Wednesday, October 2, 2013

С.Дашдооров "Айлын хүүхэн Алигэрмаа

Би цэрэгт мордож болжээ. Хлол ойрын хүмүүсийн яриагаар бол энэ жил цэрэг татлага нилээд өргөн болох төлөвтэй. Арван наймаас хорин долоон насны залуучуудад зарлан дуудах ирүүлсэн гэлцэнэ. Зарим залуус, хорин долоо хүрчихээд цэрэгт татагдаж, хөгшин цэрэг гэгдэн зүдэрснээс насны эрт цусны шингэнд яваад ирсэн нь дээр гэлцэнэ. Би ч яахав хорьж болохгүй хорин нэгэн насан дээрээ яваа хүн, яваад л ирье гэж бодон байлаа. Ингээд хүлээж байсан өдөр маань хүрээд ирэхийг хүлээж байлаа. Сониноос, голомт сахих ганц үр минь гээд байгаа аав ч тэр, гол зүрх минь гээд суудаг эжий ч тэр, ер санаа зовсон янзгүй байх юм. Тэр ч байтугай бууж мордсон ойр холын хүмүүст,
- Хүү минь энэ жил цэрэгт мордох гэж байгаа шүү дээ. Бид хоёр ч муу хүүгээ хар багаас нь сургууль соёлын мөрөөс хөндийрүүлж орхисон юм. Одоо л цэргийн албанд нь явуулна... гээд л мэндийн дараа ам булаалдан өгүүлэх болж.
өчигдөр үдэш хүртэл аав маань гүүн зэлэн дээр унага таталцаж байхдаа, саахалтын өвөөг мэдсээр атал нь намайг цэрэгт явах гэж байгаа гээд өөрөө дуулвал ч дуулаг гэж санасан юм уу
- Хүү яваад өгнөө. Гэхдээ би энэ нэгдлийн буянг хару хандаад байж дөнгөх байх гэж бодох юм. үгүй ээ тэгээд Нэмэх маань ч байна даа. Буян заяандаа буруу санахгүй явахад болох байхаа ... гээд л олон үг дэлгэж байлаа.
Би дотроо “Хөөрхий аав минь нас жар дөхөж яваа ажлын тухайд санаанаас цаашгүй болж байгаа хүн дээ. өвлийн оторт даарч зүдрэх байх даа” гэж өрөвдөн бодов. Тэгээд саахалтын өвөөг юү гэх нь вэ гэж тамдан чагнав. Тэрвээр шүдгүй амандаа хэлэх үгээ хүлхэн эвлүүлж байх мэт уруулаа жилэмдэн баахан түдэснээ:
- Цэргийн алба ч эр хүний хаадаг алба даа. Цаг тайван байвал юунд нь зовох билээ. Нэг л өдөр давхиад ирнэ гэж байв.
Ийм яриа сонсож байхад хэн баясахгүй байх билээ. Цаг тайван сайхан байгаа хэдий боловчиг, дайны яриа тасраагүй байгаа тухайд сэтгэл яльгүй дэнслэв.  Гэлээ ч уул үзээгүй хормой шуух гэгчийн үлгэрийг санаж, дэмий юманд санаа зовоод ч яах билээ гэж бодов. Чингээд “Явъя л гэсэндээ явна даа” гэж бат бодож байлаа. Тэгснээ “Нэгдлийн зөвлөлийн дарга, хариуцлагатнууд юү гэдэг бол? Аягүй бол нэгдлээс маань залуу малчны сургууль төгсгөсөн ганц хүн, манай тэргүүний адуучин.., Нэгдлийн маань гурван удаагийн аврага”... гээд энэ тэр шалтаг тоочин аваад үлдэнэ гэх вий. Тэгвэл яанаа, би чинь? үгүй яах ч юү байхав дээ. хүн хийдэг ажил, хаадаг албандаа явъя гэж байхад... хэрэв аль нэг хориг саал хийх гэвэл зад хэрэлдээд явна. Яадаг юм золиг...” гэж бодсоор явж байлаа. Аягаад ч юм ташуураа чангаар атган зангаснаа анзаарч ийнхүү шалтгаангүй гагцаар аяглан явааг хүн харчихсан байх вий гэж бодохын сацуу эргэн тойрныг ажив. Юү ч алга. Харин ташуур гозосхийх бараанаар унаж яваа омголон хүлэг маань цочин алхаагаа өөрчлөн дэргэх аядсанд жолоогоо татаж мөнөөхөн бодлоо үргэлжлүүлэхийг хичээв. Гэвч тоймтой юм толгой тархинд орж ирсэнүй. Харин мөнөөхөн хэрэлдэнэ гэсэн бодолдоо бие сэтгэл сүрхий автсан бололтой, цус хөөрөн ахиад л ташуураа бат атгаснаа ухаарав. Тэгээд
- Би чинь намын хүн шүү дээ. Тийм хүн чинь нэгдлийнхээ удирдлагатай хэрэлдээд зогсож байна гэдэг зохисгүй юм аа даа. Яадаг хэрэг вэ гэж өөрөөсөө асуун мухардалд орж орхив.
