долгионд ч маш дуулгавартай, найдвартай хөвж байв.
Орган өвгөн хэдийн унтарсан гаансаа сорон сорон явахдаа түүний гуя онгоц тийнхүү бат найдвартай хөвж явахад сэтгэл дүүрэн агаад өөрийн биеэр завь болоод хагас дундуур усанд дүрэгдэн тэнгисийн хүйтэн усыг зүсэн явсан шиг сэлүүрийн нэгэн жигд хяхнах болхи дууны дор тэнгисын уудмын дээгүүр өөрөө хөвж явсан шиг, үелзэн ирэх уян долгионыг цээжээрээ зүсэж, өөрийн биеэр үл мэдэг найгалзан хөвж явсан шиг сэтгэлд нэн зохистой явлаа. Энэ бодол нь завийн урагш тэмүүлэх хөдөлгөөнтэй нийлж урьдын явдлыг эрх биш санагдуулна. Тэр гуя онгоцыг өөрөө цавчиж, өөрөө төнхөж хийсэн болохоор сэтгэл даанч тэнэгэр явав. Нэг хүн байтугай дөрвөн хүн ч дийлмээргүй бүдүүн гэгчийн улиас олуул хамжин унагаж, гурван жил хатаагаад цавчаад үзсэн чинь, ай даа насандаа олон гуя онгоц хийсний дотор хамгийн сайн онгоц болох ши

No comments:

Post a Comment