Wednesday, October 2, 2013

Д.Норов "Сэрэвгэр хадны зэрэглээ "

Энэ ер нь жаргал зовлон хоёрын аль нь юм болдоо гэж Даш гайхшран бодсоор явахад халиун морь түүний нүсэр биеийг тэнхээ зааж тээж, өөд газар ухас ухасхийн зүтгэж, хуугтал амьсгаа түрэн, уулын үс рүү чулуу, хадны хонгилыг тойрон зайж, заримдаа дөрөө хангинатал хад шүргэсээр урагшилна. Эзэн нь тэр бүхнийг үл анзааран дассан зангаараа хааяа жолоог зөөлөн дугтрах  төдий шавдуулж, мөнөөх л сэтгэл эмтэлсэн үг, хар нүдний тухай бодолд дарагджээ.
Тэр үгийг Даш ер мартаж чадахгүй юм. Өглөө санаснаар сэрж, үдэш бодсоор унтах нь нэгэнт хэв болжээ. Хар нүд гэж чухам түүнийг л хэлдэг байх. Жинхэнэ хар нүд гэж үүнээс өөр байж хэрхэвч таарахгүй. Даш тийм нүдийг урьд огт олж үзээгүй. Гэтэл одоо уулын орой, усны толио, шөнийн тэнгэр, нугын цэцэг, өрхөн зайц, зүүд зөн ер хаанаас боловч олж хардаг болжээ. Хаа хэзээ боловч тэр нүд түүнийг ширтэж байна. Харцны нь галыг яана. Хөмсөг, аньсага, зовхи сормуус, ирэмчих нь, харц булаах нь бүгдээр нийлж байж нүд болдгийг Даш түүнээс л ухаарч билээ. Урьд түүнийг яагаад анзаарч байгаагүй юм бол? Уран сийлбэр шиг зохистой ийм нүд байдгийг мэддэггүй байсан юм болов уу?
Түүний нүдийг ямар гэж хэлэхээ Даш мэддэггүй юм. Энхрий зөөлөн увьдастайг яана. Харц шүргэлцэхийн төдийд сэтгэл үймрүүлж, зүрх догдлуулна шүү. Тэр л гал мэт нүдэн дээр нь үнсэхсэн гэж Даш мөн ч олон удаа бодсон доо. Тэгтэл үнссэн нь үгүй. Өнөөдөр ч бас л чадсангүй. Санан санан дасаж, сар өдрийг тоолон ээнэгшин мөрөөдөж яваагүй юм шиг уулзмагц бүхнийг мардгаас тэр биз. Эсвэл балмагддаг ч юм уу? Түүний нүдийг харж, дуугий нь сонссон байх шиг дээдийн жаргал үгүй болохоор тэр биз. Түүнийхээ нүдийг ер юутай адилхан гэмээр юм бэ дээ? Гүн шөнийн чимээгүйд харлан мэлмэрэх горхийн усанд харвасан одны туяа шиг юм уу даа. Гэтэл бодон бодон улам хайрлахыг яалтай билээ. Урьд нь Даш бодохгүй байхыг хичээж, элдвээр өөрийгөө саатуулан тун арга ядахад ташуураар түрийгээ тогшиж мартагнадаг байжээ. Чингэхэд унасан морины чих сортосхийж хөл нь хөнгөрөөд ирнэ. Тэгмэгц жолоог султган дөрөөн дээр өндийж давхин оддог билээ. Хэсэг давхиад морины амьсгаа дарж суудал тухлахад сэтгэл нилээд хөнгөрсөн юм шиг байна. Гэвч нэг л мэдэхэд мөнөөхөн хар нүд, хар үстэй бүсгүйн тухай бодол талбин явдаг ажээ.
Энэ удаа харин тэгж өөрийгөө саатуулахыг оролдсонгүй, хичнээн л бол хичнээн бодог гэсэн шиг сэтгэлээ сул тавьжээ. Дахин уулзах юм биш. Хэдий чинээ их бодно, төдий чинээ цөхрөх биз. Түүнийг бодож цөхрөнө гэхээс зүрх шимширнэ. Хэн нэгний хүйтэн гар зүрхийг нь базан авч хайр найргүй нухчин байх шиг болно. Чухам ийм үед л Даш бодлын хүндээс мултрах гэж өөрийгөө хуурах аргаа олж яддаг билээ. Тэгтэл энэ удаа тэгсэнгүй. Мориныхоо чихийг ширтэн санаашралд автжээ.