*                          *                       *                           *                        *                        *   
Тун саяхан барьж унасан борлог морь маань хааяа хазаар даран дугтарч, цовоо сайхнаар алхана. Тийм толгой юугаа гудайн жолоо дугтрах бүр сумалж зассан дэл нь үелэн хагар татан бидэрлэх аж. Хүлгийнхээ хоёр хаа, хэнхдэг цээж рүү зэрвэс харвал хөлс нь дааварлан хүж мэт сайхан үнэр хан татаж байлаа. Усан борлог маань миний зорьж яваа газар болоод, хөхүүн бодол өвөрлөн явааг таан мэдсэн мэт урт чихээ солбин солбин хайчилж чухам дээлийн хаваас ханзартал алхалж байлаа. Гэнэат би мориндоо хайр ч хүрэх шиг болж, наад тал нь гурван жил унахгүй нь дээ гэж уяран бодов. Тэгтэл сэтгэл яльгүй хямарч, хүлгээ хүүхэд мэт өхөөрдөн таалахын увьдаст автан шахалзууры нь маажих мэт аядан тонгойн илбэвэл усан борлог эрхэлсэн ч юм шиг, гижиг нь хүрсэн ч юм уу тэргүүнээ буруулан хазаар нэгэнтээ даран дарав. Тэгээд хөл нь улам хөнгөрсөн мэт шалмагхан алхахад нь, би эмээл дээрээ жишүүхэн сууж салхи урин исгэрлээ. Исгэрнэ гэдэг миний хнэг эрдэм гэхэд болно. Намайг исгэрэхэд унаж яваа морь байтугай тууж яваа адууны хийморь сэргэх шиг болж дэргэн хатирдаг өилээ. Түүгээр үл барам талын шувууд атаархсан мэт жиргэн дуулалдаж, салхи сэрсэн мэт сэвэлзэнэ.
Зарим хөгшид настнууд шүдээ юүрүүлсэн барам хэмээн ад үзэвч би нэг л мэдэхэд исгэрчихсэн явдаг юм. Ойрхи нутгийн хүмүүс ч миний исгэрэлтийг андахгүй. Тэгээд нэг хэсэг нь “жаал Юндэн” гэж дуудаж байхад зарим нь “Исгэрдэг Юндэн” гэж дууддаг болсон билээ. Ер нь манай нутагт Юндэн нэртэй хүмүүс олон. Тэр олон амьдаануудыг адуучин, тэмээчин, ажил тарлаар нь юм уу, аль нэг хоч цолоор нь ялгаж дуудна. Амьдаанууд маань түүнд дасч орхиод нэр нэгтээ мөн л тэр хоч, зүсээр нь дуудна. Ёс төртэй нэг нь “Амьдаа” эсхүл “Нэр нэгт” гэнэ. Аль нэг Юндэнгийн хүүхэд багачууд, төрөл төрөгсөд бол Юндэн нэртнүүдийг “Хэцүү нэрт” хэмээн цээрлэнэ.
Би “Тоорой банди”, “Ширээ цагаан нуур” хоёр дууг исгэрэхдээ дуртай. Харин саяхнаас дарьгангын “Жаахан шарга”-ыг исгэрдэг болсон. Сонссон хүмүүс,
- Лимбэнээс дутах юм алга... гэж бахдана. Сайн танилууд бүр илэн далангүй,
- Баруун аймагт хөөмийлдөг хүн олон байдаг гэнэ. Зарим нь уран сайхан
мэддэг хүмүүст шалгуулаад Төв театрт хүртэл ороод хөөмийлж байдаг гэх юм. Бас гадаадад ч явдаг бололтой. Радиогоор ч ярьж дуулж л байх юм. Чи ер нь энэ уран сайхан мэддэг хүнд шалгуулж үзүүлэхэд яадаг юм бэ гэнэ. Би ийм яриа сонсохдоо дуртай боловч тийм алдартан болох эсэхдээ эргэлздэг юм. Яагаад гэвэл хоёр жилийн өмнө, нэгдлийн клубын эрхлэгчээр пинтүү үстэй, тарган шар хүн ирэв. Тэр, хүнээс ч дуулсан юм уу, намайг исгэрч явахыг сонссон ч юм уу, нэг өдөр намайг дуудан ингэж хэлэв.
- За залуу чи концертонд исгэрнэ шүү гэв. Би
- Би чадахгүй байхаа... гээд халгаасангүй.
Тийн хэд хэдэн концерт өнгөрөөж байтал, нөгөө нөхөр чинь бүр эвлэлийн минь батлахад хүртэл ярьж, олон нийтийн ажилд хойрго этгээд чамайг эвлэлийн гишүүнээс чинь хөөлгөж арга хэмжээ авахуулна хэмээн сүрдүүлж байж нэг концертонд оролцуулж дөнгөв. Тэр концерт нь нэгдлийн өдөр буюу монголын цагаан сард зориулсан байж билээ. Би сандран сандран гарч, исгэрсэн боловч танхим дүүрэн хүмүүсээс тав зургаан хүний алга ташилтаар шагнуулаад л хөшигний цаагуур гүй жоров. Тоглолтын дараа, найз тал хүмүүс намйаг тойрч,
- Чи чинь яаж орхив оо! Биднээс ичив үү? өнөө хөдөө исгэрч шигээ исгэрсэнгүй... гээд л тал талаас зэмлэсэн ч юм шиг харууссан ч юм шиг өгүүлж байлаа.
Би тийм их амжилт олоогүйдээ төдий л гутарсангүй. Ер нь хэзээ ч бүгчим тасалгаанд уран сайханчдын хоолой барьсан, хошмогтой дээл өмсөөд олны өмнө исгэрч байсангүй. Нөгөөтэйгүүр хээр хөдөө мориндоо, тал сайхан нутагтаа өөрийхөө дэврүүн сэтгэлдээ исгэрч өгдөг байснаас биш бөөн хүний урд исгэрч байсангүй болоод ч тэр үү зан мэдэхгүй уургын мориор ороо морь барих гэж байгаа юм шиг төсөө байсан билээ. Түүнээс хойш клубын эрхлэгч дахин концертонд дуудан оруулсан ч үгүй.
Тэр хавар нь, сумын эвлэлийн үүрээс ажлаараа ч овоо юм, авьяасаар ч хоосонгүй байх хэмээн залуучууд оюутнууд их наадамд оролцуулахаар санал тавьж, концертонд оролцуулж исгэрүүлэх гэсэн нь клубын эрхлэгчид төдий л ташаагаагүй дуулдав. Чингэхээр нь би, ер нь тийм муу исгэрдэг болж байгаа юм байгаа юм болбуу хэсээн гайхаж хөдөө исгэрч үзвэл хэв хэвээрээ байсанд дотроо баярлаад л өнгөрөв. Гэтэл намайг намын орлогчоор элсэх хурал дээр клубын эрхлэгч нөгөө хүн маань,
- Сайхан исгэрдэг авьяастай хирнээ түүнээ олон түмэндээ гаргаж өгдөггүй,
биеэ тоосон хүн... гэж шүүижлээд эл дутагдлаа даруй засах хэрэгтэй гэв. Хэрэв нэгдлийн зөвлөлийн гишүүн аварга төлчин Доо гуай,
- Юндэн уг нь уран сайхны хүн биш юм даа. Миний болоод манайхны мэдэж
Байгаагаар бол нөхөр Юндэн уурга хуйвандаа эзэн, адуу мал хариулах авьяастай хүн гэж өмөөрөх аяс бүхий үг хэлээгүй бол би ихээ байг гомдох л байсан. Нэн ялангуяа “Биеэ тоох” гэдэг ойлгомжгүй басйнаас гадна их л муу үг шиг санагдаж билээ. Би чинь хээр талд, адууныхаа дэргэд исгэрээч рүг шүү дээ. Түүнээс биш “одоо исгэрнэ” гэж зарлуулаад исгэрч явсан удаагүй.