Царайг нь ажвал хүрлэгэр бараан, зэрвэс харсан хүнд бол инээвхийлээд ч байгаа юм шиг санагдмаар. Ташуурынхаа солгийг бугуйндаа оруулж, баруун гараа гуян дээрээ дарсхийж яльгүй хазгай суужээ. Гонзгор биедээ таарсан урт хөл нь гөлөмний ирмэг даван тэртээ дор унжина. Зам зуур таарсан хэн боловч түүнийг ийнхүү гүн бодолд дарагдан сэтгэл нь хайлж яваа гэж санахын аргагүй. Цээжинд гал дүрэлзэвч утаагий нь хамраараа гаргадаггүй хүний нэг бол Даш гэж болно. Ямартаа л дуугүй Даш гэлцэж байхав дээ. Заримдаа овгор Даш гэх нь бий. Гэвч цөөн. Ихэнх л дуугүй Даш, дуугүйн адуу, дуугүйн хар жингэр гэнэ.
Арсгар барсгар хад цохиогүй атлаа устай хонгил, цэцэгт нугачаа, үерийн шаар шиг нуран урссан хөх асгатай дүмбэгэр уулын зоон дээр гарах болоогүй. Гэвч тарган морь дэндүү их амьсгаадаж, битүү хөлөрчээ. Арга ч үгүй биз. Түүний нүсэр биеийг тээж, замгүй газраар уулын бартаа өөд мацна гэж тийм амар байх уу даа. Уг нь сунгуу ч гэсэн урд хөтлөөр тойрсон бол зуслан газрын хар хөрст замаар халиун морь яралзтал хатирч хоёр бие зоволгүй явахсан. Гэтэл эзэн нь заавал энэ уул өөд юунд зүтгүүлэв. Халиун морь газрын бартааг тойрох гэж ам булаан хэд хэд зүтгээд дийлсэнгүй. Эзнийхээ гөрмөл ташуурын амтыг үзээд аргагүйн эрхэнд оржээ.
Үдийн нар төөнөвч уулын шилд сэрүүн, цэцэг дохих төдий салхитай байлаа. Цагаан асгатын зоон дээр гарах бас ч болоогүй. Гэвч цас тогтдог баймаар нэгэн ногоон хөмөгт бууж, морио хантайран олмыг султгаад сахлаг ургасан ширгэн дээр завилан сууж өврөөсөө цаасан иштэй тамхи гарган асаав. Эрхий, долоовроор цаасан ишийг нь дороос өөд чимхэхийн төдий бариад хэд хүчтэй соров. Өөртөө л чимхэхийн төдий барьснаас бус, угтаа түүний том хуруу тамхины ишийг тас хавччихсан юмсанж. Чингээд утаа амтагдахгүйд хуруугаа султгаж дахин сортол гашуун хөх утаа хоолой цээжээр нь хахахад хэд хүчтэй ханиалгаад тамхийг хаячих гэснээ больж амнах жижиг чулуун дээр тавиад дурангаа гаргав. Даш чухамдаа дурандах гэж л энэ уул өөд зүтгэсэн юмсанж. Замбагынхаа барааг дурангаар ч болов нэг харчихсан гэснээс тэр юм. Гэтэл огт бараа алга. Цагаан бургасны их хөндий тэр аяараа хөх униарт балартан мансуурчээ. Тэнд хаана айл байгаа, хэн яаж яваа юм бүү мэд.
Наад талын, тэнгэр өрөмдсөн зүрхэн улаан уулын царамд гурван бүгээнтэй хэдэн бараан адуу, цаад дүмбэгэр инурууны бүсэлхийд хот хонь дугуйрч цайраад байх ч шиг, үгүй ч шиг. Хамар толгой дамжсан морьтой хүний бараа олох гэж нэгжээд алга. Замбага нуугдсан мэт бараа туруугүй алга байхыг бодоход Дашид дахин хэзээ ч харагдахгүй гэсэн юм юм болов уу?