Харин эндээ гэж хэлэхэд, уулзах болгондоо нэг исгэрээд өгөөч гэж гуйдаг хүн бол Халиун. Би ч Халиуныг заримдаа “исгэрч өгөөч” гэж гуйхгүй бол, өөрөө ч болов өдөж байгаад исгэрч өгөхөөсөө буцахгүй болсон байлаа.
*                           *                               *                            *                             *
Одоо би хайчих гэж яваа хүн бэ гэвэл, ус нутгаасаа цэрэгт мордох гэж байгаа найз нартайгаа нийлж таньдаг ах дүүсээрээ буухаар яваа юм л даа. Хэдүйнээс ч эхэлсэн бүү мэд, манай нутагт цэрэгт мордох гэж байгаа залуус заавал айл саахалтаасаа аван хавийн таньдаг таньдаггүй айлаар бууж явдаг заншил тогтож энэ хир үргэлжилсээр байгаа юм. Намайг усан борлогоо барин уяанд дээр ирэхэд аав ямар нэг юманд явах гэдгийг гадарласан бололтой,
- Шинэ эмээлээ тохож яваарай... гэв. Аав тэрхүү шинэ эмээлийг өнгөрөгч цагаан
сараар төхөөрч өгсөн юм. Наймайг хэв галбир тэгш, явдал давхиа яруу морио барихад аав заавал шинэ эмээлээ тохохыг шаардана. Бодвол, хүүгээ шинэ эмээл төхөөрч өгснийг хүн хар үзэг гэж боддог ч биз. Хоёрт гэвэл эр морины хийморь золбоог ч санадаг биз.
Төдөлгүй аав гэрээс эвхээстэй эмээл тэврэн гарч ирэхдээ эжийгээс намайг айраг архи эргүүлэхээр явах гэж байгааг мэдсэн бололтой, тэгээд ч өөрийгөө дагуулаад явах болбуу гэсэн янзтай горьдонгуй харж байв. Аав минь балгахдаа дуртай хүн л дээ. Адуутай хүн уухад яахав гэж ярих дуртай, тэгэхдээ хэрээс хэтэртэл уудаггүй ер нь найр наргианд л хорхойтой хүн.