- Чамайг дахиж ирэхгүй бол энэ их хөндийг юугаараа би дүүргэж явна даа гэсэн үг нь өр өвтгөж, улам улмаар биед нэвчин шингэж байх шиг болно. Нээрэн чи бид хоёр бие биенийхээ зайг одоо юугаар дүүргэдэг байна даа? Гуч давсан өдий насанд ийм юмтай учирсан гэж дуулбал хүмүүс шоолох биз. Тийм атал, үнэхээр учирсан л байна даа. Үүнийг нуух ч газар алга, түүнээс нуугдах ч арга алга. Нуухын хэрэггүй ч байх магадгүй.
- Би нууж чадсангүй. Очирт бүгдийг ярьчихсан. Хүнээс нуух юу хийсэндээ ч шаналж суухав. Уг нь сэтгэлээ онгойлгоё гэж бодсон юм. Тэгсэн чинь “Ийм ч болоод байгаа гэж бодсон юм. Ингэж дээлтэйгээ хатаж явдаг байж. Юу дутлаа гэж тэгж байдаг бол. Юугаар ч би чамайг дутаагаагүй  дээ. Идэх хоол, өмсөх хувцас, унах морь, үр хүүхэд бүгд байна. Тэгтэл чи ингэж арга чаргаа барж бүр надад хэлэхдээ тулсан бий. Өөрсдөө чадахгүй байвал би та хоёрыг нийлүүлээп өгье л дөө. Энэ хоёр хүүхэд бид гурав л чамайд гай болж байгаа биз” гэж баахан үсчиж байгаад яваад өгсөн. Уурладаг хүний ч зөв биз. Зулгүй сагсуу хочтой ч гэсэн арваад жил надтай ханилахдаа гар хүрэх нь бүү хэл ширүүн дуугарч үзээгүй юм шүү, хөөрхий минь. Ийм л юм болох ёстой байж дээ. Яахаа ч мэдэхгүй л байна.
Замбага ингэж яриад цэцэг оролдон суухад Даш юу ч хэлээгүй дээ. Тэгээд яав одоо яахав? гэж ч асуугаагүй. Харин хайрт хүнийхээ сормуусандаа сүүдэртсэн хар нүд, гагцхүү хүүхдийнхтэй л зүйрлэж болох болдов уу гэсээр булбарай зөөлөн царайг ширтэн, өтгөн хар үсний нь дороос цухуйсан жижигхэн цагаан чихний нь тэнд үнэрлэхсэн гэж бодож сууж билээ.
- Намайг дагаад яв гэвэл яах байсан бол? гэж одоо санаад шүүрс алдсанаа мөнөөхөн тамхиа бахим хуруундаа эв хавгүй чимхэн авч асаан гашуун утаанд цээж хоолой хахавч тэвчээр гарган сууж, өөртөө өширч, өөрийгөө тохуурхан даажигнаж байгаа мэт муухай утааг угсруулан сорсоор байлаа. Тэгснээ толгой нь эргэн мансуурахад тамхиа шидэж араас нь гашуун шар шүлс хаяж амаа арчаад дахин дурандав. Дахиад л бараа алга. Тэр их хөндий, тэр их хөх униарын альхан талд нь сайхан замбага хүүхэн яваа бол? Эсвэл Дашийг хаа нэгтээ харагдах магадгүй гэж бас л дурангийн аманд нүдээ чилээж байгаа байгаа болов уу.
-  Очирын хэлдэг ч үнэн л дээ. Нээрэн намайг юугаар ч дутаагаагүй. Элдвээр зовоож ч байгаагүй. Ганц хурдан морио зараад надад ээмэг бөгж авч өгч л байсан. Тэгтэл миний заяа энэ байж. Ядаж арван долоо найман насандаа чамтай учрах нь яав даа гэж бодох л юм. Энэ үгэнд ч Даш хариулаагүй. Харин өөрийн нь дахин дахин боддог тэр л үгийг хэлсэнд сэтгэл хайлж, сэтгэл хайрлахын хэрээр царайгаа нууж тонгойн суужээ. Нээрээн л тийм дээ. Хорь шүргэсэн насанд таарсан бол ингэж шаналах байсан болов уу даа. Эсвэл хэн хэн нь ингэж бие биесээ дэндүү их хайрлаж хүсэж тэмүүлж чадахгүй байсан болов уу. Хичнээн харамсавч цагийн юм цагтаа. Замбуулин буцаж эргэдэггүй адил бас буцах замгүй. Тийм л хайрлахын заяатай байсан бол арван жилийн сургуульд годгорхон охин, сөөсгөр банди байхдаа захидал шидэлцэж, анхны хайрын ичимхий үгч хэлэлцэн онгон зүрхээ цочоож болох л байсан. Гэтэл гурван ангиар дүү тэр хар нүдэн охиныг Даш олж хараагүй гэхэд бараг л хилсдэхгүй биз. Тэр үгүй юмаа гэхэд цэргээс ирээд чухамдаа эхнэр болох хүүхэн бэдэрч явахдаа учирч болох л байсан. Тэгтэл одоо энэ бор хүүхнээс өөрийг олоогүй. Олоогүйдээ ч биш, бор хоногийн төөрүүд учрал тохион дасаж, нэг нь эхнэр авах, нөгөө нь эрд гарах жамтайд хөтлөгдөн нэр нэгтгэсэн. Тэглээ гээд муудсан юм алга. Айлын дайтай л айл явна.
Харин одоо ер юу болж явна вэ? Үүнийг Даш өөрөөсөө мөн ч олон асуусан даа. Хариу алга. Идэх хоол, өмсөх хувцас, хэрэглэх агуурсаас өөр хүнд юу хэрэгтэй юм бэ? Үр үндсээ үлдээх хэрэгтэй. Тэр нь байна. Элэг бүтэн амьдрах дээдийн жаргал гэдэг. Бусдаас илүү зовсон юм алга. Үддэгээ үдэж, угтдагаа угтаад л явж байна. Тэгээд өөр юу хэрэгтэй юм бэ? Гэлээ ч гэсэн өр зүрх шимширнэ. Уул хадыг нуртал давхиж ус голыг халин үерлэтэл газар дэлхийг донсолгомоор санагдана. Эсвэл сэршгүй бах нойронд зуун жил чамайг зүүдлэх үү?
Даш тас гэдрэгээ харин хэвтээд өгөв. Нүүрийг шарахад малгайгаа хаав. Амьсгаа дарж, хөлс нь эвэрсэн амгайгаа хүлхэж, хааяа нэг хөлөө сэлгэнэ. Их уулын зоо аг жиг оргин дүнсийж цэцгийн дэлбээнд салхи сэржигнэх нь бүүр түүрхэн.
- Замбага одоо харьсан болов уу. Жамцынд очсон байж ч магадгүй. Нансалмаад бүгдийг ярина даа. Миний үгэнд гомдоо болов уу яагаа бол? Мэдэх юмсан гэж бодов. Тэгснээ мэдээд ямар ч хэрэггүй гэдгийг санав. Юу бодож байгаа бол, намайг гэх сэтгэл төрдөг болов уу? Үгүй юу? гэж догдлон явсан цаг саяхан атал одоо эрин галавын тэртээ болсон мэт өөрөө жаргал зовлонгийн их мөрнийг сэлэн гаталж цаад захад нь сая гарсан шиг санагдах нь юу билээ. Тэр хоёрыг гаталшгүй далай, гэтэлшгүй тал, давшгүй өндөр уул зааглан байх шиг. Замбага, Даш хоёрын хооронд орой нь үгүй хадан хана босгочихоо юу даа. Сэтгэл санаа хоосорч гүйцээд гагцхүү хаа нэгтээ шимшрэн өвдөж байх шиг.
Замбага минь дээ, Замбага цэцэг минь. Чамайгаа би яаж мартах билээ? Чамтайгаа би яаж учрах вэ?