Би морио эмээллэв. Тэгснээ гэрт орж хул айраг залгилаад яаран гарах гэвэл аав мөнөөхөн горьдонгүй нүдээр намайг дагуулан харж,
- Хүү минь мэдээтэй яваарай. Согтож унаад батлах юмаа гээж барих вий хэмээн
захихад нь би дотроо машид өрөвдөв. Гэхдээ хамт явъя гэж хэлж зүрхэлсэнгүй. Явъя гэсэн бол ч аав уухайн тас малгайгаа шүүрч аваад л мордох байсан байх. Яагаад гэвэл аавтайгаа архи уугаад айл хэсч явах эвгүй ч юм шиг санагдсан юм. Нөгөөтэйгүүр дандаа л үеийн залуус бид өвгөд настны дэргэд тухтай ярьж хөөрч ч чадахгүй шогойгоо ханатал инээж наргиж ч болохгүй, тэднээс ичиж бишүүрхсээр өнгөрдөг тул тийм бөх зүрх гаргасан билээ. Харин батлахын тухайд сануулан хэлэхэд нь санаа авч сугандах ууттай батлахаа тэмтрэн арагшуулж,
- Яалаа гэж дээ гэвэл
- Хүүхдүүд дарвихаараа хэцүү шүү... хэмээн өөртөө өгүүлсэн юм шиг хэлээд аанай
л горьдонгуй хялам хяламхийн харж урамгүйхэн нусаа татан гаансныхаа толгойг сэтгүүрдэх аядсаар цогвойтол суусаар үлдсэн. Би ч өрөвдөн өрөвдсөөр босго алхаж гадаа гарлаа. Аав минь намын гишүүн болсноос хойш намайг нэг их л мундаг хүн болчихсон юм шиг хандах нь хачирхалтай бөгөөд инээдтэй санагдана. Ер нь миний аав ухаантай сайн хүн гэж би хэний ч өмнө хэлнэ. Адуу малын бэлчээр, ус хийгээд унах эдлэх, уях сойх талаар лавтай нэг дэд эрдэмтний хэр мэдлэгтэй хүн, том юмыг ярихаасаа жижиг юмыг сануулан хэлэхдээ дуртай. Ер нь ялимгүй юсыг ясанд ортол үглэнэ. Түүнээ,
- Хүн юмыг ялгүй гээд санадаггүй, анзаардаггүй байдаг юм. Аливаа юм жижгээсээ
эхэлдэг хэмээн батална. Ухаан нь, чөдрийн хөх таараагүй бол морины хөл халаана. Түүнээс үүдэн адууны сөдрөг өвчин гарна гээд л үглэх жишээтэй. Би шон дээр очиж морио тайлан мордох завдах зуур эжийгээ гэрээс гараад ирснийг анзаарав. Тэгээд надад ямар нэгэн юм хэлэх гээ юм болбуу гэж морио хөтлөн хандвал эжий намайг нааш ир гэж байгаа бололтой далласхийж байна. Тэгснээ өөрөө шуудхан дөхөн ирж,
- Тохитой яваарай, хүү минь. Аав чинь чамаар нүүр хийж, ойрдоо буугаагүй хэдэн
айлаар орж бахаа ханатлаа ууя гэж санасан байх хөөрхий! Унага татах хүнгүйн эрхээр л үлдэх шиг байна гэж шивнээд, ямар нэг юм хүүтэй хуйвалдан ярьж байна гэж аавыг санах вэ гэсэн янзтай,
- Миний хүү, согтуузай. Муухай согтчихоод морь унаасаа унаж ойчив гэж гэнэт чангаар хэлэв. Би тэгэхэд нь эжийгээ цаашлуулан,
- Намын гишүүн яалаа гэж дээ... гэвэл
- Дуу! Чамайг тохитой томоотой л яв гэж хэлж байна. үүгээрээ тэр нам бид хоёрын
санаа нэг байх шүү хэмээн мад тавихад нь би дэмий л толгой дохиод л дөрөө шүүрэн мордов. Аав эжий хоёр маань намайг намын гишүүн болсноос хойш хазгай буруу юм хийж өнөө намдаа алдас болох вий гэж санаа нь зовнин байдаг болсон бололтой, юүхэн хээхэнд ч болов тэр тухайд улиглан сануулах нь яршигтай ч юм шиг төвөгтэй ч юм шиг санагдана. Амьтан хүнээс ч зовмоор, гэхдээ халуун бүл дундаа байгаа болохоор яая гэхэв гэж бодно. Хөөрхийс минь, намын гишүүн болно гэдэг ер бусын юм болсон мэт санаж бодож байдаг бололтой. Юү нь ер бусархаад байх билээ. Миний