Даш зүүрмэглэн зүүдлэв. Халиун морио бариад уулын орой дээр сууж байна. Хаашаа л харна тугалган хах ус цэлэлзэж энд тэнд уулын орой цухуйж үзэгдэнэ. Цагаан бургасны их хөндий усаар дүүрчихэж. Гэтэл Замбага алга. Замбага аа! Замбага аа! Замбага аа! Чи минь яачихав! Чиний юугаараа дүүргэж явна даа гэсэн их хөндийг ус дүүргэчихсэн байна шүү дээ. Одоо би яах вэ? Тэгтэл Замбага ирж явна. Цасан цагаан хувцас өмсчээ. Салхинд хормой нь намирна. Хот газрын хүүхнүүдээс хавьгүй тансаг юм. Замбага аа, нааш ир, би энд байна гэж дуудах гэтэл Дашийн хоолой зангираад дуугарч чадахгүй байна. Замбага мэлэрсэн хар усан дээгүүр алхан ирж явна. Цөмрөөд орчих вий гэж хэлэх гэтэл бас л дуугардаггүй. Замбага танан цагаан шүд гарган инээсээр ойртон ирэв. Харин Дашийг харсангүй. Оч шиг хар нүд нь тэртээ алсад тэнгэрийн хаяа руу ширтэж хэн нэгэнд тэмүүлнэ. Эсвэл Дашийг зориуд харахгүй байна уу? Замбага их усны мандал дээгүүр дэгдсээр хажуугаар нь өнгөрч улам холдсоор цасан цагаан хормой нь дэвэлзсээр байна. Даш түүнийг дуудъя гэж хичээвч хоолой нь зангираад чадахгүй байна… их ус бүхнийг залгиж зөвхөн уулын орой л үлджээ. Замбагын бараа тэнгэрийн хаяанд цайвалзаар холдож байна…
Морь нь дөрөө ханхийтэл шилгээхэд Даш сая цочин сэрж, тэр чигтээ өндийн завилж шууд дурангаа авах нь урьдаас бодож төлөвлөн бэлдсэнээрээ хөдөлж байна уу гэмээр. Малгай нь өвөр дээр нь унажээ. Мөнөөхөн их усан дайд, Замбага хоёрын аль нь ч алга. Гагцхүү хөх униар, уул хозёр л байна. Тэртээ хөтлийн хүрэн толгойн орой дээр нэг морьтой хүн байна уу даа. Эсвэл сул адуу юм уу? Дэргэд нь хүн байх шиг. Нэг бол хад юм болов уу? Морь биш ганц үхэр юм уу?
Нохой ч юм уу? Нохой гэснээс нөгөө хар жингэрийг одоо яана аа?
- Амандаа мэстэй махан идэштэй араатныг өөгшүүлснээрээ чи ч сайн юм дуулахгүй дээ. Даш минь, бушуухан түүнийг олж бууд. Тэгэхгүй бол чи бөөн төлбөрт унах нь байна шүү. Тэр амьтан идээд л, түүнийг нь чи төлөөд л. Энэ чинь яаж болох юм билээ вэ дээ. Зөвхөн одоо тавь тавь гаруй мал нэхэгдэж байна. Цаашдаа хэд ч болох билээ, аргагүй шүү дээ. Мал хөрөнгөөрөө чиний нохойг хооллочихоод өөрснөө өлсөж суултай биш. Зарим нь өлсөх л дөө. Гэтэл нэг хэсэг нь чамаар малаа төлүүлнэ гэж байна. Мөн ч зовлонтой юм болж байна шүү. Тэр гичийг өөрийн гараар бушуухан алаад арьстай толгойг нь авчирч өгч олон түмний санааг амрааж үз! Нэг өдөр хүн барьсан гэж дуудлах бий дээ. Ээ дээ. Энэ идшинд улайрсан араатан буцахгүй шүү. Энэ идэш үү? Хүнийг ч адгуусыг ч алдаг эддээ. Эцсийн эцэст амьд явна гэдэг чинь идэшний төлөө л тэмцэл шүү дээ. Бор гэдсээ бордохын тулд хүн араатан ялгаа байхгүй, чадах бүхнээ л хийнэ. Нүгэл буян түүнд пад байхгүй... Тэр шүүгч юу эс ярьсан гэхэв. Ятгаж цөхөөд байгаа ч юм шиг, эсвэл ямар нэг хэрэг хүлээлгэх гэж оролдоод ч байгаа мэт түмэн зүйлийг учирлан тоочих нь бор шувуу нэг мөчрөөс нөгөөд дамжин суугаад байгаа юм шиг л байсан. Тэр бүү хэл бүр “Дашийн хар жингэрийн хэрэг” хэмээсэн хавтаст хэрэг нээснээ хүртэл харуулж билээ.
Даш малгайгаа өвөр дээрээ тавин тохойлдоод намхан туранхай тэр шүүгчийн жижигхэн ярзгар цагаан шүд хэрхэн яралзаж, нимгэхэн улаан хэл нь хэрхэн булталзахыг ажиглан эгдүүтэйхэн ширтэн суув. Уйгагүй шүүгч маань дохиж занган учир тайлбарласаар л байв. Хар жингэр яагаад чонотой нийлэх болов  гэдэг их сонин юм. Хоол нь чамлагдав уу? Эсвэл бие махбодын гэх үү дээ, нөгөө нэг юмны шалтгаан байв уу? Гэмт хэргийн шалтаг шалтгаан их нарийн шүү. Бас өөр нэг асуудал байна. Тэр жингэр ер нь урьд нь чонотой нийлсэн хавьтсан уу? Чамд юм мэдэгдээгүй биз? Эсвэл чонын удам болов уу? Аан? Чонотой нийлдэг ямар учир байна?
Даш түсхийтэл инээд алдав. Үнэндээ инээхгүй байж чадсангүй. Мөнөөхөн тоомсоргүй хайнга хүйтэн байсан нь хайчсан юм бүү мэд. Нүд нь гялалзаад, нэг л адтай инээвхийлэн урагш дөхөж байгаад
- Ээ дээ тун ч магадгүй шүү. Чонын удам л байхаа даа. Яагаад гэвэл тэр чинь
та бид хоёроос ухаантай байгаа юм. түүнийг алах гэж буу шагайгаагүй хүн манай суманд бий юу? Байхгүй. Миний сонссоноор бол лав л таван удаа шархадсан даг. Гэтэл амин газраа буудуулчихгүй бултаж дөнгөөд байгаа юм шүү дээ. Айлын хонь, хот руу орохдоо хичнээн ухаалаг гэж санана. Тэр өөрөө хонин дунд орчихоод өнхрөөд л, эрхэлж тоглоод л. Яг тэгж байхад нь нөгөө найз чононууд нь ганцхан дайраад хорин хонины багалзуур тасалж орхино. Бас бодоод үз дээ, энэ хавар манайхан сумаараа хөдөлж баруун, зүүн хярыг бүхэлд нь нэгжиж авлаад нэг ч чоно амьд үлдээгүй дээ. Гэтэл гагцхүү тэр хар жингэрийг л олж чадаагүй. Түүний барааг ч харж чадаагүй. Гэтэл тэр маань танихгүй айлын гадаа ирж хэвтчихээд, угаадас өгвөл хүртчихээд л гэмгүй амьтан тав хоноод ав хомрого өнгөрмөгц дэлэн хөхөө сэрийлгэж, гэдсээ дааж ядсаар алга болчихсон гэдэг. Ийм л байгаа юм даа. Ямар байна? Тэгтэл бас яагаад чонотой нийлэх болов гэвэл ухаантай  даа л тэр. Манай хатавч сахиж, яс горьдож хэвтэснээс чоно дагаад явбал байсхийгээд л шинэ “шөл” уугаад байна гэдгийг мэдсэн байна. Бас чонын бэлтрэг төрүүлнэ. Гэтэл та түүнийг бодоход хэн нь ухаантай байна даа? гэжээ.
Мятрашгүй шүүгч бас инээвхийлнэ. Гэвч царай нь нэг өөр болж жаахан ухран суужээ.
- За тэгэхээр мэдүүлгийг чинь би бичиж авлаа. Их сонин юм байна. Одоо
гарынхаа үсгийг зурчих хэмээн Дашид хуудас цаас дөхүүлэв. Гэвч Даш улам сайхан загнаж малилзан инээгээд,
- Хар жингэрээр урьдаар зуруулчих л даа. Би дараа нь болъё гэж шивэгнэв.
Түүний аазгай хөдөлж атаа жөтөө нь сэрээд нэг л адтай байна даа яах л гээ бол.
Харин шүүгч гэнэт нэгийг анзааран сэртэсхийн урагш бөхийснөө царай нь эвгүйрхэв.
- Та чинь согтуу байгаа юм уу даа? гэж асуув. Шиншлээд орхижээ.
- Тийм шүү. Яг даа үнэнээсээ Даш хүлцэл өчин бахтай байв.