саваагүй зан уу? Нэгэн удаа сум нэгдлийн төв орж дэлгүүр хавиар яваа танил тал хүмүүстэй уулзан, хол ойрын сониныг сонирхон явтал, хэн нэг нь аймгийн намын хорооноос албаны хүн ирээд, намын гишүүдийг цуглуулах зар тарааж байгаа тухай ярьсан юм. Тэгээд, намын гишүүд хаалттай хурал хийх бололтой... Чухал л юм хэлэлцэх нь дээ... гэж ярихыг дуулаад, тэр хаалттай хурал гэдэг нь юу болдог бол? Намын гишүүн болоод тэр хаалттай хуралд нь сууж үзэх юмсан... Намайг тоох болбуу... гээд хэлчихсэн юм. Тэгсэн нь тэр яриа намын үүрийн даргын чихэнд хүрчихжээ. Нэг удаагийн эвлэлийн гишүүдийн хурал тараад явж байтал намын үүрийн дарга дуудан уулзаад ойрын зуурын юм ярьж байснаа “Чи намын гишүүнд элсэх юмсан гэж ярьдаг гэлүү. Тэр болно шүү. Чамайг намын хүн байж чадна гэж бид итгэж байна” гэснээ юу юугүй ширээгээ уудлаад намын дүрэм, программын бяцхан улаан ном гаргаж ирээд өгөх нь тэр. Тэгээд “үүнийг сайн уншиж судал! Тодруулж асуух юм байвал асуу” гэв. Ёстой л тоглоом маань шоглоом болох нь тэр. Би яах учраа олохгүй байтал дарга “За сайн бод! Тэгээд уулзаарай” гэдэг байгаа. Би ч учраа олж ядан сууж байсан болохоор бушуухан өрөөнөөс нь гарахын түүс болон “Тэгье, даргаа” гээд л боссон юм. Тэгсэн чинт хэд хоногийн дараа, адуугаа услаад зогсож байтал, намын дарга маань давтхин ирж адууны тарга тэвээрэг, сааль саам хэр байгааг лавлан асууж, хэдэн ховоо ус татаж өгснөө “За бодож дуусав уу?” гэхэд нь “Бодож дууслаа. Аяхав элсүүлвэл элсэе” гэчихэв. Бөөн ажил мандаад ирэх нь тэр! өргөдөл... Гурван үеийн намтар... Батлан даах хүний тодорхойлолт сэлт гээд л... Намын дарга маань түүнийг яаж бичиж барих тухай ч ярилаа! Тэгээд “Энэ сарын намын үүрийн хурлаар орго шүү!” Хамаг юмаа бэлэн болго!” гээд явчих нь тэр.
Хожим мэдвэл, намын үүрийн дарга маань хоёр ч жил шинэ гишүүн элсүүлээгүй зэмлэл аймгийн намын хорооноос хүртэж, нөгөөтэйгүүр хоршооллосон малчдаар эгнээгээ өргөтгөх хэрэгтэй гэсэн дээд газрын шийдийн дагуу л мань хүн намайг бариад авчихсан билээ. За тэр ч яахав одоо өнгөрсөн хэрэг... Харин одоо өмнө маань юу гээч тосч байна вэ. Ер нь согттолоо архи уухгүй гэж шийдсэн юм. Харин найз нартайгаа хоёр гурван айлаар буугаад хэд сайхан дэмбээдээд тэднээс салж нэгдлийн төв рүү шуугиулаад буучихна гэж бодсон юм. Нэгдлийн төв орно гэдэг маань Халиунаатай уулзах гэсэн хэрэг. Халиун бол миний сэтгэлтэй болсон хүүхэн ч гэх юм уу, юү ч л гэсэн дотроо бодож явдаг болсон хүн. Халиун маань нэгдлийн төвд эмнэлгийн газар эх баригч хийдэг юм. өнгөрсөн өвөл манай энд ирсэн юм.Намайг нэг удаа адууныхаа дэл хөөврийг худалдаа бэлтгэлийн ангид тушаахаар очиход тэнд байсан хэдэн хүн нэгдлийн төвд нэг айхавтар хүүхэн ирсэн тухай ярилцаж байв. Тэд, жирэмсэн эхчүүдийн амаржих гэр хэмээх таван ханатай гэрийг голж Уянга сумын хийц бүхий цоо шинэ гэр бариулсан тухай, нэгдлийн аж ахуйн эрхлэгч бүхнийг аргалж дөнгөдөг хүн гэлээ ч, түүний л өмнө яаж ч чадахгүй шаардсан бүхнийг нь хангаж өгч байгаа тухай хөөрөлдөж байлаа.