- Шүүхэд согтуугаараа ирдэг хүнийг анх удаа үзлээ. Энэ ч бас нэг чухал
нотолгоо шүү. Та яагаад архи уугаад ирэх болсон шалтгаанаа хэлж өгөихгүй юу? гэж их л даруухан хүсэв. Учир зовлон ярьж их л өөриймсөг байсан шүүгч маань одоо төлөв томоотой албархуу хүйтэн болж ирэв. Харин Даш улам ч найзархав.
- Тэгье, тэгье танаас өөр хэндээ ярихав. Яагаад архи уусан гэвэл байна шүү,
би нэг бол жаргалын дээдийг эдэлж яваа, нэг бол зовлонгийн далайд живж байгаа хүн. Аль ч учраа мэдэхээ байчихаад байнаа хө. Би чинь нэг айлын авгайд сайн нойр хүрдэггүй шүү. Харин та ашгүй намайг дуудууллаа. Шүүхэд дуудагдаад сумын төв явсан хүн хэд ч хонож болно оо доо!? Болно. Эхнэр тэгж бодоод л сууж байг. Харин би бушуухан явж тэр амрагтаа очмоор байна. Би хар морьтойгоо яваа цагт од жагсаж байхад л нисээд буучихна. Гэтэл та хар жингэр л яриад байх юм. Өвгөнийг чинь ходоод биш харин энэ нэг юм ... хэмээгээд зүрхээ зааж,
- Хүнд чинь энд бөндөгнөөд байдаг нэг юм бий яа даа. Тэр маань дуудаад
байна аа. Надад ходоодноос гадна зүрх гэж нэг илүү юм байдаг шүү дээ. За одоо би явах уу? гэжээ.
Шүүгч түүнийг алмайран ширтэнэ. Ийм хүн гэж бас байдаг аа. Толгой сэгсрэхээс өөр яахав.
- Мөн ч хачин юм болж байх шив дээ. Та ч бүр шал согтуу юм байна гээч.
Тэгээд бас ярьж байгаа нь... Дуугүй Даш л гэцгээдэг. Дуутайгаас хар жингэр чонотой нийлж, дуугүйгээс чи хүний эхнэртэй нөхцөж байгаа юм биз дээ. Та хоёр ч аргагүй л эзэн нохой хоёр юм даа.
Даш гэдрэгээ болж таатай инээн толгой сэгсрэв.
- Та үнэхээр мэргэн шүүгч юм аа. Хүнийг ингэж мэднээ гэдэг үү. Яг тийм, би
хүний эхнэртэй нөхцөж байгаа юм... Гэтэл тэр уур уцааргүй номхон туранхай шүүгч бүр гаарч хууль зүйн үндэс энэ тэр гээд л бүхнийг тоочиж бас нэг өдрийн хугархайг барав. Уг нь Даш эртхэн буцаж Жамцынд очихсон гэж яарч байсныг хэлэх үү. Тэндээс арайхан салахдаа Даш аливаа амьтанд идэш шиг чухал юмгүй, тийм учраас чоно нохой мэттэй бол амиар нь ярих хэрэгтэй. Харин жингэрийн насны тоо гүйцсэн тул тав хоногийн дотор арьсыг нь авчирч өгөх. Хүнтэй бол ходоодоор нь ярих хэрэгтэй. Тэгсэн цагт толгой нь ажиллана. Иймд чамаар энэ нэхэмжлэгдсэн малыг төлүүлэх буюу их торгууль хүлээлгэж, өөрөөр хэлбэл, хоолыг чинь хасах нь гарцаагүй хэмээсэн их л учир утга бүхий ойлгоцтой гарч давхижээ. Мөн ч нухацтай, буурьтай, мятрашгүй шүүгч юм даа.
Хууль гэгч мөн нарийн байдаг байх нь ээ. Гэвч Дашид үүнийг болгоож байх зав байсангүй. Жамцынд очих гэж яарчээ. Гэрээсээ өнгөрч давхисаар шөнө хагаслаад очвол Жамцын эхнэр Нансалмаа цай буцлах зуур энэ тэрийг сонирхон, сумын төв орсон сониныг сонсож байснаа
- Чи одоо Очирынд давхиад буучихаач. Цаадах нь эзгүй байгаа. Оройхон
мотоциклоо унаад урд хөтлөөр даваад давхичихсан Эргэж ирээгүй байх. Чимээ дуу

No comments:

Post a Comment