Би тэгээд дэл хөөврөө тушаачихаад ямар янүын хшн ирээ юм бол, царай зүсийг нь харъя байз хэмээн шохоорхох сэтгэлдээ хөтлөгдөн мөнөөхөн “Жирэмсэн эхчүүдийн амаржих газар” хэмээн шинэхэн хаяг хадсан гэрийн үүдэнд, хөдөөний болхиос болхи эр болж очив. үсэг бичиг мэддэггүй хүн болж гадна босгон дээрх хаягийгнв үсэглэж ядаад, үүдий нь татаад орчихов. Цагаан халааз бүхий өндөр нуруутай хүүхэн цаашаа хараад ямар нэг юм оролдон байснаа эргэн харж,
- Та юү гэж явна хэмээн асуухад нь:
- Энэ гуанзан мөн үү? үсэг бичиг мэдэхгүй хөдөөний хүн... гэвэл тэрвээр наашаа тов
тов алхан ирж ойртов. Би, муу навтгар малгайгаа духдуулан, уруул амаа хэв гавгүй мурий сариу болгон этгээлдэж суулаа. Тэгтэл тэр,
- Хүүе! Энэ чинь Юндэн шив дээ гэв. Би хэн болохыг нь ажин харвал зүүд зэрэглээ
мэт нэгэн дүр нүдний өмнө бүрэлзэв. Би таг болон алмайрч “хэн билээ, энэ чинь” хэмээн санаж ядтал, аль бага сургуулийн нэг ширээний хүүхэд болохыг танив. Урд маань яриагүй гэрийн даалгавар хийдэггүй, алдаатай бөгөөд муухай бичихээрээ манай ангид зард гарсан үсээ арчилж чаддаггүй хэмээн адлагдаж явсан, арай ядан тахир гурав чирсээр төгссөн Халиун зогсож байлаа.
- өө! өнөө сүрхий хүүхэн гээд байсан чинь энэ үүдээ. Гайгүй ч хэвтэнэ дээ гэж
дотроо түүнийг машид чамлан бодоод таниагүй хүн болж,
- Энэ чинь одоо хэн бэ? Би ч танихгүй л байна шүү хэмээн таньж ядаж байгаагаа нүд
рүүгээ л чихсэн болж, аньсага зовхио арчин жүжиглэв. Халиун миний эл дамшиглалд итгэсэн янзтай.
- Яагаав дээ? Чи Халиун гэж санахгүй байна уу. Мөн ч хөгтэй явж дээ. Чи чинь манай
ангийн дарга, сайн сурлагатан гээд л мандаж байсан шүү дээ гээд ярьж гарав. Би чингэхэд нь өвгөн хүний дуугаар дуугаа сольж,
- Ва зайлуул! Бүгдийг мартаж орхижээ. Хөдөөний бид ч санах мэдэхээ больчих юм
даа гээд шалан дэрээс тэгэхээс тэгэх гэж хөгшин тэмээ хэвтэх мэт навтасхийн сууж мод толгойгоо түүрийнээсээ гаргах гэв. Тэгтэл Халиун
- Хүүе та босоорой. Энд тамхи татаж болохгүй гэснээ “Нээрээ л энэ намайг танихгүй байна уу даа” гэсэн янзтай харж зогсоно. Би
- Ээ бурхан гурван эрдэнэ минь! Болъё, болъё доовтор гуай минь хэмээн дооглох
аядан гаансаа буцааж түрийлээд сар сүрхийн үргэсэн тэмээ шиг босон харайж гэр доторхийг ажив. Эх нялхсын ор дэр цэмцийн ширээ сандал яриагүй хичээнгүй хүний сэтгэл гараар нямбай засагдсан нь ил байв. Би мөнөөхөн мулгуу хүн, мунгинасан эр болсон чигээрээ, энэ тэрийг харж нүд алдсан нэгэн бээр болон
- Ва зайлуул мөн ч гял цал сайхан газраа... хэмээн шогширч эргэн харах гэвэл Халиун
- Хөөе Юндэн үгүй ээ! Та хүн хэвтүүлэх гэж ирэв үү? Төрөх хүн авчирсан юм биш биздээ гэв. Би ,
- Нүгэл гэм хөөе гэж уулгамч Должин гуайн үгийг зээлдэн хэ

No comments:

Post a Comment